“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болов.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо хамтран “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 8 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордны хуралдааны Б танхимд зохион байгуулагдав.

Хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгжүүд зэрэг 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөлөгчид оролцож, Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын тээвэр, логистик, ялангуяа төмөр замын тээврийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, улс орны хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүргийг бусад улсын жишээгээр өгүүлж, Британий академийн шугамаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургуультай хамтран Монголын уул уурхай, төмөр замын геополитикийн чиглэлээр хийж буй судалгааны зарим ажлынхаа талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

            Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт замнал манай улсаар дамжин өнгөрдөг бөгөөд цаашид газарзүйн байрлалынхаа давуу талыг ашиглан хөрш хоёр улс, тухайлбал байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг  БНХАУ-ын аж үйлдвэрийн бүстэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүсүүд бий болгох, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, бүс нутагтаа тээврийн сүлжээний нэг гол зангилаа болж улс орны эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах асуудал чухлаар тавигдаж байна.

Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

Хурал удирдагч:   ОУСХ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч,                                                                                                                                              доктор  Д.Шүрхүү

Хурлын нээлт:

            - Г. Батхүү -Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч

Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил

    - Б.Батзаяа / Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/

Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт

    - П. Бат Эрдэнэ  /Монголын  төмөр зам ХК-ний гүйцэтгэх захирал/

УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн асуудлууд

            - Г.Сэрээнэндорж  /УБТЗ-ын даргын  үүрэг гүйцэтгэгч/

Монголын гео орон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал ба сорилтууд

    - Л.Пүрэвбаатар /Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн/

Улс орны хөгжил ба төмөр замын бүтээн байгуулалтын уялдаа холбоо: /Хятадын жишээн дээр/

    - Урадын Э. Булаг  /Кембрижийн их сургууль, доктор/

 Хурал удирдагч:         Л.Пүрэвбаатар /Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн/

Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан төмөр замын төслүүд

   - Б.Пунсалдулам /ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭША, доктор/

Ази-Европыг  холбох Оросын төмөр замын шинэ төслүүд ба  Монголын төмөр зам

   - Д.Шүрхүү /ОУСХ-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор/ 

 Хятадын төмөр замын хөгжлийн чиг хандлага ба Монголын  төмөр зам

    - Б.Индра /Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч, доктор/ 

Хэлэлцүүлэг

Зурагнууд

2014-08-21
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл