Төмөр замын даргыг дахин солих бэлэн хувилбар
Зохиогч: Сүхбат Дорж
Зохиогч: http://www.itoim.mn
Хэвлэсэн он: 2015-01-26

Саяхан шинэ даргатай болсон төмөр замын вант улс дахиад өөр даргатай болж магадгүй болжээ. Сая Засгийн газар солигдох үед АН дахь “Алтан гадас” фракцынхан Ерөнхий сайдаа аваад зогсохгүй, “төмөр замын дарга” ажиллагааг амжилттай зохион байгуулж Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын даргаар томилуулж чадсан юм. Тэгэхдээ схем нь их сонирхолтой. УБТЗ-ын Монголын талын хувьцааг үе үеийн Засгийн газар төлөөлж, салбарын сайд нь удирддаг байлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимд Зам, тээврийн яам квотоор МоАХ-ын мэдэлд байв. Төмөр замын дарга дээр “Алтан гадас”, “МоАХ” хоёр ойлголцоогүйн дээр, МИАТ, төмөр зам хоёрыг мэргэжлийн хүнээр нь удирдуулна гэсэн салбарын сайд А.Гансүхийг “мугуйдал”-ыг тухайн үеийн Ерөнхий сайд ч, гишүүн Г.Батхүү нарын шахалт ч дийлээгүй юм. Тийм учраас УБТЗ-ын Монголын талыг хувьцааг төлөөлөх эрхийг Засгийн газраас Төрийн өмчийн хороонд шилжүүлэв. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нь “Алтан гадас” фракцынх юм. Энэ тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн 357 дугаар тогтоол гаргаж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувь эзэмшигчээр Төрийн өмчийн хороог томилжээ. Ингэж УБТЗ-ын даргын томилгоо МоАХ фракцын хяналтаас гарч, “Алтан гадас”-ын мэдэлд ирсэн учраас дараагийн ажиллагааг ТӨХ хийв. Тус хорооныхон өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцаа эзэмшигчдийн анхны хурлыг Москвад хийв.Москвагийн хурлаар УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг чөлөөлж Зам тээврийн дэд сайд, “Алтан гадас” фракцын Х.Ержан, Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Сүрэнхорлоо, Тээвэрчдийн холбооны тэргүүн Д.Наранпүрэв нарыг шинээр сонгожээ. Харин замын даргаар мөн л “Алтан гадас” фракцын гишүүн Л.Пүрэвбаатар томилсон юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг чөлөөлж, Нанзаддоржийг томилжээ. ТӨХ нь нэгэнт УБТЗ-ын Монголын талыг эзэмшдэг учраас шинэ даргын томилгоог дагаж Л.Пүрэвбаатарын суудал ч дэнжигнэж магадгүй юм. Учир нь, Л.Пүрэвбаатарыг томилох үед салбарын сайдаар дөнгөж очоод байсан Төмөрхүү хүлээн зөвшөөрөхгүй гэж нэг хэсэг үзсэн. Тэгвэл одоо Төмөрхүү сайдын зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн ТӨХ-ны дарга боллоо. Шинэ дарга Нанзаддорж нь Өвөрхангайн, МАН-аас томилогдсон сайд Төмөрхүүд зөвлөхөөс хэмжээний дотно холбоотойгоос гадна мөн л Өвөрхангай, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой өмнө нь ТӨХ-нд хамт ажиллаж байжээ.

 Тийм учраас МАН, магадгүй Өвөрхангайнхан, эсвэл АН дахь “Шонхор” фракцынхан энэ удаа УБТЗ-ын даргыг авч магадгүй. Тэгэхдээ “хугацаат цэргийн албан хаагч суран бүсээ яаж алдсан яг тэрэн шигээ ол” гэдэг шиг “Алтан гадас”-ын аргыг өөрт нь хэрэглэж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт хувьцаа төлөөлөх ТӨХ-ны дарга солигдсон учраас эхлээд УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гишүүдийг мөн чөлөөлнө, үүнийхээ дараа Л.Пүрэвбаатарыг өөрчилнө гэсэн “бор шувуу” Төрийн ордноор тэнэж байна. Тэр байтугай, нэгэн цагт УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаад, дараа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргийтэй эхнэрийнхээ талаар хамаатан учраас дэмжлэг авлаа гэж хэвлэлээр нэлээд бичүүлж Замын дарга болсон Д.Жигжиднямаа, “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан н.Ганбат болон өөр зарим хүмүүсийн нэр ч замын даргад яригдаж байгаа тухай мэдээ байна. “Алтан гадас”-ын мэхийг буцаагаад өөрт нь ашиглах дээрх хувилбар энэ сарын сүүлээр хуралдах товтой УБТЗ-ын нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар энэ удаа яригдахгүй байж магадгүй. Тэгэхдээ л энэ хувилбар бол дараа дараагийн хурлаар яригдахгүй гэх баталгаагүй, ТӨХ-ны даргын халаасанд үргэлж байх бэлэн төсөл, “Алтан гадас”-ынханд бол хэзээд болгоомжилж явах “тэсрэх бөмбөг” юм.

2015-01-26
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл