”Хоёр загал” хаанаас ирсэн бэ?

”Хоёр загал” хаанаас ирсэн бэ?2012.11.05

1997 оны намар оройхон 10-р сарын 20-доор УБТЗ-ын дарга Р.Раш утасдаж Идэрчулуун чи АНУ явна. Бид үзлэгээр Зүүнхараад байна. Л.Ганбаатар, Х.Сүрэнжав та гурав явах байх гэж нэгэн орой ярьсаны дараачийн долоо хоногт АНУ-ын Пенселван мужийн Эри хотод бид очоод төвхнөчихсөн тэнд бараг 45 хоносон. Гол нь DASH-7 илчит тэргийг Монголд зориулан үйлдвэрлэж буйтай мөн илчит тэрэгний Женераль Электрик компаны заводтой нэлээд өргөн хөтөлбөртэй танилцав. Энэ үед биднийг газарчилж мэргэжлийн хэмжээнд дагуулж явсан Алекс гэж Армян гаралтай цагаачилж очсон Америк эр Казахстаны захиалгаар Орос илчит тэрэгний рам дээр Женераль Электрикийн W-Skid дизель суурилуулж цахилгаан, туслах тоноглол, авто тоормос, удирдлагын кабин, явах анги зэргийг яаж угсарч буйг танилцуулж танай УБТЗ зөвшөөрвөл DASH-7-оос дутахгүй илчит тэрэгтэй болно. Америк илчит тэрэг үнэтэй. 4-5 сая доллар. Хэрвээ энэ орос илчит тэрэгний рам дээр модернизацийг хийхэд бараг 2-3 дахин хямд тусна. Танай дарга нарт энэ гэрээг бид ойрын үед санал болгоно гэснээр 2 ЗАГАЛ илчит тэрэгний сүнс 1997 оны 11-р сард АНУ, Эри хотод амилсан гэж хэлж болно.

1998 оны эхээр АНУ-ын DASH-7 илчит УБТЗ-ын УБ татах хэсэгт амжилттай явж, 1980-аад онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2М62М илчит тэрэгнээс 50% орчим илүү ачаа татаж, техникийн олон давуу үзүүлэлттэй илчит тэрэг гэдэг нь нотлогдож, бид барууны технологийг сайн гэдгийг ам нэгтэй үнэлцгээж байв. DASH-7 илчит тэрэг нь зун өвөлд хамгийн их өгсүүртэй Хоолтын давааг 2 секцээрээ 4200 тонн жинтэй 30-35 км/цаг хурдтай давахад ОХУ-ын 2М62М илчит тэрэг мөн 2 секцээрээ 2300 тонн жинтэй 15-18 км/цаг хурдтай машинчдын үйл тамыг үзэж байж давна. Дизелийн хөргөлтийн ус нь зундаа хална /900-950/, буцална. Өвөл өнөө ус нь хөлдөнө. Хий эргэнэ, зогсоно, ухрана. Ачаагаа эс дааж  заавал туслах зүтгүүр дуудна. Машинч хүний арга барил, туршлагыг шалгаж шавхаж байж бараг 9 эрүү тулгах нь халаг давдаг, Хоолт давсан машинч хөлсөө арчин уртаар амьсгаа авч сандлаа хойш налдаг байвдаа.

DASH-7 зун дизелийн хөргөлт маш сайтай хөргөлтийн ус нь 980–аас илүү халахгүй, өвөлдөө 930-аас доош орохгүй, ачаагаа даахгүй зовно гэж айхгүй, машинч нар Америк зүтгүүр дээр явах гэдэг, тэгээд явсан нэг нь тэнгэрийн умдаг атгасантай адилхан баярладаг байж билээ. Хамгийн сайн өсөх ирээдүйтэй залуу машинчид суралцах маягаар ээлжлэн тодорхой хугацаанд илчит тэрэгтэйгээ бэхлэгдэн ажиллана. DASH-7 илчит тэрэг одоо ч хэвийн явж Монгол залуучууд унааны морь шигээ эзэмшиж ижилсэн дассан.

1997 оны намар аль тэртээх Пенселван мужийн Эри хотод сүнс нь хөдөлсөн 2 ЗАГАЛ илчит тэрэг 2003-2004  онд Монголд, УБ зүтгүүрийн депод яаж хийгдсэн, хэрхэн бүтээгдсэн талаар, монгол засварчид, инженер техникийн ажилчдын ур ухаан, мэдлэг шийдлийг би хэлмээр ярьмаар санагддагаа нуух юун. АНУ-ын Женераль Электрик компанид үйлдвэрлэсэн 7FDL12 хөдөлгүүүрийг Украйны захиалгаар Орос илчит тэрэгний рам дээр суурилуулсан АНУ-ын туршлагатай мэргэжилтнүүд УБ зүтгүүрийн депод ирэхэд манай инженер Л.Ганбаатар, Б.Баттулга болон гагнуурчин, цахилгаанчин, автомат, туслах тоноглолын өндөр зэрэгтэй засварчид, мужаан, будагчид, электроник инженерүүд, хангамжийн инженерүүд гэсэн тусгай отряд маягийн мэргэжлийн бүлэг хүмүүсийг депогийн захиргаа 1-р зэрэгт анхааран шилж сонгож бүрдүүлж нэг үгээр хэлбэл депогийн даргийн мэдэлд торгон цэрэг шиг эрхэмлэгдэн анхаарлын төвд байв. Ажил эхлэхийн өмнө АНУ-аас нөгөө хуучин танил Алекс өөрийн төрөл бүрийн мэргэжилтнээ дагуулан депогийн даргийн өрөөнд хүрэлцэн ирэв. 2 ЗАГАЛ илчит тэрэгийг хийх тухай анхны зөвөлгөөн болж уг зөвөлгөөнөөр Америк инженерүүд биднийг та нар нээрэн дийлэх болов уу? Бид юу эхэлчих вэ? хэмээн итгэл муутай асууж байсан санагдана. Энэ ажлыг эхлэхийн өмнө бараг 3 сар депо бэлтгэлийг хангасан. Үүнд: депогийн 9, 10-р суваг, заалыг АНУ-ын Эри хотын Женераль Электрик үйлдвэрийн нэг цехтэй дөхүү байдлаар засаж тоноглосон. Америк мэргэжилтнүүдийн тав тухыг ихэд бодолцсон. Хангамж сэлбэг материал, багаж төхөөрөмжийг орон нутгийнх нь хэмжээнд ойртуулан бэлтгэсэн нь Америк нөхдөд ихээхэн таалагдаж байв. Депогийн сувиллын 2-р давхарыг буудал болгож бид Америкт ямар байсан яг л тэр хэмжээнд ойртуулж тохижуулсан. Хоол унд, цай кофег ажлын байранд нь бэлтгэж төвхнүүлсэн нь Алекс тэргүүтэй Америк нөхдүүдэд яваандаа ихэд таалагдаж гэр орноосоо алс хол яваа эрчүүлд илүү дутуу юмгүй байлгах талаар УБ зүтгүүрийн депогийн бүх ажилчид, эмч сувилагч, дарга цэрэггүй хөдөлсөн дөө. ЗХУ-д үйлдвэрлэсэн 2М62М, 2ТЭ10М илчит тэрэгний раманд АНУ-д үйлдвэрлэсэн 7FDL12 хөдөлгүүртэй хүчний төхөөрөмж W-Skid-ийг суурилуулсан  2ZAGAL илчит тэрэгийг бүтээх календарчилсан төлөвлөгөөг бид эхнээс нь эцсийг нь хүртэл алд дэлэм цаасан дээр шатрын хөлөг шиг гаргаж депогийн даргийн өрөө, Америк мэргэжилтний өрөө, Монгол инженерүүдийн өрөөнд хадаж цаг цагаар, өдөр өдрөөр нь хатуу хянаж депогийн дарга дээр нэг өнжөөд л зөвөлгөөн болно. Юу нь болоод юу нь болохгүй тухай халуун ярилцана даа. Заримдаа Алекс ув улаан болтлоо ууралчихсан Мистер Идэрчулуун гээд л оросоор ажил бүтэхгүй тухай бухимдан чанга чанга дуугарна. Дагуулаад газар дээр нь очиж учрыг нь олж хужрыг нь дор нь тунгаана. Алекс гар бариад л баярлалаа гэнэ. Энэ нь Монгол Америкгүй бүгд л ажлын төлөө гүйж байсан хэрэг. Уг нь 2002-2003 онд зүтгүүрийн депогийн хэмжээнд ОХУ-ын Коломеньскийн заводод хийгдсэн 5Д26 дизелийг 2М62-ийн 14Д40 дизелийн оронд манай энэ баг модернизаци хийж цахилгаан, туслах тоноглол, аж ахуйн бүрэн будлаганд оруулж кабины засвар хийж 5-26ДГ-01 хөдөлгүүр суурилуулж 2М62ММ илчит тэрэгийг 2 секцээр нийт 13 ширхэгийг гаргаж хөдөлгөөнд өгч байсан модернизаци хийх туршлагатай байсан юм. 2М62ММ илчит тэрэг нь хуучин 2М62М илчит тэрэгнээс даруй 200 квт илүү чадал гаргаж Сүхбаатараас Замын-Үүд хүртэл ачаанд явж байв. Энэ нь ч 2 ЗАГАЛ илчит тэрэгийг бүтээхэд түлхэц дэвсгэр болсон. Дамаан авто тормоз, туслах тоноглол, цахилгаан, аж ахуйн ажлаар манайхан гаршсан байв. Гүйлт гүйцэж актанд зогссон 2М62 серийн илчит тэрэгний раман дээр АНУ-ын W-Skid-ийг суурилуулах, дизелийн 1 голд дарах даралтыг ихэсгэх тооцоог, статик ачааллаас үүсэх гулзайлт, статик хүчний үйлчлэл, татах хүчний үйлчлэл, цохилтын хүчний үйлчлэл тус бүрийн дээш доош үйлчлэх тооцоог Л.Ганбаатар инженер гаргаж хамгийн гол нь нэг гол буюу нэг хос дугуйн гол дээр дарах жинг ихэсгэхээр раманд нийт 15 ш хүндрүүлэгч дээрээ бариултай балластууд байрлуулсан. Уг хүндрүүлэгчийг өөрийн ган хайлах цехэд ширмээр цутгаж хийв. Энэ мэтчилэн тооцоо томъёоллыг алхам тутамд хийж тэр бүрийг хамт олноор хэлэлцэж санаа оноогоо цуглуулж модернизацийн хамт олон Америк ч Монгол ч ялгаагүй нэгэн хүн мэт бодож сэтгэн өдөрт 16 цагаар ажиллана. Үнэндээ их яарцгааж байсан. Монголд анх удаа илчит тэрэг хийж байна гэсэн оргилуун хүсэл нь зүтгэх хүч нь болж байв. Төслийн удирдагчийн хувьд би энэ ажлыг аахар шаахар шалтгаанаар саатах, том ажлыг шийдэхэд өөрийн эрх хэмжээг хэтрүүлж байсан ч ажилтнуудынхаа сэтгэл санааг депогийн 1200-н хамт олны итгэл найдвар болгож энэ баг, хүмүүсийн төлөө депогийнхон үнэнхүү сэтгэлийн дэм өгч хайрлаж болж өгвөл юуханаараа ч туслахсан гэж харагддаг нь аргагүй л монголын бахархал гэмээр.


Депогийн 9, 10-р суваг зааланд ёстой л шинэ цагийн технологи, бүтээн босголт өрнөж зарим өдөр 18-19 цаг үргэлжилсэн ажлын өдрүүд, бид үүнийг ярьж байгаад ээлжийг нь 2 болгож депогийнхоо сувилалд инженер техникчид, засварчид, бүхий л багийханаа оруулж амт чанартай хоол унд, тариа, дусал, физик эмчилгээг гар таталгүй үнэгүй хийлгэж байв. Нэг өдөр Америк мэргэжилтэн хамгийн настай нь халуураад бүр 39-40 градуст хүрч халуурав. Мэргэжилтэн маань тариа хийлгэдэггүй, эм уудаггүй нэг үгээр хэлбэл гүрийгээд байгааг би сонсч өрөөнд нь сувилалын их эмч Бурмааг дагуулан орж тариа хийлгэж жин тавьж дусал залгаж Европ стандартаар монголчууд бид эмчилдэг санаа зовох хэрэггүй гэж орчуулагчаар дамжуулан ойлгуулсан. Маргааш нь мань эр босчихсон ажилдаа явсан байв. Америк мэргэжилтнүүд гүндүүгүй ажлын төлөө сайхан улс байсан. Одоо эргээд санахад Бурмаа эмч маань багийн хүн бүрт л санаа тавьж орных нь дэргэд дусал залгаад үүрэглэж суудаг, зарим төрхгүй нэг нь тарианаасаа халшран цонхоороо гарч зугатаасан, Бурмаа эмч эрээд гүйж явсан гэж хүмүүс ярьдагсан. Модернизацийн цахилгаанчид цахилгаан явах, автомат, туслах тоноглол, гагнуур, аж ахуйн бригадууд төмөрчид гээд л алтан гартай засварчдын ёстой эх оронч сэтгэлээр хоёр загал илчит тэрэг бүтээгдсэн юм. W-Skid-ийг раманд гагнаж суулгасан энэ ажиллагаа маш хүнд мэргэжил сорьсон ажил байв. АНУ-ын Эри хот дахь үйлдвэрлүү манай гагнуурчдын гагнасан бэлдэцийг бараг 5-6 удаа онгоцоор явуулж туршилтанд оруулж сүүлчийнхэд нь тэнцэж тэгээд л жинхэнэ гагнуурын ажиллагаа эхэлсэн дээ. Өдөр шөнөгүй гагнана. Тэр заал тэр чигээрээ гагнуурын утаа, хүмүүс маань хоолой нь сөөсөн, нүд нь улаанаар эргэлдсэн харахад халширмаар байсан. Америкууд өөрсдөө ч мөн нүд нь улаан нүүр нь хар, хамгаалах хэрэгсэл хушуувч, маск зүүлгэнэ. Гол нь сүү таргаар цутгаж байв. Депо тэр үед Зүүнхараагаас монгол үнээний сүүг өдөртөө суудлаар татаж тараг цөцгий сүүн бүтээгдэхүүн хийнэ, бүх төрлийн нарийн боов хийнэ. Хиамны ч цехтэй гадна дотны хүнд гайхуулах юмтай, Америкууд маань цөцгийнд их дуртай гээд л манайхан ярьцгаадаг байв. Би буруу уншаагүй бол Монголын уул уурхайд үйлдвэрийн баазад өндөр зэрэглэлтэй Евро стандартын гагнуурчдыг сургаж бэлтгэхийн тулд 150 мянган ногоон хэрэгтэй гэх, гэтэл 2 ЗАГАЛ илчит тэрэгний нэр бүхий гагнуурчид Америк инженерүүдийн сорилтонд тэнцэж гагнасан нь бахархууштай. Зорилго, итгэл, шаардлага, сурах дадал, авъяас оршвоос бүтэхгүй юм гэж үгүй. Бидний Монголчууд гадагшаа биш дотогшоо өөрсдөө өндөр шаардлагатай ажиллах л дутаад байгаа юм. 2 ЗАГАЛ илчит тэрэгийг 45 хоногт өдөр шөнөгүй 2 ээлжээр зогсолтгүй хийж байж дуусгасан. Өөрийн өртөг нь 1.1 тэрбум болж, дараа дараачийн 2 ЗАГАЛ тэрэгнүүд нийт 10 секц буюу 5 зүтгүүрийг энэ баг хамт олон хийсэн юм. 2 ЗАГАЛ илчит тэрэгний өөрийн өртөг 2,3,4,5-ийг хийхэд бүр хямдарч хамгийн сүүлийн илчит тэргийг 30 хоногийн дотор 780 сая төгрөгөөр бослоо гэж депогийн эдийн засагч тооцсон байдаг. Одоо эргээд бодоход 2 ЗАГАЛ илчит тэрэг нь УБ зүтгүүрийн депогийн Монгол инженерүүд, алтан гартай засварчид нийт 28 хүний хүч хөдөлмөр, оюун санаа, эвсэг нэгдэлтэй байдал, ур ухаанаар бүтээгдсэн бөгөөд Монгол улсын хойд хилээс урд хил хүртэл уул ус говийг гатлан цахилж яваа нь ёстой л Чингисийн хоёр загал мэт санагддаг. Мартаснаас 2 ЗАГАЛ гэдэг нэрийг депогийн хэмжээндээ яруу найрагчид, манай модернизацийн цехийн хамт олон ярьж ярьж өгсөн нэр юм. Анхны загалыг хийлцсэн Америк нөхөд сэтгэгдлээ гадны болон монголын хэвлэлийнхэнтэй хуваалцахдаа Монголчууд АНУ-ын технологиор анх удаа 2 ЗАГАЛ илчит тэргийг хийж чадлаа. Энэ хамт олонд бид баярлалаа. Монголчууд техникийн өндөр сэтгэхүйтэй, эв нэгдэлтэй, уран бас ухаантай хүмүүс гэж онцолсон байдаг юм. 2 ЗАГАЛ илчит тэрэгний техникийн үзүүлэлтээс ОХУ-ын 2М62М-тэй харьцуулсан тоон хэллэгээс дурьдвал:
•    2 ЗАГАЛ илчит тэрэг 2900 морины хүч, 2175 квт чадал,
2М62М илчит тэрэг 1333 морины хүч, 950 квт чадлыг тус тус гаргана.
•    Түлшний зарцуулалт 2М62 илчит тэрэгнээс 25% бага
•    Тосны зарцуулалт 9 дахин бага
•    Найдвартай ажиллагаа 10 дахин их
•    Үйлчилгээ засвар хийхэд хялбар
•    1000 тн.км ажилд ноогдох өртөг 2М62М-ээс 4 дахин хямд өртөгтэй
•    Эхний 2 жилд ажилласан эдийн засгийн тооцоогоор зардлаа 7.2 жилийн дотор бүрэн нөхөх тооцоо гарч байв
2 ЗАГАЛ илчит тэрэгний кабины загвар, зураг схемийг удирдлагын зөвөлгөөнөөр оруулан хэлэлцүүлж инженер Л.Ганбаатар гаргаж дулаалга, дуу үл нэвтрэх чадвар зэргийг тооцоолон бодолцож хийсэн. Мөн жолоодлогийн хэсгийн зураг гарч Төмөр замын төв засварын үйлдвэрт захиалж хийлгэж Америкуудад гологдоод дахин зурагаа засаж 2 мм-ийн гөлмөн төмрөөр 90 градусын өнцөг гарган нугалуулж гагнуур оруулахгүй цэвэрхэн дизайнтай хийлгэх шаардлагыг хангасан.
Илчит тэрэгний гадаа тавцан, хашлага шат бүгд л DASH-7 илчит тэрэгтэй адилханаар харин элс өгөх сав, түлшний савыг 2М62М илчит тэрэгнээс томруулж хийсэн зэрэг нь рамны нэг голд дарах даралтын тооцоонд хамрагдаж байв. Энд ярихад инженер хүн гэдэг улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч, инженерүүд дотроо техникийн зураг зурах, сэтгэн бодох, хамт олныг удирдах, гардан хийхдээ, зарим нь хүнд зааж сургах, аль эсвэл ярих чадвар гэх мэтээр өөр өөрийн гэсэн онцлог давуу талуудтай нь ажиглагддаг. Хуучнаар ЗХУ-д манай инженерүүд бэлтгэгдсэн нь, тэнд өвгөн профессорууд оюутнууддаа эхлээд сопрамат бодож сурч байж дараа нь гэрлэхээ бод гэдэг үг инженерийн ангид л гарсан гэдэг, тэрнээс эдийн засаг, санхүү, урлаг, түүх, хэл, биологи гэх мэт бусад математик зонхилдоггүй ангид сопрамат орох шаардлагагүй байв. Дашрамд хэлэхэд инженер хүний өөрт нь оршсон авъяас чадамжийг илрүүлэн зохион бүтээх эрэлхийллийг нь урам өгч урамшуулан ажиллаваас Монгол улс хөгжих магадлал өндөр. Энд би Л.Ганбаатар, Б.Баттулга болон 2 ЗАГАЛ илчит тэрэгийг бүтээсэн хүмүүсээс улбаалан бодов. 2 ЗАГАЛ илчит тэргийг үйлдвэрлэн гаргахад 2004-2005 оны УБТЗ-ын дарга асан Р.Раш, 1-р орлогч дарга В.М.Гернего, В.В.Магдей нар өдөр тутмын бодит дэмжлэг, сэтгэл санаа, эд материалын урамшуулал, дамаан зүтгүүрийн албаны дарга Х.Лхагвасүрэн депо дээр байсхийгээд хүрээд ирнэ бүтэхгүй ажил болгонд өөрөө оролцоно. Хэрвээ эдгээр туслалцаа халуун дулаан дэмжлэг байгаагүй бол 2 ЗАГАЛ илчит тэрэгний сүнс 1997 онд АНУ-ын Женераль Электрик компаны үйлдвэр дотор хий хоосон үзэгдэл хэвээр үлдэх байсан байх.
МУГТ Ю.Идэрчулуун

 

Зурагнууд

2014-08-21
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл