Монголчууд хөрөнгө оруулагчдыг буланд шахаж байна.

Монголчууд хөрөнгө оруулагчдыг буланд шахаж байна.

 

Алексей Екимовский, Роман Асанкин

 

Оросын төмөр зам Тавантолгойг авах бололцоо унаж байна

 

Монголын Засгийн газар Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах улсын тендерт оролцогсодын урьдчилсан жагсаалтыг зарлалаа. Ер нь тендер зарлана гэдэг нь өөрөө “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэгээс монголын газрын гүний төлөө хийж буй тэмцэлдээ ээлжит ялагдал хүлээж байгаа гэсэн үг юм. Гэвч төрийн монопольт энэ байгууллага тус орны засгийн газрыг тендерээсээ татгалзах байх гэсэн найдлагаа орхихгүй байна.

 

“Манай төсөл шууд тендер явуулах өмнөх хувилбартай зэрэгцэн хэлэлцэгдэж байгаа гэж хамтарсан аж ахуйн нэгжийн ерөнхий захирал Виталий (Вадим, орчуулагч) Морозов Коммерсант сонинд тайлбарлажээ. Хамтарсан аж ахуйн нэгжийн үзэл баримтлалыг УИХ-ын депутатууд Таван толгойн тендерээс өмнө хэлэлцэнэ гэж  Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэг найдаж байгаа бөгөөд тэгвэл “тендер бүр явагдахгүй байж болох юм” гэсэн байна.

 

Дүгнэлт маягтай хэлэхэд:

 

- Монгол Улсын бие даасан хараат бус эдийн засгийн, түүний дотор гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдөө сонгох бодлого тодорхой хэмжээгээр оросуудад таалагдахгүй байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн гэрээ байгуулагдаж, Тавантолгойн тендер зарлагдсанаас хойш улам бүр хүчээ авч байгаа нь ойлгогдож байна. Ийм учир том ах нар маань бидэндээ нэг сайн сургамж өгөхөөр шийдсэн юм биш байгаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.

 

- Оросууд эхнээсээ л Тавантолгойн орд газрын төрийн мэдлийн 51 хувийг хамтарсан аж ахуйн нэгж байгуулах замаар үлдсэн 49 хувийг ямарч тендергүйгээр авах бодолтой байсан бололтой. Энэ бодол нь бүтэхгүй, Монгол Улс түншээрээ гуравдагч орныг сонгож болзошгүй нь тодорхой болмогц үүнийг боомилохын тулд зөвхөн Тавантолгойгоос Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам байгуулах, бусад чиглэлд зам барих явдлыг зогсоох асуудлыг босгож иржээ гэж бодогдохоор байна. Ингэснээр нэгдүгээрт Тавантолгойн орд газрыг эзэмших тохиолдолд л төмөр замыг чинь сайжруулна гэж монголчуудад шууд тулгах, мөн Тавантолгойн орд газрыг эзэмших лицензийг авсан тохиолдолд түүнийгээ гадаадын зах зээл дээр өндөр үнэтэй зарах, түүнчлэн тээвэрлэлтийн өндөр тариф тогтоож монопольдох замаар гаргасан зардлаа нөхөж олохоор тооцож байсан бололтой.

 

- Гэхдээ гол учир шалтгаан нь ямарч тохиолдолд Тавантолгойн болон Оюутолгойн бүтээгдхүүнийг худалдан авах зах зээл нь Хятад улс байх учир нэг талаас тээвэрлэлтийг нь хяналтдаа авч Хятадыг хязгаарлах бодлого явуулах, нөгөө талаас стратегийн ач холбогдол бүхий Монголын өмнөд хэсэгт өөрсдийн ашиг сонирхлыг хадгалах зорилго тавьж байгаа нь өөрсдийнх нь болон бусад орны хэвлэлүүдэд бичиж байгаагаас тодорхой талдаа байна.

 

- Оросын талын саналыг дэмжигч монгол хүмүүсийн гаргаж тавьж байгаа төмөр замын царигийн болон өмнөд хилийг цаана наанаас нь чиглэсэн олон замын урсгалын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд үзүүлэх сөрөг нөлөөлийн тухайд бол:

 

Нэгдүгээрт, одоогоор дэлхийн ихэнх улс орон, түүний дотор Монгол Улстай ирээдүйд төмөр замаар холбогдож болох Европын орнууд, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн орнууд бүгд стандарт буюу нарийн царигтай төмөр зам хэрэглэж байна. Өргөн царигтай төмөр зам нь зөвхөн ОХУ болон өмнө нь ЗХУ-ын бүрэлдхүүнд багтаж байсан улс орнууд болон, ЗХУ-ын батлан хамгаалах салбарын түнш байсан Монгол Улсад ашиглагдаж байгаа юм. Энэ нь хуучин ЗХУ-ын зүгээс эдгээр орныг батлан хамгаалах нэгдсэн бодлогын хүрээнд хараат байдалд байлгах бодлогын үр дагавар байсан тухай гадаадын эрдэмтэд, судлаачид байнга бичдэг, ярьдаг болно. Одоогоор энэ байдлаас гарч дэлхий нийтийн жишигт ойртох зорилгоор Балтийн тэнгис хавийн орнууд буюу Латви, Литва, Эстон, Төв Азиас Казахстан, Киргиз гэх мэт улс орнууд өөрсдөө нарийн төмөр зам байгуулж, өргөн болон стандарт царигийг хослуулан хэрэглэх ажлыг эхэлсэн буюу эхлэхээр төлөвлөөд байна. Цаашдаа ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан бусад орон ч ийм санаа бодолтой байгаагаа илэрхийлж байгаа. Тэд үүнийгээ дэлхийн эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн, түүний дотор тухайн орны эдийн засаг, худалдааны түгжигдмэл байдлаасаа гарах нэг арга зам хэмээн үзэж байгаа юм.

 

Хоёрдугаарт, улам бүр даяаршиж, харилцан хамааралтай болж байгаа өнөө үед ямар ч бага улс орон усан боомт, төмөр зам, авто замуудаа хааж түгжих замаар биш харин ч эсрэгээр олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны түүний дотор эдийн засгийн интеграцид нэгдэх, энэ үндсэн дээр аль болох олон орны ашиг сонирхлыг өөрийн нутаг дэвсгэр дээр бий болгон тэнцвэржүүлэх аргаар үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого баримтладаг болоод удаж байна. Ийм учраас Дэлхийн 2 дугаар дайны үед л батлан хамгаалах ач холбогдолтой байсан, дараа нь социалист орнуудын болж хувирсан өргөн төмөр замын сүлжээгээ өргөтгөх, өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ хөндлөн гулд татаж тавих асуудал яриад байгааг бидний хамтрах гээд байгаа гуравдагч хөрш гэгдэх улс орнууд хэрхэн ойлгох, манай улсыг ямар эвсэл холбоонд хамааруулан үзэж болох, бүр үнэнээр нь хэлвэл Монгол Улс урьдын адил өмнө зүгээс үүсэж болзошгүй цэргийн аюул тохиолдвол ОХУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах бодлоготой юм байна гэж сэжиглэж болзошгүй, ямарч үндэслэлгүй сэтгэгдлийг тэдэнд төрүүлээд байгаагаа бас бодох учиртай мэт санагдаж байна.

 

Судлаач миний бие ОХУ-ын Монголын төмөр зам дагасан ашиг сонирхлыг дан ганц сөрөг талаас нь тайлбарлахыг урьдал болгосонгүй. Мэдээж хэрэг төмөр замын салбарт ОХУ-тай хамтран ажиллах нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ бараг зайлшгүй зүйл болох нь хэн бүхэнд ойлгомжтой зүйл юм. Гацхүү энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн улсын эргэн тойронд бий болсон геополитикийн шинэ нөхцөл байдлыг ухаалгаар тооцохыг л сануулж байгаа ухаантай маань энэ билээ.

 

Үүний зэрэгцээ миний эхэнд нь хэлсэнээр Хятадын талын ийм төрлийн ашиг сонирхлыг ч бид мөн адилаар харгалзах учиртай болно. Магадгүй дээр өгүүлсэнээс ч илүү “анхаарал татахаар” асуудал энд байж мэдэх юм. Иймийн учир дараагийн нийтлэлээ “Монголын төмөр зам дагасан Хятадын ашиг сонирхол” гэж нэрлэх бодолтой байгаагаа уншигч олондоо хэлэх байна.

 

2009-10-26
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл