М.Энхсайхан: Өнөөдөртөө Энхболд дарга, би цэрэг л юм байгаа биз
Зохиогч: http://www.itoim.mn
Хэвлэсэн он: 2015-02-05

[img]http://mongolrailway.net/backend/image/original/qs3kwZMv15.jpg[/img][desc]undefined[/desc]

Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзаж Тавантолгойн хэлэлцээрийн хамгийн эргэлзээтэй гэмээр зарим асуудлаар ярилцлаа

 

-Тавантолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт та тэргүүтэй улстөрчдөөс гадна яг мэргэжлийн хүмүүс байна уу. Төмөр зам, уул уурхайг сайн мэддэг мэргэжлийн хүмүүсийг ямар хэмжээнд оролцуулж байна вэ?

– Байлгүй яах вэ. Сая нэгдэхэд АН-ын бүлэгт танилцуулга хийсэн. Тэгэхэд ганц М.Энхсайхан л хэлэлцээр хийгээд яваа юмшиг хандах хүн байна. Тэр бол асар том алдаатай ойлголт. Үүнээс гадна ажлын хэсгийн мэдээлэл megaproject.mn гэж сайтаар нээлттэй явж байгаа. Тэндээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн, хэн байгааг үзчих боломжтой. Үндсэн ажлын хэсэг гэж бий. Тэр нь бодлогын гол асуудлаа хариуцсан, миний ахлаж байгаа ажлын хэсэг. Үүнээс гадна мэргэжлийн хүмүүс оролцсон дэд ажлын хэсэг гэж бий. Хэлэлцээрийн хамгийн хүндийн төв нь дэд ажлын хэсгүүд дээр явж байгаа. Үндсэн ажлын хэсгийн хувьд Засгийн газрын бодлого, хүсэлтийг уламжлах, ямар хүрээнд ярих тодорхой хайрцаг зааж өгч л байгаа болохоос, хэлэлцээ мэргэжлийн хүмүүсийн хооронд болж байгаа. Дэд ажлын хэсэгт “Эрдэнэс-Тавантолгой”, Монголын төмөр зам компани, мэргэжлийн яамныхан татагдан оролцож байгаа.

Бидний ажил одоо харьцангуй дуусах шат руугаа орж явна. Улстөрчдийн шийдэх асуудал юу вэ гэхээр Техник, эдийн засгийн үндэслэл дээр суурилж байгаад урьдчилгаа хэдийг авч болох, түрээсийн төлбөр хэд байх, 1072 хувьцааг яаж шийдэх зэрэг том мөнгөний асуудлуудыг шийдэх чиглэл л өгнө. Бусад нь мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил.

-АН-ын бүлэгт мэдээлэл хийсэн гэж байна, ойлголцол урагшаа явж байна уу?

-Алхам тутамд ойлголцол явж байгаа. Миний бодоход хоёр долоо хоногийнхоос хамаагүй урагшаа ахисан яриа болсон.

-Олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаа зарим зүйлийг задалж асууя. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын талын мөнгөөр бариад 51 хувийг нь 30 жилийн дараа тэднээс авна гэх юм. Энэ бодитой мэдээлэл үү?

-Хятадын тал биш шүү дээ, “Энержи ресурс” гэж төслийн компани төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтан дор байх юм. Төслийн компани төмөр замыг барьж байгуулах, ашиглахад хөрөнгө оруулна. Тэгээд 30 жилийн дараа төмөр замынхаа суурь бүтцийн 51 хувийг төрд хүлээлгэж өгөх юм.

-“Энержи ресурс”-ийг үндэсний компани гэж үзэхгүй байгаа гэж УИХ-ын дарга хэлсэн, таныхаар

-“Энержи ресурс” бол Тавантолгой дээр төслийн компани болж ажиллана. Төслийн компанийн 51 хувийг Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС гэж компани эзэмшдэг. Харин энэ толгой компанийн 60 орчим хувийг манай үндэсний компаниуд эзэмшдэг. Эдэн дотор MCS, Шунхлай, Петровис, Худалдаа хөгжлийн банк гээд Монголын үндэсний компаниуд “ММС”-гийн хяналтын багцыг барьж байдаг. Хяналтын багцтайгаа манайханд байгаа энэ компани өөрөө “Энержи ресурс”-ийн 51 хувийг хянаж байгаа юм. Хувьцааны энэ хуваарилалт нь манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангаж байгаа, хангаж байгаа учраас тендерт орсон хэрэг. Гэхдээ хэнийг сонгож орж ирэх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын сонголт байсан болохоос биш, Монголын компаниудын өөрсдийн сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, уралдаант сонгон шалгаруулалт гаднын хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн.

-ММС дотор Монголын компаниудын эзэмшил 60 орчим хувь гэж байна. Гэтэл энэ компани өөрөө нээлттэй хувьцаат компани юм билээ. Тийм учраасШиньхуач юмуу, гаднын өөр нэгэн компани тус тусдаа цөөхөн, цөөхөн хувьтай манай үндэсний компаниудын аль нэгний хувьцааг худалдаж авах бололцоотой. Тэр тохиолдолд манай үндэсний компаниуд ММС дотор хяналтын багцаа алдана, 51 хувиас бага болчихно. Ингэвэл Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувьд үндэсний компани орно гэсэн Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болох юм биш үү?

-Тийм болгоомжлол бий. Ажлын хэсэг ч болгоомжилж энэ талаар ажиллаж байна. Монголын компаниуд 51 хувиа баталгаатай барьж байх асуудлыг хэрхэн шийдэх, баталгааг яаж хангах талаар яриа хэлэлцээр ид явагдаж байгаа. Ямар ч гэсэн дундын хувилбар олж хийнэ.

-Ийм баталгаа, механизм байх хэрэгтэй биз дээ?

-Монголчууд бидний харийнхнаас эмээх, дотоод айдас гэх юм уу, ийм бэрхшээлийг давахад хэрэг болно л доо. Байх хэрэгтэй, хэрэгтэй.

-Хувь хэмжээтэй холбоотой бас нэг асуулт байна. Төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх ёстой гэж байгаа. Гэтэл төслийн компани эзэмших юм байна. Хуульд компани гэж биш, төрийн мэдэлд гэсэн заалт байгаа юм биш үү?

-Бид өнгөрсөн хугацаанд төмөр замаа тойрч дэндүү их улстөржиж явахдаа төмөр замын 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой гээд хатуу ойлгочихсон яваад байгаа юм.

-Тэгж хуульчилчихсан юм биш үү?

-Үгүй ээ, хуулиа дутуу уншсан байна. Төмөр замын тээврийн тухай хуульд “төмөр зам бол стратегийн чухал обьект, 51 хувь нь төрийн өмчлөлд байх нь зүйтэй, гэхдээ энэ нөхцөлийг дараа бүрдүүлэх үүднээс тодорхой хугацаанд барьж ашиглаад 51 хувийг нь төрийн өмчид шилжүүлэх байдлаар ажиллаж болно” гэж хуульд бичээстэй бий. Бид нар цариг гэж улстөржиж явахдаа ийм бололцоо байгаагаа мартчихсан явж байгаа юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж баримт бичигт бас л ийм утгатай заалт байдаг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагагаар дараа 51 хувийг нь төрд шилжүүлэх замаар төмөр замыг барьж байгуулж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн бололцоо нь байгаа байхгүй юу. Бид нар өнгөрсөн хугацаанд 51 хувиа өмчлөхийн тулд өөрсдөө төмөр замаа барьчихъя гэж үзээд барсангүй. Мөнгө төгрөгөө босгож чадсангүй. Ер нь төмөр зам дээр төр дангаараа явахад хэцүү юм байна гэдгээ эрхбиш одоо ойлгоо байлгүй дээ. Хуульд гарц байгаа байхгүй юу. Тэр гарцаар нь Тавантолгой төслийг, төмөр замыг явуулах хэрэгтэй гэж УИХ, Засгийн газар шийдээд уралдаант сонгон шалгаруулалтаа зарласан, бүх ажил тэр хүрээнд л явж байгаа.

Бид маргаан дундаа хуулийн бололцоогоо мартчихсан, тэр нь төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тийм учраас төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төр авах хуулийн бололцоо бүрэн бий.

-Хуулийн ямар нэгэн зөрчилгүйгээр үү?

-Ямар ч зөрчилгүйгээр.

-“Энержи ресурсгэж төслийн компани төмөр замаа эзэмших юм байна. Тэд өөртөө хэт давуу байдал бий болгож, бусдад хаалттай байхгүй биз?

-Техник эдийн засгийн урьдчилсан тооцоонуудыг хийгээд өгчихсөн байгаа. Төмөр замынх нь тээвэрлэх чадал 30 гаруй сая тонн, Тавантолгойноос тээвэрлэнэ гэж байгаа нь 21-22 сая тонн. Цаана нь илүү чадамж үлдэж байгаа биз. Угаасаа төмөр замын олон улсын гэрээ, зарчмаар бол гуравдагч хэрэглэгчдэд энэ төмөр зам нээлттэй байх ёстой. Хэлэлцээн дээр ч бид ийм байр суурь баримталж байгаа.

-Бас нэг үнээр үйлчлэх ёстой гэдэг?

-Үнэ гэж битгий яар. Үнэ дээр яг нэг үнэ гэж байхгүй, харин ялгаварлан гадуурхсан тарифаар үйлчилж болохгүй гэсэн олон улсын зарчим байдаг. Бид энэ зарчмаар л тохиролцоно. Болж өгвөл бусдад үйлчилснээр хэдэн хувийн ашиг хийх вэ гэдгийг нь бас тохирчихвол зүгээр байгаа юм. Гэтэл зах зээлээсээ хамаардаг учраас тэгж нарийн тохирох хэцүү байна. Гэхдээ ямар ч гэсэн тарифаар ялгаварлан гадуурхахгүй гэж л тохиролцоно. Энэ бол ойлгомжтой.

-Ухаа худагийн нүүрс нь ч ижил үнээр явна, тийм үү?

 

-Мэдээж, хэрвээ нүүрс гарч л байвал “Энержи ресурс”-ээс төр татвараа л авна. Тэр нүүрс нь Ухаахудагийнх уу, Цанхийнх байна уу, төрд бидэнд хамаа байхгүй. Татвараа л авдаг байх ёстой. Дээр нь төслөө ажиллуулахын тулд тэднээр дээд зэргийн зардал гаргуулах л ёстой.

-ММС гэж хөрөнгө оруулагчаар орж байгаа компани өөрөө асар их өртэй. Тийм учраас өрөө дарахын тулд том Тавантолгойг ашиглана, өртэй компанид өгөх нь буруу гэсэн яриа бас байна.

-Бас л ойлголтын алдаа. 2010 оноос хойш л Тавантолгой төслийн тухай бид ярьж яваа. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойг хөдөлгөх нэрийн дор 700-800 гаруй сая долларын өрөнд орсон байна. Эндээс цэвэр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төлөх өр нь 500 гаруй сая доллар. Төрийн өмчийнхөө компаниар дамжаад Монгол Улс ийм өрөнд орсон гэсэн үг. Одоо төрийн өмчийн компаниараа дамжаад 500 гаруй сая долларын зээлийн өртэй явах уу, эсвэл энэ консорциумд орсон, улсын төсөвт 500 тэрбумыг төлдөг хувийн компанитай явсан нь дээр үү гэдэг сонголтын өмнө ирээд байгаа юм. Үүнээс гадна төрийн өмчийн компанийн өр бол улсын нуруунд ачаа болж бууна. Харин хувийн компанийнхан зээл аваад, өр тавиад энэ төслийг аваад явъя гэж байгаа бол тэд нарын л өөрсдийн эрсдэл шүү дээ. Энэ бол хоёр дахь шалтгаан. Гурав дахь том шалтгаан юу гэхээр, уул уурхайн мега төслийг хувийн компани хэзээ ч өөрийнхөө халааснаас санхүүжүүлдэггүй. Тэгж дийлэх ч үгүй. Тийм учраас мега төсөл дээр дэлхийн ямар ч компани банкнаас зээл авсан байдаг. Тэгж байж том төслийг хөдөлгөдөг. Энэ утгаараа консорциумд орсон компаниуд бүгд банкны зээлтэй байгаа. Тэрхүү зээлийг нь бид монгол ухаанаараа өр гэж харвал алдаа болно. Тэдний үйл ажиллагааг өрөө үйлчилж чадаж байна уу, үгүй юү гэдгээр л үнэлдэг. Өрөө үйлчилж чадаж байгаа эсэхийг юугаар хэмждэг вэ гэхээр тухайн компаниудын мөнгөн урсгалаар хэмждэг. Жишээ нь, Сумитомо өртэй, гэхдээ 10 тэрбумын мөнгөн урсгалтай. Шиньхуа өртэй, бас 10 тэрбум долларын мөнгөн урсгалтай. ММС банкны зээлтэй, хувьцаа босгосон, Ухаа худагт хөрөнгө оруулалт хийчихсэн зээлтэй. Харин өрөө үйлчилж чадаж байна уу, үгүй юү гэдгийг нь аваад үзэхээр 250 сая долларын бэлэн мөнгөтэй. Энэ компаниуд хөрөнгийн биржид бүртгэлтэй учраас мэдээллүүд нь бүгд нээлттэй, дуртай нь ороод үзэхэд л болно. Өөрөөр хэлбэл, мега төсөл зээлгүйгээр хэзээ ч явдаггүй.

 

-ММС-гийн орондЭрдэнэс-Тавантолгой”-г оруулах ёстой гэдэг. Тийм боломж байсан уу. Өөрөөр хэлбэл, “Шиньхуа”-гийн манай талын хамтрагч нь ММС биш, төрийн өмчитЭрдэнэс-Тавантолгойбайвал 51 хувийн багцаа гаднынханд алдана гэсэн айдас байхгүй болох юм биш үү?

-Болохгүй, тэгэхээр мөнгө босдоггүй юм. Хэрвээ энд “Эрдэнэс-Тавантолгой” байвал улсын компани болчихно. Гаднын банкууд төрийн компанид итгэж мөнгө өгөхгүй, дээр нь санхүүжилтийн бүтцээрээ хөрөнгө оруулагч болохын тулд ойролцоогоор 200 сая доллар эхэлж оруулах ёстой. Тийм мөнгө “Эрдэнэс-Тавантолгой”-д байхгүй. Өртэй компанийн өмчийг үнэлэх боломж тэр бүр байхгүй. Тэгээд төр мөнгийг нь өгөх юм уу. Төр өөр дээрээ ийм эрсдэл хүлээх хэрэг байгаа юм уу. Байлаа гэхэд төрд өнөөдөр тийм их мөнгө бий бил үү. Зээл аваад хийчихье гэтэл, ДНБ-д эзлэх өрийн тааз нь тулчихсан, түүнийгээ өөрчиллөө гэхэд манай улсын зээлжих зэрэглэл B3 болоод буурчихсан. Бидэнд хэн итгэж зээл өгөх юм бэ. Яагаад хувийн компанийг оролцуулж байгаа нь өөрөө учиртай. Хэрвээ төрийн өмчийн компани байвал алдаа оноо бүх эрсдэлийг улс, ард түмэн үүрнэ. Харин хувийн компани бол бүх эрсдэлээ өөрөө үүрч, улс гэрээний дагуу татвараа аваад л явна.

-Тендерт өрсөлдсөн АмерикийнПибоди”-г оруулж ирсэнгүй вэ, яагаад гаргачихав аа?

-Гаргачихсан биш шүү дээ. Нормальный уралдаан шалгаруулалт болоод нэг нь шалгуураа давсан. Нөгөө нь шалгуураа хангаагүй, арай дутуу байсан. Ямар ч уралдаан тэмцээнд нэг нь түрүүлж нөгөө нь хоцордог биз дээ. Болсон процесс ердөө л энэ. Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл дэлхийд нэр хүндтэй компаниуд хаанахын ямар ч бизнест өрсөлддөг нь хэвийн үзэгдэл. Харин тэндээс хасагдасны дараа нэрээрээ нэг их цоллуулаад байхыг хүсдэггүй, цаад тал нь ч цоллоод зарлаад байдаггүй. Брэнд болчихсон бизнесийн нэр хүндэд нь халтай гэж үздэг. Нэр хүндэд нь халдсан хэрэг болдог. Энэ бол олон улсын стандарт, бизнесийн соёл. Америкийн компани манай тендерт орсон нь буруу биш ш дээ. Харин ч бидэнд бахархалтай үйл явдал байхад, хасагдсаных нь дараа бид тэр компанийн өвдөлтийн цэг дээр байнга дараад байж болохгүй ш дээ.

-Монгол Улсын эрх ашиг, геополитикийн сонирхлын үүднээсШиньхуа”, Пибоди хоёрыг хоёуланг нь шалгаруулж болоогүй юм уу?

 

-Өнгөрсөн таван жилийн туршид бид эрх ашгаа зуун хувь хангах тийм мөрөөдлийн хөрөнгө оруулагчдын нэгдэл хайсаар ирлээ. Тэгээд олсонгүй. Тэр байтугай нүүрсний үнэ хамгийн өндөр байх үед хүртэл ийм хөрөнгө оруулагч хайгаад олоогүй, шийдэж чадаагүй. Одоо хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бизнесийн зарчмын дагуу олон улсын хэм хэмжээнд нөхцөлөө тавиад уралдаанаа зарлаад, цаашаа явах цаг болсон.

-Уг нь гуравдагч хөршийн компани ороод ирэх нь нэг улсын зах зээлд хамаг нүүрсээ даатгахаас болгоомжилсон хамгаалалт болох байсан юм биш үү?

-“Сумитомо”-г яагаад гуравдагч хөршийн компани гэж үзэхгүй байгаа юм. “Сумитомо” орж ирсэн нь асар том ач холбогдолтой. Дээр нь, хөрөнгө оруулагчид банкны шаардлага хангасан баримт бичиг үйлдэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид Тавантолгойн төслийг нэг улсаас, нэг компаниас санхүүжүүлэхийг сонирхохгүй байгаа. Японы банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны банкны санхүүжилт хүсч байгаа. Энэ олон банкны санхүүжилт нь өөрөө бидэнд хамгаалалт болно. Олон улсын банкууд санхүүжүүлэх гэж байгаа нь өөрөө хөрөнгө оруулагчдад эрүүл ажиллах шаардлага болдог. Яагаад гэвэл банкууд мөнгөө өгчихөөд хянахгүй орхино гэж хэзээ ч байхгүй.

-“Шиньхуатэгж банкнаас зээл авах уу?

-Авалгүй яах юм бэ. Яагаад гэвэл Хятадын хамгийн супер компани ч Монголоос айж байгаа. Бид тийм л араншинтай улс. Монголд ямар ч том хөрөнгө оруулагч орж ирэхдээ халаасанд нь хэчнээн их мөнгө байсан ч өөрийнхөө мөнгийг шууд хийхгүй. Яагаад гэвэл дэндүү эрсдэлтэй орон учраас эрсдэлээ бусадтай хуваалцахыг л хүсдэг.

-Та иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааг УИХ шийднэ гэсэн байна лээ. Гэхдээ ингэж шийдье гэсэн төсөлтэй орж таарна. Тэр нь ямар хувилбар вэ?

-Тэрийг УИХ, Засгийн газар дээр хамтарч сууж байж л шийднэ. Түүнээс бус, би бэлэн жор хэлж чадахгүй. Яагаад гэвэл “Эрдэнэс-Тавантолгой”-н 20 хувийг 1072 хувьцаа болгосон УИХ-ын шийдвэртэй. Гэхдээ 1072 ширхэг хувьцаа бол үхмэл. Хөрвөх чадваргүй, ногдол ашиггүй. Хэзээ хөрвөдөггүй юмаа гэхэд ядаж ногдол ашигтай болгох вэ гэхээр “Эрдэнэс-Тавантолгой”-н ашигт малтмалын роялтигийн 40 хувьтай тэнцэх түрээсийн төлбөрөөр амилж болж байгаа юм. Амилах энэ шийдвэрийг УИХ-тай ярьж байж л гаргана. Өнөөдрийн байгаа шийдвэрийн хүрээнд яривал энэ 40 хувьтай тэнцэх түрээсийн төлбөрийг хэрвээ “Эрдэнэс-Тавантолгой”-д өгвөл энэ компани өр зээлэндээ өгсөөр байгаад 1072 ширхэг хувьцаа амилахгүй, үхмэл хэвээрээ үлдэнэ. Тийм учраас өөрөөр хийхийн тулд УИХ-ын шийдвэр хэрэгтэй болж байгаа юм. Харин энэ саналаа хэзээ УИХ-д барьж орох вэ гэвэл энэ төсөл амжилттай болох магадлал нь 99 хувь болсон цагт л барьж орно. Одоо бол цаг нь болоогүй.

-Энэ гэрээг УИХ-аар хэлэлцэх үү?

-Эрсдэлтэй. УИХ өөр дээрээ тэгж эрсдэл авах хэрэггүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл бид нар Засгийн газрын төвшинд энэ гэрээ хэлэлцээрийг чадлынхаа хэрээр хийчихсэн байхад ч энэ төслийн унах босох магадлал 50:50 хувь. Гэтэл УИХ-аараа шийдүүлээд хөдөлгөсөн төсөл маань Монголоос, биднээс хамаарахгүйгээр уначихвал яах вэ. Хууль тогтоох дээд байгууллагаа тэгж эрсдэлд оруулж болохгүй. Засгийн газар нь УИХ-ынхаа өмнө хариуцлага хүлээдэг учраас гүйцэтгэх засаглалынхаа төвшинд асуудлаа шийдээд явах эрхзүйн үндэс нь хангалттай бий. Хэрвээ УИХ өөрөө хүсэл нь хөдлөөд татаж аваад бид шийднээ гэвэл өөрсдийнх нь л асуудал, нээлттэй. Тэрнээс гадна нэг том шалтгаан бий. Том төсөл учраас санхүүжүүлж байгаа гаднын банкууд “та нар гэрээний энэ заалтаа эргэж хараач ээ, тэгвэл бид мөнгөө өгье” гэвэл бид гэрээгээ бариад дахиад л УИХ руу явах уу. Тэр бүрт өөр өөр эрх ашиг орж ирээд гэрээ маань гэрээ биш болох ч магадлалтай, бас цаг алдана.

-Тэгэхдээ л УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах зөвшөөрөл өгөх ёстой юу?

-УИХ өөрөө 34 дүгээр тогтоолоо гаргаад Засгийн газар нь тэр дагуу 268 дугаар тогтоол гаргаад, энэ хоёр тогтоолын хүрээнд тендерийн шалгаруулалт, хэлэлцээр явж байгаа. Энд хэн нь том дарга вэ, хэн нь эцсийн дамжлага гэсэн тэмцээний тухай яриа байхгүй, байх ч ёсгүй. Энэ төслийг би л шийдвэл мундаг гэж хандаж болохгүй. Тэр тусмаа төрийн дээд байгууллагаа эрсдэлд оруулах алхам хийж болохгүй.

 

-УИХ-ын дарга болЭнхсайханы ярианд буруу юм их бий, түүний ярьснаар Тавантолгой явахгүй, үгэнд орохгүй сайдтай УИХ хариуцлага тооцож болно л доогэсэн. Энд ойлголтын зөрүү юмуу, мэдээлэл дутуу байх шиг байна уу, та хоёр ойлголцсон уу?

-Нэг юм хэлье, мега төсөлд дарга цэргийн асуудал байдаггүй юм. Энхболд өнөөдөр УИХ-ын дарга, Энхсайхан би цэрэг нь л юм байгаа биз. Мега төсөл дарга цэргийн харьцаагаар, нэг нь нөгөөгөө үгэндээ оруулж явдаггүй юм. Мега төсөл бол шинжлэх ухаан, өөрийн аргазүйгээр явдаг. Тэрхүү шинжлэх ухаанч байдал, арга зүйгээ зөв ойлголцож чадаж байна уу, үгүй юү гэдэг мэдээллийн зөрүү л УИХ-ын дарга бид хоёрын дунд байгаа юм болов уу. Түүнээс биш, “тэг” гэсэн командаар явдаг мега төсөл гэж хаана ч байдаггүй юм.

-Хэрвээ хөрөнгө оруулагч, төслийн, бас тээврийн компаниудынхаа өмчлөл, хувьцаан дээр эргэлзээ байхгүй гэвэл энэ гэрээгээр явахад Тавантолгойн төсөл эдийн засгийн хувьд хэр ашигтай вэ?

-Хэрвээ ашиггүй бол бид ажиллахгүй, батлуулах гэж яарахгүй ш дээ. Зарим хүн жилдээ татвараар 180 сая доллар авахын төлөө Тавантолгойгоо тавиад туучих гэж байна гэх жишээтэй. Өгөөж, эдийн засгийн тэлэлт нь татвараас хавьгүй чухлыг тэр хүн ойлгохүй байна. Манайхан хөгжлийг, ашгийг зөвхөн татвараар хардаг хуучин сэтгэлгээтэйгээ яваад байна. Тэгж болдоггүй юм. Засгийн газар бага татвар авдаг гэнэ, компани болохоор их татвар авлаа гэнэ, олон нийт болохоор уул уурхайн компанийг баялаг үүсгэдэггүй гэнэ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж бүгд л татвараа бууруулдаг. Бид тэдгээр улстай, өрсөлдөгчидтэйгөө татвараар өрсөлдөж хэзээ ч чадахгүй. Тэгвэл юунаас нь улс орон ашиг олдог вэ. Энд хөрөнгө оруулагчийн үржүүлэгч нөлөө гэж ойлголт байдаг. Жишээ нь, нэг долларын хөрөнгө оруулалт хийхэд тэрийг Канад 1.4 доллар болгодог, Хятад 2.2, манайх 2.1 долларын эдийн засаг үүсгэдэг. Тэгэхээр татвар нь биш байгаа биз. Харин ч бага татвараар өрсөлдөж хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа өсгөдөг. Гэтэл бид зөвхөн татвараар хардаг хуучин сэтгэхүйтэйгээ явна. Өндөр татвар авчихвал хөрөнгө оруулалтаас их ашиг олно гэж боддог. Үгүй, уул уурхайн компани орж ирээд л маргаашаас нь бензин авна, хоол авна, бараа материал авна, шууд эдийн засгийн харилцаанд ордог. Эдийн засгийн энэ өгөөж, тэлэлтийг татвараас илүүд үзэх ёстой.

 

-Жишээ нь, энэ төслийн тухайд

-30 жил ажиллахад техник эдийн засгийн урьдчилсан тооцоогоор хөрөнгө оруулагчид 41 тэрбум долларын борлуулалт хийнэ. Энэ нь их мөнгө боловч уул уурхай дээр ашиг хийх маш хэцүү. 41 тэрбум долларын борлуулалт хийхэд 34 тэрбум доллар нь буцаад зардал болж гарна. Хөрөнгө оруулагчдаас гарч байгаа энэ зардал нь Монголын эдийн засгийн амь байхгүй юу. Тийм учраас хөрөнгө оруулагчдын зардлыг тоолж, зардлаас нь эдийн засгийнхаа ашиг, өгөөжийг олдог орчин үеийн хандлагатай хөл нийлэх ёстой.

-Оюутолгой дээр гэрээ хийсний урьдчилгаа гэж 250 сая доллар гэж авч байсан. Түүн шиг урьдчилгаа авах уу, авбал хэд байх вэ?

-Урьдчилгаа ярьж байгаа, урьдчилсан тохироогоор 150 сая доллар гэж байгаа. Би бол жаахан ахиулчих гээд л бодоод сууж байна.

-Гэхдээ зээлээр тийм үү?

-Зээл байлгүй яах вэ. Нормальный бизнес ярьж байхад үнэгүй юм гэж хаана ч байхгүй.

-Одоо тэгээд Цагаан сараас өмнө гэрээгээ баталж чадах уу?

-Тэрнээс цааш бол энэ төсөл нурах магадлал нь улам өндөрсөнө. Цагтай уралдах л хэрэгтэй.

- Цагаан сарын дараа уламжлалт хаврын синдром эхэлнэ гэж үү?

-Тэгж ч ойлгож болно. Энэ бол дотоодын шалтгаан. Энэ төслийг явуулах уу, явуулахгүй юу гэдэг нь Хятад, Японы талаас их хамаарна. Тавантолгойн төсөл ганц монголчуудын хүслээр, зөвхөн бидний шийдсэнээр явах гээд байгаа юм биш шүү дээ. Хятад улсад ч гэсэн “энэ хөрөнгө оруулалтыг яагаад Монгол руу хийж байгаа юм бэ” гэсэн дотоодын эсрэг хүчинтэй. Яагаад ийм бүтэлгүй, үргэлж “олон ангит кино” шиг тоглож явдаг Монголтой цаг нар, хөрөнгөө зарж ажиллах ёстой юм бэ гэж японууд бодож байж ч болно. Тийм учраас л бидний зүгээс яаравчлах хэрэгтэй.

 

-Яарч болно л доо. Гэтэл бид алдахгүй гэсэн баталгаа байна уу. Та Монголын улстөрд олон өндөр албан тушаал хашсан. Таны ахалсан ажлын хэсгийн шийдсэнээр явлаа гэхэд Тавантолгойн орд, түүний өгөөж Монголдоо, Монголынхоо ард түмэнд ашигтайгаар үлдэж чадах уу?

-Би тэрний төлөө л яваа. Харин яагаад ингэж асууж байгааг чинь зөрүүлж асуумаар байна.

-Эргэлзэж, тодруулах зүйл байгаа учраас л УИХ-ын 16 гишүүн танд асуулга хүргүүлсэн байх. Тэр үүднээс нь асуулаа.

-УИХ-ын 16 гишүүний асуулгыг би танай сайтаас харсан, бичгээр авч ч үзсэн. Надад эргэлзэх гэхээсээ илүүтэй нэгдмэл ойлголтод хүрэх гэсэн сайн асуултууд байна лээ. Би бүх хариултыг нь ойрын хугацаанд бичгээр өгнө. Зөрчилдөөд байгаа юм энд байхгүй. Буруу зөрүү ойлголтуудаа нэг болгоход харин ч тус болох асуултууд байна лээ.

-Тэгвэл Тавантолгойн хөрөнгө оруулагчид болохШиньхуа”, ММС, “Сумитомо”-гийн хослол дунд цаашдаа ч Монголын үндэсний компани 51 хувиа хадгалж явж чадна гэдэгт та итгэлтэй байна уу?

– Одоо бол 51-ээс илүү хувийн хяналтын багцыг эзэмшиж чадаж байгаа. Харин цаашдаа Хөрөнгийн бирж дээр хувьцаанууд зарагддаг учраас хувьцааны чөлөөт үйлдлүүдээр хяналтын багцаа алдчих вий гэдэг болгоомжлол бол байгаа. Тэр болгоомжлолыг яаж хаах, яаж баталгаатай болгож гэрээндээ тусгах вэ гэдэг нь миний толгойны өвдөлт болчихоод байна. Ажлын хэсгийнхэн ажиллаж, анхааралдаа авч яваа юмыг л сэдрээгээд байна л даа. Бид нар дутуу харчихаад л, эсвэл чимээгүй хаячих гээд байгаа юм энд ерөөсөө байхгүй. Болгоомжлолыг хааж, баталгааг хангахын төлөө л ажлын хэсэг ажиллаж байна. Цаг нь болоогүй, тохиролцоо ойлголцол эцэслээгүй байхад хэлэлцээний бүх зүйлээ энд дэлгэмээргүй байна, ойлгоорой. Ойлголцолд хүрсний дараа бүгдийг хэлнэ, мэдээлэл нээлттэй явна.

 

-Тавантолгойн тендерт Монголын талыг төлөөлж орж байгаа үндэсний компанийн сонголтыг та хэр оновчтой гэж харж байна вэ?

-Дахиад хэлье, манай үндэсний компанийг хөрөнгө оруулагчид өөрсдөө сонгож орж ирсэн. Бодвол тэгж сонгохдоо бизнесийн ижил хэлтэй гэдгээр нь сонгосон байх. Олон улсын зах зээл, банк санхүүгийн зах дээр мөнгө босгох чадвартай, бизнесийн хэлтэй компани Монголд олон биш шүү дээ. Байгаа цөөхнийгөө барьж идэх хэрэггүй гэж хэлмээр байна. Бид талцаж яваад ямар ч мега төслийг хөдөлгөж чадахгүй, харин давж байж л цаана нь гарна.

-Энэ хариултаа баталгаатай болгохын тулд таАжлыг минь тайван хийлгээд ажлын хэсгийн саналаар энэ төслийг хөдөлгөөд өгөөч, би Тавантолгой дээр алдахгүй ээгэж ам гарч чадах уу?

-Чадна, би өөрийнхөө хийж байгаа ажилд итгэлтэй байна. Тэрнээс гадна том төсөл дээр алдаа хийвэл миний, ажлын хэсэгт байгаа бидний амь нас ч өчүүхэн байхгүй юу. Алдаа хийвэл Монголын ард түмэн асар их хохирол амсна. Бид хэдийн толгойг аваад ч тэр хохирол нөхөгдөхгүй. Тийм учраас бидэнд алдах эрх байхгүй. Алдаж болзошгүйгээ зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Цаашдаа, төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд Монголынхоо эсрэг алдаа гаргахгүй тулд олон улсын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүй, чиг хандлага гээд олон асуудлын зангилааг тайлж, урьдач нөхцөлийг тооцохыг хичээж, хандлагаа арай жаахан дээшлүүлж харах хэрэгтэй. Тэгэхдээ айлаа гээд хойш сууж болохгүй, хийхээс өөр арга байхгүй. Хэрвээ Тавантолгойн унавал Монголын эдийн засаг илүү хүндэрнэ. Эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд буруу шийдэх эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ тендерт Монголын эрх ашиг, Монголын ард түмний сонирхол л ялж гарах ёстой.

-Төмөр зам нь 30 жилийн туршид бусад компанид нээлттэй байж чадах уу?

-Чадалгүй яах вэ, “Энержи ресурс” компани чадна гэж гэрээгээр үүрэг хүлээж байгаа. Ийм баталгааг гаргуулж чадахгүй, тэр баталгаагаа хангуулж чадахгүй юм бол төрийг төлөөлж бид энд ажиллахын хэрэг байхгүй.

 

-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ганц Тавантолгойн нүүрсийг л зөөхгүй биз дээ?

-Уг нь технологийн зам гэдэг юм л даа. Ямар ч гэсэн энэ замаар зорчигч тээвэр явахгүй. Өөр ашигт малтмал явах байх. Тэдэнд нээлттэй байх зарчмаар гэрээлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Тавантолгойн энэ хэлэлцээр амжилттай болох нь Оюутолгойг хөдөлгөхөд эерэг нөлөө үзүүлэх үү?

-Үзүүлнэ, том төслүүд өөр хоорондоо бүгд уялдаа холбоотой.

-Унавал сөрөг нөлөө юү?

-Гарцаагүй.

-Тэгвэл Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх нь танай Засгийн газраас олон нийтийн дунд явуулж байгаа санал асуулгын “1” дугаарын сонголт биелэх, биелэхгүйн индикатор болох юм байна, тийм үү?

-Яг тийм, Засгийн газрын ч юу байх вэ, Ерөнхий сайдын явуулж байгаа санал асуулга л даа. Нэлээн эрсдэлтэй алхам. Ерөнхий сайд маань ардчилалд л их үнэнч юм байна. Уг нь бол мега төсөл хэрэгжиж байж л улс орон хөгжих нь асуугаад байхаагүй зөв шийдэл. Гэхдээ яах вэ, ард түмнээсээ асууя гэдэг нь дотооддоо үзэл бодлын нэгдмэл байдлыг бий болгох, хадгалахад хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзсэн байх. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгыг зөвхөн дотооддоо биш, дэлхий харж байгаа. Хэрвээ “1” дугаарын сонголт олонхийн санал авч чадахгүй бол “бид нарт гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй” гэсэнтэй адил мессеж дэлхийд гарна. Тийм учраас эрсдэлтэй алхам гээд байгаа юм. Гэхдээ би санал асуулгын дүн эерэг гарна гэдэгт итгэлтэй байгаа.

 

Зурагнууд

2015-02-05
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл