Монгол дахь төмөр замын төслүүд, түүний хувь заяа (XIX зууны сүүлээс ХХ зууны эхэн)
Зохиогч: Доктор, профессор Б.Пунсалдулам

Хүн  төрөлхтний  түүхийн хөгжил дэвшилд төмөр замын  гүйцэтгэсэн үүрэг өндөр юм. Төмөр зам шинэ зах зээлийг бий болгож, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, бүс нутаг  улс  орон,  тив  хоорондын  харилцаа холбоо  өргөжих боломжийг нэмэгдүүлэхийн хамт, улс орнууд эдийн хүч нөлөөгөө нэмэгдүүлэх, газар нутгаа тэлэх боломжийг давхар агуулж байв.

ХIХ сүүл ХХ зууны эхэн үеийн Монголд төмөр зам тавих төслүүдийг дотор нь Оросын худалдаачид, Монгол орноор аялсан Оросын судлаачдын зүгээс тавьсан төсөл буюу санал, Хаант Оросын төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд тавигдсан  төсөл хэмээн ялган бичихийг зорьлоо.  Ингэж ялгах нь төслүүдийг өөр хоорондоо холбоогүй, огт өөр зүйл хэмээн үзэж буй хэрэг биш бөгөөд зөвхөн төслүүдийг хэн сонирхож буй, түүний цаашдын хувь заяа, хэрэгжих үндэслэл, гадаад дотоод хүчин зүйлийг илүүтэй тодруулахыг зорьсонтой холбоотой.

“Русское географическое общество” буюу Оросын газар зүйн нийгэмлэг 1845 оны 8 дугаар сарын 18-нд байгуулагдсанаас хойш 28 жилийн дараа Монгол руу анхны аялалыг Николай Прежевальский хийж Хиагт, Өргөө, Далай нуур, Хөх нуурын эрэг, Сум хад, Инь шаны нуруунууд, Цайдам, их Говийн элсэн цөлүүдийг 3 жилийн хугацаанд туулж маш их  материал цуглуусан байна.  Аялалын үр дүнд “Монгол ба Тангад улс” ном хэвлэгдэн гарсан юм. Энэ аялалаас хойш буюу 1873 оноос 1920 оныг дуустал монголд бараг 100 шахам удаагийн том бага аялал, судалгааны ажил хийгджээ. Энэ хирээрээ Монголын тухай материал орос хэл дээр үлэмж их байна.  XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеийн монголын зам тээврийн хөгжил ямар хэмжээнд байсныг, мөн ямар чиглэлд төмөр зам тавих сонирхол байсныг  эдгээр матерал дээр тулгуурлан гаргаж болохоор байна.

 

  1.  

Монголд төмөр зам барих төсөл, оролдлогын үүсэл, үндэслэлийн түүхийн эхлэлийг Хаант Орос Монголын хувьд идэвхтэй бодлого явуулж ирсэн XVII зууны үеэс  улируулан үзэж улмаар XIX зууны сүүл үеэс идэвхжиж, эдийн засгийн  харилцаанд шилжиж ирснийг тодотгох хэрэгтэй юм. Учир нь Хаант Орос-Чин улсын хооронд Монгол дахь оросуудын худалдааг хүлээн зөвшөөрсөн Бээжингийн гэрээний дагуу 1861 онд Хүрээнд Оросын консулын газар нээгдэж оросын анхны дипломатууд болон худалдаачид нэвтрэн орж иржээ. Улмаар 1881 онд Оросын засгийн газар Петербургийн хэлэлцээр байгуулахад түүний 12 дугаар зүйлд Оросын иргэд ямар ч татваргүй худалдаа хийх эрхийг олгосноос хойш 1897 онд оросууд Манж руу нэвтрэх болж, Монголд худалдаа хийх үйл ажиллагаа мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж, улмаар хамтарсан байгууллагууд бий болж үйл ажиллагаа явуулах болсон байна. Тухайлбал, Орос-хятадын банк, Монголын газрын ашигт малтмалыг олзворлох хамтын хувь нийлүүлсэн “Монголор” хэмээх синдиткатыг байгуулжээ. Өөрөөр хэлбэл монголоос орос луу гарах мал, малаас гарах түүхий эд, бусад эд баялгийг зөөвөрлөх тоо хэмжээ эрс нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хил залгаа орших Хаант Оросын Сибирь, Эрхүү мужийн тойрогт түлхүү хөгжиж буй үйлдвэрийн хэв шинж, хөгжилтэй ч холбогдох асуудал юм.

Өгүүлэн буй үеийн Монголын нийгэм-эдийн засгийн хөгжил, ялангуяа мал аж ахуйн салбар хөгжлийн зохистой хэвийн түвшинд явагдаж, үйлдвэрлэл явуулах боломж бүхий  түүхий эдийг гаргах хүчин чадалтай байсныг монголын зах зээлийг тусгайлан судалсан 1910 оны М.И.Боголев, М.Н.Соболев нарын, 1913 оны Болобаны, 1915-1916 оны С.А.Козин, П.А.Витте нарын, мал худалдан авах 1915 оны П.К.Козловын, 1919 оны И.М.Майский нарын зэрэг экспедицийн судалгаа, тайланд  статистик тоо баримтад түшиглэн гаргасан байдаг. Томскийн их сургуулийн профессор М.И.Боголев, М.Н.Соболев нар тайландаа “ Монголчуудын өөрсдийнх нь эдийн засгийн байдал  царцсан чулуулаг мэт байна гэж бид  ярихаа больсон билээ. Монголын эдийн засагт гарч байгаа тэдгээр хөдөлгөөнүүд, бүр одоо ч гэсэн ажиглагдаад байгаа хөгжлийн тэдгээр үйл явцууд Орос-Монголын бай Хятад Монголын худалдааны гадаад нөхцөлд асар их нөлөө үзүүлэх чадвартай юм” [1] хэмээн тэмдэглэжээ. Нөгөө талаар хөрш  Орос улсын  Сибирь, Эрхүү мужийн тойрогт  хөгжиж буй үйлдвэрүүд нь монголын мал, малаас гарах түүхий  эдэд түшиглэсэн үйлдвэрүүд  түлхүүтэй хөгжиж байв. Оросын Өвөр байгальд арьс ширний 51 завод байсны 9 нь харьцангуй том үйлдвэр байв. Эрхүүд арьс ширний  19 завод байсны 1 нь жилд 25000 шир боловсруулах хүчин чадалтай. 2 нь 8000 хүртэл бусад нь 3,6 мянга хүртэл арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд байжээ[2].   

Дээрх үйлдвэрүүдийн түүхий эдийн ихэнх хувийг монголын зах зээлээс нийлүүлж байсан  тул аль болох хямд зардлаар хүргэх асуудал оросуудын анхаарлын төвд байв.

ХХ зууны эхэн үед Монголоос түүхий эд, баялагийг гадагш  хятад, орос луу зөөх  гол үүргийг хуурай зам гүйцэтгэж байв.  Энэ хуурай замыг дотор нь хэлбэрийн хувьд тууврын зам, жингийн зам, автозам /Нийслэл Хүрээ, Хиагт хоёрын хооронд хувийн автошуудан хийх эрхийг Чита хотын иргэн Вейнерманд олгож байжээ. Мөн 1917оны 8 сард Чуулалт Хаалга-Хүрээний хооронд Америкийн “Монголиан Трейдинг Компани” автомашинаар шууд зорчих  зам нээсэн/   чиглэлийн хувьд орос, монголыг холбосон зам, монгол хятадыг холбосон зам, дотоод харилцааны зам  хэмээн ангилж болно. Тууврын зам нь малыг өвс, ургамал, ус бэлчээр сайтай газруудаар тууварлан тарга хүчийг бууруулахгүй байх үүднээс арай тойруу байсан боловч чиглэлийн хувьд жингийн замтайгаа давхцдаг байна. Тууврын зам нь Ховдын тойрогийн Чуйн их зам руу чиглэн монголын малыг Сибирь Эрхүү рүү чиглэн туудаг. Тууврын замын гол чиглэл бол Хөвсгөл-Түнк, Эрхүү гэсэн чиглэл байв. Энэ зам Ачит нуурын бүс нутаг ба Тэсийн голын хөндийг дайран, хур тунадас элбэгтэй үржил шимтэй газраар явж Дэлгэр мөрнийг гаталдаг. Цаашаа Хөвсгөл нуурын баруун зүүн талаар тойрон гарна.Хөвсгөлөөс малыг Монд хэмээх сүм бүхий суурингаар тууж Эрхүү хүрдэг.Замд Хангины хилийн харуул нэлээд ач холбогдолтой. Энэ зам нь Оросын төмөр замтай хамгийн ойр юм.  Монголоос орос луу бараа тавар түүхий эд зөөх гол зам нь Чуйн их зам байжээ. Чуйн худалдааны зам нь Алтайн уулсад нарийхан хөндийг үүсгэдэг Чуй голын нэрээр нэрлэгдсэн байна.  Уг замд Онгуудай хэмээх суурингаас Кош-Агач хүртэл замыг хамааруулна.

1905 онд Улиастайн орос худалдаачдын нийгэмлэг Улиастайн консулд өгсөн бичигт тэд энэхүү замыг өөрсдийн хүчээр  тавихыг оролдсон тухайгаа бичжээ. Гэвч  бүтээгүй юм. Байгалийн саад ихтэй. Хангины хилийн даваа өндөр, өвөл цасанд их дарагддаг, өвс тэжээл олдоц муу, тиймээс энэ замыг Байгалыг тойрсон төмөр зам  тавиад Түнк рүү ордог хэсгийг байгалыг тойрсон Хөлтөг өртөөтэй холбовол илүү ач холбогдолтой. Улиастайд буй оросууд худалдаачид: Хөлтөг-Түнк-Хангины даваа хэмээх төмөр замыг тавьснаар бараа оруулалтын зардал 501 % хямдруулна хэмээн тооцоо гаргажээ./т419/ Гэвч энэ боломжийг судлаагүй орхигджээ. Улиастайн худалдаачдын санал Улиастай ба Ховдоос Енисей дахь Булаг руу тэргний зам төсөлтэй тулгарч өрсөлджээ.Енисейскээс цаашаа Красноярск руу төмөр замаар явна.Энэ төсөл анхаарал татжээ. Енисейн мөрөнг орос-монголын худалдааны замд ашиглах асуудал нь Соёд ба соёдтой холбогдох  зам харилцааны асуудлыг авч үзэхэд хүргэдэг.

Монгол орноор аялсан судлаачид монголын зах зээлийн багтаамжийг судлаад, түүхий эдийн аль болох хямд зардлаар зөөвөрлөх арга замыг хайж, юуны өмнө одоо ашиглаж буй Чуйн  их замыг засварлах, цаашлаад төмөр зам байгуулах саналыг дэвшүүлж байв. Ингэхдээ шууд Оросыг Монголтой холбосон зам тавих нь олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарахыг ойлгож байсан тул эхний удаа  1. Монгол руу чиглэсэн Сибирийн төмөр замын салбарыг байгуулах, 2. боломжийн хирээр монголын хилд ойртуулах, болж өгвөл 3. Хиагт хүртэл барих ажлыг санал болгож байжээ. Тухайлбал, судлаач Боголепов, Соболев нар Монгол руу чиглэсэн төмөр зам ба Сибирийн төмөр замын салбарыг байгуулах оролдлого тус болно. Эдгээр төслүүдийн зөвхөн нэг хэсэг нь биелсэн тохиолдолд, жишээ нь Мысовая-Хиагт, Өргөө-Хаалган гэсэн зам тавьсан байхад л Монгол дахь худалдааны замууд ба төвүүдийн хуваарилалтанд жинхэнэ эргэлт гарна.”гэжээ.  Мөн тэд  “Юуны өмнө, төмөр замыг Монголын хилд боломжийн хэрээр аль болох ойртуулах хэрэгтэй. Цаашдаа Алтайг даван гарсан уулын төмөр замыг ажиллуулах, Алтайн асар том голуудыг цахилгаан энерги гаргахад ашиглах, Яг одоогийн байдлаар Монголын худалдааны ашиг сонирхолын үүднээс авч үзвэл Бийск хүртэл төмөр зам талаар ярих цаг болжээ. Олон янзын нэлээд хямд үнээр хангаж өгдөг төмөр замаар аль болох цааш нь явуулж, барааны тээвэрлэлтийг хөнгөлөх хэрэгтэй байна. Цаашдын замын тухайд бол Томск мужаас Монгол руу ордог цорын ганц гарц болох Чуйн их замын туйлын чухал засвар хүлээж байна. Чуйн их зам тавьснаас эхлээд 9 жилийн турш засвар хийгээгүй юм гэжээ[3].

“Хиагтын бүсийн тухайд Монголыг Сибирийн төмөр замтай холбох хоёр төсөл байна. Нэг төсөл ёсоор нь Хөвсгөл, Хянганы харуулаар дамжин Түнк суурин руу орсон тэрэгний зам гаргах ба эндээс Байгалийн чанад дахь Хөлтөг өртөөтэй холбогдсон төмөр замын салаа барих хэрэгтэй Энэ бол Монголын төвөөс гарсан хамгийн богино зам. Гэхдээ энэхүү төслийн нэгэн том дутагдал бол Хөвсгөл Ба Хянганы харуулд цас хамгийн түрүүнд ордог болохоор Монголоос тэмээгээр ирдэг барааны ихэнх хэсгийг тээвэрлэх ажлыг хүндрүүлнэ.Үүнээс гадна зам дагуух өвс тэжээл бага. Нөгөө төсөл нь Хиагтаас Дээд Үд эсвэл тэр хавийн нэг өртөө хүртэл төмөр замын салаа тавих явдал юм. Энэ зам нь Улиастайгаас худалдаачдын хэрэгцээг хангах ба тэд бараагаа Улиастайгаас Хиагт-Дээд Үд хүртэл илгээх боломжтой болно. Хиагтаас төмөр замаар ачаа зөөхөд Улиастайгаас Бийск хүртэл зөөхөөс 60-70 копейкоор хямд болно. Гэвч бид Хятадын Засгийн газраас  Хиагтаас-Өргөө хүрсэн төмөр зам барихад хамтран эзэмших зөвшөөрөл авах нь туйлын зүйтэй гэж үзсэн юм. Юу гэвэл, Бээжин-Хаалган-Өргөө хэмээх хятадуудын барихаар төлөвлөж буй төмөр замын шугам нь /Бээжингээс Хаалган хүртэл барьчихсан шугам/ Монгол дахь манай худалдаанд залруулахын аргагүй цохилт болоод байна.Энэ замаар орос бараатай өрсөлдөх төрөл бүрийн европ бараа монголд орж ирэх ба энэ л замаар өнөөг хүртэл орос худалдаачдын гарт нэлээд хэмжээгээр орж ирдэг байсан монгол түүхий эд хятадын боомтууд руу тээвэрлэгдэнэ. Өргөөгөөс Хиагт хүрсэн төмөр зам тавьчихвал Бээжин рүү чиглэсэн дээрх төслийн улмаас өртөх цохилтын хүчийг маш ихээр сааруулна. Учир нь энэхүү төмөр зам нь Өргөө-Хаалган-Бээжингийн төмөр замын шугамын адил амжилттайгаар монголын түүхий эдийг орос төмөр замаар баруун европ руу эсвэл Владивосток руу гаргах боломж олгоно. Үүний сацуу Өргөөгөөс Хиагт хүрсэн зам нь монголын нэлээд үржил шим сайтай бүс нутгуудыг нөлөөндөө оруулна.”[4] хэмээн тэмдэглсэн байна.

II.

Монголд хэрэгжүүлэхээр зэхэж байсан төмөр замын төслүүдийг Орос оронд төмөр зам барьсан түүхэн хөгжил, тухайн үеийн их гүрнүүдийн Алс Дорнодод явуулсан улс төрийн гадаад бодлого, олон улсын харилцааны хөгжилтэй холбон авч үзэх нь зүйтэй юм. Хаант Оросын Монголд төмөр зам тавих сонирхол нь Монголын талаар явуулах улс төр, эдийн засгийн засгийн бодлогын нэгэн хэсэг бөгөөд энэ асуудал зөвхөн Монголоор зогсохгүй Манжуур, Хятадын дорнод хэсэгт хамааралтай асуудал байв. Хаант Орос Ази, зуун Азид ноёрхолоо тогтоон барьж, Японы эсрэг тууштай тэмцэхийг хүсэж байсан юм. Өөрөөр хэлбэл Хаант Оросын Азийн эх газрын их гүрний бодлогын салшгүй хэсэг бөгөөд дээрх асуудал нь Алс дорнодод олж авсан байр сууриа бататгахад томоохон алхам байх ёстой байв. Хаант Орос нь Алс Дорнодын төмөр зам барих явцдаа төмөр замын төв шугмаасаа салаа зам тавьж, Эрхүү-Хиагтыг холбосон зам барих төлөвлөгөөтэй байжээ. Энэ хэрэгжвээс хожмоо Хиагтаас Хүрээ, улмаар Хүрээнээс Чуулалт хаалга хүрэх төмөр зам тавих боломж нээгдэх байв. Бүр 1903 онд Г.Н.Потанин Сибирийн төмөр зам тавих бүс нутгуудыг эдийн засгийн хувьд судлах асуудлыг хэлэлцэж байсан албан ёсны зөвлөгөөн дээр монголтой хийж байгааг худалдааг төмөр замын ашиг сонирхолд нийцүүлэн зайлшгүй судлах асуудлыг тавьж байжээ.

Энэ зорилгын үүднээс Николай I генерал Н.Н.Муравьевийг Дорнод Сибирийн захирагчаар 1847 онд томилсон байна. Н.Муравьев 1858 онд Айгуны хэлэлцээр байгуулж, Але Дорнодыг Европтой холбох төмөр зам тавих саналыг дэвшүүлж байжээ. Түүний дараа 1887 онд Бээжингийн хэлэлцээрийг байгуулсан А.Игнатьев төмөр зам байгуулах саналыг эзэн хаанд тус тус танилцуулсан байна. Төмөр зам барих зайлшгүй гол шаардлагатай байсан тул Александр III хүү Николай II-ыг Европыг Алс Дорнодтой холбох Сибирийн их төмөр зам тавих тусгай хорооны даргаар томилж, 1891-1897 онд Омскийг Эрхүү, Верхнеудинсктэй, Владивостокийг Хабаровсктой холбосон төмөр замыг байгуулжээ. Ийнхүү Хаант Оросын засгийн газар 1891 оноос Транс Сибирийн төмөр замыг тавьж эхэлсэн явдал Зүүн Азийн Японтой өрсөлдөх замдаа орсон байна.

Японтой хийсэн дайнд ялагдсан Чин улс 1896 онд Оростой холбоотны нууц гэрээ байгуулж, гэрээний хавсралт хэлэлцээрээр Нерчинскээс Владивосток хүртэл Манжуураар дайруулан Хаант Оросын мэдэлд 80 жилийн хугацаатай байх, "Чин улс өөрөө хүсвэл 36 жилийн дараа худалдан авч болох нөхцөлтэйгээр төмөр зам тавихыг зөвшөөрчээ. Хаант Орос Порт-Артуртыг Сибирийн төмөр замтай холбож, өөрийн мэдэлд Өмнед Манжуурын төмөр замыг авчээ. Улмаар   1897-1903   онуудад  дээрх   нууц   гэрээний  дагуу  Цагаан хэрмээс хойшхи нутагт зүүн хойд хятадад  ажиллагаагаа идэвхжүүлж 250 мянган акр хятадын темер замыг тавьжээ.

Америк,  Английн   синдикат    Шар тэнгисийн эргийн  ойролцоох   Чинчоу   хотоос   Амур   мөрний (Благовещенскийн эерэг талд) хүртэл төмөр замыг  америкийн 40 сая долларын зээлээр барих хэлэлцээр Чин улстай байгуулж, уг төсөлд арилжааны  үндсэн дээр бусад гүрнүүд  оролцохыг урьсан “төмөр замд төвийг сахих" саналаа 1909 оны 12 дугаар сард дэвшүүлсэн байна. Энэхүү  санал нь Манжуур дахь Орос, Японы ашиг сонирхлыг  шууд хөндсөн хэрэг байв. Чинчоу-Айгуны төсөлд оролцохыг урьсан  АНУ-ын   саналын   эсрэг   Орос   Умард   Хятадын төмөр замтай  холбогдсон Хаалганаас Хүрээ хүртэл, Хүрээнээс Оросын хил дээрх  Хиагт хүртэл төмөр зам барихыг санал болгосон байна. МөнЧинчоу-Айгуны  шугам нь оросын хил хамгаалалт, худалдааны сонирхолд хоёуланд нь  хохирол учруулах үр дагавартай гээд Бээжингээс умард зүгт тавих  төмөр замын хөрөнгийг зөвхөн Оросоос зээллэх үүрэг 1899 онд Чин улс хүлээснийг сануулжээ.

Оросын саналд Америкийн тал "Хаалган-Хиагтын төслийг бие даасан төсөл болгон судлах шаардлагагүй, гагцхүү энэхүү асуудлаар Хятадын байр суурь ямар байгааг  мэдэх нь чухал” гэсэн  хариуг 1910 оны 4-р сарын 18-нд өгчээ. Ингэснээр АНУ Хаалган –Хиагтын шугам тавихад оролцохгүй, Монголоор дайрах төсөл нь Чин улстай ярилцах асуудал буюу Монголыг Чин улсын бүрэлдхүүн  хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ1.

Орос дээрх төсөлд оролцохыг Герман, Японд тавьсан боловч  тэд татгалзсан байна. Хаант Оросын энэхүү төмөр замын төслийн  тухайд доктор Л.Болд "Оросын АНУ-д хандан дэвшүүлсэн Орос, Хятадыг Монголоор дайруулан холбох төмөр замыг хамтран тавих санал нь Алс Дорнодод АНУ, Японы хэнтэй нь ашиг сонирхлын  нөлөөгөө эвсэн хуваах эсэхээ шийдвэрлэх босгон дээр дэвшүүлсэн  ажээ.   Энэ   нь   Монголд   нөлөөний   хүрээгээ АНУ-тай хамтран  тогтоохыг тандсан, бас Япон, Чин улсын байдлыг шалгасан завсрын  тандалт байв" хэмээн дүгнэсэн байна[5].

Оросын засгийн газар дээрх төсөлөө Хятадын засгийн газарт санал болгохдоо хэрэв Хятадын тал Хаалганаас Хиагт хүртэл шугам тавих бол Хиагтаас Хүрээ хүртэлх хэсгийг Оросын хөрөнгөтнүүдээр тавиулахыг санал болгожээ. Энэ тухай Сибирийн төмөр замаар  аялсан Америкийн иргэн Е.Харисан 1910 онд бичихдээ “Бээжин-Хаалганы шугамыг үргэлжлүүлэн Хүрээгээр дайруулан Транс Байгалийн шугамтай холбох саналыг Орос дэвшүүлэв. Сонирхолтой нь Монголыг дайрсан шугам тавих санааг хэдэн жилийн өмнө Хятад гаргаж байсан боловч хөрөнгөгүйгээс хэрэгжүүлж чадаагүй аж. Хаалганы-Хиагтын шугам мянга орчим майл болох бөгөөд зам тавих газар зүйн нөхцөл туйлын бэрх.... шугам нь Хянганы нурууг нэвтэлсэн цооног, дараа нь усгүй говиор дайруулан тавьж Хүрээнд хүрнэ. Хүрээний цаана таван мянган фиит өндөр Гүнтийн давааг цоолсон хоёр цооног гаргана. Энэхүү замын өртөг нь ... наад зах нь 10сая фунт шаардах болно.Тиймээс М.Извольский Хятад болон бусад гүрнүүдээр Монголыг дайрсан шугам тавихад шаардагдах энэ их хөрөнгийг олоход хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна” хэмээн  тэмдэглээд Монголд төмөр зам тавих стратегийн ач холбогдлыг “ Зам тавьснаар Хүрээнээс умард зүгт Орхоны хөндийгөөр газар тариалан хөгжиж, суурин газар бий болох боломжтой болно, төмөр зам гол нь эзгүй тал нутгаар дайрах тул цаашдаа түүний дагуу ойролцоогоор 500 мянган хүн суурьших тооцоотой аж. Ингэснээр Өвөр, Ар Байгалийг Умард Хятадтай холбож зам үлэмж товчлогдоно. Англи, Америкийн   тал   Цицикар-Шинминтун   замын   төслийг   сонирхож байсан. Төмөр замаар тээвэрлэх бараа цөөвтөр, зөвхөн гол төлөв цай тээвэрлэх магадлалтай боловч зах зээлд Цейлоны цай Хятадын цайнаас илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Мен энэхүү замаар Оросын бараа Хятадын зах зээлийг дүүргэх боломж бага, учир нь Оросын таваар Хятадын зах зээлд Япон, Англи, Америкийн бараатай өрсөлдеж чадахгүй. Төмөр зам нь зөвхөн Монголын зах зээлийг л Оросын нөлөөнд оруулж болох талтай, үүнээс өөр ач холбогдолгүй юм... Стратегийн хувьд Монголын шинэ зам нь Японтой хийх дайнд Орост онцгой давуу байдал олгохгүй, учир үйл явдлын халуун цэгээс төмөр зам хол байна... Харин онолын хувьд хэрэв Хятад Оростой дайн хийх аваас түүний байр суурийг л сайжруулж болох талтай. Учир нь Бээжингээс Хиагт хүртэл төмөр зам тавих нь хэрэв Хятадын тал Оросын цэргийг Амар мөрний нөгөө талд хөөн гаргаж чадваас Хятадад Сибирийн их шугамд дорнод болон өмнөд хоёр талаас нь очих боломж олгоно. Гэхдээ Монголын төмөр зам нь Оросын армид Хятадын нийслэлд шууд очих үүдийг нээж, дээрх хоёр гарцыг  нэгмөсөн таслах болно" хэмээн бичсэн байна[6]

Хаант Оросын Алс Дорнодод явуулах төрийн бодлогыг тодорхойлоход   С.Ю.Витте, Э.Э. Ухтомский, А.Н. Куропаткин, адмирал Алексеев, эзэн хаан Николай II, буриад П.А. Бадмаев зэрэг нийгэм, төрийн зүтгэлтнүүд үйл ажиллагаа тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна. Тиймээс дээрх зүтгэлтнүүдийн үзэл бодол, хамтын үйл ажиллагааны тухай баримт материал бидний хувьд үнэтэй мэдээлэл болно.  Нөгөөтэйгүүр “Сибирийн бүх либерал сэхээтнүүд  Монгол орон эдийн  засгийн хувьд Орост, ялангуяа Сибирьт одоо болон хойшдоо ч чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэхийн хамт түүний зээл, байгалийн баялгийг эзэмших хэрэгтэй хэмээн сурталдаж байв. Жишээ нь Воллосович “Монголын зах зээл, уул уурхай, аж үйлдвэр болон бусад концессуудыг эзэмших хэрэгтэй. Гол нь гадаадын өрсөлдөгчийг тийш нь оруулж үл болно. ...Эдийн засгийн хэлхээ холбоо улс төрийнхөөс илүү найдвартай” гэж бичжээ. С.В.Востротин “Бид монголчуудад хэрэгтэй бүх баялгийг дотоод гадаадын зах зээлд гаргахад нь зуучлагчийн үүргийг гүйцэтгэн, түүнийг Европод хүргэдэг болох хэрэгтэй” гэсэн бол, И.М.Попов “Монголд улс төрийн ноёрхол тогтоох бус түүний зах зээлийг эзэмших явдал бол Монгол болон хятадын талаар бидний баримтлах гол зорилго байх ёстой. Монгол бол бидний хувьд бараагаа борлуулах зах зээл төдийгүй манайд мал, мах, арьс шир мэтийн түүхий эд  нийлүүлэгч бас манай капиталыг ашигт малтмал, алтандаа ашигладаг чухал газар юм. Монголыг албадан  нэгтгэх нь бидэнд чухал бус харин соёл болон эдийн засгийн  эрхшээлдээ оруулах нь чухал”гэж бичжээ. Ийм зорилгоо хэрэгжүүүлэхийн тулд тэд цөмөөрөө орос хүмүүс монголд үйл ажиллагаа чөлөөтэй явуулах хууль зүйн таатай нөхцөл бүрдүүлэх, зам харилцааг, зээлийн үйлчилгээг сайжруулах монголчуудад хэрэгтэй бараагаар Сибирийн худалдачдыг хангахын тулд Сибирьт янз бүрийн үйлдвэр байгуулах, мал эмнэлэг, хүн эмнэлэг, соёл гэгээрлийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авахыг санал болгосон тухай бичжээ.[7]

Монголд Оросоос өөр улс орон ямар нэг зам тавих нь хортой нөлөөлөл үзүүлэх  талаар монголоор аялсан  хүмүүс үзэж байв.

- М.Боголпов, М.Соболев нар хэрэв хятадууд Хүрээ-Хаалганы хооронд төмөр зам байгуулчихвал Оросын худалдаа сүйрэлд орно. Хятадын худалдаачид бол Англи, Америкийн үйлдвэрийн эздийн зуучлагч юм. Монголд хятадууд дангаараа ноёрхоно гэдэг бол угтаа англи, америкчууд ноёрхол гэсэн үг гэж үзжээ./дисст-22/

- Оросын худалдаа аж үйлдвэрийн яамны түшмэл А.Болобан Монголоор аялаад буцахдаа Хиагт Хүрээний  хооронд автомашины зам тавигдвал тэр нь германчуудын гарт орвол оросын худалданд цохилт болно.

- Гүн Беннигсен оросын хил дээр хятадууд цэргийн сурин байгулж байгаа мөн л аюултай болохыг сануулж байв.

 - Беннигсен, Болобан болон бусад монголоор аялсан жуулчид, Кушелёв нар оросууд цаг алдалгүй Орос –Монголын банк байгуулах хэрэгтэй/дисс,т22/

Дорнод Азийг   Оросын нөлөөнд оруулахыг буриад  П.А.Бадмаев хүсэж ихээхэн анхаарч байв.  Тэрээр Түвдийг Ази дахь Энэтхэгийн гол түлхүүр хэмээн үзэж “ хэн Түвдэд ноёрхоно, тэр  Хөхнуурт   ноёрхоно,  хэн  Хөхнуурт ноёрхоно. Тэр буддийн ертөнцөдөд ноёрхоно, харин Сы чу аньюд  ноёрхвол бүх Хятадад ноёрхно." хэмээн номлож,  Түвдийг Монгол, Хятадын хамт Орост нэгтгэх   хэрэгтэй   хэмээн  “Монгол-түвд-хятадын дорно дахиныг Орост   нэгтгэх"   төлөвлөгөөг 1883 онд боловсруулж Оросын гуравдугаар хаан Александрт өргөн барьж байжээ.

Мөн 1883-1897 оны үед П.А. Бадмаев Чита хотоос Ланьжоу хүрэх төмөр зам тавих төслийг боловсруулж хөөцөлдсөн боловч бүтээгүй байна.  Тэрээр   дахин  Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсний    дараа   Семипалатинск- Ховд-Улиастай-Өргөө-Хайлаар  гэсэн төмөр зам тавих тухай санал боловсруулж хэлэлцүүлж байсан  байна. Мөн үүнтэй нэгэн зэрэг Мысовая-Хиагт-Өргөө-Сайр ус- Нинся-Ланьжоу гэсэн чиглэлийн төмөр зам барих төслийг оруулж байжээ.[8]

Бадмаевын  саналтай  зэрэгцэн  өрсөлдсөн Оросын сангийн яамны сайд   Виттегийн   санал олонхийн дэмжлэг авчээ. Витте дуртгалдаа "Би замыг Хятадын нутгаар тухайлбал шууд Монгол, Умард   Манжуураар   дайруулан Владивосток руу тавих санал дэвшүүлсэн юм. Хятадын зөвшөөрлийг эвийн аргаар авах асуудал арилжааны харилцан ашигтай үндсэн дээр шийдэгдсэн. Харин эзэн хаанд үлэмж нөлөөтэй эмч буриад Бадмаев Хиагт-Бээжингийн чиглэлд төмөр зам тавих саналтай  байв. Түүний төсөлд би таатай хандаж чадахгүй байсан бөгөөд учир нь Владивосток бол Сибирийн замын хамгийн тохиромжтой очих цэг гэж үзэж байсан. Хоёрдугаарт, Бээжин хүртэл зам тавих нь Европыг бүхэлд нь  бидний эсрэг босгох санал байлаа”  хэмээн тэмдэглэсэн байна[9]. Ийнхүү буриад эмч Бадмаевийн санал дэмжигдээгүй үлдсэн нь шалтгаан нь хувь хүний нийгэмд эзлэх байр сууриас илүүтэйгээр тухайн үеийн олон улсын харилцаа, хүчнүүдийн байр суурь, улс төрийн бодлого түлхүү нөлөөлжээ.

 


[1] М.И.Боголепов, М.Н.Соболев. Орос, Монголын худалдааны найруулал. Орч .Ч.Баасанжаргал.УБ.,2011.т.392

[2] Е.М.Дарьевская. Сибирь ба Монгол. Орч. Д.Бадамням. УБ.,2011.т.64

[3] М.И.Боголепов, М.Н.Соболев. Орос, Монголын худалдааны найруулал. Орч Ч.Баасанжаргал.УБ.,2011.т.469

[4] Мөн тэнд.т.473

[5] Л.Болд. Монголын тусгаар тогтнолын талаарх АНУ-ын үзэл хандлага, байр суурь /Түүхийн ухааны д-рын (Ph.D) зэрэг горилсон дисс.УБ.,2007.т-17

[6] Мөн тэнд,т-16

[7] Е.М.Даревская. Сибирь ба МонголУБ.,2011. Орч Д.Бадамням.т.237

[8] Ю.В.Кузьмин. Кто вы, доктор Бадмаев. Из. Интерпресс.стр-82

[9] С.Ю. Витте. Воспоминания.М.,1996.с-43

 

2015-01-20
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл