Цариг дээр маргалдах шаардлагагүй, өөр боломж бий БНХАУ-ын нутгийн гүн рүү тээвэрлэхийн тулд Эрээн

2014,03,18  Эдийн засаг

Цариг дээр маргалдах шаардлагагүй, өөр боломж бий

БНХАУ-ын нутгийн гүн рүү тээвэрлэхийн тулд Эрээн хот дээр ачааг нь буулгахгүй вагоны дугуйг нь солиод явж байлаа.

 

Л.Баатархүү

 

УИХ-ын гишүүн асан, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн зөвлөх Р.Рашийг “Бодлоготой ярилцлага” буландаа урилаа. Түүнтэй төмөр замын тээвэрлэлт болон бусад холбогдох асуудлаар ярилцав. 

 

 “Транзит монгол-2014” мөн Төмөр замын хамтын ажиллагааны гишүүн зургаан орны төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт болсон. Энэ уулзалтыг та хэрхэн дүгнэж байна вэ? 

 

Энэ онд ОХУ, БНХАУ, Вьетнам, Өмнөд Солонгос, Казахстан, Монгол гээд зургаан орон төмөр замаар хэдий хэмжээний ачааг, ямар өртгөөр яаж тэвээрлэх тухай ярилцсан. Нөгөөтэйгүүр хоёр хөрш Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох талаар энэ удаад голлон ярилцлаа.

 

“Транзит монгол-2014” бага хурлын үеэр төмөр замын шинэ чиглэлүүдийг хаагуур ямар байдлаар гаргаж болох вэ зэрэг асуудлаар нэлээд сонирхолтой илтгэлүүдийг оролцогчид тавина билээ. Тухайлбал, Баянтүмэнгийн чиглэлээр урдаасаа хойш ОХУ руу чингэлгийн их хэмжээний барааны урсгал гаргахаар Хятадууд анхаарч байгаа юм байна. Бидэнд бараа тээвэрлэлтийн хоёр том өрсөлдөгч бий. Нэг нь Казахстан, хоёр дахь нь Юкосийн чиглэл. Казахстан гэхэд  хуучин чиглэлүүддээ маш их анхаарал хандуулж байгаа. Монгол Улс Казахстан болон бусад өрсөлдөгч нарынхаа өмнө гарахын тулд үнэ тариф, мэдээлэл, зай гээд олон асуудалд уян хатан хандана. 

 

Манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээвэрт үзүүлэх хөнгөлөлтөд ямар байдлаар уян хатан хандана гэсэн үг вэ?

 

Зөвлөлдөх уулзалтаар ч үнэ тарифыг хямд байх талаар манай талаас илтгэлдээ дурдсан. Өөрөөр хэлбэл, 200 мянган тонн ачаа тээвэрлэлт Улаанбаатар төмөр замаар явуулсан тээвэр зуучийн компани бид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх учиртай. Ойролцоогоор 10 хувь байх. Гэхдээ нарийн тооцоогоор хувь нь өөрчлөгдөнө. 

 

Хоёр хөршид хөнгөлөлт хэдэн хувьтай, ямар байдлаар урамшуулал үзүүлдэг вэ?

 

Янз бүр л дээ. Манай чиглэлд “Нэгдсэн нэвтрэх тариф” гэж олон улсын тариф бий. ОХУ гэхэд Монгол, Өмнөд Солонгосын тал руу явах ачаанд 20 хувийн хөнгөлөлт олгоно гэдэг. Харин манай төмөр замаар чингэлэг ачаа явбал бид өнөөдрийг хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Цаашдаа эл хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлэх шаардлагатай. Аливаа зүйлийг эхлээд хямд дүнгээр, дараа нь ачаа татаж, тоо нь ахиад ирвэл дасгаж байгаад үнэ өртгөө аажмаар нэмэх бодлого барих нь зөв. 

 

“Улаанбаатар төмөр зам” Монгол Улсын шатахууны 20 хувийг хэрэглэдэг

 

Транзит тээвэрлэлт нэмэгдснээрээ манай улсын эдийн засагт хэр хэмжээний орлого төвлөрүүлэх тооцоо хийсэн бэ?

 

Транзит ачааг нэмэгдүүлснээр, манай төмөр замаар энэ төрлийн ачаа их явбал “Улаанбаатар төмөр зам”-ын хэрэгцээгээт түлшийг бүрэн хангах боломжтой. Уг байгууллага шатахууны улсын гурван том хэрэглэгчийн нэг. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр, хөдөө аж ахуй, “Улаанбаатар төмөр зам” одоогоор Монгол Улсын шатахууны дийлэнх хувийг хэрэглэж байна. Сүүлийн үед уул уурхайн салбар орж ирлээ. 

 

“Улаанбаатар төмөр зам”-д 200 мянган тонн шатахуун байхад бараг жилийн хэрэгцээгээ хангах боломжтой. Хувьд шилжүүлбэл, манай улс нэг жилд сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 20 хувь нь төмөр замд очиж буй юм. Нөгөөтэйгүүр тив хооронд Орос, Монголын нутгаар тээвэрлэх чингэлэгт хоёр улсын аль аль нь хөнгөлөлт үзүүлж байж гэмээнэ ашигтай тусна. Тиймээс ах нарын транзит тээвэрт үзүүлэх хөнгөлөлт хамгийн том ач холбогдолтой. Хэрэв нэг нь хөнгөлөлт үзүүлэхгүй бол энэ тээврээс ашиг харахад хэцүү.

 

Нарийн цариг барихгүйгээр дугуй сольж бүтээгдэхүүнээ гадагшаа тээвэрлэж болно

 

Түүнчлэн өнөөдөр олон нийтийн дунд төмөр замын царигийн асуудлаар хүлээлт үүсчихлээ. Та “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” боловсруулах ажлын хэсгийн ахлагч байсан хүн. Ер нь бид нүүрсээ гуравдагч зах зээл дээр гаргаж үнэд хүргэхийн тулд царигийн өргөн, нарийнтай зууралдахгүйгээр өөр ямар арга хэрэглэж болох вэ?

 

Тухайн үед буюу өнгөрсөн 2010 онд “Төрөөс замын талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аас хэлэлцэж батлахад миний бие ажлын хэсгийн ахлагч байсан. Уг бодлогыг хэлэлцэж байх үед маш их маргаан дэгдсэнийг уншигчид мэдэж буй. Өргөн, нарийн гэдэг дээр бараг талцсан. Тиймээс нэгэнт төрийн бодлого юм хойно дундын хувилбарыг баримталж баталсан хэрэг. Гарцаагүй нэг чухал зүйл бол одоогийн ашиглалтад байгаа төмөр замтай нийлэх буюу огтлолцоход өргөн цариг байхаас өөр ямар ч арга байхгүй. Харин уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргаж борлуулах тал дээр ямар цариг байх хэрэгтэйг нэлээд бодолцож, зөв шийдвэр гаргах нь чухал. 

 

Миний хувьд ийм нэг санаа өвөртлөж явдаг юм. Өнгөрсөн 2003-2005 онд Юкосийн ачаа манай улсаар дамжин явсан. Уг ачааг БНХАУ-ын нутгийн гүн рүү тээвэрлэхийн тулд Эрээн хот дээр ачааг нь буулгахгүй вагоны дугуйг нь солиод явж байлаа. Тэгэхээр бид дугуй худалдаж авах хэрэгтэй. Ийм судалгааг хийчихэж болдоггүй юм болов уу. Товчхондоо галт тэрэгний дугуйг солих ачаа буулгаж, ачихаас зардлын хувьд маш хямд тусна. Шилжүүлэн ачих байгууламж баривал бидний халааснаас байнга илүү мөнгө урсана гэсэн үг. Ингээд өнөөх нүүрсний өртөг, үнэд сөргөөр нөлөөлнө. 

 

 Төмөр замчдын сахилга бат суларсан тухай яриа бас гарах болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

Сахилга бат сулраад, уяа оосор нь тасрах гэсэн зүйл байхгүй. Гэвч төмөр замчдын орлого, цалин, урамшил хумигдах янзтай болоод ирэхээр ажилчдын сэтгэл гэгэлзэж л таарна шүү дээ. Төмөр замын хөдөлмөр бол хүнд. Ээлжийн ажил гэхэд л шөнийн 16-06 цагийн хооронд ажиллахад нүд хорсоод байдаг юм шүү дээ. Энэ цагт адуу хүртэл үсэрч ойчдог юм.  Төмөр замын дүрэм журмыг цусаар бичигдсэн дүрэм гэдэг. Сахилга батын зөрчил заримдаа дуулдаад л байх юм. Ийм байдал зөвхөн одоо гарч байгаа хэрэг биш. Урьд нь ч мэр сэр байсан. Гэхдээ ажлын гологдол, зөрчил нэг гарахаараа ямаа ишиглэж буй юм шиг дуу дуугаа авалцаад байдаг тал бий. Үүнийг л их анхаарах ёстой. Аливаа зүйл ямар нэгэн учир шалтгаантай байдаг.

 

Мөн нэг талаас нь харвал Төмөр зам вакуум орчинд байгаа юм биш. Нийгэмд болохгүй байгаа бүхэн Төмөр зам дээр ямар нэг хэмжээгээр тусч л таарна. Ер нь Төмөр замыг хожих гэсэн оролдлого энд тэндгүй дуулдах боллоо. Нийгэмд ч амиа хичээх, хувиа бөөцийлөх үзэл түгээмэл шинжтэй болжээ. Нийгэмд бол нэлээд тохиолдолд улсын ажил урсгалдаа маягтай, харин хувийнх нь дэргэдүүр нь амжаад байх жишээтэй. Төмөр зам үүнд хориг тавих хэрэгтэй.

 

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

2014 оны 3 сарын 7 · Тренд

Транзит тээврийг нэмэх боломжийг Өмнөд хөрш хязгаарлав

Оросын тал дээрх 2.2 сая тонн дээр нэмж нэг сая төмрийн хүдэр, нэг сая тонн нүүрс тээвэрлэх саналыг манай талд хэлсэн байна.

 

-Транзит тээврийн нэмэгдэл 760 мянган тонн ачаанаас 30 тэрбум төгрөгийн орлого олно-

 

Л.Баатархүү

 

Энэ сарын 3-7-нд “Транзит Монгол” олон улсын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. ОХУ, БНХАУ, Казахстан, Вьетнам, Өмнөд Солонгос, Монгол гээд Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төлөөлөл ийнхүү чууллаа. Өнгөрсөн онд манай улсад түүхэндээ анх удаа төмөр замын ачаа тээвэрлэлт нь 21 сая тоннд хүрсэн.

 

Тэгвэл энэ онд 23 сая тонноос давуулах боломж бүрдсэн талаар Зам тээврийн яамны Төмөр зам, Далайн бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга Ё.Манлайбаяр онцлов. Түүнчлэн транзит тээврийг хөгжүүлэх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар хөрш орнууд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Өнгөрсөн онд манай улсын нутаг дэвсгэрээр 1.5 сая тонн транзит тээвэр явж байсан бол энэ жил 2.2 сая тоннд хүрэх аж. 

 

Уг нь  транзит тээврийг үүнээс ч илүү тонноор нэмэх боломж байжээ. Оросын тал дээрх 2.2 сая тонн дээр нэмж нэг сая төмрийн хүдэр, нэг сая тонн нүүрс тээвэрлэх саналыг манай талд хэлсэн байна. Гэвч Өмнөд хөршийн Эрээн хотоос цааших төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа гэдэг шалтгаанаар асуудлыг хүлээж аваагүй гэнэ. Энэ жилийн транзит тээврийн нэмэгдэл болох 760 мянган тонн ачаанаас Монгол Улс 30-аад тэрбум төгрөгийн орлого олох нь. 

 

Дашрамд дурьдахад бараг 20 жилийн хугацаанд ярьж ирсэн Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн асуудал энэ онд биеллээ олж буй. Орос, Монголын талаас нийт уг шинэчлэлд зориулж 256 сая ам.долларыг 2014 онд зарцуулна. Техникийн шинэчлэлээ бүрэн хийснээр ирэх оноос эхэлж төмөр замаар тээвэрлэх ачаа 33 сая тонноос давах төлөвлөгөөтэй байгаа юм. 

 

2014-03-18
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл