Монголын бонд эрэлттэй байх нь

Монголын бонд эрэлттэй байх нь

 

2012.10.30

 

-10 гаруй хөрөнгө оруулалтын банк бонд авах санал ирүүлжээ-

Засгийн газар таван тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээл дээр гаргаж, хөрөнгө татахаар болсон. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бондыг он гарахаас өмнө хөрөнгө оруулагчдад санал болгож, хүүгийн хэмжээг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй байх зорилго тавьж байгаа.

Энэхүү бондын санхүүжилтээр 1800 км хөндлөн төмөр зам барих, Сайншанд аж үйлдвэрийн паркийн ажлыг эхлүүлэх, зээлийн хүүг бууруулах, инфляцийг найман хувьд барих, жижиг, дунд үйлдвэрийн зээлийн бодлогыг дэмжих зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас чухам ямар, ямар төслүүдэд, хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, байгаа болон бондоо хэрхэн гаргах зэрэг асуудлыг ирэх долоо хоногт тодорхой болгоно гэж АН-ын бүлгийн хурал дээр мэдээлжээ.

Бонд гаргалаа гэхэд зарагдах уу, үгүй юу гэх асуудал бий. Төсөл боловсруулагчдын хэлснээс үзвэл энэ тал дээр санаа зовох зүйлгүй бөгөөд одоогоор гадаадын 10 гаруй хөрөнгө оруулалтын банк бонд худалдан авах саналаа ирүүлээд байгаа юм байна.

Саналуудаас үзвэл бондын хүүг 4-6 хувьд барих боломж байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн яамныхан үзжээ. Тэгэхээр салбарын яам ажлаа сайн хийвэл Монгол Улсын Засгийн газраас гадаад зах зээл дээр гаргах хоёр дахь удаагийн бонд тун удахгүй ажил хэрэг болж, хөрөнгө оруулагчдын гар дээр очих нь.

Дэлхийн эдийн засаг хоёр дахь удаагаа хямралын давалгаанд өртөж магадгүй байгаа энэ үед монголчууд хангалттай мөнгөтэй байж байгаад, дотооддоо эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж буй. Тийм ч учраас гадаад зах зээл дээр яаралтай бонд гаргах шийдлийг Засгийн газар гаргасан. Энэ удаагийн шийдвэр Монгол Улс биеэ даагаад санхүү, эдийн засгийн бодлогоо аваад явчих чадалтай болсныг харуулж байх шиг.

Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагууд өнгөрсөн 20 жилийн турш монголчуудад гаднаас зээл авч болохгүй гэж зөвлөсөөр ирсэн. Тэдний зөвлөгөөг дагаснаараа бол Монгол "Азийн бар" болчихоор байлаа. Гэвч тэгсэнгүй. Энэ удаад ч бас тэдгээр байгууллагууд төсвөө багасгаж, мөнгөний бодлогоо хатууруул гэж л хэлж байна. Гэхдээ Засгийн газар харин ч эсрэгээр нь төсвөө улам тэлж, дээрээс нь гадаад зах зээл дээр бонд гаргахаар боллоо.

Үүнээс гадна инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ чангалахаас өөр арга хэрэглэж болдог гэдгийг Монголбанк харуулж эхлэв. Болж л байна.

Гэтэл зарим улстөрч таван тэрбум ам.долларын бондыг улстөржүүлээд ярьж байсан. Жишээ нь, "Таван тэрбум ам.долларын бонд гаргавал Монгол Улс өрийн сүлжээнд унана" гэж Ц.Нямдорж гишүүн хэлж байна лээ. Мэдээж таван тэрбум ам.доллар гэдэг бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний нийт хэмжээтэй дүйхүйц их мөнгө. Гэхдээ хүлээгдэж буй ДНБ-тэй харьцуулахад өчүүхэн бага хувийг эзэлнэ.

Ойрын 15 жилд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 60 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, төмөр зам, автозам барьж, цахилгаан станц, зам гүүрийн сүлжээг өргөтгөн, үйлдвэрлэл хөгжөөд эхэлбэл, манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 30 мянган ам.долларт хүрнэ гэж буй. Одоогийнхтой харьцуулахад бараг 15 дахин их гэсэн үг. Ийм байхад одоо байгаа ДНБ-ний хэмжээндээ баригдаад, өр зээл тавихаас айх шаардлага байна гэж үү. Тэртээ тэргүй төлж чадах нь тодорхой.

Өөрөөр хэлбэл, "өрийн сүлжээ"-нд орох эрсдэлгүй гэсэн үг. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын банкныхан Монголын Засгийн газраас гаргаж буй бонд руу "нүдээ унагаж" байгаа хэрэг.
Үүнээс гадна өр зээл тавьж болохгүй, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувиас хэтэрлээ гэх болгоомжлол байна.

Дэлхийн өндөр хөгжсөн орнуудын жишээг энд хэлэх хэрэгтэй. АНУ, Европын холбооны зарим улсад гадаад өрийн хэмжээ ДНБ-нд эзлэх хувь нь бүр "хальчихсан" байдаг. Жишээ нь, АНУ-ын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийх нь 110 хувь, Английн гадаад өр 130 орчим хувьтай тэнцэж байдаг гэх статистик бий. Япон дэлхийн хамгийн их өртэй улс бөгөөд гадаад өрийнх нь хэмжээ ДНБ-ээс нь даруй хоёр дахин их болчихсон гэдэг. Тэглээ гээд энэ улсууд дампуурсангүй. Харин ч эсрэгээрээ хөгжингүй улсууд болчихсон байна.

Грек гэх мэт улс гадаадаас баахан мөнгө зээлж ирээд хүн амынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх, зүгээр сууж байхад нь мөнгө өгөх бодлого хэрэгжүүлсэн учраас дампуурсан. Манай улс гадаад зах зээл дээрээс татах мөнгөөрөө үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгож, инфляци, зээлийн хүүг бууруулах зорилго тавьж байгааг дээр дурьдсан. Энэ утгаараа таван тэрбум ам.долларын бондоос огтхон ч айх хэрэггүй юм. Гагцхүү олж ирсэн мөнгөө зөв зарцуулах л хэрэгтэй.

Л.Энхдэлгэр

 

 

2012-10-30
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл