Бүтээн байгуулахад эхлээд боддог

Бүтээн байгуулахад эхлээд боддог


2012-11-05 09:33:18 , Мэдээний дугаар: #1214695

Бүтээн байгуулалт гэвэл Монголчууд ухаанаа тавиад туучих бололтой. Тийм юм байхгүй ш дээ. Ингээд Испаниар жишээ авсан өгүүллээ толилуулъя. Системийн шинжилгээ хийгээгүй ямар ч бүтээн байгуулалт боломжгүйг ухаарвал би ихэд баярлана. Энд Испанийн тухай мэт боловч Монголын тухай байгааг эрхбиш ойлгоно биз…
Одоо Испанид улсын 49 нисэх буудал байдаг гэнэ. Бараг ихэнхийг нь сүүлийн хорин жил бариад хаяж. Испанийн нийт газар нутаг 0.5 сая квадрат километр байдагтай харьцуулбал 10 мянган километр квадрат тутам нэг нисэх буудал барьсан гэсэн хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 100 километр тутам улсын нэг нисэх буудал байгаа юм байна. Дээрээс нь хувийн нисэх буудлууд бас байгаа гэнэ. Бүгдээрээ нисэх гэж төрсөн юм шиг.

Даанч нисэх хүн олддоггүй гэнэ. 2011 оны бүтэн жилийн турш Кордово гэдэг нисэх буудал 8,5 мянган хүнд буюу өдөрт 23-хан зорчигчид үйлчилсэн байна. Энэ нь нэг их муудаа орох үзүүлэлт биш гэнэ. Тэхээр испаничууд нисэх дургүй юм шиг байгаам.
Энэ замбараагүй олон нисэх буудлыг улсын төсвийн мөнгөөр барьсан ба зардлыг нь үйлтэйгээрээ төр хариуцдаг байна. Нисэхийн ажилчид бүгдээрээ Үйлдвэрчний Эвлэлд байдаг учраас халах гэхээр халуулдаггүй гэнэ. Испанийн хөгжлийн яамны сайдын хэлснээр өдөрт ганцхан рейс хүлээж авдаг атлаа бүтэн ажиллаж цалингаа бүтнээр нь нэхдэг нисэх буудал байдаг гэнэ.
Улсын AENA компани дампуурсны дараа 30 нисэх буудлыг хаах гэсэн чинь Үйлдвэрчний эвлэл хаалгаагүй байна. Тэгээд арай гэж 17 жижгийг хаахаар болжээ.

Испаничууд яагаад “нисдэггүй” гэвэл Засгийн газар нь төмөр зам барина гэдгийг үзүүлээд өгсөн байна. Энэ санааг анхандаа испаничууд бүгдээрээ ура хашгирч угтжээ. Ингээд бүх хотуудаа хурдны төмөр замаар холбоод хаяж. Хямрал болж байсан хэдий ч замаа тавьсаар одоо испанийн хурдны төмөр замын урт 3000 километрт дөхөж, Франц, Японыг ардаа орхин дэлхийд Хятадын дараа л орох болжээ.
Нэг километр хурдны төмөр зам барихад дунджаар 12 сая евро зарсан байна. Испанид төмөр замыг бас л улс хариуцдаг аж. 2020 онд хурдны төмөр замыг хөгжүүлэхэд 83 миллиард евро зарцуулна гэж засгийн газар 2005 онд амлаж байжээ.
Том хотуудаа холбочихсон болохоор одоо районы төвүүдээ холбоно гэж байгаа аж. 2011 онд Толедо–Куэнка–Альбасете хотуудыг холбосон шинэ шугам нээжээ. Эдгээр нь тус бүр 85, 55 болон 170 мянган хүн амтай хотууд гэнээ. Энэ шинэ шугамын ашиглалтын явцаас харахад өдөрт 16 зорчигч зөөж байна гэнэ. Хурдны төмөр зам шүү дээ. Одоо энэ шугамаа хааж байна гэнэ.

2011 онд төмөр зам нь испанийн төсөвт 2,5 миллиард еврогийн алдагдал авчирчээ. Учир нь 52 чиглэлийн галт тэрэгний дүүргэлт 15 хувиас хэтэрдэггүй хоосон явдаг болсон байна. Төмөр замын нийт өр 20 миллиард евро болсон ч төмөр замчид нь ажлаасаа халагддаггүй юм байх. Хувьчлах гэсэн чинь засгийн газраасаа илүү тэнэг испани одоохондоо алга гэнэ.
Испанийн ахиад нэг мундаг юм нь авто зам юм. Испани газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 52 дугаар байранд ордог боловч нийт замынхаа хэмжээгээр Европт нэгдүгээрт, дэлхийд дөрөв дүгээрт ордог юм байна. Ихэнхи замууд зургаагаас найман эгнээтэй гэнэ.
Авто зам 15 мянган километр байдаг ба барилгын компаниуд идэвхитэй оролцдог байна. Алдагдал нь улсаасаа их, нийтдээ 3,8 миллиард евро байгаа юм. Замын ачаалал тооцоолсноос хоёроос гурав дахин бага гэнэ.
Нийслэл Мадрид руу ордог шилдэг зам байсаар байтал зэрэгцүүлээд ахиад нэгийг бариад хаяж. Ингэсэн чинь алдагдал хүлээж эхэлжээ.

Хямралын өмнөх 2007 онд барилгын сектор Испанийн ДНБ-ний 16 хувийг өгч байжээ. Гэтэл үл хөдлөх хөрөнгийнхөө хэмжээг асар их нэмсэн Франц, Германд ч гэсэн барилга байгуулалт ДНБ-ий 9 хувь байдаг аж. Ингэхээр нийт 16 хувь “хөөсийн” 10 хувь нь бодит зүйл рүү орсон гэхэд үлдсэн 6 хувь нь засгийн газрын тэнэглэлийн хэрэг болж таарч байна.
Хямралын өмнө мянган испаничуудын 64 нь “бүтээн байгуулалтын” салбарт ажиллаж байжээ. Энэ нь Европын Холбооны дунджаар бол 29 хүн байдаг аж. “Ажилтай болгоно” гэдгийг ёстой үзүүлээд өгсөн байна. Ингээд хямрал эхэлмэгц хагас сая илүү хүн ажилгүй болжээ. Ингээд ажилгүйдэл 2007 онд 8 хувь байснаа одоо 25 хувь хүрэх нь тэр.
Одоо испанийн засгийн газар хэт их “бүтээн байгуулсныхаа” горыг амсаж байна.

x x x


Манайхан ч гэсэн бүтээн байгуулалт бол сайн гэсэн тэнэг зангаа татах л ёстой гэж санана. “Юм хийсэн” гэдэг тэнэг үгийг зөвхөн Монголд л хэрэглэдэг байх.
Монголын ямар ч “бүтээн байгуулалтад” ултай суурьтай бодсон юм ганц ч байхгүй гэдгийг би судлаач хүний хувьд баталгаатай хэлж чадна.
Энхбаяр, Элбэгдорж нарын “бодсон юмыг” ямар эрүүл ухаантай хүн бүтээн байгуулалт гэж хэлэхгүй. Нэг ч болсон “сайн юм” хэлбэл би ихэд баярлах бөгөөд түүнд нь тохирсон хариуг цаг тухайд нь өгөх болно. Харин нэр усаа нууж, “өвчний онош” тавьж новшрохгүй шүү…

Манайхан мянганы зам гэж их орилох. Энхбаяр санаачилсан юм гэнэлээ. Тэр дураак ийм л юм “санаачилна” даа. Түүний санаачилсан юм болгон Монголын эсрэг гэдгийг би батлах л болно.
Энэ тэнэг юм нь хүн болгонд таалагддаг юм шиг байгаа юм. Аймгуудыг холбосон замаар өдөрт хэдэн машин явж, ямар ашиг бүтээж, зардлаа хэзээ нөхөхийг хэн ч бодоогүй л байхгүй юу. Хэн нэгэн хөдөөний монголыг зуны дэлгэр цагаар төрсөн нутагт нь амруулахын тулд зам барьдаг юм биш л дээ. Ядахдаа өдөрт 500 машин явдаг бол зам барьдгийм. Худлаа гээд үз л дээ.
Намайг эсэргүүцэх хүмүүс эдийн засаг, математик загварчлал, тооцоогоо гаргаж байгаад энийгээ яриарай гэдгийг онцлон сануулж байна. Засгийн Газарт чинь байхгүй юм Та нарт байх нь юу л бол ?!

Хэзээ ч бүтээн байгуулж үзээгүй, дандаа эвдлэн сүйтгэж байсан хүмүүс бүтээн байгуулах хэцүү гэдгийг энэ насандаа ойлгохгүй бололтой.
Энд би Испанийн тухай ерөөсөө яриагүй. Монголын тухай ярьж байна. Бүтээн байгуулах сайхан нэрийн дор ямар ч бодлогогүй монголын буяныг цацаж байгаа тухай чинь ярьж байна.
“Бүтээн байгуулж” болдоггүй юм уу гэж миний өөдөөс асууна. Би Монголоо гэсэн сэтгэлгүй бол болдоггүй юм гэж хариулж байна…

Судлаач Х.Д.Ганхуяг
 

 

2012-11-05
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл