Тавантолгойн төмөр замын хэлэлцээр аюулын харанга дэлдэв
Зохиогч: М.ЯЛАЛТ
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2015-01-31

Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч гадаадын гүрван компанийн консерциумтай хийж буй хэлэлцээрийн талаар Монголын төмөр замчдын инженерүүдийн холбооны гишүүн, төмөр зам барих “Блут” компанийн захирал, инженер Б.Лханаасүрэнтэй ярилцлаа.

-Өмнө нь Таван толгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг нарийн 1435 мм-ийн царигтай барих нь зүйтэй гэж таны яриад байсан асуудал УИХ-ын 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 64-р тогтоолоор шийдэгдсэн байхаа ?

-Тэгсэн. Улс төрчдийн хийрхсэн олон жил талцаж маргасан энэ асуудлыг эдийн засгийн үр ашгийн тооцоогор түргэн шийдэх ёстой байсан. Би хил дээр шилжүүлэн ачилттайгаар жилд 30-50 сая тн нүүрс экспортлоход ямар их илүү зардал гарах, байгаль орчин, нүүрсний чанар яаж муудах, Хятадын зүүн боомтуудаар Япон, Солонгост нийлүүлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх, техник технологийн хувьд ямар ч боломжгүй болох талаар нарийн тооцоо судалгаа хийж, түүнийгээ удаа дараа телевиз, сонин хэвлэл, сайтуудаар ярилцлага өгч байсныг та санаж буй байх. Эл асуудалд УИХ, ЗГын гишүүд маш нухацтай, эрүүл саруул ухаанаар хандаж УИХ-ын 2014 оны 10 сарын 24-ний 64-р тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэж, Хятадтай байгуулсан транзит тээврийн гэрээгээр баталгаажууллаа. Ингэж шийдэхэд манай инженерийн холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж жинтэй хувь нэмэр оруулсан.

-Хятадтай хийсэн гэрээгээр гэдгээ тодруулахгүй юу?

-Хятадын Си даргын айлчлалын үеэр төмөр замын тээврийн талаар 3 хэлэлцээр байгуулсан. Маш товчхон хэлэхэд “ ... хилийн боомтуудаар нээх төмөр замын гарцууд Хятадын төмөр замын дотоодын сүлжээнд шууд холбогдсон тохиолдолд ... “ гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манай талаас хилийн 4 боомтоор оруулах төмөр замууд нарийн 1435 мм буюу дэлхийн стандартын царигтай байж, хил дээр ямар ч шилжүүлэн ачилтгүйгээр Хятадын төмөр замын дотоодын сүлжээнд шууд холбогдож, манай экспортын ачаа нутагт нь хүрэх газраа хүрч, зүүн боомтуудад нь шууд очно гэсэн үг. Шилжүүлэн ачилттайгаар Таван толгойгоос жилд үсрээд 8 сая тн-оос илүү  нүүрс экспортлох ямар ч боломжгүй.

-Одоо Таван толгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан гадаадын 3 компаний консерциумтай хэлэлцээр явагдаж байгаа. 267 км төмөр замыг нь бас энэ консерциум барина, тэд замаа 30 жил зуун хувь эзэмшинэ, дараа нь төрд 51 хувийг нь шилжүүлнэ, Чингис бондоос гаргаж далан барьсан 280 ч билүү сая долларыг манайд буцааж өгнө, барьсан далангаа тэдэнд хүлээлгэж өгнө гэж тохиролцож байгаа юм байна. Энэ тал дээр таны бодлыг сонсьё?

-За энэ л аюулын харанга дэлдэж байгаа юм. Ингэж шийдвэл Монгол улсад Тавантолгой ерөөсөө хүртээлгүй болно. Энэ төмөр замын суурь бүтцийг барих, эзэмших, олборлолт, баяжуулалт, тээвэрлэлт, борлуулалтыг бүгдийг нь энэ консерциум зуун хувь эзэмшиж хариуцах нь байна. Бид анх энэ замыг нарийн царигаар барих нь зөв гэж тууштай үйл ажиллагаа явуулахдаа эцэст нь энэ зам ийм байдлаар шийдэгдэнэ гэж огтхон ч төсөөлөөгүй. Харин зуун хувь төрийн өмчийн, эсвэл Монголын дотоодын компани оролцсон төрийн өмч давамгайлсан эзэмшилтэй суурь бүтэц байна гэж бодож байсан.  Гэтэл 30 жилийн дараа л төр 51 хувийг нь эзэмших юм байна. Одоогийн УБТЗ шиг байдал бий болно. Ингээд гэрээ хийчихвэл бид энэ замыг төрд бүтнээр нь буцааж авч хэзээ ч дахин хэлье хэзээ ч чадахгүй. Хар л даа, УБТЗ нийгэмлэг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх нь байтугай ганц хувь нэмээд 51 хувь болгох, татвар төлдөг болох, манай хууль тогтоомж, зах зээлийн харилцаанд нийцүүлэх гээд  барахгүй байж байна. Хэлэлцээр байгуулаад 65 жил болжээ. Төмөр замыг нь энэ маягаар шийдвэл Монгол улсын олон хууль, тогтоомж зөрчсөн, манай улсын эрх ашигт үндсээрээ харшилсан, байж болшгүй, дэндүү хариуцлагагүй, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан, муу үр дагаврыг нь манай ард түмэн, хойч үе хэдэн зуун жил, Таван толгой, Оюу толгойн ордуудын баялаг дуустал, бүр түүнээс цааш амсах аюултай гэрээ болно.

-Хууль тогтоомж зөрчсөн гэдгээ тодруулахгүй юу?

-Ер нь суурь  бүтцийг  стратегийн, орон нутгийн, байгууллагын гэж хуваадаг. Улсынхаа хилийг сэтэлж гарч байгаа юм уу, стратегийн ач холбогдолтой орд газар, үйлдвэр, уурхайруу тавьсан төмөр замыг стратегийн суурь бүтэц гэдэг. Стратегийн суурь бүтэц нь заавал зуун хувь төрийн өмчид байдаг гэдгийг эхлээд хэлье.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлах тухай” 2010 оны 06 сарын 24-ний өдрийн 32-р тогтоолын хавсралтын 2.2.2-т ”Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төмөр замын суурь бүтцийг барихдаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, шаардлагад нийцүүлсэн байх” гэж заасан байдаг.

Тэгвэл энэ стратегийн ач холбогдол бүхий ордоос хил сэтлэн гарах стратегийн төмөр замын суурь бүтэц барих хэлэлцээрийн зарчим нь  эдүгээ мөрдөж буй төмөр замын талаарх хууль, тогтоолуудын заалтад огтхон ч нийцэхгүй байна.

“Төмөр замын тээврийн тухай” хуулийн 6.2-т “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсвэл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэуц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно” гэсэн заалт байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой суурь бүтэц буюу зам бүхэлдээ зуун хувь төрийн өмч байна, эсвэл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна, эсвэл  тодорхой хугацааны дараа төрд зуун хувь өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ төмөр зам дээрхи хуулийн дагуу хэзээ ч 100 хувь төрийн өмчийн буюу, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн  өмчлөлд ирэхгүй нь. Учир нь  бариад 30 жил зуун хувь, дараа нь мөнхөд 49 хувийг нь эзэмшинэ гэж буй энэ консерциумыг бүрдүүлж буй Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа Энержи”, Монголын “Энержи ресурс” гэсэн 3 компанид манай төрийн өмч давамгайлах нь байтугай нэг ч хувь эзэмшдэггүй. Иймд энэ хуулиар бол төмөр зам нь энэ 3 компаний консерциумын эзэмшилд зуун хувь 30 жил байх нь байтугай дараа нь тэд  49 хувийг нь ч эзэмших боломжгүй юм.  

-Тэд барьчихаад 10-15 жилийн турш эзэмшээд дараа нь төрд 100 хувь өгвөл болохгүй юу?

-Тэд 30 жил эзэмшээд дараа нь 51 хувийг нь л төрд өгнө гээд байна шүү дээ. Гэтэл хуулиараа тодорхой хугацаанд эзэмшээд /30 жил дэндүү урт хугацаа/ төрд 100 хувь өгөх ёстой юм.  Гэхдээ Таван толгойн замд энэ зарчим хэрэгжих боломжгүй.   

Энд нэг онцлог байгаа. Манай урдаа барьдаг стратегийн ордоос шууд улсын хил сэтлэн гарч буй стратегийн төмөр замын суурь бүтэц гэдгээрээ. Сэлэнгэд Болд төмөр ерөө гол компаний барьсан хүдэр зөөдөг 98 км төмөр зам бол манай нутгийн гүнд, манай төмөр замын дотоодын сүлжээнд холбогддог, уурхайгаасаа шууд нарийн царигаар хил гараад явчдаггүй салбар зам. Энэ компани замаа өөрснөө хөрөнгөө гаргаж бариад 100 хувь эзэмшиж байгаа, тэд өөрийн зам дээрээ өөрснөө тээвэр хийж буй юм. 19 ч билүү жилийн дараа төрд 100 хувь шилжүүлэн өгөх гэрээтэй. Өмнө нь энэ замыг 2012 онд Монголын “Энержи ресурс” ХХК өөрийн хөрөнгөөрөө барьж эзэмшээд 19 жилийн дараа төрд 100 хувь хүлээлгэн өгөх гэрээ байгуулаад ажлаа эхэлтэл төр “Бид өөрсдөө мөнгөө гаргаж барина” гээд авчихсан юм. Тэгэх тусмаа гадны компанитай үүнээс дордуулсан, манайд ашиггүй нөхцөлөөр гэрээ байгуулж болохгүй. Ер нь Таван толгойн төмөр зам бол огт өөр юм.

Дээрхи 32-р тогтоолын 2/-т “Эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой шинээр барих төмөр замын суурь бүтцийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу төрийн өмчид байлгана” гэсэн заалт байна. Мөн энэ тогтоолын хавсралтын  6.3.1-д “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө” гэсэн заалтуудыг зөрчинө. Дээрхи хууль, тогтоолд заасан “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц” гэж юуг хэлэх вэ гэхээр энэ тогтоолын хавсралтын 2.2.3-т “ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудаас олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц гэнэ” гээд тов тодорхой заачихаж. Таван толгой маань манай улсын урдаа барьдаг, дэлхийд 1-рт ордог стратегийн орд, тиймээс стратегийн энэ төмөр замыг нь гадаадынханд 30 жил 100 хувь, дараа нь 49 хувийг нь хугацаагүй эзэмшүүлнэ гэж буй нь дээрхи хууль тогтоомжуудыг бүдүүлгээр зөрчинө. Ямар ч тохиолдолд энэ төмөр замын суурь бүтцийг гадны зуун хувь хөрөнгө оруулалттай компанид 100 ба  49 хувийг эзэмшүүлэх нь байтугай төр 51-ээс дээш хувийг нь  эзэмшдэггүй дотоод гадаадын ямар ч компанид нэг хувийг нь ч эзэмшүүлэх тухай яриа байж болохгүй.   

-Тэгэхээр одоо яаж шийдвэл зохистой вэ?

-Хэдэн хувилбар байж болно. 1. Замын ул шорооны далан барихад Чингис бондоос зарсан 280 сая долларыг тэднээс буцааж авах шаардлагагүй, зам барих хөрөнгийн асуудлыг дотооддоо шийдээд монголчууд өөрснөө гүйцээж барих бүрэн боломжтой.  Хөрөнгийг яаж шийдэх вэ гэхээр АНУ-аас манайд хэрэгжүүлэх гэж буй  Мянганы сорилтын сангийн 2 дахь төслийн мөнгийг зарцуулвал энэ замыг өөрсдөө мөнгө гаргахгүй, бусдаас зээлэхгүйгээр үнэгүй барьчихаж болно. Учир нь Мянганы сорилтын сангийн мөнгө нь Америкийн ард түмний санхүүжилтээр буцалтгүй тусламж болгож хэрэгжүүлдэг төсөл. Манай тал энэ төслөөр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалт, шаардлагатай мөнгөн дүнг явуулах ёстой. Энэ төмөр замыг баръя гэвэл тэд хоёр гараа өргөөд зөвшөөрнө. Өмнө нь бас УБТЗ-д төсөл хэрэгжүүлье гэхэд зөвшөөрч 188 сая доллар гаргаж байсан. Харамсалтай нь Оросын тал зөвшөөрөөгүй. Мөн Хятадын Си Жиньпин даргын айлчлалын үеэр гэрээнд зурсан нэг тэрбум доллар, мөн тийм хэмжээний юаны хөнгөлөлттэй зээлээс гаргаж болно. Мөн орж ирж магадгүй 5 тэрбум долларын асуудал яригдаж байгаа. Барьсан зам үр өгөөжөө түргэн өгөх учраас Чингис бондын үлдсэн 800 орчим тэрбум төгрөгөөс ч зарцуулж бас болно.   

-Замыг бид өөрснөө яаж барих вэ?

-Замыг УБТЗ-ын таван замын ангиас тус бүр 40 замчин гаргаж 1.5 жилд барих боломжтой. Тасралтгүй өвөл ч ажиллана. Зам тавьдаг кран, чигждэг, чиг татдаг машин, чигжээсний буталмал чулуу буулгадаг хоппер вагонууд зэрэг хүнд техник, машин механизм хэрэггүй. Үүнээс хөнгөвчилсэн аргаар тавьчихаж болдог технологи байдаг юм. Сэлэнгэд Болд төмөр ерөө голын хүдэр зөөх 98 км замыг монголчууд хэдхэн зааварлагч хятадуудтай нийлээд замын ямар ч  хүнд машин механизм хэрэглэхгүйгээр 1.5 жилд барьчихсан туршлага байна. Бетон дэр, зам төмөр, бэхэлгээг Хятадаас авна, эсвэл зам төмрийг нь ОХУ-аас авч Сайншандад буулгаад 450 км-т уртын машинаар зөөх юм. Замын чигжээс щебнийг зам дагуу 3-4  чулуу бутлуурын карьер нээж ажиллуулж хангана. Өртөө зөрлөг, байшин барилга, цахилгаан ус хангамжийн барилга байгууламжуудыг монголчууд бид өөрснөө барина.  Галт тэрэгний холбоо дохиололын байгууламжуудыг тендрт шалгарсан гадны компанитай хамтран угсрана. Энэ бүтээн байгуулалтын хөрөнгийг шийдсэн тохиолдолд Монголын төмөр замчдын инженеүүдийн холбоо хариуцаж, холбооны дэргэд буй компануудаараа гардан гүйцэтгэх боломжтой гэдгийг энэ ялдамд хэлье.  Богдхан уулын урдуурх төмөр замын ажлыг мөн бид гүйцэтгэх боломжтой. Ингэснээр Таван толгойн төмөр зам хуулийн дагуу зуун хувь төрийн өмчид үлдэнэ. 2. Чингис бондоос гаргасан мөнгийг буцааж авахгүйгээр зам, өртөө зөрлөг, байшин барилга, цахилгаан, ус хангамж, холбоо дохиоллын үлдсэн бүх ажлыг дээрхи консерцумын хөрөнгөөр тэднээр бариулаад зуун  хувь төрийн өмчид шилжүүлэн авч, гаргасан мөнгийг нь нүүрсний борлуулалтын орлогоос төлөх ийм хоёр зам байна. Замыг дагалдах бүх барилга байгууламж, объектуудтай нь барихад тэдний санал болгосоноор хамгийн ихээр бодоход нэг тэрбум доллар ( нэг км зам барихад 3,75 сая доллар) хэрэгтэй гэвэл 280 саяыг нь гаргачихаад байгаа, одоо 720 сая доллар хэрэгтэй. Энэ бол одоогийн ханшаар манай нэг жилд экспортлож буй нүүрсний үнэд ч хүрэхгүй мөнгө юм. Одоо жилд экспортлож буй 18 сая тонн нүүрснийхээ жилийн орлогын 20 хувийг 4 жил өгөхөд л зам барихад үлдсэн бүх зардлыг төлөөд дуусна. Зам зуун хувь төрийн өмчид үлдэнэ. Ийм л хоёр зам байна. Тэгэхээр төмөр замыг ийм байдлаар манайд ашигтайгаар шийдээд, эхнээс нь маш амархан зуун хувь төрийн өмч болгочих боломж байхад 30 жил тэдэнд эзэмшүүлээд дараа нь 51 хувийг нь төр авна, 49 хувийг нь хугацаагүй гадныханд эзэмшүүлнэ гэж буй нь дэндүү хариуцлагагүй, хууль зөрчсөн гэмт үйлдэл болно. Иймээс хуулийн дагуу ямар ч тохиолдолд төмөр зам зуун хувь төрийн өмч байхаар хэлэлцээрээ зөв гольдролд оруулах хэрэгтэй. Ер нь хил сэтлэн гарч байгаа , тэгэх тусмаа стратегийн орд газруудаас тээвэр хийх төмөр зам нь 100  хувь, 49 хувь ч бай олборлолт, тээвэр, борлуулалттайгаа хамт гадаадын компаний бүрэн эзэмшилд байдаг улс орон энэ дэлхий дээр нэг ч байхгүй.      

-Гаднаас авах зээлийн өрийн босгыг сая УИХ ДНБ-ний 58.3 хувиас хэтрэхгүй байхаар хуульчиллаа. Тэгэхээр Хятадаас авах энэ зээлүүд бүтэхгүй юм биш үү?

-Энэ бол удаан хугацааны хөнгөлөлттэй зээл юм.  Одоо байгаа зээлийн түвшин тааз хоёрын хооронд зай байгаа. Ер нь зээлийн нөхцөл боломжийн, богино хугацаанд өгөөжөө өгч, улсын эдийн засгийг өсгөж хуримтлал бий болгож байвал зээлийг авч зөв юмандаа зарах л хэрэгтэй. Дараа нь эдийн засаг тэлсний хирээр зээлээ төлчихнө шүү дээ. Зээлийн өрийн тааз гэдэг бол зүгээр л тоо. Айгаад байх зүйл биш. Зээл авч байж экспортоо нэмэгдүүлэх, дотооддоо импотыг нөхөх үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байж, том ордуудаа ашиглахгүйгээр  эдийн засгаа яаж өндийлгэх юм бэ. Зээлийн өр нь ДНБ-нийхээ 58 байтугай 200 хувьтай тэнцэх зээлтэй орон бишгүйл байна. Тэд зээл тусламж авч эдийн засгаа эрчимтэй хөгжлийн замд оруулаад зээлийн өрөө төлчихөөд эдийн засаг нь тэр эрчимтэй замаараа л үргэлжлээд явна шүү дээ. Зээлийн өр болохоо байлаа, төрж буй хүүхэд тэдэн сая төгрөгний өртэй төрж байна гэж популизм хийх хэрэггүй. Чингис бондын 500 сая долларыг нь 2017 онд, нэг тэрбумыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг өсчихсөн төлбөр хийх чадвартай болчихсон байна.      

-Энэ хэлэлцээрийн багийг ахлаж буй сайд М.Энхсайхан, салбарын сайд Төмөрхүү, гардан хийж буй хүмүүс дээрхи хууль тогтоолуудыг мэдэж баймаар юм аа?

-Энэ хоёр сайд хоёулаа дээрхийг яриад байгаа шүү дээ. Тэд мэдэж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдэн будилж буй дүр эсгэж байгаа юм уу, эсвэл юугаар ч сольж болохгүй улсынхаа эрх ашгийг умартаад жинхэнээрээ энэ консерциумыг бүрдүүлж буй гадны компануудад, улсад нь зориудаар үйлчлчилж буй явдал уу. Миний дээр хэлсэнчлэн эхнээс нь замыг зуун хувь төрийн өмч болгох боломж байхад, яагаад хууль зөрчөөд гадаадынханд өгөх гээд байгаа нь их сонин байна. Сайд  М.Энхсайхан ийм маягаар хэлэлцээ хийгээд, явцыг нь УИХ, Засгийн газар, ҮАБ-ын зөвлөлд танилцуулаад мега төсөл гэж том том юм яриад, хүмүүсийн толгойг нь эргүүлээд, тархийг нь угаагаад байна. Тэд нар нь болохоор ингэхээс өөр аргагүй юм байна гээд итгэчихсэн бололтой юм. Түрүүхэн УИХ-ын намуудын бүлэг дээр хэлэлцээний явцыг танилцуулахад төмөр зам барих эзэмших зарчим чинь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль зөрчиж байна гэж олон гишүүн ярьсан сураг байналай. Би энэ хэлэлцээрийн зарчим буруу замруу орчихлоо гэж сэтгэл зовнихдоо сайд М.Энхсайхан, ЗТ-ийн сайд Төмөрхүү, УИХ-ын ЭЗ-ийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нартай саяхан тусгайлан уулзаж энэ хэлэлцээрийн явц, ялангуяа төмөр замын талаар ярилцсан. Ж.Батсуурь дарга миний ярьсныг ойлгож мэдэж буйгаа, М.Энхсайхан сайд бол шууд бид барьж чадахгүй, мөнгө байхгүй, хэлэлцээр хууль зөрчөөгүй, хятадуудаар бариулж тэд эзэмшинэ, та нар барья гэж буй бол нэг тэрбум доллараа гаргаад ир гэж хэлэхэд нь би их гайхсан, Төмөрхүү сайд тодорхой юм хэлээгүй ч миний өгсөн материалыг үзье гэсэн. Би Таван толгой эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлтэд дөрөөлөн улс төрчид яаруу сандруу, манайд ашиггүй, хуудуутай гэрээ хийх вий хэмээн болгоомжилж санал бодлоо хэлж байгаа юм.

-Энэ төмөр замыг гадны энэ компануудаар бариулж эзэмшүүлбэл ямар үр дагавар бий болох вэ?

-Хэрэг дээрээ замыг Хятадын “Шинхуа Энержи” компани барьж эзэмших, тээврийг нь, нутагтаа борлуулахыг нь мөн энэ компани хийх, Хятадын зүүн боомтуудаар Япон, Өмнөд Солонгост борлуулахыг нь Японы Сумитомо компани хийх, олборлолт, баяжуулалтыг нь манай Энержи ресурс компани тэдэнтэй хамтран гүйцэтгэх  юм байна. Ингэхлээр Таван толгойд төрийн оролцоо ерөөсөө байхгүй болчихож байгаа юм. Ямар бодит байдал үүсэх вэ гэхээр замыг  хятадын замын дээд цогцосын материал бетон дэр, зам төмрөөр хятадууд хөрөнгөөрөө барина. Тэдний замын баахан хүнд техник , машин механизм орж ирнэ. Зам барилга байгууламжууд барих ажилчид нь, барьж дуусаад замыг 30 жил, цаашлаад хэдэн зуун жил ч юм арчлаж засах замчид, өртөө зөрлөгт, тээвэрлэлт хийх, олборлох, баяжуулах, борлуулах ажиллагсадын  дийлэнх нь хятадууд байна. Яагаад гэхээр тэд өөрийн өмч, үйл ажиллагаан дээрээ хэнийг ажиллулахаа өөрснөө мэднэ. Тэгэхээр хилийн наана зам дагуу өртөө зөрлөгт, тээвэрлэлт, олборлолт, баяжуулалт дээр үй олон хятадууд орж ирж суурьшина гэсэн үг. Ёстой нөгөө Х.Баттулгын яриад байдаг шиг өмнийн говь  хятадчлагдаж дуусна. Хуулиараа бол зам нь ямар ч тохиолдолд зуун хувь манай төрийн өмчид байх тохиолдолд зам засаж арчлах, өртөө зөрлөгийн ажилчдаасаа эхлээд, зүтгүүрийн машинчаа хүртэл бүгд монголчууд байх юм. Нөгөөтэйгүүр тэд замаа эзэмшээд тээврээ өөрснөө хийхээр бусдын ачааг явуулахгүй, боож хаана, янз бүрийн болзол тавина, эсвэл маш өндөр үнээр тээвэрлэнэ, өрсөлдөөн байхгүй болж гадныхны мэдлийн монопол зам бий болно. Манай “Эрдэнэс таван толгой” орон нутгийн “Таван толгой”, ,Оюу толгой”, “Цагаан суварга” мөн бусад компанууд нүүрс, бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд их хүндрэл учирна. Тэдний хэлсэн тавьсан болзлыг хангаж атганд нь л байна гэсэн үг. Мэдээж нүүрс олборлолт, баяжуулж боловсруулах, тээвэрлэх ажилчдын тэдээс доошгүй хувь нь монголчууд байна гэж гэрээнд заах ёстой. Хил, далайн боомт  дээр худалдаж борлуулахад ч бид оролцож таарна.

-Одоо та Х.Баттулгыг дэмжиж байна уу?

-Хэрэв энэ замыг гадныхнаар бариулахгүй, бид мөнгөө босгоод өөрснөө баръя, эсвэл тэд нараар тэдний мөнгөөр нь бариулаад төр эзэмшилдээ 100 хувь аваад нүүрснийхээ экспортын орлогоос гарсан зардлыг нь төлье, ийм замаар замаа төр 100 хувь өмчлөлдөө авъя, энэ төмөр замд гадныхнийг, хятадуудыг ажиллуулахгүй гэж буй бол би хоёр гараа өргөөд дэмжих нь байтугай хамтран ажиллахад бэлэн байна. Би Баттулгыг хүнийх нь хувьд хүндэлдэг, үзэл бодлын зөрөө бол байдаг.

- Ер нь төмөр зам ямар бүтэц, тогтолцоотой байвал зөв бэ?

-Төмөр замд төмөр замын суурь бүтэц нь зуун хувь төрийн өмчийн, харин тээвэрлэлт нь дотоод гадаадын хувийн өмчийн байгууллага, компаний байвал зөв тогтолцоо болно. Үүнийг зах зээлийн үеийн сонгомол тогтолцоо гэж байгаа юм. ОХУ гэхэд энэ тогтолцооруу шилжээд дуусч байна. Хятадад бас энэ тогтолцооруу эрчимтэй шилжилт хийж байгаа. Суурь бүтэц, тээвэрлэлт хоёулаа хувийн өмчийн, эсвэл хоёулаа төрийн өмчийн байх тогтолцоо бол өрсөлдөөн, компануудын зах зээлийн бололцоог хаадаг маш муу ховор байдаг тогтолцоо. Яагаад гэхээр төмөр зам тээвэр хоёулаа төрийн эсвэл хувийн мэдэлд байхаараа өрсөлдөөн байхгүй болж бусдын ачааг тээхгүй байх, эсвэл асар өндөр үнээр тээдэг монопол бий болдог. Төмөр замын суурь бүтэц, тээвэрлэлт хоёулаа төрийн өмчид байдаг энэ тогтолцоо өнөөдөр Монгол , Куба, Хойд Солонгост байна. Харин Таван толгойн төмөр замд бол арай өөр тогтолцоотой байна. 1. Энэ төмөр зам ямар ч нөхцөлд ашиглалтанд орсон өдрөөсөө эхлээд 100 хувь төрийн өмч байна. 2. Таван толгойгоос Гашуунсухайтын боомтоор дамжаад Хятадын Ганц модны боомт хүртлэх тээврийг Хятадын Шинхуа компанитай хамтран хийнэ. Яагаад гэхээр төмөр зам дээрхи вагон холбож салгах, галт тэрэг найруулах сэлгээний ажил, зүтгүүр вагоны үзлэг, тавилт таталт, галт тэрэг жолоодох бүх процессыг дан монголчууд бид хийнэ. Харин нүүрсний вагоноор захиалж хангах, Ганц модны боомтоос цааших тээврийг Шинхуа хийх юм. Өрөөр хэлбэл хийлээс наана төмөр замд нэг ч хятад хүн суурин ажиллахгүй гэсэн үг. Хил дээр галт тэрэг, вагон солилцооны хэдэн хүн л хоёр талаас цааш нааш орж гарч байна. Ийм байх зарчмаар хэлэлцээрийг хийж гэрээ байгуулах ёстой. Өөр хувилбар байхгүй л болов уу.  

-Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч нартай хийж буй хэлэлцээрийн үр дүнд ордыг ашиглах гэрээний ямар төрөл байх нь зөв бэ?

-Уул уурхайд олон улсын гэрээний баримталдаг үндсэн 3 төрөл байна. Үүнд:

1-рт, Роялти (роялти авна гэдэг нь ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутгаж авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм),

2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад үүнийгээ тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм),

3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчид (уул уурхайн компанид) хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм).

Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй, харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг.

Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна.

Ер нь концессын гэрээгээр Таван толгойн зам барих, олборлолт, баяжуулалт, тээвэрлэлт, борлуулалт хийхдээ төмөр зам дагуу зурвас газар, орд газраа үнэлж оруулах, өмнө нь хийгдсэн геологи хайгуулын болон ТЭЗҮ хийлгэсэн зардал, мөн нэг оролцогч нь монголын компани байгаа зэргийг  заавал тооцож гэрээнд оруулах ёстой. Эцэстээ консерциумаас гаргасан зардлыг нүүрснийхээ орлогоор төлж барагдуулах шатанд хамтарсан үйлдвэр болж, түүнд манай талын эзлэх хувь 51-ээс дээш байх, зам нь 100 хувь төрийн өмч байх зарчим баримтлах ёстой.

Гэрээний дээрхи 3 төрлөөс 1-р нь буюу роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээний төрөл илүү тохирох болов уу.

-Таван толгойн төслийн ирээдүйн ашиг орлого нийтдээ 94 тэрбум долларт хүрч, магадгүй бид нефтээр баян Катар, Саудын Араб шиг баян хангалуун амьдрах итгэл найдвар сүүмэлзэж  байна гэж М.Энхсайхан сайд мэдэгдээд байгаа?

- Ер нь бол Таван толгойн ордын үнэ цэнэ агуу том юм. 7.5 тэрбум тонн нөөцтэй, үүний 2.5 тэрбум нь коксжих гангийн нүүрс байгаа, энэ нөөц нэмэгдэх магадлал тун их, өнөөдөр коксжих угаасан нүүрсний дэлхийн зах зээлийн / бүх зардлаа хасаад / үнэ 150 доллар, эрчим хүчний нүүрснийх 75 орчим доллар байгаа. Япон, Солонгост Хятадын зүүн далайн боомтууд дээр, Хятадад хилийн боомт дээр нь дэлхийн зах зээлийн үнээр наймаа хийх ёстой. Эдгээр хил, боомтууд дээрхи үнийг дэлхийн зах зээлийн үнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ үнэлгээгээр бодоход Таван толгой 750 тэрбум долларын үнэлгээтэй агуу том орд. Үүнээс 94 тэрбум доллар манайд орж ирнэ гэж буй нь дэндүү бага, нийт үнийн 12.5 хувь болж байна. Хамгийн багаар бодоход жилд 30 сая тн экспортлоход 250 жил ашиглагдаж, нийт 94 биш 375 тэрбум долларын ашиг орлого манайд орж ирэх ёстой. Дэлхийн тооцооны жишиг бол ийм юм. 

-Манай нүүрсний  дэлхийн зах зээлийн өрсөлдөх чадвар ямар төвшинд байгаа вэ?

-Өрсөлдөх чадвар маш муу байгаа. Манайд хамгийн ойрхон, дэлхийн хамгийн том хэрэглэгч зах зээл Хятад байна. Таван толгойгоос ердөө 267 км, Нарийнсухайтын ордоос 46 км. Цаана нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань байна. Эд л манай нүүрсийг авна. Хятад жилийн хэрэглээ нь 3.5 тэрбум тн, Япон 180 сая тн, Өмнөд Солонгос 125 сая тн, Тайвань 70 сая тн хэрэглэдэг. Япон, Өмнөд Солонгос Тайваний хэрэглээний гуравны нэг орчим нь гангийн коксжсон нүүрс байдгийм. Дэлхийн зах зээл дээр хамгийн том нүүрс экспортлогч орон бол Австрали, Америк, ОХУ, Канад, Индонези, Мозамбик, ӨАБНУ, Колумб зэрэг улс байна, Эд нийлээд дэлхийн нүүрсний экспортын 90 хувийг хийж байгаа. Хятад жилд 3.5 тэрбум хэрэглээнийхээ 300 сая тн-ыг л импортлодог. Түүний 100 сая тн нь гангийн коксжих нүүрс юм. Япон, Өмнөд Солонгос, Тайвань 100 хувь гаднаас хамааралтай. Хар л даа, энэ импортлогч нар тив, тэнгис далай алгасаад, бүр дэлхийн бөмбөрцгийн нөгөө талаас 10 000 -18 000 км-ийн зайнаас нүүрс худалдан авч байна шүү дээ. Нүүрс экспортлогч улсууд экспортоо нэмэгдүүлэхийн тулд тээврийн дэд бүтцээ сайжруулж олон зуун км төмөр зам, авто зам шинээр барьж, татвараа багасгаж, олборлолтоо эрс нэмэгдүүлж байна. Жишээ нь Хятад Австралитай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад импортын татвараа тэглэчихлээ. Австрали улс олборлолтоо 1.5 дахин нэмэгдүүлчихлээ. ОХУ экспортоо Хятад, Япон, Өмнөд Солонгосруу чиглүүлж, Зүүн сибирь, Алс дорнод, БАМ-ын төмөр зам, далайн боомтуудынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2018 он хүртэл 22 тэрбум доллар зарах гэж байна. Тува, Якут дахь коксжих нүүрсний аварга том ордуудруугаа төмөр зам тавьж байна. ОХУ Хятадтай шинээр төмөр замын 3, авто замын 5 гарц нээхээр тохироод ажилдаа орчихлоо. Хэт нь Хятад 4-6 жилийн дараа ОХУ-аас хоёр талаараа байгалийн хий импортлоод эхлэхээр нүүрсний хэрэглээ нь дор хаяж 30 хувь багасах юм. Ер нь 20-30 жилийн дараа дэлхийн нүүрсний хэрэглээ тал илүү хувь буурч экологийн эх үүсвэрлүү шилжинэ. Тэгэхээр манай улс зах зээл байгаа дээр нь зах зээлийн энэ их өрсөлдөөнд хүчтэй орьё гэж байгаа бол  Таван толгой, Нарийн сухайтын нарийн царигтай төмөр замаа хилрүү эн түрүүнд яаралтай тавьж, богино хугацаанд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай том уурхай болгон хөгжүүлэх, том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол манай нүүрс 15-20 жилийн дараа хэн ч тоохгүй үнс л болно. 

-Хэлэлцээрийг зөв гольдролд оруулахгүй, хууль зөрчсөн гэрээ байгуулагдах магадлал хир их байна вэ?

-Энэ янзаараа бол магадлал их байна. Хэлэлцээрийн явц дахь дээрхи ноцтой алдааг нэн даруй засч залруулж, манай талын бодлогод зарчмын цоо шинэ нөхцөл байдал бий болсон талаар нөгөө талдаа мэдэгдэж, зам барих хэлэлцээрийг шинээр эхлэх хэрэгтэй. Хэрэв М.Энхсайхан энэ асуудлыг хүлээж авахгүй аваас түүнийг хэлэлцээ хийх багийн ахлагчаас өөрчилж, сайдаас нэн даруй буулгаж орны хүнийг томилох нь зүйтэй. Гэрээг зурахаас өмнө үр дүнг нь УИХ, Засгийн газар, ҮАБ-ын зөвлөл мэдээж авч үзнэ. Тэд эрхбиш алдаа оноог нь дэнслэж чадна гэдэгт итгэж байна. Хууль тогтоогчид, хэрэгжүүлэгчид өөрснөө хууль зөрчсөн гэрээг батлахгүй л болов уу.

2015-01-31
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл