Нарийн царигийн 3 долларын ашгаар Тусгаар Монголоо худалдаж хэрхэвч болохгүй

Нарийн  царигийн 3 долларын ашгаар  Тусгаар Монголоо

худалдаж хэрхэвч  болохгүй

Хамтарсан засгийн газраас Ардчилсан Нам гарсаны дараа Монголд ямар өөрчлөлт гарах бол хэмээн хол ойрынхон ихэд чих тавин чагнаж байлаа.  Яах ч аргагүй өөрчлөлтүүд ч гарч эхэллээ. Гэхдээ таамаглаж байсан чиглэлээс нэг их зөрөхгүй шинжтэй. Хамтарсан “стандарт бус” засгийн газрыг Монголын хамгийн том ярвигтай асуудлуудыг шийдэх, далайцтай бүтээн байгуулалтуудыг эхлэхийн тулд байгууллаа гэхэд ард түмний  итгэл найдвар ихэд сэргэн,  сэтгэл зүрх нь уяран догдолж билээ. Гэвч эрх баригч хоёр намыг зөвхөн ашигтай, аюултай хоёрхон зүйл холбож байсан юм болов уу гэх сэрдлэг тэдний салсаны дараа улам тодрох шиг боллоо. Ашигтай зүйл гэвэл Монголын баялгийг гадныхантай наймаалцах  буюу  стратегийн ордуудыг хэнтэй яаж хуваахад хамтран оролцох, үүнийхээ шанд Монгол хүнийг гудамжинд  нохой шиг хөөж буудан,  олон зуугаар баривчлан тамласан 2008.07.01-ний аймшигт хэргийг хав дарах тохиролцоо байсан юм уу гэлтэй.

            Хамгийн хачирхалтай  нь төмөр зам, барилгын салбарыг  хариуцаж байсан АН-ын сайдыг явмагц Монголын хөгжлийн банкинд  доллар хэмээх валют 500-600 саяар орж ирэн,  100 000 айлын орон сууц  хөтөлбөр  үтэр түргэн хэрэгжиж эхлэх нь тэр. Бас болоогүй ээ АН-ын  сайд өөрийн санаачилсан төмөр замын хөтөлбөрөө өөрөө саатуулж байсныг дээр доргүй илчилж, Хятадад  Бо Силай  хэмээх маоист арга барилтай даргыг авч хаясантай адил дуулианыг дэлхий даяар цацаж орхив. Хэрэв  ингэх байсныг мэдэж байсан бол Х.Баттулга сайд ганцаараа ч болов огцроод 2 жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтаа эхлүүлдэг л байж дээ. Гэвч яахав Монголын төмөр замын талаарх төрийн бодлогыг батлуулж, хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан хичээл зүтгэл дээр тэрхүү төрийн бодлогыг хэн гацаах эрх мэдэлтэй, хэн хөдөлгөх нөлөөтэй байсныг нэвт шувт нотолж өгсөн  бас нэг гавьяа Х.Баттулга сайдад хамаарах болов уу.  

               Х.Баттулга сайдыг явмагц төмөр замын асуудал, түүн дотроо Монголын баялгийг хяналтгүй зөөх нарийн царигийн төмөр зам барих ажил сэргэнэ гэж таамаглаж байсан бараг батлагдаж эхэллээ. Нарийн царигийн төмөр замыг яаравчлан барьж,  Монголын стратегийн том ордуудыг  Хятадын төмөр замын сүлжээтэй хамгийн хямд зардлаар найдвартай холбохыг эрмэлзсэн улс төр, бизнесийн олигархжсан томоохон бүлэглэл суртал ухуулгын дайнаа дахин эхлүүллээ. Энгийн үгээр ард олны тархийг угааж эхлэв.

Нарийн царигийг  монголчуудын 66 % дэмжиж байгаа юу?

Интернэт дэх Монголын мэдээллийн хамгийн идэвхитэй портал сайт болох  NEWS.MN Монголд өргөн, нарийн царигтай  төмөр зам зэрэгцэн оршиж байхыг олон нийтийн 66% дэмжиж байгаа  мэт ухуулгыг санал асуулга гэсэн  нэрийн дор байнга хадаж эхлэв.  Ядаж 30-40% гэсэн бол арай үнэмшилтэй болох байв. Хамгийн гол уршиг нь төмөр замын салбарыг төдий л сайн мэдэхгүй, нарийн царигийн аюултай үр дагаврыг сайн ойлгоогүй хэнэггүй  монголчуудын толгойд за яахав хэрэгтэй бол аль аль нь байж байг дээ гэсэн  хорон санааг агуулсанд оршиж байна.  Энэ бол Хятад, Тайваний үндсэрхэх үзлийг сурталчидаг зарим вэбсайтууд үе үе монголчууд, монголын эрх баригчид Хятадтай нэгдэх асуудлыг тэдэн удаа  дэвшүүлж тавив гэсэн худал мэдээ цацдагаас ялгарах юм алга. Тэр вэбсайтууд нарийн царигийн төмөр замын барилгын ажил ёслол төгөлдөр эхэлбэл монголчууд оросын “төмөр савраас” гарч, хятад “эх оронтойгоо”  төмөр замаар нэгдэх эхлэлийг тавилаа хэмээн баяртайгаар мэдээлэх байх даа.          

Үндэсний гэсэн тодотголтой  байвал юу ч хийсэн зөв үү?

Монгол хүн өөрсдөө хийж бүтээж байхад,  өөрсдөө уул уурхайгаа эзэмшиж, нэмүү өртөг бүтээж байгааг хараад монгол хүн бүхний магнай тэнийнэ. Тун саяхан улсын ерөнхийлөгч хүртэл Ухаа худаг дахь бүтээн байгуулалтыг үзээд бахархаж байсан. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдгийг ухаант ард түмэн маань “Юманд учир суманд гичир” гэж сургасныг ямагт санууштай. Үндэсний үйлдвэрлэгч гэсэн тодотголтой л бол  юу ч хийсэн  зөв, тэдний эрх ашиг бол Монголын эрх ашиг  гэсэн ойлголтыг  өдөр бүр  зогсоо зайгүй  ухуулж байна.   

Ард түмний ихэнх хэсэг эх орныхоо баялгаас хувь хүртэх, баян  чинээлэг амьдрах, ядаж 2 өрөө сууцтай болохыг мөрөөдөж, төр засгийг цөхөртлөө хүлээж байхад үндэсний үйлдвэрлэгчид харийн хөрөнгөтнүүдтэй сүлбэлдэн өртөг зардлаа аль болох бууруулж, ашгаа дээд зэргээр нэмэх үүднээс жинхэнэ үндэсний эрх ашгийг хөсөрдүүлэхээс сийхгүй байна. Энэ бол эрдэс баялгаа боловсруулахын тулд Сайншанд руу өргөн царигийн төмөр зам барихыг элдвээр хяхан боож, нарийн царигийн төмөр замыг өмнөд хил рүү тавихаар үхэн хатан зүтгэж буй үйлдэл болой. Монгол хөрөнгөтнүүд хөлжиж  баяжиж л байвал юу ч хийсэн зөв, тэдгээрийн үйлдлийг эсэргүүцсэн хэн бүхэн эх орноосоо урвагчид шахуу болж ирэв. Гэвч  зарим тохиолдолд  үндэсний эрх ашгийн төлөө үндэсний компаниуд олох ашгаа бууруулж болно, мөн тэгэх үүргийг  ч ард түмний нэрийн өмнөөс төр засаг тулгах эрхтэй, хатуу шаардах ч ёстой.    

Ердөө л 3 долларын  ашгийн төлөө гэж үү?           

Нарийн цариг тавьсанаар хэдий хэрийн ашиг олох, тодруулбал  хэр хэмжээний нэмэлт  зардал гарах гээд үндэсний хөрөнгөтнүүд голоо цохиод байгаа юм бэ? Саяхан болсон “Coal Mongolia-2012” чуулга уулзалт дээр “Энержи ресурс” компанийн дэд ерөнхийлөгч Ч.Даваахүү “УИХ-аас стандарт/нарийн/ царигийг сонговол бидний ажил маш их хөнгөрнө. Өөрөөр хэлбэл, хил дээр дамжин ачих шаардлагагүй болох юм. Хэрэв нэмэлт ажилбар хийвэл тонн тутамд 3 ам.долларын өртөг нэмэгдэж гарна”  хэмээн ам алдав. Бизнесмэнүүд бүхий л зардлыг тооцож чаддаг тул шилжүүлэн ачих байгууламж барихад гарсан зардлыг ч нэмэн тооцсоноор 3 доллар гэсэн байх. Нарийн цариг сонгосноор мэдээж дотоод гадаадын хөрөнгөтнүүдийн ажил хөнгөрч, Хятадад зарах нүүрсний үнэ ч буурч, экспортлох хэмжээ эрс нэмэгдэн, тэдний түрийвч улам түнтийх болно. Нарийн  царигаас Монголд  юу үлдэх вэ,  олон түмэнд ямар ашиг авчрах вэ?  Монголын төмөр замын сүлжээ бол нийт Монголын ард түмэнд үйлчлэхээс бус  зөвхөн нүүрс, эрдэс баялгийг саадгүй зөөхөд үйлчлэх ёсгүй.  Нүүрс эрдэс баялаг хэзээ нэг цагт дуусна, дотно гадны хөрөнгөтнүүд жаргах диваажин руугаа одно,  харин Монгол улс,  монголын ард түмэн нутгаа сахин үлдэнэ.  Урд хил рүү татсан нарийн царигийн салаа төмөр замуудаа солих, эсвэл дугуй солих, ачаа сэлгэн ачих  байгууламжуудыг хоёр  царигийн огтлолцолууд дээр өөрсдийн зардлаар барихаас өөр аргагүй болно.Өмнөд хөрш рүү явах ирэх хүн болон ачаа бараа  өнөөх нэмэлт ажилбар хийхийн тулд багагүй хөрөнгө, цаг хугацааг алдах болно. Хэрэв энэ бүгдийг үндэсний хөрөнгөтнүүдийн хэмнэх гээд зүтгээд байгаа 3-хан доллараар тооцоод хэдэн зуун жилээр үржүүлбэл хэдэн зуун тэрбум, их наядаар тооцогдох алдагдлыг Монгол улс, монголчууд хүлээх болно шүү. Нарийн царигийг солих гэвэл Хятадын зүгээс амин чухал эрх ашгаараа дулдуйдан  цэрэг, улс төр, эдийн засгийн ямар аюул заналхийлэл  хийхийг хэн ч мэдэхгүй. Хятад баян хүчирхэг  хэвээр байвал манай төмөр замыг тэрхүү стандарт гээд байгаа цариг руу шилжүүлэхэд тусалж магадгүй боловч  хүчирхэг Орос зөвшөөрөх эсэх нь юу л бол доо. Тэгээд Монгол үүрд хоёр царигтайгаа үлдэж, зөвхөн Эрээнд хэдэн цагаар саатдаг  үйл лайг нэлээд хэдэн газар  үзэж,  тамаа цайхад хүрнэ.  Харин нүүрс, зэс, жонш, төмрийн хүдэр, газрын тос ачсан вагонууд хажуугаар саадгүй жирэлзсээр.... 3-хан долларын төлөө  тусгаар Монголоо худалдах  хэрэгтэй  гэж үү!         

Хятад ч гэсэн  Эрээнээс Жинин хүртэл өргөн царигийн төмөр замтай байлаа 

Монгол, Орос, Хятад хөрш 3 орныг дамнасан  төмөр замын түүхийг эргэн харахад сонин баримт  үлджээ.  Хөрш 3 орон  коммунизм байгуулах итгэл найдвараар дүүрэн, ах дүүгийн ганбат найрамдлаар үүр мөнх гагнагдсан мэт санагдан ах Зөвлөлтийн өгөөмөр тусламж, аливаа санал хүсэлтийг дуртайяа хүлээн авч байлаа. Чухамхүү  тийм байсан 1940-өөд оны сүүлч -1950-аад оны эхээр  3 орныг өргөн төмөр замаар холбох ажлыг  баяртайгаар  гүйцэтгэсэн  юм. Монголчуудын сайн мэдэх Жинингээс хойшоо  ямар ч төмөр зам байхгүй байсан тул тэндээс Монголын хил хүртэл ах нарын “зөвлөсөн” өргөн  царигийг  тавихыг хятад нөхдүүд хүлээн авчээ. Гэвч  тун удалгүй  нэг улсын дотор  хоёр өөр цариг  ямар их түвэг чирэгдэлтэй болохыг  мэдсэн төдийгүй  орос ах нарын алсын хараатай стратегийн сонирхлыг дор нь ойлгосон бололтой.  Хэдийгээр Зөвлөлт-Хятадын харилцаа айхтар хурцдаагүй байсан боловч 1960-аад оны эхэн гэхэд Эрээнээс Жинин хүртэл тавьсан шинэхэн өргөн царигийг хуу татан авч, нарийн царигт шилжүүлэн байж сая хятадын эрх баригчдын санаа нь амарсан бололтой. Тун удалгүй алсын хараатай хятад хүний далд ухаан зөвдөж, хөрш Монголын нутаг дэвсгэрт байрласан зөвлөлтийн  цэрэг, танкууд  жинхэнэ  бодит аюул болон гарч ирсэн. Гэхдээ манай хятад нөхдүүд  удалгүй  цаг сайхан болно гэдгийг  тооцолгүй  бас л дутуу бодсон бололтой. Тэр үед өргөн төмөр замаа хуулж хаялгүй зэрэгцээ төмөр зам тавьчихсан бол энэ сайхан найрамдалтай энх тайван цагт юу дуртайгаа Монголын царайг харалгүй зөөсөөр байх байж дээ. Түүх давтагдсаар, амьдрал үргэлжилсээр ....

Доктор Д.Шүрхүү

ӨДРИЙН СОНИН, 2012.04.05 №86/4101/               

2012-04-05
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл