Д.ШҮРХҮҮ: БИД ӨМНӨД ХӨРШӨӨ ЦОО ШИНЭЭР ХАРАХ ХЭРЭГТЭЙ

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
-Ерөнхий сайдын ивээл дор Монгол, Орос, Хятад гурван улсын томоохон форум өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөлөө. Энэ форумын гол ач холбогдол нь юу байв?
-Манай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн 2008 онд Монгол, Орос, Хятадын гурван орны эрдэмтдийн форумыг Ерөнхий сайдын ивээл дор анх зохион байгуулж байлаа. Түүнээс хойш энэ форумыг Бээжинд нэг, Москвад нэг удаа зохион байгуулж, дөрөв дэх форумыг дахин Монголд хийх гэж байна. Энэ жилийн форумын онцлог нь “Ногоон хөгжил -XXI зууны гурван талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл” сэдвийн дор хийлээ. Хятадад ч, Монголд ч тэр, ОХУ-д ялгаагүй хөгжлийн шинэ загвар ярьж эхэлж байна. Хятад улс нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, экспортод чиглэсэн хөгжлийн загвараар явлаа. Гэтэл олон улсын хямрал, экспортын бүтээгдэхүүний зах зээл хумигдах болсон тул Хятад улс хөгжлийн шинэ загвар эрэлхийлэх боллоо. ОХУ мөн олон жил эрдэс баялаг, түүхий эдээ олборлож байсан бол одоо бас явцгүй боллоо гэж байна. Хоёр хөрш хөгжлийн загвараа өөрчилж байгаа энэ үед Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар уул уурхай түшиглэсэн шинэ үзэл бодол гарган ирж байгаа. Мөн бид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хөгжилдөө оруулъя гэж зарлаж, баримт бичиг боловсруулж байгаа үед энэ хурлыг хийсэн нь чухал ач холбогдолтой. Ер нь манай улс Орос, Хятад хоёртой худалдаа, хөрөнгө оруулалт гээд олон талаар хамтран ажилладаг. Энэ үед бид хөгжлийн шинэ үзэл баримтлалаа зөвхөн өөрс дөө ойлгоод зогсохгүй, хоёр хөршдөө ойлгуулъя гэж зорьж байна. Тун саяхан НҮБын чуулган дээр цөлжилттэй тэмцэх, мод тарих талаар хуримтлуулсан Хятадын туршлагыг өндөр үнэлж шагнал хүртээлээ. Хятад сэргээгдэх эрчим хүч, салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэр гүүлж буй орон. Энэ хуралд Орос, Хятадаас нийлээд 20 орчим эрдэмтэн ирсэн. Монголоос 60-70 хүн оролцлоо.
-Дэлхийн улс орнууд ногоон хөгжлийн талаар их ярьдаг болж. Ногоон хөгжил гэдгийг манайхан их ерөн хий ойлгож хүлээн ав даг тал бий. Энэ талаар Мон гол Улсын баримталж бай гаа гол бодлого юу вэ? 
-Ногоон хөгжил гэхээр зөвхөн мод тарих юм уу, уул усаа хамгаалах тухай биш юм. Гол агуулгаараа хамгийн хэмнэлттэй, байгальд ээлтэй ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийг хэлж байгаа юм. Байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой, экологид ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулна гэсэн үг. Хоёрдугаарт, ногоон хөгжлийн цаана бүхэл бүтэн философи явж байна. Бага балчраасаа эхлээд өвгөд хөгшид хүртэл байгаль дэлхийгээ хайрлаж, хог цаас хаяхгүйгээс эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх том асуудал бий. Тэгэхээр ногоон хөгжил гэдгийн цаана өндөр технологи явж байна. Ийм учраас манай улс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хүртэл байгууллаа шүү дээ. Манай форумын гол дэмжигч байгууллагаар БОНХЯ оролцлоо. Уул уурхай эрчим хүч, зам тээврээ хөгжүүлэх гэж байгаа үед ногоон хөгжлийн үзэл баримтлалыг гаргаж ирж байгаа нь маш цагаа олсон зөв зүйтэй алхам. 
-Хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулахгүйгээр Монгол Улс дэлхийд гарцгүй гэдэг. Хойд, өмнөд хөрштэй хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Хоёр хөршийн харилцаа улс төрийн хувьд зохих түвшинд, давгүй байна гэж үздэг. Үүний нэг жишээ нь 2009 онд ОХУ-тай, 2011 онд БНХАУ-тай стратегийн хөгжлийн то хиролцоонд хүрсэн. Хам гийн өндөр түвшинд буюу стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бид цаашид харилцан ашигтай байлгах тал дээр анхаарах ёстой. Орос, Хятад хоёртой бид дунд болон урт хугацаанд стратегийн түншлэлийн түвшинд яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудлыг нухацтай хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын хүрээнд энэ асуудлыг илүү ярина гэж сонсогдлоо л доо. Ялангуяа экспортын 92 хувь, нийт худалдааны бараг гуравны нэгийг урд хөрштэй хийж буй энэ үед бид хэрэлдэж хэлцэж, хардаж суухаас илүү хамтарч, харилцан ашигтай ажиллах арга замаа хайх нь илүү чухал. Хоёр хөршид асуудал бий юү гэвэл бий. Жишээ нь ОХУ-аас бид нефть бүтээгдэхүүнээр 100 хувь хараат, эрчим хүчний хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр хараат. Хятадтай зөвхөн нэг талыг чиглэсэн худалдаа хийж байна. Монголын хувьд хамгийн их зовоож байгаа хоёр асуудал бий шүү дээ. Нэгдүгээрт, зам тээврийн харилцаа. Мөн бараа бүтээгдэхүүнээ хилийн чанадад хоёр хөрш болон гурав дахь зах зээлд хүргэх түвшинд асуудал ихтэй. Тийм учраас энэ асуудлаа шийдэхийн тулд нэгдүгээрт, бид өөрсдөө бү- тээн байгуулалт хиймээр байна. 
Сүүлийн хэдэн жил төмөр зам хэрэгтэй, хэрэггүй гэж их маргалаа. Бид эхлээд автозам, төмөр замаа шуурхай барьж байгуулж, хөрш оронтой гоо холбогдох хэрэгтэй. Нөгөө талаасаа зам тээврээ холбохоос гадна ялангуяа Хятадтай транзит тээврийн асуудлаа шийдмээр байна. Хятад манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн их хэмжээгээр авах сонирхолтой. Бид тодорхой нөхцөл болзлын дор уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятадад хэдийг нь, гуравдагч орнуудад хэдийг нь зарах вэ гэдгээ сайн тохирол цох хэрэгтэй. Хоёр талын болон гурвалсан гэрээ хэлэлцээрүүд байгуулах хэрэгтэй. Заримыг нь шинэчлэх ёстой. Ерөнхий сайдын айлчлалд зам тээврийн асуудал чухал байр суурь эзлэх юм шиг байна. Дараагийн асуудал нь эрчим хүч. Төмөр замаас дутахгүй эмзэг бөгөөд чухал асуудал энэ. Бид ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат. Бид эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлээд газрын тосоо шатахуун болгоод, нүүрсээ боловсруулаад явбал ОХУ-аас хараат биш болно. Нөгөө талаасаа ирээдүйд бид Хятад руу эрчим хүч, газрын тос болон газрын тосон бүтээгдэх үүн нийлүүлэх тэр үед үнэ ханш яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хятадууд хямд авахыг л бодно шүү дээ. Орос, Хятадын хооронд байгалийн хий, цахилгаан эрчим хүчний үнэ тойрсон том маргаан арван хэдэн жил явж, сая нэг юм тохиролцоонд хүрэх найдвар гарч байна. Гэтэл бид нүүрсээ эрчим хүч болгоод Хятад руу гаргах гэтэл үнэ тохиролцохгүй бол яах вэ. Тиймээс энэ тал дээр нухацтай, бодууштай зүйл бий. 
-Стратегийн түншлэлийн хүрээнд өөр ямар чиглэлээр харилцах шаардлага бий гэж та боддог вэ?
-Хятадтай хэд хэдэн чиглэлээр нухацтай, бодолтой харилц маар байгаа юм. Нэгдүгээрт, нүүрс, газрын тос, уран, зэс, төмрийн хүдэр гэх чи лэн стратегийн чухал түү хий эдийн орд газрууддаа бо дол той хандах ёстой. Хоёрдугаарт, эрчим хүчний салбар байна. Гуравдугаарт, зам тээвэр, транзит тээвэр яах аргаг үй ширээний ард сууж ярих асуудал. Харилцан ашигтай зөв шилцөлд яаж хүрэх вэ гэдэг дээр маш сайн ажиллах ёстой. Хамгийн сүүлийн жишээ “Чалко” байна шүү дээ. Иймэрхүү байдлаар гэрээ хийвэл бид алдаад дуусна. Тиймээс бид Хятадтай энэ чухал салбарууддаа яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудал манай Ерөнхий сайдын айлчлалын чухал хэсэг байгаа байх. Энэ талаар ч нэлээд ажиллаж байх шиг байна. Зам тээврийн хувьд ойрын 5-10 жилд нэлээд ахиц дэвшил гарна гэж найдаж байгаа. Монгол Улс түүхэндээ анх удаа Хятад, Монгол, Оросыг холбосон автозам удахгүй ашиглалтад оруулах гэж байна. 
-Хятад, Монголын харилцааг цаашид улам илүү гүнз гийрүүлж сайжруулахад ямар алхам хийвэл зохилтой вэ?
-Боломж, давуу талаа бид сайн ашигламаар байна. Улс төрийн таатай орчин, газар зүйн ойр байршил байна. Хамгийн гол нь Хятадын энэ асар том зах зээлийн эрэлт хэрэгцээг яаж бүрэн дүүрэн ашиглах вэ. Үүний зэрэгцээ сөрөг талуудаа даван туулах хэрэгтэй. Хамгийн том сөрөг тал бол хоёр орны эдийн засгийн чадавхи маш зөрүүтэй байна. Хятадтай хийж байгаа худалдаа манайдаа бол хамгийн том, хэдэн тэрбумаар яригддаг бол Хятадын хувьд нэг хувьд нь ч хүрэхгүй. Бидний хийж байгаа худалдаа Хятадын эдийн засагт нөлөөлөхгүй байхад эсрэгээр Хятадтай хийж байгаа худалдаа манайд нөлөөлдөг. Энэ бол Монгол, Хятадын харилцааны нэг өвөрмөц онцлог. Мөн Хятад улс Монголтой өргөн хүрээнд хамтран ажиллая, Монголын эрдэс түүхий эдэд хөрөнгө оруулъя, ихээр авъя гэж байна. Ямар ч улс аль болох хямд бөгөөд түүхий эд байдлаар нь авахыг бодно. Гэтэл Монгол Улс Хятадаас гадна гурав дахь орнуудад зарах, гүн боловсруулаад илүү үнэтэй борлуулах сонирхолтой байдаг. Өөр нэг анхаарал татаж байгаа асуудал нь худалдаа, хөрөнгө оруулалтын бүтцийн өрөөсгөл байдал. 
Монголын худалдааны балансад Хятад улсын экспорт 92 хувьд хүрсэн байдаг. Гэтэл Монголын экспортын бүтээгдэхүүн дотор нь уул уурхай давамгайлсан. Хятадаас Монгол руу оруулж байгаа хөрөнгө оруулалт 60-70 хувь нь уул уурхай, геологи, хайгуул руу орсон байх жишээтэй. Гэтэл Монгол Улс Хятадад өөр олон зүйл зарж болно. Хятад бас өөр олон зүйлд хөрөнгө оруулж болно. Тиймээс бид хөрөнгө оруулалт, бүтцийг оновчтой болгох хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол Хятад орныг, Хятадын бизнесмэнүүдийг ойлгох хэрэгтэй. Энэ тал дээр учир дутагдалтай байгаа. Сүүлийн жишээ хэлэхэд 2013 оны эхний долоон сарын байдлаар Хятадад гаднаас авсан нүүрсний импорт 14 хувь өссөн байхад Монгол, Хятадын нүүрсний худалдааны хэмжээ буурсан байх жишээтэй. Бид Хятадын олон бүс нутаг, компанитай худалдаа хийх хэрэгтэй. Одоо бол “Чалко” тэргүүтэй хоёр гуравхан компанитай харилцдаг. Хята дын дотоодын худалдан авагч нарын дунд өрсөлдөөн бий болгох ёстой. Аль болох олон худалдан авагчтай байвал манай нүүрсний болон бусад худалдаа сайжирна. Хятадын бизнесийн шинэ орчныг ойлгож мэдэх ёстой. 
Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл нь Хятадын бодлогод өөрчлөлт орж байна. Хязгаарын бүс нутгууддаа нээлттэй бодлогоо нэлээн эрчимжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс зүүн хойд, баруун өмнөд, зүүн өмнөд бүс нутгууддаа ийм бодлого явуулж байна. Саяхан Шанхайг худалдааны чөлөөт бүс болгох том төсөл зарлалаа. Хятадын баруун хойд, зүүн хойд бүс нутгуудад явуулж байгаа бодлогыг угтаж, тэнд байгаа идэвхжилийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй. Би сая Жилинь мужийн Чанчунь хотод экспод оролцоод ирлээ. Тэд зүүн хойд бүсийнхээ хөгжлийг эрчимтэй хөг жүүлнэ, олон тэрбумын хөрөнгө оруулна, ОХУ-тай зам тээврээ хөгжүүлнэ гэж ярьж байна. Гэтэл тэнд Монголын дуу хоолой бага байна. Хятад улс ийм бодлого явуулж байхад бид үүнийг угтаж, маш идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газрын зам тээврээ хөгжүүлэх, бүтээн байгуулалтаа түргэт гэх энэ бодлого үүнтэй их нийлж байна л даа. Энэ бодло гыг улам эрчимтэй, ялангуяа Хятадын дотоод бодлоготой нь холбож, яавал бид Хятадын худалдан авагчидтай ашигтай наймаа хийж чадах вэ гэдгээ бодох ёстой.
-Урд хөршийнхөн хөгжлийн загвараа өөрчлөх талаар ярьж байгаа гэж та хэлсэн. Чухам яаж тэр вэ?
-Хятад гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр оруулаад, гадаадын зах зээлд чиглэсэн, ялангуяа Европ, Америк, Япон зэрэг том зах зээлүүдийг түшиглэж байсан. Өөрсдөө маш их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолдог байсан. Хоёрт, маш эмзэг болж ирсэн. Америк, Европ, Япон гурвуу лаа хямралд орчихлоо, Хята дын хөгжил дагаад саарах болж байна. Гэтэл шинэ зах зээл буюу хөрш орнуудынхаа зах зээл рүү оръё. Бараа бүтээгдэх үүний солилцоо хийе, мөн дотоодын зах зээлээ нэмэгд үүлэх гэсэн ийм бодлого барьж эхэлж байна. Нөгөө талаасаа инноваци. Өөрийн гэсэн технологи, бүтээгдэхүүн гаргая гэж ярьж байна. Хятад улс нэг триллион юанийг шинж лэх ухааны судалгаа шинжил гээ, туршилтад зарцуулж байна. Энэ үзүүлэлтээр дэлхийд АНУ-ын дараа хоёрт орсон. Өөрөөр хэлбэл, тэд дотоодынхоо эрэлт хэрэгцээ, шинжлэх ухаан инновацид түшиглэсэн байдлаар, дэлхийн их гүрэн ямар байх ёстой тэр жишгийн дагуу хөгжлийн шинэ загвараа томъёолж байна. Хятадын тав дахь үеийн шинэ удирдагч Си Зиньпин үүнийгээ “Хятад мөрөөдөл” гэж нэрлэж байгаа. 
Эцэст нь хэлэхэд, эдийн засгийнхаа хөгжлийг бодсон ч, аюулгүй байдал, харилцан ашигтай байх талаа бодсон ч бид өмнөд хөршөө цоо шинээр харах хэрэгтэй. Их судалмаар байна. Судлах судлахдаа зөвх өн манай эрдэмтэн суд лаа чид дангаар судлаад зог сохгүй гадаадын эрдэмтэд, хөрш орнуудын эрдэмтэдтэй хам тарч судлах хэрэгтэй. Мөн ном сэтгүүл, интернэтээр зог сохг үй газар дээр нь бодитой, тулгамдсан асуудлыг ч судлах ёстой. Энэ удаагийн форумыг бид ингэж хийх гэж нэлээд хи чээлээ. Төв аймгийн шинэ бүтээн байгуулалт, “Клин энержи” компанийн Салхит дахь хамгийн том салхин цахил гаан станц, малчин өрхийн амьдралтай хөрш орнуу дын эрдэмтэд танилцах боломж бүрдүүллээ. Түүнээс гадна Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамны хөрш орны газрын даргатай уул зуулж, илэн далангүй ярилцсанд Орос, Хятадын эрдэмтэд маш баяртай, сэтгэл хангалуун буцлаа.

 Г.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: Mongolnews.mn 

2014-12-18
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл