“ХАЛХ ГОЛЫН ДАЙН БА ТӨМӨР ЗАМ” олон улсын симпозиум боллоо
Хэвлэсэн он: 2014-09-03

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн Британий Кэмбрижийн Их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын симпозиумыг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. 
    Тус симпозиумд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Дэд Ерөнхийлөгч Т.Дорж, Төмөр замын удирдах газрын удирдлага болон их, дээд сургууль болон  эрдэм шинжилгээ, судалгааны бусад байгууллагын эрдэмтэн судлаачид, оюутнуудын төлөөлөл оролцов.  
    Олон улсын симпозиумд Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Р.Болд “Халх голын тулалдаан ба төмөр зам”, ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны сургуулийн профессор В.Г.Третьяков “Монгол хүртэл болон Монгол Улсад төмөр зам барих бэлтгэл ажлыг үечлэх нь”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрхлэгч хурандаа, доктор Б.Ганболд “Халх голын дайны сургамж ба төмөр зам”, Британий Кэмбрижийн Их сургуулийн Нийгэм-хүн судлалын тэнхмийн профессор Урадын Э.Булаг “Зам судлал ба Монголын түүхэн хувь заяа”, Япон улсын Шига мужийн Их сургуулийн профессор Бүрэнсайн “Халх голын дайн ба Өвөр Монголд явагдсан Японы төмөр замын ажиллагаа”, БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуулийн профессор Хөгжилт “БНХАУ ба Монгол Улсыг төмөр замаар холбох бодлого, үйл явцад хийсэн дүн шинжилгээ”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Төрдалай “1930-аад оны Монголын төмөр замын хөгжлийн асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. 
    Энэхүү симпозиум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж, Халх голын ялалтын 75 жилийн ойн баяр ёслолд оролцож буй чухал цаг үед болж буйгаараа онцлог, Халх голын дайн Монгол Улсын болон Зүүн Хойд Азийн төмөр замын бүтээн байгуулалтанд үзүүлсэн нөлөөг олон улсын түвшинд анхлан хэлэлцсэнээрээ шинэлэг төдийгүй уг түүхэн үйл явдлын мөн чанарыг тодруулах, танин мэдэхүй, эрдэм шинжилгээний талаас судлаач, олон нийтэд мэдээлэл түгээсэн ач холбогдолтой эрдмийн үйл ажиллагаа боллоо. 

Зурагнууд

2014-09-03
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл