Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн товч танилцуулга

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн товч танилцуулга

http://www.ubtz.mn/uploads/news/orig/ce0c0e1d0cfa1d11f8f248769cdb95b7a9c19da3.jpg

     Монгол – Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг  байгуулах хэлэлцээний анхны төсөл 1948 онд хийгдсэн.  БНМАУ болон ЗСБНХУ-ын засгийн газрын хооронд  1949 оны 06-р сарын 06-ны өдөр хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах тухай  хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ нийгэмлэгийг зохион байгуулагчид нь Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Зам харилцааны яам, Монголын талаас БНМАУ-ын Тээврийн яам гэж тогтсон байна. Тэр үеэс хойш  төмөр замын бүтээн байгуулалтын  нэн их ажил өрнөж  1949 оны  11-р сарын 07-ны өдөр  Улаанбаатар хотноо анхны галт тэрэг ирсэн бол 1952 онд БНМАУ, ЗХУ болон БНХАУ-ын  засгийн газрын хооронд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ЗХУ болон БНХАУ-ын хооронд   төмөр замын шууд харилцааг  байгуулах тухай гурван талт хэлэлцээрт  гарын үсэг зурж,  1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ  руу аялах  төмөр замын шууд харилцааг нээсэн. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай–Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн зэрэг салаа замуудыг  байгуулж ашиглалтанд хүлээн авсаар өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  гол суурь бүтцийн  нийт урт нь 1815 км болоод байна.

      Өнөөгийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь  80 гаруй өртөө зөрлөг бүхий  1815 км урт төмөр замтай, 15 560 ажилагсадтай. ОХУ болон БНХАУ-ыг холбосон гол төмөр замын  нийт замын урт 1110 км. Суурь бүтцийн хүчин чадал нь жилд 22,0-23,0 сая тонн ачаа тээвэрлэнэ. Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн  салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан төмөр замын  тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны өсөлт сүүлийн жилүүдэд 9-13% өсч байна.  2012 онд ачааны хэмжээ 10,7% өсч 20,4 сая тн ачаа, зорчигч тээвэр 4,38% өсч 4,0 сая зорчигч  тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

     ОХУ- БНХАУ-г холбосон  Улаанбаатар төмөр зам нь Евроазийн төмөр замын кооридоруудын  хамгийн дөт  зам юм.  Ийм  Монгол улсын болон ОХУ-ын Засгийн газраас  анхаарал хандуулж   тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар  хүчин чадлыг  сайжруулах, хөдлөх бүрэлдхүүний паркийг шинэчлэх арга хэмжээнүүд авч  байна.  Үүнээс гадна Улаанбаатар төмөр зам өөрийн   санхүүгийн эх үүсвэрээр  төмөр замын суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авсаар байна. Томоохон ажлуудаас дурьдахад БНХАУ-ын Эрээн боомт Монгол улсын Замын-Үүд боомтыг холбосон  өргөн царигийг  хоёрдахь замыг Хятадын төмөр замын талтай хамтран  ашиглалтанд орууллаа. Гол замд 70 км замын шинэчлэл, хилийн Замын –Үүд боомтын төмөр замд өргөтгөл зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа нь Европ – Азийг холбосон  төмөр замын кооридорын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн хугацааг багасгаж  байна.

     Цаашид уул уурхайн бүтээгдхүүний экспортын өсөлт нэн ялангуяа Европын зах зээлд хүргэхээр төвлөж буй коксжуулсан нүүрсийн тээвэрлэлт, Монголд хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор импортын ачааны өсөлт зэргээс шалтгаалан ойрын жилүүдэд  Улаанбаатар төмөр замыг  галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын автомат систем нэвтрүүлэх, суурь бүтцийн зарим хэсэгт  хоёр зам барихаар  төсөл боловсруулан ажиллаж байна. 

 

ХНН “Улаанбаатар төмөр зам”

УБТЗ-н даргын мэндчилгээ

http://www.ubtz.mn/uploads/news/orig/37e24b0b4cdc948448e162860f3cacd29c870982.jpg

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн цахим хуудсанд хандаж байгаа эрхэм танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Түүхэн хөгжлийн 60 гаруй жилийг туулсан, 16 мянган ажиллагсадтай манай хамт олон Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болж ирсэн билээ. Төмөр замчид бид шинэчлэлийн Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, технологийн шинэчлэлт хийх, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн хөгжлийн өсөлтийг ханган, тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, өөрийн байгууллагын олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид өнгөрч буй 2012 онд 20.2 сая тонн ачаа тээвэрлэн, түүхэн дээд амжилт тогтоолоо. Мөн гол замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Замын-Үүд-Эрээний хооронд 2 дахь зам барьж, 70 км замын их засварыг гүйцэтгэн, Замын-Үүд-2, Амгалан өртөөний зам сумыг өргөтгөх, Багануур өртөөнд Техник үзлэгийн газрын барилга барих, Улаанбаатарын ачих, буулгах терминалд 50 тоннын өргөгч кран суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон зорилтыг амжилттай хэрэгжүүлэв.

 

Засгийн газраас дэвшүүлсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилтын хүрээнд Замын-Үүд-Улаанбаатарын хооронд хатуу зурмагийн галт тэрэг аялуулснаар бизнес эрхлэгчдийн ачааг 24 цагийн дотор хүлээн авагчдад хүргэж байна. Төмөр замчдын нийгмийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэхэд ч ихээхэн амжилт олов. Өөрийн санхүүжилтээр шугам замын өртөө зөрлөгүүдэд 96 айлын орон сууц барин, ашиглалтад өгсний зэрэгцээ төмөр замчдыг ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжин өртөө зөрлөг, айл өрхүүд шилэн кабелийн сүлжээгээр интернетэд холбогдлоо. Төв эмнэлгийн оношлогоо, эмчилгээний хүчин чадал эре нэмэгдсэн нь төмөр замчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, өвчлөлт буурч байна. Өнөөгийн мэдээллийн технологийн хөгжил дэвшилд тулгуурлан байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх талаар бодитой амжилт оллоо. Интернетээр байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын ажлын хариуцлага, ёс зүйн талаархи мэдээ мэдээлэл, үйл явдлыг хамгийн богино хугацаанд авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх боллоо. Энэ нь төмөр замын өнөөгийн ажил үйлс амжилтаар арвин байхын суурь нөхцлийг бүрдүүлж байгаа билээ.

 

Төмөр замаар үйлчлүүлэн хамтран ажиллахыг хүсч, сонирхдог өнөөгийн болон ирээдүйн түншүүд та бидний үр бүтээлтэй хамтын ажиллагаа улам бүр өргөжин, хөгжил дэвшлийг авч ирнэ гэдэгт би гүнээ итгэж байна.

 

Танд болон танай гэр бүл, хамт олонд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.СЭРЭЭНЭНДОРЖ

 

2015-01-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл