Ази-Европыг холбох Оросын төмөр замын шинэ төслүүд ба Монголын төмөр зам
Зохиогч: Д.Шүрхүү (Ph.D)

Илтгэлийн агуулга:
1. ОХУ-ын зам тээврийн талаар баримталж буй стратегийн зорилго, үндэслэл
2. Оросын төмөр замыг өргөжүүлэн шинэтгэж буй чиглэл, төслүүдийн товч танилцуулга
3.  Монголын төмөр замд үзүүлж болох нөлөөлөл, хийвэл зохих ажлуудыг багтаасан товч дүгнэлт

Хөрш ОХУ тээврийн салбараа 2030 он хүртэл хөгжүүлэх төрийн бодлогоо Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 22-ны №1734-Р тоот тогтоолоор баталсан “ОХУ-ын 2030 он хүртэлх хугацааны тээврийн салбарын стратеги”-ийн баримт бичгээр тодорхойлж өгсөн. /Транспортная стратегия Российской Федерации на период до 2030 года/      Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх комиссын хуралдааны үеэр тус ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “Алс Дорнодыг хөгжүүлэх гол чиглэл нь тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэл” гэж мэдэгдэв. /2013.04.02/

ОХУ-ын Тээврийн салбарт баримталж буй
 стратегийн зорилго:
-Дорнод Сибирь, Хойд мөсөн далайд ашигт малтмал олборлож боловсруулах, тээвэрлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, транзит тээврийн дэд бүтэц буюу экспортын гарц, далайн боомтыг хөгжүүлэх, тэдгээрийг төмөр замын сүлжээтэй  холбох,
Алс Дорнод, эх газрын гүнд ашигт малтмалын шинэ орд, сав газрыг ашиглах томоохон төслийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн Европ руу голлон чиглэсэн экспортын бүтцийг өөрчилж Хятад руу дэд бүтцийг хөгжүүлэх
Зам, тээврийн дэд бүтцүүдэд инноваци хийх замаар нэвтрүүлэх чадвар, ачаа эргэлтийг нэмэгдүүлж технологийн шинжтэй саад бэрхшээлийг арилгах

Оросын төмөр замын тээврийн сүлжээг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх зорилтын хүрээнд нийт 6.27 их наяд рублийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ.Үүнд:

  • 3109.5 км төмөр зам шинээр барих
  • 3168 км төмөр замд өргөтгөл  сунгалт  хийх
  • 2700 км төмөр замын шугамыг цахилгаанжуулах,
  • 9900 зүтгүүр,7900 зорчигч тээврийн вагон, 343 300 ачааны вагоноор паркаа  шинэчлэх,
  • транзит контейнерийг хоногт 950 км зайнд тээвэрлэдэг болох, жилд 40.3 сая тонн транзит ачаа тээвэрлэдэг болох,
  • TEU стандартын (6.1 метр урттай) транзит контейнерийг жилд 520 мянгыг тээвэрлэдэг болох,
  • TEU стандартын контейнерийг жилд 3.9 сая тээвэрлэх  зорилтуудыг хэрэгжүүлнэ.

ОХУ-ын төмөр замын ачаа тээврийн эргэлт 2015 гэхэд 267.7 тэрбум тонн/км, зорчигч тээврийн эргэлтийг 188.7 тэрбум зорчигч/км-т хүргэхээр тус тус төлөвлөөд байна. Оросын төмөр замын тээврийн хүчин чадлыг 2020 он гэхэд 3 дахин нэмэгдүүлэх шаардлага тулгарч магадгүй байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын эрдэс баялгийн эрэлтийг хангахад Оросын гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна.

Төмөр замын сүлжээг өргөжүүлэх талаар

  • Мга-Гатчина-Ваймари-Ивангород болон Финийн булангийн боомтод хүрэх төмөр замыг шинэчлэх
  • Москва-Санкт-Петербургийн өндөр хурдны замыг шинээр төлөвлөх
  • Москвагийн тээврийн зангилааг байгуулах - Төв-Өмнөдийн шугамыг барих
  • Горький-Котельниково-Тихорецкая-Крымская тойруу замыг шинэчлэх
  • Урал Промышленный-Урал Полярный коридорыг барих
  • Умард Сибирийн  коридорыг төлөвлөх
  • Бийск-Горноалтайск шугамыг шинэчлэх
  • Ярослав, Саратов, Чита, Омскийн зангилааны ачаалал бууруулах тойруу замыг байгуулах
  • Амур мөрний доогуурх хонгилыг шинэчлэх
  • Улаан-Үүд-Наушкийн шугамыг цахилгаанжуулах
  • Сахалиныг эх газартай холбох хэсгийг төлөвлөх
  • Төв Якутын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх

Байгаль-Амурын төмөр зам /БАМ/-ын төсөл

Маршрут: Тайшет-Лена-Таксимо-Тында-Нерюнги-Новый Ургал-Комсомольск на Амуре-Ванино-Советский Гавань. Нийт урт 4300 км. Хамрах нутаг дэвсгэр: Эрхүү муж, Байгалийн өвөр хязгаар, Амурын муж, Буриадын БНУ, Саха (Якут), Хабаровскийн хязгаар.

“Байгаль-Амурын төмөр замыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөр” боловсруулж 317 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийн хүрээнд 91 салаа замыг барих, төв шугамыг 800 км сунгах, 700 км замыг дохиоллын системээр шинэчлэн тоноглох, 750 ширхэг зүтгүүр болон 11 мянган ачааны вагон худалдан авах, 85 гүүр, 3 хонгилыг шинэчлэх ажлыг хийнэ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр БАТЗ-ыг хүнд тээврийн галт тэрэг зорчих тусгай зам болгож харин Транссибирийн төмөр замыг зөвхөн контейнер бүхий ачааны галт тэрэг болон зорчигч тээвэрлэх төмөр зам болгох зорилт тавьсан.

“Транссиб за 7 суток” төсөл

Алс Дорнодын далайн боомтоос Оросын баруун хил хүртэл ачаа тээврийг Транссибирийн төмөр замаар богино хугацаанд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Транссибирээр 7 хоногт” (“Транссиб за 7 суток”) төслийг “РЖД” боловсруулж байна. Төсөл хэрэгжсэнээр галт тэрэгний хоногт туулах хурдыг 1500 км-т хүргэж нэмэгдүүлэх, ачих, буулгах, тээвэрлэх бүрэлдэхүүн, дэд бүтцийг сайжруулах, бичиг баримтын бүрдүүлэлт хийх хугацааг богиносгох, эрх зүйн болон тарифийн зохицуулалтыг хийж тээврийн аюулгүй байдлыг хангах замаар Транссибирийн төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.

“Транссиб-2” төсөл

“Транссиб-2” төсөл нь 7000 км гаруй урттай төмөр зам байх бөгөөд зорчигч тээврийн галт тэрэг 200 км/ц, чингэлэг тээврийнх 140км/ц хурдтай зорчих хүчин чадалтай байх юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа 8 жил бөгөөд 186 тэрбум орчим рублийн өртгөөр барьж байгуулна. “Транссиб-2” төслийн хүрээнд одоогийн Транссибирийн төмөр замын ачааллыг багасгах гол зам, томоохон өртөө болон зангилааг тойрох замуудыг барихаар төлөвлөжээ. Ингэснээр Хятадаас Европ руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэхээс гадна далайн тээвэрт өрсөлдөөнийг бий болгон, жилд 3 тэрбум ам.долларын ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

“Олон улсын тээврийн корридор №2”

Маршрут: Берлин-Варшав-Минск-Москва-Нижний Новгород. Оролцогч улс: ОХУ, Белорусь, Польш, Герман.

РЖД болон Германы төмөр зам (Deutsche Bahn AG.) 2003 оны 10 дугаар сарын 9-нд Харилцан ойлголцох, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ОХУ-Германы маршрутад тулгарч буй 4 улсын хил, тээврийн олон янзын эрх зүйн орчин, хил гаалийн ажиллагааны бэрхшээл, төмөр замын хоёр өөр стандартын өргөн (Оросынх 1520 мм, Германых 1435 мм) зэрэг саадыг арилгах, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилго тавьсан байна.

“Олон улсын тээврийн корридор №9”

Маршрут: Хельсинк-Бусловская-Санкт-Петербург-Москва-Суземка-Киев-Любашевка-Кишинев-Бухарест-София-Александропулис-Минск-Вильнюс-Калининград/Вильнюс-Клайпеда. Нийт урт 3000 км.

Оролцогч улс: ОХУ, Финлянд, Литва, Беларусь, Украин, Молдов, Румын, Болгар, Грек.

1994 оны 3 дугаар сард Критэд болсон Европийн тээврийн асуудлаарх 2 дугаар хурлын шийдвэрээр Олон улсын тээврийн корридор №9 байгуулах болсон. Уг хонгил нь Европын хойд хэсгээс зүүн зүгт Алс Дорнод, Ази Номхон далайн орнууд, өмнө зүгт Төв Ази, Кавказийн өвөр, Иран, Персийн булан, Пакистан, Энэтхэг рүү гарц бий болгох зорилготой.

Олон улсын тээврийн корридор “Умард-Өмнөд”

Маршрут: Финляндын  хилээс Бусловская-Санкт-Петербург-Москва-Рязань-Кочетовка-Ртищево-Саратов-Волгоград-Астрахань буюу Каспийн эрэг хүртэл Оросын газар нутаг дээгүүрх 2513 км гол маршруттай бөгөөд өмнөд хэсэгтээ баруун салаа коридор нь Астрахань-Азербайджан-Иран, Астрахань-Азербайджан-Армян-Иран, зүүн салаа коридор нь Казахстан-Узбекистан-Туркменистан-Иран хүрдэг. Олон улсын тээврийн корридор “Умард-Өмнөд” нь Балтаас Персийн булан дахь Бендер-Аббас далайн боомт хүртэл нийтдээ 4,5 мянган км урт бөгөөд Баруун хойд, Төв Европыг Ойрхи, Дундад Дорнод, Төв Азитай холбодог. Ачаа эргэлтийг 2015 он гэхэд жилд 25-26 сая тоннд хүргэхээр тооцоолж байна.

ДҮГНЭЛТ, САНАЛ

  1. Хойд хөршид хэрэгжиж буй төмөр замын томоохон  төслүүдээс Монгол улсын төмөр замаар гүйцэтгэж болохуйц маш ирээдүйтэй транзит тээврийн урсгал харагдаж буй. Ялангуяа ойрын жилүүдэд идэвхтэй сэргэж буй ОХУ-Хятадын эдийн засаг, худалдааны өргөн харилцаа үүний гол хөшүүрэг байсаар байх бололтой.
  2. ОХУ-ын хувьд геостратеги, геополитикийн хувьд чухал ач холбогдол бүхий Монголын төмөр зам дахь өөрийн улсын байр сууриа бэхжүүлэх сонирхол нэмэгдэж буй.
  3. Алс дорнод руугаа чиглэсэн хөгжлийн бодлогыг ОХУ-аас ихээхэн дэмжин анхаарах болж, Азийн түүхий эдийн зах зээлд гарахад төмөр замын тээвэрлэлтийн элдэв хүндрэлтэй тулсаар ирсэн уламжлалт амжилтгүй бодлогоо эргэн харж,  гадаад орнуудтай хамтран ажиллах идэвхи сонирхол нэмэгдэж байна.
  4. Газар нутгийн давуу байдлаа ашиглан Баруун Европ-Хойд Америк, Өмнөд Ази-Хойд Америк болон ЗХА-Хойд Америкийн стратегийн чиглэл, Сибирь-Хойд Европ, Сибирь-Хойд мөсөн далай гэсэн чиглэлийг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтцийг 2030 он хүртэлх хөгжүүлэх зам, тээврийн салбарын тогтолцоонд Монгол Улсын дэд бүтцийг нягт уялдуулах боломж одоогоор байсаар байна. Манай талаас зам, тээврийн салбарт цэгцтэй бодлого одоогоор тодорхойгүйн улмаас дээрх ашигтай боломжийг ашиглаж, бүс нутгийн хэмжээний сүлжээнд нэгдэн орох талаар маш их цаг алдаж байна.
  5. Төмөр замын сүлжээ нь олон улсын транзит тээврийн сүлжээнд өрсөлдөх чадвар сул, технологийн хоцрогдолтой, нэвтрүүлэх чадвар маш сул, ачих буулгах терминалууд сул хөгжсөн зэрэг байдал нь эргээд Монгол Улсын олон улсын транзит тээврийг хөгжүүлэхэд маш их саад тотгор болж байна. Технологийн хоцрогдлыг арилгахгүйгээр орчин үеийн дэд бүтцийн сүлжээнээс хол хоцорч газарзүйн давуу байдлаа алдах магадлал их байна.

ОХУ-ын хувьд манай улсын нэгэн адил эрдэс баялаг, эрчим хүчний түүхий эдээ экспортлох тээврийн дэд бүтцийг эрс өргөжүүлэх, транзит тээврийн орон зайн ашиглалт, үр өгөөжийг өсгөх стратеги баримталж, хэрэгжүүлж эхэлж буй  нь тодорхой байна.
   Монголын хувьд нүүрс гэх мэт экспортын зарим бүтээгдэхүүн, транзит тээврийн зарим чиглэлээр ОХУ манай өрсөлдөгч боловч ерөнхий хөгжлийн чиг хандлагын хувьд манай улсын зам тээвэр, төмөр замын хөгжилд  ихээхэн эерэг нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна.  Хоёр хөршийн зүгээс тээвэр, логистикийн талаар манай улсыг тойрон  гарах  дангаар болон  хоршсон бодлого явуулж болзошгүй гэсэн болгоомжлолд зохих үндэслэл  байгаа боловч  ихээхэн зүйл биднээс хамаарах болно гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.  Бидний эргэн тойрон  төмөр замын сүлжээний нягтшил, чиглэлүүд нэмэгдэж байгаа нь  Монгол Улс хоёр хөршөөр дамжин  бүс нутаг,  дэлхийтэй зам тээврийн олон сэжмээр холбогдох  боломж нөхцөл  сайжирч байна гэсэн үг.

Төмөр замын салбарт ОХУ-тай хамтран ажиллах нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ бараг зайлшгүй зүйл болох нь хэн бүхэнд ойлгомжтой. Гагцхүү энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн улсын эргэн тойронд бий болсон геополитикийн шинэ нөхцөл байдлыг ухаалгаар тооцох хэрэгтэй байна.         Мөн  бид өөрсдийн зүгээс угтан хийх бүтээн  байгуулалтаа  алсын хараатай, дэс дараа сайтай,  хоёр хөрштэйгээ уялдуулан зохицуулсан байдлаар явуулмаар байна.  Үүний тулд  мэргэжлийн өндөр түвшинд далайцтай судалгаа хийх,  шинжлэх ухааны үндэслэл сайтай  бодлогыг  боловсруулах  байнгын механизм  тогтолцоог яаралтай  төлөвшүүлэх хэрэгтэй байна.

2015-01-20
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл