Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн товч танилцуулга

Монгол – Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг  байгуулах хэлэлцээний анхны төсөл 1948 онд хийгдсэн.  БНМАУ болон ЗСБНХУ-ын засгийн газрын хооронд  1949 оны 06-р сарын 06-ны өдөр хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах тухай  хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ нийгэмлэгийг зохион байгуулагчид нь Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Зам харилцааны яам, Монголын талаас БНМАУ-ын Тээврийн яам гэж тогтсон байна. Тэр үеэс хойш  төмөр замын бүтээн байгуулалтын  нэн их ажил өрнөж  1949 оны  11-р сарын 07-ны өдөр  Улаанбаатар хотноо анхны галт тэрэг ирсэн бол 1952 онд БНМАУ, ЗХУ болон БНХАУ-ын  засгийн газрын хооронд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ЗХУ болон БНХАУ-ын хооронд   төмөр замын шууд харилцааг  байгуулах тухай гурван талт хэлэлцээрт  гарын үсэг зурж,  1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ  руу аялах  төмөр замын шууд харилцааг нээсэн. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай–Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Э
рээнцав-Баянтүмэн зэрэг салаа замуудыг  байгуулж ашиглалтанд хүлээн авсаар өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  гол суурь бүтцийн  нийт урт нь 1815 км болоод байна.
      
Өнөөгийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь  80 гаруй өртөө зөрлөг бүхий  1815 км урт төмөр замтай, 15 560 ажилагсадтай. ОХУ болон БНХАУ-ыг холбосон гол төмөр замын  нийт замын урт 1110 км. Суурь бүтцийн хүчин чадал нь жилд 22,0-23,0 сая тонн ачаа тээвэрлэнэ. Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн  салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан төмөр замын  тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны өсөлт сүүлийн жилүүдэд 9-13% өсч байна.  2012 онд ачааны хэмжээ 10,7% өсч 20,4 сая тн ачаа, зорчигч тээвэр 4,38% өсч 4,0 сая зорчигч  тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.
     
ОХУ- БНХАУ-г холбосон  Улаанбаатар төмөр зам нь Евроазийн төмөр замын кооридоруудын  хамгийн дөт  зам юм.  Ийм  Монгол улсын болон ОХУ-ын Засгийн газраас  анхаарал хандуулж   тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар  хүчин чадлыг  сайжруулах, хөдлөх бүрэлдхүүний паркийг шинэчлэх арга хэмжээнүүд авч  байна.  Үүнээс гадна Улаанбаатар төмөр зам өөрийн   санхүүгийн эх үүсвэрээр  төмөр замын суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авсаар байна. Томоохон ажлуудаас дурьдахад БНХАУ-ын Эрээн боомт Монгол улсын Замын-Үүд боомтыг холбосон  өргөн царигийг  хоёрдахь замыг Хятадын төмөр замын талтай хамтран  ашиглалтанд орууллаа. Гол замд 70 км замын шинэчлэл, хилийн Замын –Үүд боомтын төмөр замд өргөтгөл зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа нь Европ – Азийг холбосон  төмөр замын кооридорын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн хугацааг багасгаж  байна.
     
Цаашид уул уурхайн бүтээгдхүүний экспортын өсөлт нэн ялангуяа Европын зах зээлд хүргэхээр төвлөж буй коксжуулсан нүүрсийн тээвэрлэлт, Монголд хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор импортын ачааны өсөлт зэргээс шалтгаалан ойрын жилүүдэд  Улаанбаатар төмөр замыг  галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын автомат систем нэвтрүүлэх, суурь бүтцийн зарим хэсэгт  хоёр зам барихаар  төсөл боловсруулан ажиллаж байна. 

 

2014-11-28
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл