Л.ПҮРЭВСҮРЭН САЙД МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Зохиогч: Жанцмаа Батхишиг
Зохиогч: 2
Хэвлэсэн он: 2015-04-10

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаарх зам, тээврийн дэд сайд нарын түвшний хоёр дахь удаагийн гурван талт зөвлөгөөн 2015 оны 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байна.
Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг нэмэгдүүлэх асуудлаар ийм гурван талт анхдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан 2013 оны 12 дугаар сард мөн Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан билээ.
Энэ удаагийн зөвлөгөөнд монголын талаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, оросын талаас ОХУ-ын төмөр замын тээврийн салбарын асуудал хариуцсан Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газрын орлогч дарга Фу Шуани тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хоёр дахь удаагийн зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн зөвлөгөөний төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзав.
Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмууд бүрэлдээд байгаа ба гурван улсын зам, тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөгөөн нь гурван талын яриа хэлэлцээний бас нэг чухал байнгын механизм болон хувирч байгааг Сайд Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Зурагнууд

2015-04-10
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл