Гашуун сухайтыг Ганц мод боомттой холбосон нарийн төмөр зам 14 км үргэлжилнэ

Гашуун сухайтыг Ганц мод боомттой холбосон нарийн төмөр зам 14 км үргэлжилнэ

Өдрийн сонин, 2014 оны 3 дугаар сар 26

Гашуун сухайтын боомтыг  БНХАУ-ын  Ганц мод боомттой хол­босон нарийн төмөр зам барьж ашиглах зорилго бүхий "Гашуун сухайтын төмөр зам" ХХК-ийг байгуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын тог­тоол саяхан гарсан билээ. Нарийн төмөр зам гэсэн үгэнд ач холбогдол өгч, нарийн өргөн царигийн талаар эцэс төгсгөлгүй маргаан шийдэгдсэн гэж баярлахад хараахан эртдэх бололтой. Гуравдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газ­рын хуралдаанаар "Гашуун сухай­тын төмөр зам" ком­па­нийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувь­цаа эзэмшихийг Эрдэнэс-таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Засгийн газар энэхүү алхмаа "Нүүрсний экспортыг нэмэг­дүүлэх, гадаад худалдааны тэнц­вэрийг сайжруулах" зорилгоор хэмээн тодотгосон ч үнэндээ 14 км төмөр замын талаар яригдаж байгаа аж. 

Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохи­цуулах газрын дар­га Ё.Манлайбаярын тайл­барласнаар бол том болон жижиг "Таван толгой", "Энержи ресурс", "Шинхуа МАК" хамтран "Гашуун сухайтын төмөр зам" компанийг байгуулахаар болсон байна. Уг компанийн байгуулах гээд байгаа төмөр зам нь үнэндээ 14 км аж.  Гэхдээ энэ зам  Энержи ресурс Ухаа худагаас тавьж эхэлсэн 267 км замын төгсгөл хэсэг юм. Уг төмөр замыг улс үргэлжлүүлж байгаа. Стратегийн ач холбогдолтой төмөр замд төр давуу эзэмшилтэй байхаар хуульчилсан учраас хувийн компанийн эхлүүлсэн уг ажлыг  2012 онд  "Монголын төмөр зам" компани өвлөж авсан. Хөрш ОХУ-д л гэхэд хувийн төмөр зам гэж байдаг­гүйг газрын дарга онцолж байна лээ. Ийнхүү төмөр замын суурь бүтэц барих  газар шорооны ажил 70 хувьтай 208 дахь километртээ яваа аж. Дээр дурдсан дөрвөн компани энэхүү ажлыг түргэвчлүүлэхээр хил дээрээс угтуулан  төмөр зам тавихаар  шийдсэн гэнэ.      

Ухаа худаг-Гашуун сухай­тын төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Samsung C&T" компани ажиллаж байгаа. Тус компани зам барилгын ажилд дотоодын  12 компанийг туслан гүйцэт­гэгчээр ажиллуулжээ. Тэд  2015 оны долдугаар сар гэхэд барилгын ажлаа дуусган,  аравдугаар  сард  ашиглалтад өгөх үүрэг хүлээсэн юм. Шинэ төмөр зам тавигдсан нөхцөлд  30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Өдгөө манай улс төмөр замаар жилдээ 21 сая тонн нүүрс экспортолж байгаа шүү дээ. Машинаар тээвэрлэснээс дор хаяхад хоёр дахин хямд зардлаар нүүрсээ тээвэрлэх хүлээлт бий. 

Тус консорциум нарийн төмөр замаа тавиад   Монголын төмөр замд хүлээл­гэж өгөх юм байна. Монголын төр "Монголын төмөр зам" компаниар дамжуулан  шинэ  төмөр замын 51 хувийг эзэм­шинэ. Үлдсэн 49 хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хуваалцах учиртай. Төмөр замын царигийн асуудлаар яамныхан ам чангатайхан явцгаана. Царигийн асуудал одоохондоо шийдэгдээгүй гэсэн байр суурь  ч сонсогд­сон. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Ё.Манлайбаяр дарга л "УИХ-аас баталсан төмөр замын бодлогоор өргөн царигтай байна гээд шийдчихсэн" гэлээ. Гашуунсухайтын боом­тоос Ганц мод хүртэл тавих төмөр замыг нарийн байна гээд байгаа юм биш үү хэмээн лавлахад "Хил дээр учраас сэлгэн ачилт хийх байгууламж барина" хэмээн тайлбарлав. Нэгэнт манай төмөр зам өргөн царигтай байна гээд шийдчихсэн учраас гол нийлүүлэгч Хятадын төмөр замтай хол­бог­дох бүртээ сэлгэн ачилт хийгдэж, илүү зардал гаргаж, цаг хүч зарцуулсан хөдөлмөр өрнөх нь. Төмөр замаар Хятадын танк орж ирж Монголыг эзлэхээс айдаг зарим дарга нарын балгаар мөн ч их будлиан үүсэх юм даа. Төмөр замаар танк орж ирдэг юмаа гэхэд ядаж л эх орны дайны үед партизануудын хэрэглэдэг аргаар төмөр замыг дэлбэлж, тасалж хаяж болох л байсан даа.

Б.ЯНЖМАА

 

2014-03-26
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл