Анхны галт тэргийг хөгжимтэй угтаж явлаа

Анхны галт тэргийг хөгжимтэй угтаж явлаа
 2011-12-14 12:01:45 , Мэдээний дугаар: #1196630
Шинэ төмөр замын барилга байгууламжийг Зөвлөлт нөхдүүд маш хурдан барьж, Октябрийн баярын 32 жилийн ойгоор Монголд анхны галт тэрэг ирэх тухай баяртай сайхан мэдээ
"Үнэн" сонины тэргүүн нүүрэнд гардаг байлаа. Монгол Улсад өргөн төмөр зам тавих тухай гэрээ хэлэлцээрээр Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын Засгийн газрын хооронд хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам нийгэмлэг" байгуулагдав.
Хэдэн зуун жингийн цуваа ачааг ганцхан явалтаараа ачаад ирдэг аварга том гал тэрэг байлаа. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд Наушки-Улаанбаатарын чиглэлийн анхны галт тэрэг урдаа И.В.Сталины том зурагтай цан хүүрэг татуулан Улаанбаатарт ирэхэд төв вокзалын гол хаалганы баруун талд дэвссэн эрээн хивсэн дээр Х.Чойбалсан, Г.Бумцэнд, албаны бусад хүмүүс, зүүн талд Офицерийн сургуулийн үлээвэр хөгжмийн ангийн 40-өөд хөгжимчин парадын хувцастай жагсч, хөгжим ангийн дарга, удирдаач, дэд хурандаа Ш.Дэмбэрэл багш угтах маршал тоглуулан удирдаж байсан юм. Анхны галт тэргийг угтаж цэрэг болон хөдөлмөрчид жагссан байсан Тэдний дотор аймгуудаас ирсэн төлөөлөгчид морь, тэмээ, сарлаг унасан харагдаж байсан.
Тэр сайхан баярт офицерийн сургуулийн хөгжимчин байсны хувьд би оролцож явлаа. Уг тэмдэглэлт үйл явдлын түүхэн зургийг хөөцөлдөж байж олж авсан юм. Мөн үүний дараа буюу 1951 онд Л.Мөрдорж "Ган зам" дууг бичиж хөгжмийн зохиолч Г.Бирваа үлээвэр хөгжимд найруулан тоглуулсан юм. Улмаар цэргийн үлгэр жишээ хөгжмийг үүсэн байгуулж ЗХУ-д цэргийн хөгжмийн дээд сургууль төгсч ирээд армийн хөгжмийн даргаар томилогдоод байсан Г.Цэрэндорж удирдаж, Л.Цогзолмаа, Г.Хайдав нар дуулж радиод бичүүлж байхад Сүхээ би тромбон хөгжмөөр тоглож, вагоны сигналыг гоцолж байлаа.
Энэ пянзыг би хадгалж байгаад төмөр замын 50 жилийн ойгоор "Найрамдал" сонины эрхлэгч Наранчимэгт үзүүлж, төмөр замын музейд өгсөн. Энэ удаа хувийнхаа архивт хадгалж байсан зургийг сонинд нийтлүүллээ.
Соёлын тэргүүний ажилтан Ө.Сүхээ

 

 

 

2014-08-21
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл