Д.Шүрхүү: ОХУ дорно зүгт зах зээлээ тэлэх эрмэлзэл Монголд ашигтай

ОХУ-ын "Роснефть" ком¬панийн ерөнхийлөгч И.И.Сечин энэ сарын 17-нд манай улсад айлчилсан. Тэрбээр хэдхэн цаг саатахдаа Ерөнхий сайд бо¬лон Уул уурхайн сайд нартай уулзчихаад Азийн орнуудыг зорь¬сон юм. И.И.Сечиний айлчлалын талаар ШУА-ийн Олон улс суд¬лалын хүрээлэнгийн захирал Д.Шүрхүүтэй ярилцлаа. 

  -"Роснефть" компанийн ерөн¬хийлөгч И.И.Сечин азийн орнууд руу анхаарлаа хандуулаад эхэллээ. Энэ нь Крымийн асуудлаас үүдэж ОХУ-ын эдийн засагт их гүрнүүд хориг тавьсантай холбоотой юу. Түүний айлчлалыг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Орос  орон баруун талаасаа дарамт шахалтад орж эхлээд байна. Цаашдаа   хориг арга хэмжээ  эдийн засгийн салбар руу даамжирвал баруун руу гаргаж буй экспорт буурах  аюул гарч ирнэ. Оросын экспортын 70 хувь нь газрын тос, хийгээс бүрддэг. Баруун Европын орнуудын байгалийн хийн хэрэглээний 76 хувийг Орос дангаараа хангадаг. Европын зургаан орон газын хувьд ОХУ-аас 100 хувь, Украйн гэхэд л 70 хувь Оросоос хараат байдаг л даа. Нэг талаар ийм боловч нөгөөтэйгүүр ОХУ мөн тэдний зах зээлээс хараат гэсэн үг. Эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хоёр тал хохирол амсах магадлал өндөр байгаа юм. Иймд "Роснефть", "Газпром" компаниуд, ОХУ-ын нефть, хийн  экспортоос олдог орлого  буурч, санхүүгийнх нь байдал хүндэрнэ. 2012 оны байдлаар ОХУ-ын төсвийн 52 хувь нь газрын тос, хийгээс бүрдэж байв.  Тиймээс И.И.Сечиний энэ айлчлал Монгол болон дорно зүгт зах зээлээ тэлж, нийлүүлэлтээ нэ¬мэг-дүүлэх боломжийг өргөтгөх зорилготой. Гэнэт хийсэн айлчлалын  учир шалтгааныг энэ өнцгөөс  тайлбарлаж болох юм. "Роснефть" компанийн зах зээл нь дорно зүг рүү нэлээд идэвхтэй байгаа. Тэгэхээр ОХУ-Украины  харилцааны хүндрэл,  хямралтай уялдан олон улсын улс төр, зах зээлийн нөхцөл байдалд гарч буй өөрчлөлт зарим талаар  Монгол Улсад том боломж нээж байна. Тиймээс энэ боломжийг бид ашиглах хэрэгтэй.

-Яагаад тэр вэ?

-Дэлхийн улс төр, зах зээлийг доргиож мэдэх Украинд өрнөж буй шиг үйл явдал тэр болгон гараад байдаггүй, Оросын дорно зүг рүү   зах зээлээ тэлэх сонирхол  улам хүчтэй болох нь тодорхой байна. И.И.Сечиний айлчлалаар Монгол Улсын хувьд сүүлийн арваад жил хүсч байсан нөхцөл байдал бүрэлдэж байна. Тэр бол Монголын нутгаар хийн хоолойнууд болон дэд бүтцийн шугам сүлжээ тавих, газрын тос, байгалийн хийг зохистой үнээр авах, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг асуудал юм. Сүүлийн үед Монголын Засгийн газар бодлого боловсруулагчид нэг чухал зүйлд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь илт мэдэгдэж байгаа. Монгол, Орос, Хятад гээд гурван улсын хооронд дэд бүтцийн талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудал юм. Тиймээс Монголын эдийн засгийн дипломат бодлого маш их идэвхжлээ. Бид олон жил гурав дахь зах зээлд  хүрэхийн тулд  Орос, Хятадыг царайчлан  явлаа л даа. Юуны өмнө манай гурван улсын хооронд хоёр хоолой, гурван шугам бүхий таван сүлжээ байгуулахыг зорьж байгаа нь зүйтэй алхам. Яагаад гэвэл бид эхний ээлжинд энэ хоёр хөрштэйгээ дэд бүтцийн талаар маш сайн холбогдсоны дараа гурав дахь зах зээлээ яривал харьцангуй  амар. Их гүрнүүдийн зөрчил бидэнд шинэ боломж өгч байна. Тиймээс Украйн Орос, Орос АНУ-ын хооронд үүссэн сөргөлдөөний дараа бид Монголын гадаад орчинд ямар өөрчлөлт орж байгааг соргогоор анхаарч, тэрэнд тохируулсан прагматик бодлого явуулах нь чухал. Олон тулгуурт гадаад бодлогодоо хохирол учруулахгүйгээр уснаас цэвэрхэн гарах ухаалаг дипломат бодлого явуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа Орос дорно зүгт, Монгол руу анхаарлаа чиглүүлж байгаа нь манай  эдийн засгийн  аюулгүй байдал болоод зах зээл урд хөршөөс хэт хамааралтай болохоос сэргийлэх, тэнцвэрийг хадгалахад тус нэмэр болох нь дамжиггүй.

-И.И.Сечин сая ирэхдээ Мон¬гол, Орос, Хятад хоорондын солилцооны зарчмаар түүхий эд нийлүүлэх тухай асуудлыг хөндлөө. 

-Эдгээр асуудлуудаас гадна "Роснефть"-ийн ерөнхийлөгч шинээр Асгатын мөнгөний орд руу орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Манайх Орос Хятадын хооронд газрын тос дамжуулах транзит тээвэр хийхэд нь төмөр замаа ашиглуулах тухай санал дэвшүүлсэн. И.И.Сечин "Төмөр замаас илүүтэйгээр хоолойгоор тээвэрлэх нь хямд өртөгтэй" гэсэн байна. Энэ нь хоолой тавих асуудалд Оросын тал анх удаа бэлэн байгаагаа мэдэгдчихлээ гэсэн үг.  Хоолой тавих асуудал олон жилийн өмнөөс яригдсан бөгөөд Оросын тал бодож үзье гэхээс өөр бодитой хариу өгч байгаагүй мэт санагдаж байна. Монголоор дайруулан нефть болон  газын хоолой тавих асуудлыг ийнхүү Оросын талаас  бараг анх удаа  хүлээн  зөвшөөрлөө.   

Манай газрын тосны салбарт Хятад давамгайлах боллоо. Харин Оросын оролцоо байгаагүй. Их гүрнүүдийн ашиг сонирхол эрчим хүчиндээ төвлөрч байдаг. ОХУ бол Монголд бензин шатахуун,  ца¬хилгаан эрчим хүчээр хангадаг гэсэн хоёрхон зүйл дээр сэтгэл хангалуун явж байсан. Гэтэл газрын тос, газ, нүүрсний хайгуул олборлолт,  шинээр барих цахилгаан станц гэх мэт том чухал салбарууд дахь Оросын  оролцоо  сулхан байлаа. Ингээд Хятад болон бусад орны оролцоо нэмэгдэж,  Монгол  бензин, эрчим хүчээ дотооддоо хангах бодлого баримтлах  болсны улмаас  Оросын нөлөө  Монголд  эрс буурч эхэллээ. Иймд  Орос эрчим хүчний нөлөөгөө Монголд хадгалж үлдээхийн тулд газрын тосны салбарт, түүхий тос нийлүүлэх, эрэл хайгуул хийх сонирхол нэмэгдэж байна. Газрын тосны хоолой барих, газрын тосны олборлолт хийх нь эргээд Оросын байр суурийг бэхжүүлж байгаа юм. Тэгэхээр ямарваа нэг асуудал гарлаа гэхэд Монгол Улс эрчим хүч, газрын тосны бүх чиглэлээр Оросын хараат байвал тэд тайван байх нь мэдээж шүү дээ. Гэтэл санаачилгыг хятадуудад алдах өрсөлдөөн ч гарч ирлээ. Улмаар хоолой тавих асуудалд хятадууд санал тавиад эхэлсэн. Хятадын тал "Тамсагийн газрын тосыг хоолойгоор татъя. Мөн говийн хүрэн нүүрсийг хийжүүлэн  Улаанбаатар руу, урагшаа хоолойгоор  татъя" гэсэн. Тэгэхээр И.И.Сечиний айлчлал Оросын эрчим хүчний зах зээл хумигдах аюул байгаатай холбоотой. Нөгөө талаар  Хятадын оролцоо идэвх манайх руу нэмэгдсэнээс үүдэлтэй юм. Тэгэхгүй бол санаачилгаа алдана шүү дээ. Бид энэ нөхцөл бололцоог зөвөөр ашиглаж чадвал манай улсын эдийн засгийн хувьд том ахиц дэвшил гарах боломжтой. Нөгөө талаар Монгол Улс бүс нутгийн транзит тээвэр хийгээд эдийн засгийн нийлүүлэгч орон болох боломж гарч ирж байна. 

-Дарханд барьж байгаа боловс¬руулах үйлдвэрт "Роснефть" ком¬пани нефть нийлүүлэх сонирхол хэр байх бол. Мэдээж манайх шатахуун үйлдвэрлэвэл тус компанийн борлуулалт буурч таарна. Эсвэл И.И.Сечин үүнээс урьдчилан сэргийлж Дарханы үйлдвэрт хориг тавих зорилготой ирэв үү?   

-Монголд барих газрын тосны үйлдвэрийг зогсоох боломжгүй. Харин Дарханы боловсруулах үйлдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөгөө тогтоох, өөрсдөө нефтиэр хангахаа баталгаажуулж чадвал ОХУ-ын хувьд том алхам гэж бодож байна. Тиймээс үүнийгээ сая ирэхдээ илэрхийлчих шиг боллоо.

 Монгол Улсын газрын тосны нөөц, олборлолтын байршил тохи¬ромжгүй гэдэг. Зүүн баян, Тамсаг гээд зүүн, зүүн өмнө  зах хязгаарт олборлолт явагдаж байхад, боловсруулах үйлдвэрээ Дарханд барьж байна. Тэгэхээр Монгол Улс газрын тосоо тэр холоос зөөх эсвэл Оросоос  авах хоёр сонголт байгаа.Хөрш гурван орон солилцоогоор  газрын тос харилцан нийлүүлэх  хувилбар эхний үед дажгүй  харагдаж байна. Гэвч цаашдаа Дарханы үйлдвэр Оросын газрын тосноос хараат болчихож байна. Монгол орон Оросоос  бензинээр  хараат байсан бол газрын тосоор хараат болж болзошгүй. Нэгэнт өөрийн тостой болсон үед  үүнийг зохистойгоор шийдвэрлэх боломж бий. 

-Сүүлийн жилүүдэд таарамж¬гүй байсан Монгол Оросын харилцаанд  И.И.Сечиний айлчлал нөлөөлөх болов уу?

-Улс орны харилцаа янз бүрийн түвшинд байдаг л даа. Идэвхтэй,  бас зогсонги байдалд ч ордог. Монгол Оросын харилцаанд тодорхой нөхцөл байдлууд үүссэн л дээ. Ялануяа Н.Энхбаяр, С.Баярын үед Тавантолгой, Оюутолгой, уран гэх мэт чухал салбаруудаа Орост илүү нааштай хандах байх гэж хойд хөрш найдлага тавьж байсан. Гэтэл  тэдний найдлага тавьж  байсан улстөрчид нь сонгуульд ялагдсан. Орос бол одоогийн эрх баригчдын эсрэг тоглосон л доо. Харин одоогийн эрх баригчид гарч ирээд шууд гуравдагч орон руу хандсан.  Оросын судлаач Радченко "Оросын улстөрчид Монголын улс төрийг уншиж чадсангүй" гэж бичсэн байдаг. Нэг хэсэг хоёр талд улс төрийн идэвхгүй  байдал үүссэн.  Энэ байдал удаан  үргэлжилбэл хэн хэнд нь ашиггүй харагдсан. Монгол Улс бол том тоглогчоо ойшоохгүй байвал өмнөд хөршийн хараат байдалд орох нь мэдээж. Орос Монголыг тоохгүй яваад байвал бас стратегийн хувьд давуу байдлаа өрсөлдөгч талууд болох АНУ, Хятад зэрэг улсад алдах байдал илэрхий болж эхэллээ. Тиймээс хоёр тал үүнийг өнгөрсөн хоёр жилийн дотор ойлгож, нэлээд харилцаа маань идэвхжсэн. Ялангуяа  өнгөрсөн онд болсон Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан дээр маш  чухал олон зүйлийг тохирсон. Хоёр улсын харилцааг улстөрчид гэхээс илүүтэйгээр бизнесийн салбарынхан илүү ахиулна. 

Монгол Улсын экспортын 90-ээд хувь, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад Хятад тэргүүлж эхэлсэн  өнөөгийн нөхцөлд Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхол ч нэмэгдэж байна. Энэ асуудал Оросын талаас яриа төдий хэмжээнд байв. Харин сүүлийн жил ялангуяа Засгийн газар хоорондын 17 дугаар хуралдаанаас хойш эрс идэвхжиж байна. Украйны үйл явдал, геоэдийн засгийн өрсөлдөөн,  геополитикийн хүчин зүйл Монголд ашигтай нөхцөл байдал үүсгэж байна л даа. Энэ нөхцөл байдал дээр бид эрчим хүч, дэд бүтцийн салбартаа анхаарч томоохон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. 

- ОХУ, Украйны асуудлаар УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулга өөрийн байр сууриа Оросын хэвлэлд илэрхийлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Х.Баттулга сайд ярилцлагадаа "...бид их хөрш Оросыг дэмжиж байна" гэсэн байсан л даа. Томчууд нь дуугарч чадахгүй болохоор яам толгойлсон хүнээр хэлүүлчихэв үү гэх хардлага дагуулж байгаа. Харин судлаачийн байр сууринаас дээрх үйл явдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Х.Баттулга сайд хувь хүний байр сууринаас тэгж хандсан болов уу.  Их гүрнүүдийн ашиг сонирхлын асуудлыг бид маш анхааралтай ажиглах ёстой. Монгол Улсын аюулгүй байдал, гадаад орчинд болон ОХУ-ын улс төрчид, эдийн засагт тавьсан хориг нефть шатахууны үнэд хэрхэн нөлөөлөх талаас нь харах хэрэгтэй. Хятад гэхэд Крымын асуудалд тун болгоомжтой хандаж байгаа. Ер нь бол төвийг сахисан байр суурьтай байх шиг байна. 

Одоо бид хоёр хөрштэйгээ харилцах тааламжтай нөхцөлүүдийг бий болгох ёстой. Гурван талт транзит тээвэр, боомтын асуудлууд байна. Гурвалсан асуудлыг сайн тохиролцож авбал манай улсад чухал ач холбогдолтой. Монгол Улс, Орос, Хятадтай өргөн хүрээнд тээвэр логистикийн хувьд харилцаж чадвал хөрөнгө оруулалтууд аяндаа орж ирнэ. Одоо манайд хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал бол тээвэр логистикийн асуудал байна. Олборлолт явууллаа гэхэд төмөр зам, автозам байхгүй, боомтууд нь хоцрогдсон. Тэгээд л Орос, Хятадын царайг хардаг. Дамжин өнгөрлөө гэхэд бөөн татвар төлдөг. Энэ мэт бэрхшээлүүд олон. Нөгөө талаас Монголын дэд бүтэц хөгжсөн нөхцөлд ямар ч үйлдвэр байгуулахад хялбар болно. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт татах орчин сайжирна. Ийм нөхцөл байдал үүсвэл Монгол Улс бүс нутаг, орон зайдаа маш хүчтэй ханган нийлүүлэгч орон болж хувирна. Тиймээс бидний хүсээд байгаа боловсруулах үйлдвэр бүрэн цэцэглэнэ. Дэд бүтэц хөгжсөний дараа хөрөнгө оруулагчдыг татахад түвэггүй. Дэд бүтэц зөвхөн хоёр тийшээгээ биш,  хоёр хөрш болон тив дамнасан байдлаар хөгжвөл  аюулгүй байдал ч бэхжинэ.
М.МӨНХЦЭЦЭГ
 ӨДРИЙН СОНИН 2014-03-25 19:31:30

2014-12-18
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл