Г. Батхүү: “Монголын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил”

Эрхэм хүндэт Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын Их Хурлын даргын 119 дүгээр захирамжаар байгуулагдсан дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо, “Монгол нүүрс” ассоциаци, Монголын логистикийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” сэдэвт Онол, практикийн бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд зохион байгуулагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ өглөөний мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, ялангуяа уул уурхайн орд газруудын бүтээгдэхүүн олборлолт, ашиглалтад түшиглэн эрчимтэй өсч байгаа бөгөөд цаашид энэ чиглэл өөрчлөгдөхгүй байх хандлагатай байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хамаарал улам гүнзгийрч, бараа, бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж, үйлдвэрлэлт нэмэгдэж байгаагийн хэрээр түүнд шаардагдах түүхий эд, тухайлбал; ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, тэдгээрийг богино хугацаанд бага зардлаар тээвэрлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Түүнчлэн манай орны хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжин нэмэгдэж буй хоёр хөрш улс, тухайлбал, байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улсдаа эдийн засгийн шинэ бүсүүдийг бий болгох, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох замаар, бүс нутагтаа тээврийн сүлжээний нэг гол зангилаа болж улс орны эдийн засгийн өсөлтөд тодорхой дорвитой хувь нэмэр оруулах асуудал чухлаар тавигдаж байна.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар болон Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд дотоодын тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, ойрын болон дунд хугацаанд хийх ажлууд голчлон тусгагдсан. Монгол Улсын Засгийн газраас “Транзит Монгол Үндэсний хөтөлбөр”-ийг 2008 онд батлан хэрэгжүүлж байгаа боловч энэхүү хөтөлбөр нь худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн бөгөөд 2015 онд дуусгавар болох юм.
Техник, технологи асар хурдацтай хөгжиж, ачаа эргэлт өсөн нэмэгдэж буй өнөө үед бараа, бүтээгдэхүүнийг богино хугацаанд хямд өртгөөр оновчтой тээвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд НҮБ-аас үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн үр дүнд Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын ивээл дор Азийн улсууд Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсан юм. Хэдийгээр энэ сүлжээ нь одоогийн дэд бүтцэд тулгуурлаж байгаа боловч ирээдүйд Ази, Европын хооронд зорчигч, ачаа тээвэрлэлтийг богино хугацаанд саадгүй хангах нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой. Зүүн Ази, Европыг холбосон энэхүү тээврийн сүлжээний хамгийн дөт замнал нь манай улсаар дамжин өнгөрдөг бөгөөд цаашид дамжин өнгөрөх тээврийн шинэ замналыг бий болгож экспортыг нэмэгдүүлэх, тээврийн нэмэлт зардалгүйгээр импортын бараа, бүтээгдэхүүнээр алслагдсан бүс нутгийн иргэдийг хангах зайлшгүй хэрэгцээ байгааг анхаарч авч үзэх нь зүйтэй юм.

Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дамжин өнгөрөх тээвэр, холбоо болон цахилгаан дамжуулах шугам, хоолойн тээврийн асуудлаар нэгдсэн бодлого, чиглэлтэй болох, мөн гадаадын улс орнуудад ил тод, ойлгомжтой байхаас гадна аливаа хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж хамгаалах үүднээс урт хугацаанд төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг томилон ажилуулж байна.

Манай ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сард “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдаар төмөр замын тээврийн асуудал, бусад улсын туршлагын талаар илтгэл тавиулж, санал бодлоо солилцсон нь бодлого боловсруулагчид бидэнд ихээхэн үр дүнгээ өгсөнийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү онол, практикийн бага хурал нь Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын хамрах хүрээний нэг чухал асуудал болох Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хамтран хэлэлцэж санал бодлоо хуваалцахаас гадна бусад улсын туршлага, улс орны эдийн засагт тээвэр, логистик хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл солилцох зорилготой юм.

Манай улс олон улсын авто замын сүлжээнд нэгдэн орсон боловч өнөөдрийн байдлаар олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлага хангасан авто зам хараахан алга байна. Цаашид энэ чиглэлийн авто замыг барьж байгуулахдаа олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, мөн стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын ая тух, аюулгүй байдлыг хангасан байхыг онцлон хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогоос хамааран давуу, сул талтай билээ. Тухайлбал: Төмөр замын тээвэр нь бага зардлаар олон тооны зорчигч, их хэмжээний ачааг холын зайнд тээвэрлэхэд тохиромжтой байхад агаарын тээвэр нь богино хугацаанд өндөр зардалтайгаар хязгаарлагдмал тээвэрлэлтийг гүйцэтгэдэг бол авто тээврийн үйлчилгээ хаалганаас хаалганд хүргэх, богино болон дундын зайнд үйлчилгээ үзүүлэхэд илүү тохиромжтой юм. Эдгээр онцлог давуу талуудыг харгалзан худалдаа, тээврийг хөнгөвчилсөн холимог тээвэр, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах зүй ёсны шаардлага тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна. Мөн түүнчлэн Дэлхийн банкнаас жил бүр тээврийн логистикийн талаар хийдэг судалгаанд Монгол Улс судалгаанд хамрагдсан 155 орноос логистикийн индексээр 140-д байна.

Иймээс тээвэр, худалдааны салбарт нэн тэргүүнд хөгжүүлэх чухал асуудлын нэг боловч бодлого, эрх зүйн хувьд анхаарлын төвд бус байсан логистикийг төрөөс бодлогын хувьд дэмжин хөгжүүлэх зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг санаачлан батлуулахаар ажиллаж байгааг энэ дашрамд дурьдая.

Бидэнд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаа зүй зохистой ашиглах асуудал чухлаар тавигдаж байгаа боловч алс хэтдээ нөөц нь хомсдох нь дамжиггүй юм. Гэтэл хэдэн зуун жилийн өмнөөс ачаа, бараа тээж байсан эдүгээ олон улсад “Торгоны зам”, “Цайны зам” гэж нэрлэгдсэн замналууд өнөөдөр улам өргөжин хөгжиж үр ашгаа өгсөөр байна.

Миний онцлон тэмдэглэхийг хүссэн зүйл бол манай орны газар зүйн байрлалын давуу талыг ашиглан Монгол Улсыг тив дамнасан зорчигч болон ачаа тээврийн асар их урсгал дамжин өнгөрөх сувгийн нэг чухал зангилаа хэсэг болгох боломж бий бөгөөд бид дэд бүтцээ хөгжүүлэхдээ зөвхөн өнөө маргаашийн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нефть зэрэг түүхий эдээ гадаад зах зээлд хүргэх явцуу хүрээнд бус, харин 50-100 жилийн дараа эрдэс баялгийн нөөц хомсдох цагт дамжин өнгөрөх тээвэр, логистикийн үйлчилгээний бизнес далайцтай хөгжсөн байх холын бодолтой ажиллах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Мөн түүнчлэн үндэсний зам, тээвэр, логистикийн хүчирхэг сүлжээ байгуулан хөгжүүлэхийн тулд гадаад орчин, ялангуяа хоёр хөршийнхөө бодлого, нөхцөл байдлыг сайтар судлах шаардлага ч их байгааг сүүлийн үед Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх, борлуулахад учирч буй хүндрэл бэрхшээлүүд тодорхой харуулж байгааг онцлон хэлэхийг хүсч байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Өнөөдөр бид хөгжлийн бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид олон нийтийн байгууллагууд хамтран тээвэр, логистикийн хөгжлийн асуудлыг тал бүрээс нь шүүн хэлэлцэж байгаа нь төрийн бодлогыг оновчтой болгоход тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

“Монголын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” сэдэвт Онол, практикийн бага хурал нээснийг мэдэгдье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Like ·

2014-01-20
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл