Р.Раш: Урд хөршийнхөө итгэлийг илүү татах байлаа

Р.Раш: Урд хөршийнхөө итгэлийг илүү татах байлаа

Р.Раш: Нарийн царигаа шийдчихсэн бол урд хөршийнхөө итгэлийг илүү татах байлаа

2014.08.04

“Ярилцах цаг” булангийн зочноор “Улаанбаатар төмөр зам”-ын зөвлөх Р.Рашийг  урилаа. 

-ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд манай улсад  удахгүй айлчилна. Ярих  гол асуудал нь төмөр замын салбарт өрнөхийг  хэвлэлүүд онцолж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн  хоёр том гүрний төрийн тэргүүн найм, есдүгээр сард айлчлах нь тодорхой боллоо. Хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилж байгаа нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх нь дамжиггүй. Учир нь энэ хоёр том гүрэн дэлхийн бодлогыг тодорхойлолцож байгаа шүү дээ. Тэдэнгүйгээр  дэлхий ямар ч асуудлыг шийдэх боломжгүй.

Тиймээс ганц манай улс ч биш энэ хавийн бүс нутгийн хувьд  маш чухал үйл явдал тохиож байна. Айлчлалаар олон асуудал ярьж таарна. Тэр дотор эдийн засгийн харилцааны чухал хэсэг болох тээврийн салбар дахь хамтын ажиллагаа, түүн дотроо төмөр замын салбарын  хамтын ажиллагаа голлох  байр суурийг эзлэх байх. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт Петрбургийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, хоёр  улсын төмөр замын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, Монголын транзит коридорыг олон улсын тээвэрт яаж илүүтэй ашиглах вэ талаар боломжийг  нэмэгдүүлэх тухай ярьсан. Хятадын төрийн тэргүүн ч энэ асуудалд ач холбогдол өгч таарна. Тиймээс Монголын төмөр замын  зөвхөн хөрш орнуудын бус олон улсын ач холбогдол, үүрэг ихээхэн  дээшлэх учиртай. Харин тэр нөхцөл боломжийг бид сайн ашиглах шаардлагатай юм.

-Транзит тээврийн тухайд ямар яриа хэлэлцээ өрнөх бол?

-Айлчлалын үеэр  Монголын төмөр замын одоогийн хүчин чадлыг сайжруулах, ачаа эргэлт, ялангуяа транзит ачааг нэмэгдүүлэх  талаар ярих  байх. Тухайлбал, Америкаас гарсан ачаа ОХУ-аар дамжиж манайд ирэх жишээтэй. Мөн Хятадаар дамжиж   Монголд ирэх жишээтэй. Дэлхийн бусад улс орноос ч ийм л байдлаар ирж байгаа. Тиймээс гурван орны хооронд хийгдэх ёстой “Транзит тээврийн хэлэлцээ” гэж  дээхнэ үед  эхэлсэн. Уг нь энэ ажил олон улсын хэлэлцээрийн хүрээнд зохицуулагддаг.

Гэхдээ НҮБ-аас энэ асуудалд зориуд анхаарч Монголын эдийн засгийг дэмжихэд Орос-Хятад-Монгол гурван улсын хоорондын транзит тээврийн тусдаа хэлэлцээр байх ёстой гэж үзсэн. Энэ талаар одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа, тухайн үед НҮБ-д Монголын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Энхсайхан   ихээхэн санаа тавьж, Энэтхэг, Хятадын хооронд оршдог Бирм  улсаас жишээ авч санал дэвшүүлж байсан. Тэр хэлэлцээр сүүлийн үед зогсонги байдалд орчихлоо. Түүнийг сэргээж нэг мөр болгон шийдвэрлэж хэрэгжүүлэх  хэрэгтэй юм.  Тэгвэл манай төмөр замын ачаа эргэлт нэмэгдэх эрхзүйн  нэг нөхцөл  бүрдэнэ. Энэ мэтээр  транзит тээвэр ашиглах  нөхцлийн тухай асуудал нь өндөр хэмжээнд болж буй хоёр хөршийн тэргүүний айлчлалаар ярих чухал асуудлын  нэг болно гэж бодож байна. Үүнийг би өмнө нь бүх зүйл сайн байгаад одоо болохгүй болчихсон мэтээр хэлж байгаа юм биш. Өмнө  нь ярьж байсан, болох нь болж, болохгүй нь хойш тавигдаж.

Ярьж байгаа асуудлаа цэгцэлж олон улсын тээврийн бодлого явуулах эрхзүйн харилцаанд шийдвэрлэх алхам хийгээсэй гэж харж байна. Мөн төмөр замын олон улсын харилцааны  мэргэжилтэн   бэлтгэх, Бангког, Варшав, Женев  дэх  төмөр замын газарт төлөөлөгчөө суулгах гэхчлэн бодох юм их бий. Тийм хэмжээний мэргэжилтэн бэлтгэж хэрэг эрхлүүлэх аваас хаана ч бусдын амыг харах бус асуудлаа чөлөөтэй ярих  боломж бүрдэнэ. Нөгөө талаар манай төмөр замд өнөөдөр ачааны вагоны үндэсний парк эрс дутагдалтай боллоо. Хуучирлаа. Уг нь Красноярск-Эрээний хоорондох модны тээвэрт өөрийн вагоноо хэрэглэх, Эрээн-Улаанбаатарын хоо­рондох цемент тээвэрлэлт мөн ялгаагүй. Ингэж чадвал тээврийн зардал багасах нь ойлгомжтой. Үүнийг бид ойрын хугацаанд шийдэх ёстой болж байна.

Монголын транзит коридорыг олон улсын тээвэрт яаж илүүтэй ашиглах асуудалд Орос, Хятадын талаас ач холбогдол өгч байгаа. Тиймээс Монголын төмөр замын  зөвхөн хөрш орнуудын бус олон улсын ач холбогдол, үүрэг ихээхэн  дээшлэх учиртай. Харин тэр нөхцөл боломжийг бид сайн ашиглах шаардлагатай юм.

-Хоёр хөршийн төрийн тэргүүн ирэхдээ төмөр замын талаар ярина гэж байдаг. Гэтэл манайх төмөр замын царигаа ч шийдээгүй, намрын чуулган хүртэл хойшлуулчихаад сууж байгаа шүү дээ. Тэгэхээр яах бол?

-Анх Засгийн газраас орж ирсэн төсөл нь 2010 онд батлагдсан “Төрөөс тө­мөр замын талаар ба­­римтлах бодлого”-д ний­цүүлж оруулжээ гэж ойлгосон. Харин хав­рын чуулганаар хэлэлцэх явцад  нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй хойшлуулчихлаа. Уг нь хоёр хөршийн  төрийн тэргүүний том хэмжээний айлчлал болох гэж байхад бид нэгэнт баталчихсан төрийн бодлогынхоо дагуу царигаа  шийдчихсэн бол олон зүйл тодорхой болж хурдацтай явах байсан. Ялангуяа урд хөршийнхөө  итгэлийг  илүүтэй хүлээх  байлаа. Урд хилээр нарийн царигаа тавьчихсан бол өнөөдөр тодорхой  ашиг орлоготой болчихсон байх байсан. Хойд хөршийн хувьд, манай Ерөнхий сайд РЖД-ийн ерөнхийлөгчтэй уулзахдаа  урд чиглэлдээ эдийн засгаа харсан байдлаар хандахаар болсноо мэдэгдсэн. Тэр тухай хэвлэлийн мэдээнээс би  урагшаа нарийн царигтай болохыг Оросын тал дургүйцээгүй юм байна гэж ойлгосон шүү дээ. Тиймэрхүү  зүйлүүдэд  бид улсынхаа эрх ашгийг  урдаа тавьж явсан бол боломж байсан.

-Ингэхэд, манай улс ОХУ-тай хувь нийлүүлсэн төмөр замтай. Урагшаа нарийн цариг тавихыг ОХУ зөвшөөрдөг үү, эсвэл...?

-Өнөөдөр хувь нийлүүлэн ажиллаж байгаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг л бид Оросын талтай 50, 50 хувиар хуваан ашиглаж байгаа. Түүнээс биш шинэ төмөр замын тухай асуудал бол хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хүрээлэлд хамааруулах уу, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Гэхдээ Орос нөхдийн хувьд  бас тэгж ярьдаг тал бий. Буруу биш л дээ, тэр нь. Тэгээд ч манай улс 1520 мм-ийн төмөр замтай айл шүү дээ. Тэгэхээр их олон цариг хүндрэл үүсгэнэ гэж Оросын төмөр замын аж­лын олон жилийн турш­лагатай хүмүүсийн  зүгээс ярьдаг нь буруу биш юм.

-Царигийн талаарх манай төрийн бодлогын тухайд та юу хэлэх вэ? 

-Төрийн бодлогод тодорхой байгаа шүү дээ. Тухайлбал, одоогийн байгаа төмөр замтай огтлолцох буюу нийлэх замын цариг 1520 мм байхаас аар ямар ч арга байхгүй. Харин гол замтай огтлолцохгүй, хилийн ойролцоо, олборлох үйлдвэр нь борлуулах зах зээлдээ ойр байгаа нөхцөлд өөр царигийн төмөр замыг ашиглахад эдийн засгийн хувьд болохгүй зүйл биш. Эцсийн эцэст бид нүүрсээ аль болох хэмнэлттэйгээр нийлүүлэхгүй бол дэлхийн зах зээл дээр өрсөлдөөн их байна. Төмөр зам бол төмөр замтай байхын тулд байгаа төмөр зам биш тээвэр хийхийн тулд байгаа төмөр зам шүү дээ. Тэгэхээр нүүрсний олон улсын хэрэглээ хэр удаан үргэлжлэх вэ, хойгуур, урдуур  маань байгалийн  хийн хоолой тавигдаж байгаа зэргийг бодолцох хэрэгтэй.

-Төмөр замд оруулах хөрөнгө оруулалтыг  хоёр тал тус бүр 125 сая ам.доллараар нэмэг­дүүлэхээр хэдэн жилийн өмнө  тохирсон санагдана. Ямар шатанд яваа вэ?

-Одоогоос 3-4 жилийн өмнө Улаанбаатар тө­мөр замын хүчин чад­лыг нэмэгдүүлэх талаар Монгол-Оросын Засгийн газар хооронд тохиролцож тал талын капиталын хувийг тус бүр 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдсэн юм. Оросын тал  гурван жилийн өмнө шахуу тэр үүргээ биелүүлж, төмөр замын зүтгүүрийн аж ахуйг шинэчилж нийт 37 шинэ зүтгүүрийг нийлүүлсэн. Нэг хэсэгтээ Монголын төмөр зам зүтгүүрээрээр толгой өвдөхгүй болсон. Манай тал одоо 70 сая ам.долларын асуудал шийдэх шаардлагатай байгаа. Түүнийгээ төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ялангуяа төмөр замын дохиоллын системийг хэсэгчилсэн байдлаар, ачаалал ихтэй цэгт автомат болгох, аюулгүй байдлынхаа баталгаат хяналтын системийг улам боловсронгуй болгоход зориулж радио холбооны системийг шинэ төвшинд аваачих шаардлагатай байгаа. Замын аюулгүй байдлын хяналтын системийг улам сайжруулах, орчин үеийн төвшинд хүргэхэд анхаарч ажиллаж байна. Энд төмөр замын мэргэжлийн инженерүүдийн үг жин дарах ёстой.”Railbus”-дизель вагон наадмын үеэр их хэрэг боллоо. Цаашид түүнийг Багахангай-Багануурын чиглэлд мөн ядаж Батсүмбэр хүртэл явуулбал зүгээр. Харин 40 литрийн  бетонтой сүү оруулахгүй  байх хэрэгтэй. Дээр нь хот, дүүргийн галт тэрэгний алдагдлыг орон нутаг хариуцдаг номтойг цаашид хаа хаанаа анхаарвал зохилтой.

-Эцэст нь асуухад  өнөөдөр манай төмөр замын салбарт  байдал ямар байна?

-Ганц төмөр зам ч биш бид цөмөөрөө гадарлаж байгаа шүү дээ, манай эдийн засаг  сайнгүй байна. Түүний л адил. Төмөр замын тухайд  улсын эдийн засгийн фон дээр ярихаас өөр аргагүй. Ачаа бараа эргэлт их биш, ялангуяа урагшаа Замын-Үүд-Эрээнтэй холбосон автозамтай  болсон болохоор жижиг оврын ачаа авто тээвэр рүү шилжчихлээ. Үндсэндээ төмөр зам ачаа бараа эргэлтийнхээ  тодорхой хувийг бусдад алдаж байна  гэсэн үг. Ингэлээ гээд  төмөр замыг  шууд буруутгах аргагүй. Нөгөө талаас явахаас өөр яахав гээд завилаад сууж болохгүй, менежментээ дээшлүүлэх, хөнгөн шуурхай байдлаа нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Транзит ачаа эргэлтийн хувьд харин боломж хамаагүй илүү байгаа. Манайхаас гадагшаа гардаг экспортын ачаа олигтой явахгүй байна. Орж ирж байгаа ачааны хувьд урдаас барилгын материал, хойноос нефть шатахуун оруулж ирдэг. Түүнээс биш экспорт  тун маруухан байгаа юм. Зорчигч тээвэр ч одоогоор улирал, дээрээс нь хүмүүсийн амьжиргаатай холбоотой бас найр наадам амралтын байдалтай  байна. Ер нь тэгээд төмөр зам цаг, улирлаас, бусдаас ихээхэн хамааралтай тээвэр юм шүү дээ. Аж үйлдвэр шиг  байнга яваад байна гэсэн ойлголт байхгүй. Нэмж хэлэхэд, төмөр замын эдийн засаг ядмагдуу талдаа байгаагийн нэг учир нь алдагдалтай тээвэр хэвээрээ байгаад байдаг. Тухайлбал, цемент тээвэрлэлт байна. Урдаас оруулж ирж байгаа цемент тээвэр нь алдагдалтай. Төмөр зам энэ чиглэлд тэрбум гаруй төгрөг алдаж байгаа юм. Тэглээ гээд ашиглалтад орж буй барилгын метр/кв-ийн үнэ  буурч байгаа юм байдаггүй. Энэ талаар би ШӨХТГ-ын удирдлагатай  ярьж байсан.

Мөн нефтийн тээвэр байна. Төмөр замын хувьд том тээвэр, гэтэл бас л алдагдалтай. Ингэж тө­мөр замд алдагдал үүрүүл­чихээд бензин шатахууны үнэ хямдарсан юм алга. Чингэлэг тээвэр ч мөн адил. Сүүлийн үед ачааны алдагдал, эвдрэл, гэмтлээс болгоомжлох орчин үеийн том тээврийн хэрэгсэл нь чингэлэг тээвэр болсон. Энэ мөн л алдагдалтай. Хэрэв энэ асуудлыг тэгшитгэлээ гэхэд харин төмөр зам үнээ нэмсэн гээд далимдуулах юм их гарах байх. Ийм байхад төмөр замын эдийн засаг яаж сайн бай­­хав дээ. Төмөр зам өөрөө ус ууж, өвс иддэг салбар биш. Адилхан л шатахуун хэрэглэж, сэлбэг хэрэгсэл тавьж, олон мянган ажилчдын цалин, нийгмийн асуудал гээд олон юм байна. Энэ бүгдийг улс  хянах нь зөв ч, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байлгах ёстой.

-Цаашид улс орны эдийн засгийг өсгөх, тог­твор­той байлгах гарцыг та хэрхэн харж байна?

-Бид хөршүүдтэйгээ хөтлөлцөж байж л хөгжинө шүү дээ. Энэ талаар Хятад улсын баримталдаг бодлого бол бид ганцаараа хөгжихгүй, хөршүүдтэйгээ хөтлөлцөж хөгжинө, тивийнхээ хөгжлийг тодорхойлно гэж байна. Түүнийг нь бид ашиглах шаардлагатай. Би 2007, 2008 онд засагт богинохон хугацаанд ажиллахдаа Хятадын Тээврийн яамны сайдтай уулзах завшаан таарсан юм. Тэр хүн надад “Би Монголын Зам тээврийн сайдаар ажилласан олон хүнтэй уулзсан. Ирээд жаахан ярьж байгаад л явдаг  юм” гэж байсан. Ухаандаа ирээд ярьж байгаад л явдаг юм гэсэн санаа шүү дээ тэр нь. Тэгээд “Хятад улс дандаа та нарт тусалъя гэж хэлээд байх ч юм уу, үгүй ч юм уу.

Тиймээс танайхан Хятад улс  алгаа дэлгэж байгаа  дээр нь боломжийг ашиглах хэрэгтэй” гэж байсан. Түүнийг би үнэ­хээр нөхөр ёсны зөвлөгөө өгч байна гэж ойлгосон. Тэр тухайгаа би ирээд Засгийн газрын хуралдаанд танилцуулж “Ер нь бид жижиг атлаа хямсаганаж явдгаа болих хэрэгтэй юм” гэж хэлж байсан. ОХУ-тай ч бид олон жил хамтран ажиллаж ирсэн. Тэр боломжоо улам ахиулах сайхан бо­лом­жийг алдахгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед Орос-Монголын хамтын ажиллагаа нэлээд саар­сан. Ард түмэн бол орос таваарыг хуучин сэт­гэхүйгээрээ хүсээд байдаг, чихэр ч гэсэн орос чихэр авах дуртай, гурил ч мөн адил.

Оросын тал гэхэд  ялангуяа наагуураа манай махны хэрэгцээ их байдаг. Гэтэл энэ асууд­лаа  бид олигтой шийдэж чаддаггүй. Хил гааль, ма­лын хорио цээрийн асуудлыг оросууд тавилаа гэж яриад байдаг. Гээндээ ч бий, гоондоо ч бий л байх. Энэ бүгдийг нэг мөр болгож шийдэх хэрэгтэй. Мал, мах бол манай хөдөө аж ахуйн салбар дахь маш том боломж, эдийн засгийн гол хөшүүрэг. Бодвол энэ талаарх асуудлаа салбарын яам нь бэлтгэж байгаа байлгүй дээ. Мөн нефть олборлолт, Хөвсгөлийн чиглэлийн төмөр зам, хийн хоолой гэхчлэн яриад байвал  олон юм бий.

http://economy.news.mn/print/content/186093.shtml

2014-08-04
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл