Ази–Европыг холбох эрээнцав-бичигт-Зиньжоу Эдийн Засаг, тээвийн шинэ хонгил

Монголын ШУА, Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн хэсэг эрдэмтэд Монголын “Талын зам”, Хятадын “Шинэ торгон зам” төслүүдийг хэрхэн уялдуулах, ялангуяа Монголын зах зээлийг Хятадын далайн боомтуудтай хэрхэн холбох чиглэлээр судалгааны аялал зохион байгууллаа. Хамтарсан судалгааны баг Монголын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний ихэнх хэсэг дамжин гардаг Тяньзин боомт, ирээдүйд  Монголын хоёр дахь далайн гарц болох асар их боломж, таатай нөхцөл бүхий Зиньжоу боомттой үзэж танилцав. 

Зиньжоу боомт хэд хэдэн онцлог, давуу талтай. 1-рт, Монгол, Орост ойр, газар зүйн хамгийн зохистой байршилтай. Зиньжоу Монголын хилээс ердөө 800-850 км, ОХУ хүрэх төмөр замын Чойбалсан зангилаа хүртэл 1200 км зайд орших хамгийн ойр далайн нээлттэй боомт юм.  2-рт, тус боомт Хятадын анхны хувьцаат компани хэлбэрээр ажиллаж буй нээлттэй боомт бөгөөд ОХУ, Монгол, Европын зах зээл рүү гарахад чиглэсэн төрөл бүрийн бараа хүлээж авах, ачих буулгах, Зүүн Хойд Азидаа хамгийн том  боомт болох чиглэлээр өргөн хүрээтэй шинэчлэл, бүтээн байгуулалт хийж байна. Тухайлбал, Зиньжоу боомт нүүрс, үр тариа, газрын тос, байгалийн хий хүлээж авах, ачих тусгай тоног төхөөрөмж, агуулахуудыг их хэмжээгээр байгуулсан бөгөөд цаашид ч өргөтгөх төлөвлөгөөтэй ажээ. 3-рт,  боомт хүрэх газар нутгийн ихэнх хэсэг Өвөр Монголын өөртөө засах орны зүүн хэсэг буюу  харьцангуй хот суурин, хүн амын нягтшил бага тул зам тээврийн хонгил шинээр байгуулахад хүндрэл бэрхшээл бага байж  болох талтай. 4-рт,  ОХУ, Монгол Улс хоёулаа  БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай, газрын тос, байгалийн хий, нүүрс, төмрийн хүдэр, үр тариа гэх мэт овор хэмжээ ихтэй, зам тээврийн сүлжээ шаардсан бараа бүтээгдэхүүний экспортоо эрс нэмэгдүүлэх, түүний дотор Зиньжоу зэрэг Хятадын далайн боомтоор экспортлох  сонирхолтой. 5-рт, Хятад, Зүүн Азиас  Европ хүрэх асар их барааны урсгалыг Зиньжоу боомтоор дамжуулах боломж  их байна. Европ хүрэх барааны их урсгалыг Монголын Бичигт-Эрээнцаваар  дамжуулан Трансибирийн замд хүргэх нь эдийн засгийн ихээхэн үр ашиг авчрах боломжтой. Өөрөөр хэлбэл ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ-ЗИНЬЖОУ ЭДИЙН ЗАСАГ, ТЭЭВИЙН ШИНЭ ХОНГИЛ нь зөвхөн нэг чиглэл бус, хоёр талын чиглэлтэй урсгалыг бий болгосноор  зардлаа маш богино хугацаанд нөхөх төдийгүй хөрөнгө татах, өрсөлдөх чадвараа эрс нэмэгдүүлэх  давуу талтай юм.  
Хоёр орны эрдэмтэд Хятадын Зиньжоу боомтын онцлог, давуу тал, газарзүйн байршил, Монголын шинэ төмөр замын бүтээн байгуулалт, Монгол-Хятад-Орос гурван орны дээд хэмжээний  уулзалт хийх  эхлэл тавигдсан зэрэг хүчин зүйлийг харгалзан Хятадын Ляодунгийн хойг дахь ЗИНЬЖОУ далайн боомтыг Монголын БИЧИГТ, Хятадын –ЗҮҮНХАТАВЧ боомттой  холбох   нь  газарзүйн хувьд хамгийн дөт,  ирээдүйн эдийн засгийн  үр өгөөж өндөр гэсэн дүгнэлтэнд хүрсэн болно. Мөн түүнчлэн Талын зам, Шинэ торгон зам, Далайн торгон зам-ыг  холбох, Бичигт-Зиньжоугийн  хонгилыг  умард тийш тэлэн Оросын Сибирь, Алс Дорнодтой холбох нь  ихээхэн ирээдүйтэй  болохыг хоёр талын эрдэмтэд онцлон тэмдэглэсэн юм.   

Монголын хувьд Эрээнцав-Бичигт-Зиньжоугийн эдийн засаг, зам тээврийн хонгил ямар үр ашиг, ач холбогдолтой вэ?
-    Монгол-Хятад-Оросыг холбох /1 дэх нь Алтанбулаг-Замын-Үүд/ хоёрдахь босоо шугам бий болно. Монголын хувьд хөгжил, аюулгүй байдал, бүс нутагт эзлэх байр сууринд маш том эерэг нөлөө үзүүлнэ.  Энэ бол “Талын зам” төслийн хамгийн эхний  үр дүн  байх болно.
-    Эрээнцав-Бичигт-Зүүнхатавч-Зиньжоугийн эдийн засаг, зам тээврийн хонгил төмөр зам, авто зам, хоолой, цахилгаан дамжуулах цогц сүлжээнээс бүрдэх тул  Монголын нүүрс, газрын тос, метан хий, зэс, төмөр, цайрын баяжмал, үр тариа, хүнсний ногоог  хамгийн бага зардлаар Хятад болон  гуравдахь  зах зээлд их хэмжээгээр хүргэх  таатай нөхцөл бүрдэнэ. Энэ нь Монгол-Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг хэрэгжүүлсэний гол үр дүн  байх болно.
-    З улс дамнасан зам тээврийн хонгил  Монголын Дорнод бүсэд хөгжлийн цоо шинэ орчин нөхцлийг бий болгоно. Нүүрс, газрын тос, төмөр, цайр, газрын ховор элемент, ураны томоохон ордуудыг түшиглэсэн олборлох, боловсруулах цогцолборууд байгуулагдана. Нүүрс, уран, нар, салхины нөөцийг ашиглан  цахилгаан эрчим хүчний  томоохон  цогцолборуудыг байгуулж, Хятад, Зүүн Ази руу хэдэн 10 тэрбум ктв.ц эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ.   Эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, гахай шувууны аж ахуй, олон улсын аялал жуулчлал хөгжиж, Монголын экспортын  бараа бүтээгдэхүүний  нэр төрөлд буудай, тутарга, мах, өндөг, хүнсний ногоо, зөгийн бал, цахилгаан эрчим хүч гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд  нэмэгдэнэ.
-    3 улс дамнасан эдийн засаг, зам тээврийн хонгилын  улс төр, олон улсын  ач холбогдол эдийн засгийн ач холбогдлоос  дутахгүй чухал гэж үзэж байна. Эдүгээ эрчимтэй хэлэлцэж буй Монгол-Хятад-Орос гурван талт хамтын ажиллагааны хамгийн үр ашигтай  эхний үр дүн болохын зэрэгцээ хөрш гурван орны  итгэлцэл, ойлголцлыг  ихэд бэхжүүлэх болно.
-    Саяхан байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны  хөрөнгө оруулалтаар Соловьёвск-Эрээнцав-Бичигт-Зүүнхатавч-Зиньжоугийн эдийн засаг, зам тээврийн хонгил, Тавантолгой-Сайншанд-Хөөт-/Рашаант/Бичигтийн төмөр замын хэвтээ чиглэлийг хамтад бүтээн босгох өргөн боломж байна. 
-     Соловьёвск-Эрээнцав-Бичигт-Зүүнхатавч-Зиньжоугийн эдийн засаг, зам тээврийн хонгил Монгол-Хятадын стратегийн иж бүрэн түншлэл, Монгол-Хятад-Оросын гурван талт түншлэлд жинтэй түлхэц болно.  Олон улсын тавцанд  манай гурван  орны  үр ашигтай хамтын ажиллагааны сайхан үлгэр жишээ болно.
Монголын эрдэмтдийн зүгээс тавьж буй нэгэн чухал санал бол Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Зиньжоу гийн хооронд  өргөн царигийн төмөр зам тавих саналыг  Хятадын талд  дэвшүүлж  хамтран судалгааг  эхлүүлэх  явдал юм. Ийм санал тавих дараах үндэслэл байна. Үүнд:
1.    Соловьёвск-Эрээнцав-Бичигт-Зүүнхатавч-Зиньжоугийн эдийн засаг, зам тээврийн хонгил нь Хятадын боомтоос-ОХУ-ын баруун хил, Беларусийн  Брест хил хүртэлх тив хоорондын зам тээврийн хүчирхэг сүлжээ үүсгэхэд зайлшгүй шаардлагатай. 
2.    Хоёр талаас ирсэн бараа бүтээгдэхүүн, чингэлгийг замд нь буулган ачихгүй,    түргэн шуурхай,  хямд зардлаар зөөхөд нэг царигтай төмөр замын шугам чухал ач холбогдолтой. Тодруулбал, Нэг талаас Монгол, Оросоос нүүрс, газрын тос, шингэрүүлсэн хий, төмрийн хүдэр, үр тариаг өргөн царигийн төмөр замаар шууд далайн боомтод хүргэх боломжтой. Эсрэг чиглэлд Хятад, Зүүний Азийн орнуудаас  Европ хүрэх  бараа, чингэлгийг Зиньжоу боомтоос шилжүүлэн ачихгүй, хямд зардлаар түргэн шуурхай тээвэрлэх, транзит тээврийн эргэлтийг эрс нэмэх боломж нээгдэнэ.
3.    Монголын тал эдийн засгийн үр ашиг, хоёр талын стратегийн иж бүрэн түншлэл, Хятадын талын хүсэлт зэргийг харгалзан Тавантолгой-Гашуунсухайтын шинэ төмөр замыг нарийн царигаар барих түүхэн шийдвэр   хэдхэн хоногийн өмнө гаргасан билээ. Хэрэв Хятадын тал Зүүнхатавчаас  Зиньжоу  хүртэл  өргөн царигийн төмөр зам баривал  Монгол-Хятад, Орос-Хятадын хоорондын итгэлцэлийг ихээхэн бэхжүүлж, найрсаг харилцаа, үр ашигтай хамтын ажиллагааны шилдэг үлгэр дууриал болно. Монголын ард түмний дунд Хятадын эрх баригчдын  бодлогод итгэх итгэл, нэр хүнд сайжрах нь дамжиггүй. Төмөр зам бол геополитикийн бодлогын арга хэрэгсэл, ялангуяа царигийн зөрүү эзлэн түрэмгийлэх аюулаас хамгаалах  халхавч гэсэн  сөрөг ойлголтыг өөрчлөхөд харилцан  царигаа нэвтрүүлэх явдал чухал ач холбогдолтой. Дашрамд дурдахад, Орос, Хойд Солонгос хоёр Солонгосын Ражин боомтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд 50 гаруй км хос царигтай төмөр замыг  саяхан барьж ашиглалтанд оруулсан  сайхан жишээ байна.
4.    Хятад улс өөрийн нутагт  өөр стандартын царигийг оруулж  үр ашигтай хамтын ажиллагааг бодит амьдралд харуулж чадвал  хил залгаа Казахстан, Киргизстан, Пакистан, Вьетнам зэрэг улс орнуудад Монголын жишээгээр харилцан царигаа нэвтрүүлэх, төмөр замын улс дамнасан сүлжээг өргөжүүлэх боломж нөхцөл эрс сайжрах болно.  Улмаар Хятадын талаас  дэвшүүлж буй  бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх, хил дамнасан эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх зорилго бүхий “Шинэ торгон замын эдийн засгийн бүс”, “ХХI зууны   далайн торгон зам” том төслүүд амжилттай хэрэгжихэд чухал түлхэц үзүүлэх болно.


 

2014-12-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл