Монгол Улс тээврийн ложистикийн индексээрээ 140-д бичигджээ.
Зохиогч: www.news.mn

“Монголын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” онол практикийн бага хурлыг УИХ-ын даргын 119 дүгээр захирамжаар байгуулагдсан дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсэг, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо, “Монгол нүүрс” ассоциаци, Монголын логистикийн холбоо хамтран зохион байгууллаа.

Онол практикийн бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хэлсэн үгэндээ, “Манай орны хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжин нэмэгдэж буй хоёр хөрш улс, тухайлбал, байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогоос хамааран давуу, сул талтай билээ. Тухайлбал: Төмөр замын тээвэр нь бага зардлаар олон тооны зорчигч, их хэмжээний ачааг холын зайнд тээвэрлэхэд тохиромжтой байхад агаарын тээвэр нь богино хугацаанд өндөр зардалтайгаар хязгаарлагдмал тээвэрлэлтийг гүйцэтгэдэг бол авто тээврийн үйлчилгээ хаалганаас хаалганд хүргэх, богино болон дундын зайнд үйлчилгээ үзүүлэхэд илүү тохиромжтой юм. Эдгээр онцлог давуу талуудыг харгалзан худалдаа, тээврийг хөнгөвчилсөн холимог тээвэр, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах зүй ёсны шаардлага тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна. Мөн түүнчлэн Дэлхийн банкнаас жил бүр тээврийн логистикийн талаар хийдэг судалгаанд Монгол Улс судалгаанд хамрагдсан 155 орноос логистикийн индексээр 140-д байна.

Иймээс тээвэр, худалдааны салбарт нэн тэргүүнд хөгжүүлэх чухал асуудлын нэг боловч бодлого, эрх зүйн хувьд анхаарлын төвд бус байсан логистикийг төрөөс бодлогын хувьд дэмжин хөгжүүлэх зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг санаачлан батлуулахаар ажиллаж байгааг энэ дашрамд дурдъя” гэв. Онол практикийн бага хуралд УИХ-ын гишүүд, мэргэжлийн холбоод, яам, агентлагийн төлөөлөл 100 гаруй төлөөлөгч оролцож Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэн санал бодлоо хуваалцахаас гадна бусад улсын туршлага, улс орны эдийн засагт тээвэр, логистик хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл солилцов.

2013-10-09
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл