Тавантолгойн хөрөнгө оруулалтын 30 хувийг Сумитомо хариуцна
Зохиогч: Энхтайван Мөнхцэцэг
Зохиогч: http://www.itoim.mn
Хэвлэсэн он: 2015-01-27

Тавантолгойн хөрөнгө оруулагчдтай хийх гэрээ, хэлэлцээг энэ сарын 5-ны өдөр эхлүүлсэн билээ. Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулагчтай гэрээ, хэлэлцээ хийх ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчаар шалгарсан Хятадын Шиньхуа, Японы Сумитомо, “Энержи ресурс” компанийн төлөөллүүдтэй уулзаж гэрээ хэлэлцээрийн хэлэлцэх асуудлыг хоёр тал тохиролцоод байв. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулалчидтай хийх дээд хэмжээний хэлэлцээрээ эхлүүлж байгааг Тавантолгойн ажлын хэсгийн хэсгийн ахлагч М.Энхсайхан мэдээлсэн. Ажлын хэсгийнхний зүгээс хөрөнгө оруулагчдын бэлдсэн хөрөнгө оруулалтын эхний хувилбартай танилцаж, хөрөнгө оруулагчидтай тээвэрлэлт, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг олон төрлийн гэрээ хэлэлцээ хийхээр болжээ. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэс-Тавантолгой” компани дээр хэрэгжиж байгаа төмөр замын асуудлыг  цаг үед нь зохицуулах, мөн тусдаа гэрээгээр зохицуулахаар тооцож байгаа аж.

Нэг гэрээн дээр нь ойролцоогоор 80 орчим асуудлыг ярилцахаар тусгасан байгаа ч ажлын хэсгийнхэн Хөрөнгө оруулалтын гэрээг хоёрдугаар сарын эхээр батлахаар яаравчилж байгаа гэнэ. Түүнчлэн хэлэлцээ эхэлсэн цагаас хөрөнгө оруулагч нарын зүгээс ч манай талд шаардлага тавиад байгаа юм. Тухайлбал, хууль эрх зүйн тогтвортой орчинд төслөө амжилттай хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа хэлсэн байна. Мөн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, бусад бичиг баримт нь олон улсын банкны шалгуурыг хангасан байх хатуу шаардлага тавьжээ. Одоогоор Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэдэн жилээр хийхээ тохироогүй ч урьдчилсан бйадлаар 30 жилийн хугацаатай  хийхээр төлөвлөж байгаа аж. Тавантолгой төсөл гараанаас амжилттай гарч 30 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулна гэж тооцвол Монгол Улсын ДНБ болоод зардал, хөрөнгө мөнгө босгох үнийн дүн нь 94 тэрбум ам.доллартай тэнцэж  байгаа юм. Тиймээс Тавантолгой төслийг эдийн засгийн үр ашигтай төсөл гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байв.

Энэ долоо хоногт үргэлжлэх хэлэлцээний үр дүнгээс олон эмзэг асуудлын тохироог хийх хүлээлт ч байгаа аж. Эхний ээлжид хөрөнгө оруулахаар төлөвлөж буй дөрвөн тэрбум ам.долларын 70 хувийг банк, санхүүгийн байгууллагаас мөнгө татах буюу зээл авахаар төлөвлөсөн байна. Үлдсэн 30 хувийг хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөөс гаргахаар тооцож байгаа ч, “Сумитомо” компани дангаараа хариуцаж ч магадгүй гэв. Учир нь,  хөрөнгө оруулагч түншлэлд “Сумитомо” нь борлуулалтын асуудлыг хариуцаж байгаа учраас хөрөнгө оруулалтын дийлэнхи хувийг гаргах юм байна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид хоорондоо концессийн гэрээ байгуулан шийдвэрлэх боломж байгаа аж.

 Тавантолгойн ордод иргэн бүрт ногдол ашиг тараах үүднээс иргэн бүрт 1072 хувьцаа тараасан.  Энэхүү хувьцааны үнэ цэнийн асуудлыг хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийсний дараа УИХ-ын чуулган дээр хэлэлцэж шийднэ гэдгийг М.Энхсайхан сайд онцоллоо.

 

2015-01-27
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл