"Тавантолгойн өмчлөлийн 51 хувийг манайхан буруу хараад байна"
Зохиогч: М.ЭНХБОЛД
Зохиогч: Өдрийн сонин
Хэвлэсэн он: 2015-02-03

Монгол Улсын сайд М.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойг тойрсон асуудлууд сүүлийн үед их яригдаж байна. Төслийн талаар ярихгүй юу?

-Тавантолгойн төсөл тав дахь жилдээ явж байгаа уралдаант шалгаруулалт. Энэ хугацаанд монголчууд төмөр замын талаар хангалттай улстөржсөн. Тавантолгой төслийг урагш нь явуулахын тулд Монголын хуулийг л мөрдөх ёстой. Монгол төмөр замын тээврийн тухай хуулийн зургадугаар заалтад төмөр зам бол стратегийн чухал ач холбогдолтой. Монгол Улс 51 хувийг нь өмчлөх ёстой. Гэхдээ уг үйл ажиллагаа нь явахгүй байгаа бол дараах биелүүлэх тодорхой нөхцөлтэйгээр барьж байгуулаад ашигласны үндсэн дээр төрд 51 хувийг шилжүүлэх гэсэн заалт дотроо бий. Түүнээс гадна Төмөр замын бодлогоо баталсан. Үүнд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулаад дараа нь 51 хувийг нь төрд шилжүүлнэ гээд бүх зүйл нь нээлттэй байгаа. Бид 51 хувь дээр дэндүү их улстөржсөн. Хуулийн олон гарц байгааг харахгүй зөвхөн нэг гарцтай юм шиг явлаа. Манай улстөрчид энэ талаарх ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.

-2012 онд 121 дүгээр тогтоол гарч байсан. Уг тогтоолоор Монгол төмөр зам компани Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих ёстой гэсэн байна. Үүнийг хүчингүй болгоогүй байж араас нь 268 дугаар тогтоол гарган хөрөнгө оруулагчид Тавантолгойг өөрийн хөрөнгөөр барьж 30 жилийн дараа улсад хүлээлгэн өгнө гэсэн нь асуудал болоод байгаа юм биш үү?

-Төмөр зам бүтээн байгуулалт хийнэ гэдэг нь асар их мөнгө шаардсан ажил. Зам барихаас шал өөр асуудал. 51 хувийг бид өмчилнө гэх юм бол ямар ч хөрөнгө оруулагчид 51 хувьдаа таарсан хөрөнгөө өөрсдөө гарга гэж хэлнэ. Тийм чадамж Монголын төрд байхгүй. Тиймээс Төмөр замын тээврийн тухай хуулийн зургадугаар зүйлд хувийн хэвшлийг дайчлаад тодорхой хугацааны дараа эргүүлэн авах нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт оруулж болно гэсэн заалтыг хэрэглэж бид урагшаа явах шаардлага бий. Хэрэв өөрөө мөнгөө гаргачихдаг мөнгөтэй улс байсан бол энэ асуудал хөндөгдөхгүй. Нэгэнт алдсан зүйлтэйгээ зууралдаад байх биш хуульд байгаа өөр заалтыг ашиглах боломжтой.

-Тэгэхээр 121 дүгээр тогтоолыг хүчингүй болгох ёстой гэсэн үг үү?

-Уг тогтоол хэрэгжиж явсан ч үр дүнгээ өгөөгүй. Тийм ч болохоор УИХ Эдийн засгийг эрчимжүүлэх 34 дүгээр тогтоол гаргаснаар энэ асуудал явж байгаа юм.

-Тавантолгойн хэлэлцээр ямар шатандаа явна вэ?

-Тавантолгой харьцангуй гайгүй яваа. Улстөрчид нь өөр хоорондоо хардаж сэрдэж, улс төрийн хэрүүлд татаж оруулаад энэ төслөө хагалаад хаячихгүй бол явах учиртай. Гадаад талаа харсан ч гэсэн Монголын талаар олигтойхон мэдээлэл ч гарахгүй байна. Дотоод талаасаа ч харсан Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд байгаа. Ингээд харсан ч гэсэн энэ төсөл урагшаа явах ёстой. Улстөрчид нэгдмэл ойлголтод хүрээсэй. Энэ төслөө хурдан явуулаасай л гэж бодож байна.

-Юуг нь буруу хараад байгаа юм?

-Тавантолгойн өмчлөлийн 51 хувийг буруу зөрүү хараад байгаа юм. Улстөрчид энэ талаар олон удаа ярьсан. Хөрөнгөө гаргаж бүтээж чадаагүй байж ингэж болохгүй л дээ. Хөтөлбөрөө хэрэгжүүлээд дараа нь 51 хувийг нь төрд шилжүүлэхээр явж болох хувилбарыг явуулъя гэхээр маргаан дэгдээгээд байгаа нь хууль бус зүйл болж байгаа юм.

-Төмөр зам барихад нийт хичнээн төгрөг хэрэгтэй юм бэ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр зам барихад нэг тэрбум 160 сая ам.доллар шаардлагатай гэж ТЭЗҮ нь гарсан. 51 хувийг нь өмчилнө гээд байгаа бол 500 гаруй сая ам.доллар гаргах шаардлага тулгарна. Бид яваад алдсан замаараа дахин явмааргүй байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд танд хандан асуулга тавьсан байна лээ. УИХ, Засгийн газраас шахалт үзүүлж байгаа зүйл бий юу?

-Би бол том юм харахгүй л байна. Улстөрчдийн ойлголтыг будилуулах, хэрүүл рүү уруу татах гэсэн үйлдлийг харин харж байгаа. Хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар энэ явдал газар авахгүй байна л даа.

-500 сая ам.долларыг консерциумаас өгнө гэсэн яриа гарсан ч одоо больсон сураг байх юм?

-Бид төмөр замд маш их хэмжээний мөнгө хийсэн. Түүнийгээ гаргуулж авмаар байна. Төмөр замын энэ төслийг цааш нь явуулахад хөрөнгө оруулагч толгойгоороо хариуцаж байгаа тул энэ нь ойролцоогоор 230 сая ам.долларын асуудал яригдаж байна. Мөн бид эх орны хишиг гээд Чалко компанид их хэмжээний өр тавьсан. Тэр өрийн үлдэгдэл 133 сая ам.доллар. Уг мөнгийг хөрөнгө оруулагч өөр дээрээ бүрэн үүрэх ёстой гэсэн бодолтой байна. 230 дээр 133 сая ам.доллар нь нэг утгаараа Монголын талд эерэг баланстай гарна. Манай банк санхүүгийн байдал, эдийн засаг хүнд байгаа тул урьдчилгаа мөнгө авчихъя гэсэн бодолтой байгаа. Консерциум уралдаант шалгаруулалт явуулах үед 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн. Гэхдээ дараа биднээс авах ашгаасаа эргэн төлөх нөхцөлтэйгээр өгч болно гэсэн. Ингээд бодохоор ойрмогхон санхүү, эдийн засаг гэх мэт асуудал болчихсон зүйлсээ шийдэх боломжтой. Бид Тавантолгой төслийг ярьж 5-6 жил хэрэлдэж явахдаа улсын нуруун дээр 700-800 сая ам.долларын өр үүсгэсэн байна лээ. Ийм байдлаас болж эдийн засаг доройтож, ийм байдлаас болж банкуудын байдал хүндэрсэн. Явж ирсэн алдаануудаа зөв хараад дундуур нь гарч ирэх хэрэгтэй. Монголын улсын алсын эрх ашгийг зөв авч явах вэ гэдгээ бодох ёстой. Үүнийг хийхийн тулд олон улсын стандарт, практикийг мэддэг байх шаардлагатай.

-Өнгөрөгч долоо хоногт Шинхуа компанийнхан Монголын төмөр зам компани дээр ажилласан гэсэн. Ямар асуудлуудыг хэлэлцсэн юм бол?

-Монголын төмөр зам Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хэрхэн яаж ажилласан ямар хөрөнгө оруулсан, ямар гэрээгээ явсан гэдгээ хөрөнгө оруулагч талдаа үзүүлэх учиртай. Тиймээс ажлын хэрэгцээт гэсэн материалаа үзүүлэх болсон. Нийт материалынх нь хэмжээ 17 мянган хуудас байсан. Тиймээс олон улсын дагуу дата рүүмийг ажиллуулж хөрөнгө оруулагчид түүнийг нь ирж хараад зөв буруугаа ярина. Ядаж л Монголын тал уг хэлэлцээрт сэтгэл гаргаад сууж байна шүү гэдэг итгэлийг олж авахад дата рүүм чухал ач холбогдолтой. Үүн дээр Хятадын хөлсөлж авсан Делойт компанийнхан сууж байгаа. Гэтэл манайхан үүнийг буруугаар ойлгоод нэг компанийн байранд гадныхан ирээд эзэлсэн мэтээр ташаа ойлгоод байна. Мега төсөлд буруу мэдээлэл өгөөд байвал хагарах аюултай.

Үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулалтыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC, Шинхуа, Сумитомо консерциум хариуцаж байгаа юм.

-Сумитомо ганцхан борлуулалтад оролцоно гэхээр хил давуулаад зөөхөөр дахиад л өртөг нэмэгдэх юм биш үү?

-Өнөөдрийг хүртэл манай нүүрс гаргаж байгаа компаниуд Хятадын хамгийн хямдхан зах зээлд гарч байсан. Манай нүүрсийг Хятадын хойд хэсэгт байгаа компаниуд аваад өөрсдийнхөө нүүрстэй холин Тавантолгойн нүүрс гээд үнэ хүргэж зардаг байсан юм. Тэгэхээр бид өөрсдөө гарах хэрэгтэй. Өөрсдийнхөө нэрээр, өндөр үнээр нүүрсээ зах зээлд гаргах шаардлагатай. Өндөр үнэтэй зах зээлд хүрье гэхээр хамгийн хүндрэлтэй нь тээврийн асуудал байдаг. Хятадын нутгаар дамжин өндөр үнэтэй зах зээлд хүрэхэд Шинхуагийн үүрэг маш их. Цаана нь Японы том гангийн үйлдвэрүүдэд нүүрсээ нийлүүлэхэд Сумитомогийн үүрэг мөн л их. Тиймээс Сумитомо энэ төслийн 20-30 хувийг баталгаа болгож авна. Баталгаа болгож авснаа Японы гангийн үйлдвэрүүдэд хүргэж өгнөө гэдэг нь тэр хэмжээгээр бидний үнэ цэнийг өндөрт өргөж байгаа юм. Сумитомо энэ төслөөс эцсийн бүтээгдэхүүн гаргана гэж байгаа нь өөрөө энэ төсөлд бусад банкуудаас мөнгө босгох бололцоог нээж өгч байгаа юм. Үүнийг ойлгохгүйгээр яриа гарч байгаа нь хүндрэл үүснэ шүү гэдгийг хэлмээр байна.

-30 жилийн хугацааг наашлуулах боломж байхгүй юу гэж байна?

-30 жилийн хугацаа бол олон улсад байдаг практик. Бид яагаад хугацаагаа шахаж өгч байгаа юм бэ гэхээр манай төрийн өмчийг мөнхийн авахгүй гэдгийг хэлж байгаа юм. Энэ хугацаандаа ихээхэн хөрөнгө оруулалт хий. Тэр хөрөнгө оруулалтдаа 30 жилд нөхөж аваа л гэдэг зүйлийг хэлж байна. Бид татвараа авна. Бүх хяналтаа тавина. Хугацааг наашлуулж болно гэхдээ хөрөнгө оруулагчид энэ хугацаанд амжихгүй нь ээ гээд хөрөнгө оруулахаа болих эрсдэлтэй. Энэ агуу том төсөл элдэв улс төржилт, хардлагын дунд явдаг тул янз бүрийн мэдээлэл цацах нь буруу.

-1072 хувьцааны үр шимийг монголчууд хэзээ үзэх юм бэ?

-Эрдэнэс Тавантолгой компанийн 20 хувийг ард түмэндээ хувьцаа болгоод өгчихсөн юм билээ. Тэгэхээр Их хурлын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш 1072 хувьцааг амилуулахад хэцүү. Гэхдээ бидний хэлэлцээр сайн явбал уг хувьцааг амилуулах санхүүгийн бололцоо бүрдэнэ.

2015-02-03
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл