Эх орончдын эгэл түүх
Зохиогч: Л.Болормаа
Зохиогч: www.bolormaa.niitlelch.mn
Хэвлэсэн он: 2015-02-13

В. Путин шийдэмгий шийдвэрүүд гаргасаар байна. Тэрбээр тун чиг яарч буй бөгөөд уншигч Таны газрын зураг дээр харж буй Транссибирийн төмөр замыг дагуулан В. Путин мөнгө “цацсаар” байна.

Эдийн засгийн агшилт хоолой боон бачууруулах тусам ОХУ-ын Ерөнхийлөгч түүнийг тэлэхээр багалзуурдсан гартай ноцолдсоор. ОХУ-ын баруун, зүүн чиглэлээр ашигт малтмал, байгалийн хий, юуны түрүүнд нүүрсийг их хэмжээгээр, бүр чинээнд нь тултал Хятад руу зөөх, цаашлаад Ардчилсан Солонгос, Өмнөд Солонгос, Японы зах зээл өөд давших ёстой. Зүүн Украины фронт дээр оросууд байлдаад байна гэж Та боддог уу? Үгүй. Оросууд Хятадын эрчим хүчний эрэлтийг дангаараа хангачих юмсан гэсэн амбийцтай байлдаан хийж яваа.

ОХУ-ын Засгийн газрын сүүлийн шийдвэрүүдээс сонирхъё. Приморийн хязгаар буюу Хятад, БНАСАУ, БНСУ, Японы далайн боомтуудтай хамгийн ойрхон байршилтай нүүрсний экспортын Суходол зогсоолын хүчин чадлыг нэмэгдүүлж томоохон боомт болгох, шинээр өөр нэг терминал (Северный) байгуулах шийдвэр гаргалаа. Шинэ терминалын ажил энэ хавар эхлэх ба Суходол боомтын бүтээн байгуулалтыг мөн  2015 онд багтаан эхлүүлэх шийдвэрийг В. Путин үзэглэжээ. Тус бүрдээ жилд дор хаяж 20 сая тонн, түүнээс их хэмжээний нүүрс экспортолно. Суходолд 265 сая ам. доллар, Северный боомтод эхний ээлжинд 340 сая ам. долларыг Оросын баялгийн сангаас оруулна. Цаашид хувийн компаниудыг хөрөнгө оруулагчаар татан оролцуулна. Северный шинэ боомтод Хятадын Хөгжлийн банк мөн хөрөнгө оруулан, хувь эзэмшинэ. Хямарч байгаа Оросын хувьд Үндэсний баялгийн сангаасаа ийм их хөрөнгө гаргах нь хачирхалтай мэт. Гэвч нүүрсний экспортын төмөр зам ба боомтыг яаравчлан байгуулснаар эдийн засгаа сэргээж, амьсгал авна гэдгийг тооцоолжээ.  Нутгийнхаа баруун хэсгээр өөр нэг орон зайг сэтлэн гарч ирэхээр эртнээс төлөвлөсөн. Уг ажил шат дараатай, замдаа таарсан бэрхшээл болгоныг тэгшлэн урагшилсаар.

Газрын зурагт улаанаар тодруулсан Транссибирийн төмөр замд Тувагийн Кызыл орчмоос төмөр замын нэгэн шугам нүд ирмэх зуур холбогдов. Кызыл-Курагино хэмээх 415 км төмөр замын шугамыг ОХУ эдийн засгийн хоригт орсон хүндхэн өдрүүд дунд яаралтай ашиглалтад оруулж байгаа нь энэ. В. Путин нүүрсний төмөр замын уг шугамын ач холбогдлыг онцолж ажлыг нь 2014 онд эхлүүлжээ. Кызыл орчмын Улуг Хемскийн нүүрсний сав газар ийнхүү эргэлтэд ороход бэлэн болов.  Бүтээгдэхүүнийг Транссибирийн төмөр замаар зүүн  чиглэлд зөөх төдийгүй БНХАУ-ын Өрөмч хүртэл нутгийнхаа баруун жигүүрээр тээвэрлэх талаар одоо ид яригдаж байна. Ерөнхийлөгч В. Путин байгалийн баялгаа Хятадын зах зээлд хүргэхдээ аль болох гуравдагч улсын нутгаар дамжин өнгөрүүлэхгүйг эрхэмлэж ирсэн. Украинаар дайрдаг хийн хоолой лугаа эрсдэлтэй транзит хийхгүйн тулд баруун чиглэлийн нүүрсний тээвэрлэлтийг өөрийн нутгаар өнгөрүүлэх маршрут анх гаргасан юм. Харин уг чиглэл нь Саяны нуруу, тэр дундаа баруун Саяны өндөр уулсыг гэтлэх тохиолдолд жилдээ 15 сая тонноос илүү ачаа тээвэрлэх боломжгүй болсон. Ингээд Кызыл-Өрөмч шинэ маршрут гаргалаа. Холбогч нь Монгол. Увс аймгийн Цагаантолгой боомт буюу Арц сууриас Улаангом, Өлгийгөөр дайруулан Өрөмч хүрэх нь хамгийн хямд хувилбар гэсэн тооцоо гарчээ.

ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч В. Якунин өнгөрсөн намар В. Путиныг дагалдан Монголд ирэхдээ энэхүү шинэ хувилбар, түүнээс салаалах төмөр замын бусад “мөчир” хэсгүүдийн ажлыг шуурхайлах даалгавартай байлаа. Юуны түрүүнд Трансмонголын төмөр зам буюу Алтанбулагаас-Замын–Үүд хүртэлх 1110 км төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх санаачлага Оросын талаас гаргав. Удаад нь, Трансмонголын шугамаас баруун чиглэлд гарч буй салаа мөчрүүдийг яаралтай байгуулах даалгавар түүнд бий. Одоо энэ тухай илүү тодруулъя.

Хөвсгөлийн Овоотын нүүрсний уурхайг эзэмшигч Австралийн “Аспайр майнинг” компанийн төмөр замын бүтээн байгуулалтыг оросууд илэрхий дэмжин, УБТЗ ХНН-ээр дамжуулан хамтран ажиллах бодолтой байна. УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг “Оросын Төмөр замуудын нэгдэл” нь Эрдэнэт-Овоот хүртэлх 545 км шинэ шугам дээр мөн л 50 хувийн эзэмшлээ тогтоох сонирхолтой. Эрдэнэт-Овоот  замын урьдчилсан ТЭЗҮ, хөрөнгө босголт, яриа хэлэлцээр хурдтай явж байгаагийн шалтгаан энэ юм. Хятадын Экспорт, импорт банк мөн хөрөнгө оруулна гэнэ.

Монголын өмнөдөд Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын ажил тав дахь жилдээ зогсож байгаа бол харин хойд нутагт маань түүнээс гурав дахин урт, Эрдэнэт-Овоот-Арц суурь чиглэлийн нийт 770 км  зам гацаа саадгүй ногоон гэрлээр урагшилж явна. Гэтэл уг маршрут нь Төрөөс төмөр замын талаар баримтлах Монгол улсын бодлогод тусгагдаагүй. Тэгэхээр Төмөр замын бодлогыг улстөрчид хэрэгтэй маршрут дээрээ чанга дуугаар дурддаг, бусад үед таг чиг болдгийг эндээс харж болно. Эрдэнэт-Арц суурийн 770 км төмөр замын суурь бүтцийн 50 хувийг “Оросын Төмөр замуудын нэгдэл” эзэмших эрхийг баталгаажуулсан Хэлэлцээрт Зам, тээврийн сайд асан А. Гансүх 2014 оны аравдугаар сард В. Якунинтай тохиролцон гарын үсэг зуржээ. “УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр” хэмээх нэртэй уг баримт бичиг УБТЗ-ын асуудлаасаа хэдийнэ хальж, Монголын төмөр замын шинэ шугамуудыг хамарч эхэлснийг одоогоор хэн ч анхаараагүй байна.

“Баруун чиглэлд сэтлэх” В. Путины төлөвлөгөөний чухал хэсэг нь Арц сууриас Өрөмч хүрэх төмөр замын ажил байж таарна. Одоогоор хөрөнгө санхүү, транзит тээврийн гурван талын тодорхой тохиролцоо хараахан яригдаагүй байгаа. Уг төсөл ажил хэрэг болвол оролцогч гурван тал ОХУ, Монгол, БНХАУ-д аль алинд нь ашигтай нь ойлгомжтой. Хамгийн гол асуудал нь Монголын нутгаар дамжин өнгөрч буй төмөр замын шинэ шугамуудын суурь бүтцийн 50 хувийг яагаад “Оросын Төмөр замуудын нэгдэл” эзэмших ёстой вэ гэсэн асуулт юм.

Манай нутаг дэвсгэр дээрх төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувь нь Засгийн газрын мэдэлд байх ёстой. Энэ номлолыг уншигч та сүүлийн хэдэн өдөр телевизийн дэлгэц, Чуулганы индэр, шар бор бүх хэвлэлийн хуудаснаас харж байгаа. Тэгвэл УБТЗ-аас салаалан гарч буй бүх маршрут, болзошгүй шинэ шугамууд Арц суурь-Өрөмч, зүүн чиглэлд Чойбалсан-Эрээнцавын 239 км зам  яагаад мөн л оросуудын мэдэлд байх ёстой билээ? Яг ийм логикоор Тавантолгой ордоос Сайншанд хүрэх, цааш Монголын зүүн, зүүн өмнөд нутгаар дайран Бичигт, Нөмрөг хүрэх төмөр замын сүлжээний суурь бүтцийн 50 хувь дахиад ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл”-ийн мэдэлд байх шаардлагыг В. Якунин хүссэн үедээ тавьж мэдэх нь.

Өөрийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах төмөр замын шугамын 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлж, суурь бүтцээ өмчилж байх шийдвэрийг УИХ баталсан. Тийм ч учраас Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх экспортын төмөр замыг “Энержи Ресурс” ХХК Концессийн гэрээгээр Германы Дойче Баннтай хамтран байгуулж, 19 жилийн дараа  төрд 51 хувийг нь  эгүүлэн өгөх шийдвэрийг 2008 онд Засгийн газар гаргаж байсан. Уг Гэрээг дараагийн Засгийн газар нь цуцалж, тэгснээ төдөлгүй дахин баталж 2012 оны тавдугаар сард Концессийн шинэ гэрээ байгуулсан юм. Уг Гэрээнд “Энержи ресурс” өөрийн хөрөнгөөр барьж байгуулаад 18 жилийн дараа төрд 100 хувь буцаан олгох нөхцөл заасан билээ. Гэвч 2012 оны арваннэгдүгээр сард уг Гэрээг дахин цуцлав.  Ямар шалтгаанаар эдгээр Гэрээг цуцалсан бэ? Төр өөрөө төмөр замаа барина гэжээ. Төр буюу чухамдаа төмөр замын асуудлыг 2009 оноос хойш гартаа атгасан улстөрчдийн бүлэглэлд энэхүү суурь бүтэц чухал байсан юм.

Монголын Засгийн газруудын отгон нь болох Ч. Сайханбилэгийн кабинетийн шийдвэрээр Тавантолгой ордын олон улсын тендерийн нөхцөл ёсоор одоо “Энержи ресурс” ХХК нь Хятадын “Шэнхуа” компанитай хамтарч Концессийн гэрээгээр 267 км төмөр замыг байгуулаад, 30 жилийн дараа төрд 51 хувийг хүлээлгэн өгөх хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн явцад Монголын талд өгөх 51 хувийг нэмэгдүүлэх тохиролцоо мөн хийгдэж буй бололтой. Гэхдээ ямар ч тохиолдолд 5 жилийн өмнөхөөсөө  нөхцөл муудсаныг уншигч та төвөггүй ойлгож байгаа биз ээ.

Монголын компани байгуулаад, 18-19 жилийн дараа буцаан 100 хувь төрдөө шилжүүлэх байсан бол өнөөдөр хятадуудтай хамтарч барихаас аргагүй нөхцөлд шахагдаад байна. Яг энэ муудсан нөхцөлийг онцлон нөгөө л бүлэглэл ээлжит дайралтдаа шамдан оржээ. Өөрсдөө ийм байдалд хүргээгүй билүү?

Монголчуудыг 267 км зам дээрээ таван жил хэрэлдэж байх зуур ноён Путин Трансмонголын босоо тэнхлэгийг хоёр шугамтай болгон, жилд хүчин чадлыг нь 100 сая тонн болтол нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдлээ. Нүүрсний экспортын өрсөлдөөн монголчууд бидний хамар дор өрнөөд бараг дуусч байх шив.

 В. Якунин А. Гансүх нарын 2014 оны аравдугаар сард үзэглэсэн Хэлэлцээрт  “УБТЗ ХНН нь ачаа тээвэрлэлтдээ эдийн засгийн үндэслэлтэй тарифыг аливаа нөхцөлгүйгээр, бие даан тогтоох баталгааг УБТЗ ХНН-т олгуулах талаар шийдвэр гаргуулах зорилгоор талууд Монгол улсын холбогдох төрийн байгууллагад хандана” гэсэн хэсэгт анхаарал хандуулахыг хүсье. Өдгөө УБТЗ-аар Монголын өргөн хэрэглээний бараа, өртөгт шууд нөлөөлдөг бензин, нүүрс тээвэрлэдэг. Тиймээс төмөр замын тээврийн үнийг  Засгийн газар хянахыг эрмэлздэг. УБТЗ-ын тал хувь Оросын мэдэлд байдаг учир Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт төмөр замдаа авч чаддаггүй. Тэр байтугай Азийн Хөгжлийн банк мэтийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах боломжгүй. Учир нь ОХУ нь Азийн хөгжлийн банкны гишүүн биш. Дээр нь транзит тээврийн үнэ зөвхөн Оросоос хамааралтай байх шинэ нөхцөл гарч ирэх магадлалтай болжээ.

Монголын төмөр замын суурь бүтцийг гартаа барих сонирхол яагаад ийм өндөр байна вэ? Байгалийн баялгийг эрдэнэс болгох үндсэн нөхцөл нь тээвэр. Тиймээс төмөр зам, түүний суурь бүтцийг атгах эрмэлзэл Монголын сүүлийн хэдэн Засгийн газрын “амийг” авч, амыг нь барьсан билээ.

Нутаг дэвсгэртээ байгуулах төмөр замын сүлжээний ажил энгийнээр бодоход манай улсын дотоодын асуудал. Гэвч төмөр замын ажил эх нутгаас маань хальж, гадаадад шийдэгддэг болоод удаж байна.

Эхний жишээ: 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр,  “Монгол улсын төмөр замын тэээврийг хөгжүүлэх салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зохион байгуулалт, эрх зүйн нөхцөлүүдийг боловсруулах Монгол-Оросын ажлын хэсгийн хуралдааны протокол: Ерөнхий агуулга нь “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компани байгуулж, Монголын экспортын шинэ замуудыг 50,50 хувиар тэнцүү эзэмшинэ, өргөн царигаар байгуулна зэрэг тохиролцоо, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х. Баттулга, ОТЗ-ын нэгдлийн Ерөнхийлөгч В. Якунин нарын мутар бүхий.

Дараагийн жишээ: 2009 оны 7 дугаар сарын 23, Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын Яам ба БНХАУ-ын Төмөр замын яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Санамж бичиг, мөн л Сайд нарын гарын үсэгтэй. Оросуудтай тохирсон өмнөх нөхцөлөөс бараг ялгаагүй, Монголын нутаг дахь төмөр замын шинэ шугамуудыг Хятадын талтай хамтран байгуулна, хамтран эзэмшинэ, уул уурхайн ордуудын бүтээгдэхүүнээр барьцаална, нарийн царигаар байгуулна гэх мэт.

Удаах жишээ: Хонконг, Олон улсын Санхүүгийн төв, 20/F, 2013-2014 тоот өрөө. 2012 он. “Монголын Төмөр замын дэд бүтэц” нэртэй компанийг Хятадын Дандонг Порт ХХК ба БНСУ-ын Морик Кореа ХХК-тай хамтарч Хонконгт байгуулжээ. Эд хөрөнгө оруулагч нь гэнэ. Манай талаас гэрээ зурагч нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлж Батзаяа гэдэг хүн. Нэр нь: Төмөр зам хөгжүүлэх тухай хамтарсан гэрээ. Монголын шинэ төмөр замын бүх шугамыг энэ компани мэдэж барих тухай гэрээ. Тэр бүү хэл хөдлөх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, тээвэрлэлт зохицуулах үүрэгтэй Оператор компани төрүүлж, дундаа эзэмших үүрэгтэй. Хөөрхий “Монголын төмөр зам” ТӨХК 33 хувийг нь эзэмших гэнэ. Энэ гэрээ Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсаны дараа зурагдсаныг та анзаарч буй биз. Нөгөө суурь бүтцийн 51 хувийг төр эзэмших ёстой хэмээн шаарддаг эх орончдын баг Хонконгт очиж тохирсныг нь ч ойлгосон буй за.

Хачирхалтай жишээ: Улаанбаатар. С. Батболдын Засгийн газар ээлжит бус хуралдаан яаран зарлав. Хонконгт Монголын төмөр замын суурийн эзэн тодроод, бирж дээр хувьцаа гаргаж санхүүжилт босгохоор завдаж байгааг дуулмагцаа яаран сандран хуралдсан нь тэр. Уг хуралдаанаас хэвлэлийнхэнд зориулан дараах мэдээллийг түгээж билээ. “Үндэсний төмөр замын суурь бүтэц төрийн өмчийн компанийг байгуулав. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд хийгдэх ажлууд ийнхүү ил тод, нээлттэй, хууль ёсны дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж байна.  Ийм зарчмаар аливаа ажил явах ёстой. Түүнээс бус ил далд хэлбэрээр хийгдсэн ямар нэг гэрээ хэлцэл Засгийн газрын түвшинд яригдах ёсгүй гэдгийг Ерөнхий сайд С. Батболд хуралдааны төгсгөлд сайд нарт хатуу анхааруулав” гэжээ.

Дараагийн жишээ татъя. Өнгөрсөн зун БНХАУ-ын Дарга Си Жинпин Монголд айлчлах бэлтгэл ажлын хүрээнд нэг сонирхолтой баримт сонсогдож эхэлсэн. TBF international груп гэгч Монголын Тавантолгойн ордын нүүрсийг авах нөхцөлөөр  Монголд 5 тэрбум долларын зээл өгье гэжээ.  Юун баян хаанаас гараад ирэв хэмээн сэтгүүлчид угшил удмыг нь хайсан боловч нэг ядмагхан сайтаас өөр зүйл олдоогүй. Мөнөөх “Султаан” таван тэрбумынхаа 3 тэрбум доллараар нь зээлийн анхдагч хуримтлал бүрдүүлнэ гэв. Уг зээлийнхээ хоёр тэрбум долларыг Сайншанд паркийг санхүүжүүлэхэд зарцуулна, үлдэх нэг тэрбум долларыг “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд цахилгаан станц, ус цэвэршүүлэх гээд олон төслийн санхүүжилт босгоод өгье гэжээ. Санхүүжилт босгох замаар цаашдаа 30 тэрбум ам. долларын Сан байгуулна гэнэ. Мөнөөх баян Сангийн нэр сүртэй: “Монголыг хөгжүүлэх Сан”. Гайхалтай нь Хятадад байршина.

TBF-ийн вэб сайт хэмээгч нь цөөн мэдээлэлтэй, Шанхайд байрладгаа зааж өгч. Бас Сайншандын аж үйлдвэрийн парк төслийн удирдагч ба Үйлдвэр, хөдөө аж ахуйн Яамны нэр бүх хүмүүс 2014 оны гуравдугаар сард тэнд морилон саатаад, бас л нэг Гэрээнд гарын үсэг зурсныг бичиж орхижээ.  

Ингээд баян хятадуудын сураг хэсэг алдраад чимээгүй байснаа гэнэт нэг сайхан өдөр, саяхан Тавантолгой ордод чинь таван тэрбум доллар өгье, та нар Чингис бондын өрөө дарах уу хэмээн зурагтаар монголчуудыг тавлав. Тавантолгойн олон улсын тендерийн шалгаруулалт өндөрлөж, Хөрөнгө оруулах төслийн компанитай хэлэлцээр эхэлж байсан үе.  Мэдээллийн сайтуудад төлбөртэй мэдээ ч тавьж. Тэгснээ дахиад чимээгүй болчихов. Бодвол эвтэйхэн үеийг тааруулаад дахиад гараад ирэхээ мэдэж байгаа биз.

Хачир болгож бас жишээ өгүүлье: Нэг тэрбум ам. доллараас дээш хөрөнгө оруулалттай бол Мега төсөл гэнэ гэж Сайд М. Энхсайхан танин мэдэхүйн хичээл заагаад байдаг болж. Бодоход 1 тэрбум доллар нээрээ маш их мөнгө. Хөөрхий нөгөө хувь заяа муутай 267 км төмөр зам гэхэд 1.2 тэрбум ам доллараар босох юм.

Тэгвэл 2 тэрбум евро буюу 5 их наяд төгрөгийн өртөгтэй мега бус, бүр гега гэмээр төслийн талаар сонссон хүн байна уу? Хэвлэлийн бид ч мэдээгүй  явлаа. Энэ төслийн компани 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн Яамны дэргэд байгуулагджээ. “Ай Си Эм” (ICM) хэмээх компанийн талаар өмнө нь та лав сонссон болов уу. “Либерти Партнерс” компанийн Захирал Ганбат нүүрс шингэрүүлэх төслийнхөө талаар хэвлэлийн бидэнд ярилцлага өгдөг байсан билээ. Төмөр замын зөвлөх үйлчилгээ үзүүлэх Маккензи-ийн гэрээнд хамтран оролцсон Монголын энэ компанийг мэдэхгүй хүн цөөн биз. Ноён Ганбатын нэг хэсэг танилцуулаад явсан нүүрс шингэрүүлэх төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн экс сайд ивээлдээ аван, “Си Ти Эл Монголиа” нэртэй төрийн компани байгуулсан гэж байна. Мөнгө босгохын тулд төрийн уг компанийн 49 хувийг “ББ Подстам” компанид зарсан гэв. Та бид 4 тэрбум шахам ам. долларын төслийн талаар урьд өмнө сонсоогүй учраас мэдээж Подстам гэж юу билээ хэмээн сонирхох нь зүй. Охин компанитай, тэр нь нүүрс шингэрүүлэх Монголын төрийн төслийг бүрэн санхүүжүүлэх хөрөнгө босгоно, ОХУ-д голдуу үл хөдлөх хөрөнгийн бизнестэй гэх мэт мэдээлэл сонсогдов. Цааш сонирхон судлууштай сэдэв аж.

Тэд нэг л өдөр Монголын сайхан оронд морилон саатаж, TBF лугаа гэнэт зурагтаар ярьж ч мэднэ. Ямар ч байсан мега төслүүдийнхээ талаар монголчуудад мэдэхгүй зүйл маш их юм байна шүү гэдгийг дахин онцолъё. Хөрөнгө оруулалтын гэрээгээ эднийх хийчихсэн гэж байна, шуурхай л юм, гэтэл Их хурлаар ийм том төслийн асуудал заавал орж хэлэлцэх  ёстой гэж манай нөгөө эх оронч зурагтаар уурлаагүйсэн билүү?  Нүүрс шингэрүүлэн бензин гаргах төслийнхөө судалгааг сүүлийн таван жилийн турш хийсэн үндэсний МАК компанийнхан ч энэхүү төрийн мэдлийн 5 тэрбумын аварга төслийн талаар саяхнаас л сонссон болов уу. Нүүрс шингэрүүлэх төслүүдийн дундаж өртөг 2 тэрбум орчим ам. доллар байдаг бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн экс сайдын дэргэд байгуулагдсан “бэби” яагаад 5 тэрбумын өртөгтэй вэ гэдгийг улстөрчид биш, харин судлаачид илүү тайлбарлаасай гэж бодож байна. Уг төсөл хэрэгжих Шивээ-Овоо ордыг хувьчлах ажил ч энэ намрын чуулганы төгсгөлөөр УИХ-аар бараг хэлэлцэгдэж таарах биз ээ.

Эрхэм уншигч Та газрын зураг дээр дэлхийн коксжих нүүрсний гол хэрэглээ Хятадын хойд, зүүн хойд мужууд, Япон улс болохыг харж байна. 2020 оноос хэрэглээ огцом нэмэгдэн, 2030 онд оргилдоо хүрч, цаашид аажмаар хумигдах төлөвтэй хэмээн судалгааны байгууллагууд тайлагнажээ. Энэхүү бүсийн эрэлтийг хангахаар коксжих нүүрс экспортолдог дэлхийн бүх улс өрсөлддөг. Нүүрсийг  далайн тээвэр, эсхүл төмөр замаар зөөнө. Тээврийн өртөг ямар байхаас нүүрсний өрсөлдөх чадвар шууд хамаарна. В. Путин нүүрсний сав газруудаасаа төмөр могой татуулж, тэрхүү судсаар Орос орныг эдийн засгийн хувьд хөл дээр нь бат зогсооно гэдгийг маш сайн ойлгож байна. Санкт Петербургийн эдийн засгийн Форум дээр тэрбээр төмөр зам, боомтын төслүүдээ хамгийн их онцолж байлаа. Тавантолгой ордтой ойролцоо чанарын коксжих нүүрс бүхий Элгагаас 321 км  төмөр зам татан, Байгал-Амарын шугамтай хэдийнэ холбосон, одоо боомтуудаа “янзалж” байгаа билээ. Мозамбикийн нүүрсний экспорт жилийн 20 сая тонныг гаргах хэмжээнд хүрч, улам бүр нэмэгдсээр байна. Ерөнхийлөгч Мугабе хүртэл нүүрсний өрсөлдөөнд Монголоос түрүүллээ.

Хөөрхий Тавантолгой уг нь зах зээлдээ хамгийн ойрхон нь, жилд ердөө 20 сая тонныг зөөх санаатай юм. Түүнийг зөөх төмөр замыг багалзуурдсан хэвээр байна. Маргааныг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх сонирхол гадаадад төдийгүй дотоодод хүчтэй байна. Бүх л эрүүл саруул ухааныг даван элийрсэн уг эсэргүүцэл эцсийн шатандаа Засгийн газруудыг унагах ажиллагаагаар өндөрлөдөг бэлэн жортой.

 

2015-02-13
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл