Монголд төмөр зам барих асуудал

Монголд төмөр зам барих асуудал  анх сөхөгдсөн цагаасаа буюу ХIХ зууны сүүлч ХХ зууны эхэн үеэс хойш хоёр их хөрш болон Япон, АНУ, Их Британи зэрэг их гүрнүүдийн анхаарлын төвд орсон юм. Монголд төмөр зам барих  асуудал  3 удаа олон улсын анхаарлын төвд гарч ирсэн бөгөөд тухай бүрд хөрөнгө оруулалт, чиглэл, стандарт гэх мэт геополитик, геостратегийн шинжтэй  амаргүй зөрчил, тэмцлийг дагуулж  байв.

Анх 1899 онд Хаант Оросын шахалтаар Манж Чин улс Бээжингээс хойд, зүүн хойд зүгт Оросын хил рүү төмөр замыг зөвхөн өөрсдийн хөрөнгө болон Оросын хөрөнгөөр барих,  бусад ямар ч оронд зөвшөөрөл өгөхгүй байх амлалт авчээ. Геополитикийн болон худалдааны эрх ашгийн үүднээс Орос зөвхөн Хиагт-Өргөөгийн хооронд төмөр зам тавих боломжийг сонирхож байв. Гэвч  зардал их, эдийн засгийн үр ашиг муу гэдэг үүднээс тэд  Монголд төмөр зам барихаас илүү давуу эрхээ хадгалахыг чухалчилж байв. Энэ зорилгын үүднээс Орос 1910,1912 онд  Японтой, 1914 онд  Монголтой нууц  хэлэлцээр байгуулсан юм.      

ЗХУ-ын хүч хөрөнгөөр 1938-1939 онд Улаанбаатар-Налайх, Соловьевск-Баянтүмэний нарийн царигийн  төмөр замууд ашиглалтанд орсоноор Монгол улс анх удаа төмөр замтай болжээ. Үүнээс 10 жилийн  дараа 1948-1949 онд Наушки-Улаанбаатарын хооронд /404 км/, 1952-1955 онд Улаанбаатараас Хятадын хил хүртэл /706 км/ нийт 1110 км өргөн царигийн төмөр замыг тавьсанаар Транс Монголын төмөр замын гол шугам үүсэв. Хойд чиглэлийг барихад  бэрхшээл гараагүй, харин өмнөд чиглэлийг барихаас өмнө  Монголоор дайран Зөвлөлт-Хятадын хооронд төмөр замын шууд харилцаа нээх талаар Хятадтай тохиролцох шаардлага гарчээ. Хятадууд эхэндээ Монголоор дайруулан төмөр зам тавихыг эсэргүүцэж, түүний оронд Шинжааны чиглэлийг санал болгосон боловч  зөвлөлтийн  хүч нөлөөнд автан  1952 оны 9-р сард 3 талт төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурж, Жинингээс Эрээн хүртэл өргөн царигийн төмөр зам тавих үүрэг хүлээжээ.      

ХХI зууны эхээр Монгол-Оросын хамтарсан УБТЗ-ын хяналтанд буй 1800 км төмөр замын сүлжээг өргөтгөх буюу Монголд шинэ төмөр зам тавих асуудал   Монголд нөлөөгөө бэхжүүлэх гэсэн их гүрнүүдийн геополитикийн шинэ тоглоомыг эхлүүлсэн юм. Энэхүү тэмцэл эхлээд Монголын өмнө говь дахь  алт,зэс, нүүрсний  том ордууд тойрон далд хэлбэрээр өрнөж байв. Гэвч 2008 оноос их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил улам бүр ил гарч, эрх ашгаа хамгаалах арга хэмжээг авч эхлэв. АНУ-ын 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар төмөр зам”-д техникийн шинэчлэлт хийхийг ОХУ зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бол Дэлхийн банк Хятадын чиглэлд төмөр зам барих нь Оросын чиглэлээс хэд дахин ашигтай гэсэн дүгнэлт хийв. Монголын засгийн газар төмөр замын салбарт нэг орны монополыг бууруулах, өрсөлдөөн бий болгох үүднээс "Монголын төмөр зам"  үндэсний төмөр замын компани байгуулж,  монголын уул уурхайн хувийн компаниудад Хятад руу гарах  нарийн царигийн төмөр замын зөвшөөрөл олгосон нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн шинэ төмөр замын царигийн стандарт, эхэлж тавих чиглэлийн талаарх зөрчил тэмцлийг улам дэвэргэхэд хүргэв. 2008 оны сонгуулиар гарч ирсэн шинэ парламент, хамтарсан засгийн газар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”/2010/-оор цариг, чиглэлийн маргааныг эцэслэн    шинэ төмөр замд хөрөнгө олох асуудлыг Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэхийг хичээсэн боловч  тендер бүтэлгүйтэж, хөрөнгө санхүүгийн дутагдлын улмаас бодлогын хэрэгжилт зогсоход хүрсэн юм. 2012 онд засгийн эрхэнд гарсан АН тэргүүтэй эвслийн засгийн газар төмөр замын бүтээн байгуулалтыг урагш ахиулахын тулд 2010 оны төмөр замын бодлогын баримт бичигт заасан чиглэлд бага зэрэг засвар оруулан, олон улсын санхүүгийн зах зээлд бонд гарган хөрөнгө босгох замаар  эхний санхүүжилтийг хийж эхлээд байна. Гэвч бонд мөнгийг үр өгөөжтэй зарцуулах,  шинээр барих чиглэлийн дагуу ачаа тээвэрлэх хөлсийг аль болох доогуур түвшинд байлгах,  нэмүү шингэсэн бараа зөөх замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, хувийн, улсын, гадаадын хөрөнгө оруулагчдын  эрх ашгийн тэнцвэрийг хангах гэх мэт  олон  хүнд асуудал  эрх баригчдын өмнө тулгарч байна.          

 

2015-01-30
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл