Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй

Mining Journal/2012-12-24/

Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй

Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна. Тухайлбал, хурлын үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн тэргүүн Д.Тэрбишдагва “Бид Оросын компаниудыг 1800 км үргэлжлэх Монголын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохыг урьж байна. Энэхүү төмөр замд Оросын талын оролцоог 49 хувьд хүргэх боломжтой” гэж мэдэгдсэн тухай Итар тасс агентлаг мэдээлжээ.

 

Төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилд McKinsey-ийн техникийн судалгаагаар 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гарчээ. Энэхүү үлэмж том хэмжээний төсөл хэрэгжсэний дүнд Монголын экспортын хүчин чадлыг 50 сая тонноор нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

 

2012 оны 12-р сарын 26. 15:12

Бусад / дэд онцлох 3 / Шар мэдээ |

Оросуудын гурван сонирхол

ОХУ сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт тогтоосон ноёрхолоо алдаж, БНХАУ давамгайлах болсонтой маргахын аргагүй. Хоёр том гүрний дунд хавчуулагдсан  манай орны хувьд хөршөө сонгох сонголт үгүй. Тиймээс аль алинтэй нь эв зүйтэй харилцаж, тэдний эрх ашгийн огтлолцол дээр ухаалаг тоглолт хийх нь үр өгөөжтэй.

Оросууд алдсан орон зайгаа нөхөхөөр эрчимтэй “довтолж” эхлэв. Эрдэнэт, УБТЗ, Монгол росцветмэнт нэгдэл нь  хангалтгүй санагдаж, тээвэрлэлтийн сүлжээг өргөтгөн атгаж, уул уурхайн том төслийн хөрөнгө оруулагч болж, “хөзрийн” туузыг гартаа байлгах сонирхолтой байна.   Тиймээс нефть боловсруулах үйлдвэр байгуулахад хамтрах биш,  шинэ төмөр зам барих, Таван толгойн төсөл хэрэгжүүлэх, УБТЗ-ыг өргөтгөх  зорилго агуулж байна.

 

ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Виктор Самолейкон ч оросын талын байр суурийг тов тодорхой илэрхийлсэн байна лээ. Өнгөрсөн долоо хоногт  Улаанбаатар хотноо Монгол, Оросын  худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын  ажиллагааны  Засгийн газар  хоорондын  комиссын ээлжит 16  дугаар хуралдаан гурван  өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэхүү хуралдааныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талаас  ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга С.Е. Донской нар  тэргүүлэн ажиллав. ОХУ-ын  Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской   Уул уурхайн сайд Д.Ганхуягтай  онцлон уулзаж, дэд бүтэц, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ  уламжилсэн гэж байгаа.

 

Нэг дэх сонирхол

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг 1949 онд байгуулсан.  Монголын төмөр замыг Оросын хөрөнгө оруулалтаар орос ажилчид барьж  50 хувийг нь Монголд бэлэг болгож өгсөн түүхтэй. Одоо “УБТЗ”-д 16000 Монгол, 20 Орос хүн ажилладаг аж. Оросуудад хэдэн орос хүн ажиллах нь чухал  биш бодлогыг тодорхойлолцож, хяналттай байхыг эрхэмд үзэж буй. Монголын тал 50 хувиа   нэг хувиар өсгөж 51 хувийг эзэмших саналыг гаргалаа ч  оросууд хүлээн зөвшөөрөх  шинжгүй. Харин ч тэд багцаа улам нэмэгдүүлэх, өргөтгөхийг зорьж байгаа учраас  хувь хэмжээгээ бууруулах сонирхолгүй байгаа нь тус улсын албаны хүмүүсийн мэдэгдэл,  ярилцлагаас илэрхий.

 

Оросын засгийн газрын “УБТЗ” дахь хувьцааг 2009 онд “Оросын төмөр зам” /РЖД/-д шилжүүлсэн.  Энэ байгууллага нь   2010 онд  “УБТЗ”-г шинэчлэх төслийг танилцуулж,  дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн атлаа Монгол Улсад АНУ-аас олгож байгаа Мянганы сорилтын сангийн хөрөнгийг төмөр замд оруулахыг хүлээн аваагүй. Тэд бидний дундуур америкчууд гүйх учиргүй хэмээн хаширласан. Дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхэд 125 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар гаргах учиртай. Олон улсын байгууллагын тусламжийн мөнгийг оруулахгүй гэж Оросууд зүтгэснээс болж Монголын талын санхүүжилтийн асуудал бүрхэг болж, УБТЗ-д хийх технологийн шинэчлэл  тодорхой хугацаагаар хойшилсон талтай.  Өөрчлөлт , шинэчлэл хийхгүй бол төмөр зам мараалын элэгдэлд орж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсныг аль аль тал  нь ойлгож байгаа.

 

Ямартай ч Монголын Засгийн газар төсөвт тэрбум гаруй төгрөг суулгаж, хамж шимсээр байгаад 125 сая ам.долларынхаа дийлэнхийг оруулжээ. Дээрх хөрөнгөөр зүтгүүрийг шинэчилж, төмөр замын тодорхой хэсгийг засч   байгаа ч дорвитой технологийн шинэчлэл хийхэд хүрэлцэхгүй. Зүйрлэж хэлбэл, далайд чулуу шидэхээр багахан хүрээ үүсгээд чол хийдэгтэй л адил гэсэн үг. “УБТЗ”-ын шинэчлэлд эхний ээлжинд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ хөрөнгийг гаргаж “УБТЗ” –д “тэсрэлт” хийвэл зөвхөн Эрээнээс Наушкийг холбосон төмөр зам биш зүүн өмнөд Ази, Хятадыг Орос Европтой холбосон тээврийг корридор болох боломжтой аж. Өргөтгөснөөр олон улсын ачаа тээвэр 3-4 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

 

Өнгөрсөн тавдугаар сард, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Хятадад айлчлахдаа Хятадын удирдагч Ху Жинтаотой уулзаж, Орос Хятадын худалдааны талаар хэлэлцээр хийсэн юм.  2011 онд худалдааны хэмжээ  83 тэрбум ам.доллар байсныг  дараагийн жилүүдэд 100 сая доллараар нэмэгдүүлэхээр ярилцжээ.  Тэгэхээр Хятад, Оросын төдийгүй   зүүн өмнөд Азийн хооронд  тээвэрлэлт их хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

 

Тээврийн корридорыг Байгаль хавиар уу,  Казакстанаар  уу,  Монголоор  уу гэж яригдаж байгаа аж.  Тэгэхээр УБТЗ  тээврийн зангилаа болгох боломж байна.  Учир нь тус нийгэмлэгийн 50 хувийг Оросын тал эзэмшиж байгаа. Хойд хөршөөс дэмжлэг авах,  өмнөд хөрш гэдийх магадлалтай. Тиймээс Засгийн газар хооронд хэлэлцээр хийж, Хятадын шинэ удирдагчтай уулзаж, төр засгийн хүрээнд шийдвэрлүүлэх боломж байгаа юм. Хэрвээ энэ зангилаа болж чадвал УБТЗ-ын ачаа тээвэрэлэлт  асар өсөх , үр ашиг нь нэмэгдэх дүр зурагтай байна. Үүнийг ч орос ах нар аль хэдийнэ мэдэрчихээд УБТЗ-д хөрөнгө оруулахаас татгалзахгүйгээ уламжилж буй. Хэрэв ийм зангилаа болбол манай улсад ч ашигтай. 50 хувийнхаа ашгийг хүртээд сууж байна гэсэн үг. Ингэж хоёр хөршийн  бодлого дундаас хожих нүүдэл хийх ёстой.

 

Төмөр зам гэж хамаг мөнгө залгидаг, төрөөс татаас өгдөг байдал хэдийнэ өөрчлөгдөөд байгаа. Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тээвэрлэлтийн асуудал чухал зүйл болж хувирч байна.

УБТЗ түүхэндээ 2011 оноос хойш ашигтай ажиллаж эхэлсэн байгаа юм. 2012 онд үр бүтээл арвинтай байх нь. Тиймээс Оросын тал ч  энэ утгаараа УБТЗ-ын өргөжүүлэх, цаашид зах зээлээ тэлэх боломж байгааг  ч олж харчихаад  байгаа хэрэг.

 

Хоёр дахь сонирхол

Оросууд  Монголын төмөр замыг атгасан хэвээр байхыг зорьж байгаа.  Тэд УБТЗ-аа өргөжүүлж, шинээр төмөр зам барихад онцгойлон оролцох хүсэлт, уриалга ирүүлсээр байна.  Монголын Улсын их хурал  2010 онд шинэ төмөр замын талаарх бодлогоо тодорхойлж, баримт бичгээ  баталсны дараахан л Оросын төмөр зам буюу “РЖД”  Монголын засгийн газарт захидал илгээж байлаа. ОХУ-аас манай улсад суугаа элчин сайдын ярьснаар “Тэд  одоо ч төмөр зам барьж   эхлэхэд бэлэн, мөнгө  нь ч бэлэн, хэрэгтэй бүх зүйлийг бэлтгэсэн” юм байх.

 

Харин тэд шинэ төмөр замын хэдэн хувийг эзэмших юм бэ гэдгийг л анаж байна. УБТЗ-ын 50 хувийг эзэмшиж байгаа бол шинэ төмөр замын бас голлох хувийг авахаар санаархаж буй.

Барих-ашиглах-шилжүүлэх хувилбараар уу эсвэл  хувь эзэмших үү гэдгээ Монгол Улс тодорхойлохыг хүлээж байгаа хэмээн Оросын тал мэдэгдэж байна. Тэдний хувьд бариад, 23 жил ашиглаад Монголын талд  шилжүүлэх хувилбарыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж. Тэгэхээр   орос ах нар  хэмээгддэг шинэ цагийн оросууд  Монголын тээвэрлэлтийн амин судсыг атгаж байхыг чухалчилж байгаагийн илрэл. Тогтоосон орон зайгаа алдахыг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл.  Хятад хэмээх их гүрэнтэй хиллэдэг Монгол Улсын  төмөр замын бодлогыг тодорхойлж, эрхшээлдээ байлгана гэдэг улстөрийн  хувьд ашигтай обьект нь. Монголыг  шатахуун, төмөр замаар нь барьж байх нь тэдний эрх ашигт нийцэж буй биз ээ.

 

Шинээр төмөр зам бариад , ашиглалтад орохоор УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг оросын талын байр суурь ямархуу түвшинд очих уу гэдгээ ч тооцож байгаа. Тиймээс шинэ төмөр зам барих хөрөнгийг бид гаргая, хувь эзэмшлээ л тохироё хэмээн саналаа ирүүлж байна. Оросын тал төмөр замын бодлогыг хэн хариуцах,тарифыг хэн тогтоох  бэ гэдгийг анхаарч буй. Тиймээс ч  Тавантолгойгоос Сайншанд хүртэл төмөр замын суурь бүтцийн 50 хувийг оросууд эзэмших хүсэлтээ илэрхийлж байсан удаатай. Үүнийг нь хүлээн авах боломжгүй, шинэ төмөр замын 51 хувийг Монголын тал эзэмшинэ хэмээн УИХ-аас шийдвэр гарсны  дараа  Тавантолгойгоос Сайншанд  хүртэл  төмөр зам барьчихаад  нэг өөр тарифаар,  Улаанбаатар төмөр замаар өөр тарифаар  тээвэрлээд байж  болохгүй гэсэн саналыг Оросын талаас хүргүүлж байв.

Нэг зам нь мөнгө олоод,  нөгөө зам нь алдагдал хүлээхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж албаны хүмүүс нь мэдэгдсэн байдаг. Үүнээс харахад оросуудад болгоомжлол байна. Монголчууд шинэ төмөр зам барих төслөө өөр орны өөр хөрөнгө оруулагч нартай тохиролцоод хэрэгжүүлэх  вий гэж. Монголын Засгийн газар өмнө нь Таван толгойн баруун Цанхийн төсөлд ОХУ-ын РЖД-гийн тэргүүлсэн консорциумыг шалгаруулаагүй, өөр хөрөнгө оруулагчийг сонгосноо мэдэгдэж байсан  удаатай. Энэ төслийг өмнөх Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж танилцуулаад, түүхий байна гэсэн хариу сонсоод буцаагдснаас хойш өнөөг хүртэл таг чиг байгаа. Тэгэхээр оросуудад монголчууд яаж ч мэднэ, Оросын ноёрхол тогтох вий гэдгээс болгоомжилж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж мэднэ  гэсэн болгоомжлол байгаа нь нууц биш ээ.

 

Гуравдахь сонирхол

Оросууд  Таван толгойд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа.  ОХУ, Монгол Улс хамтран “Дэд бүтцийн хөгжил” гэсэн хамтарсан компани байгуулсан. “УБТЗ”-ын шинэчлэл, шинэ төмөр замын бүтээн байгуулалт болон Тавантолгойг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан гэдэг. Гэвч Монголын Засгийн газар Таван толгойн хөрөнгө оруулагчаа сонгох болсноо зарлаж, шалгаруулахад Оросын төмөр зам буюу РЖД тэргүүлсэн   консорциум жийгдсэн. Тиймээс оросууд “Дэд бүтцийн хөгжил “компанийн Монголын талын хувийг худалдаж авчээ.  “Дэд бүтцийн хөгжил”  100 хувь Оросын, гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулдаг компани болж хувирсан байна.  Энэхүү “Дэд бүтэц хөгжил”  компани УБТЗ, шинэ төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгойг хөгжүүлэх ажилд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.  Дээрх гурван зүйлд хөрөнгө оруулахыг  ОХУ-ын Төр засгийн зүгээс дэмжиж, Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилсэн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үеэр  анхаарлаа түлхүү хандуулсан байна.

Д.Доржпагма              www.times.mn

2012-12-24
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл