“Энержи ресурс” үндэсний эрх ашгаас урвах гэж байна
Зохиогч: Мөнхбаясгалан
Зохиогч: http://munkhbayasgalan.niitlelch.mn/print/1025.shtml?returnFromCas=true
Хэвлэсэн он: 2009-11-25

Улам бүр гадныхны нөлөөнд автаж буй өнөө үед үндэсний хөрөнгө оруулагчдын нийлбэр нь яах аргагүй  “Энержи ресурс “ байлаа.  Тавантолгойн ордыг тэд эзэмшиж байхад үед, дараа нь төрөөс лицензийг нь булаан авах үед ч тэднийг  үндэсний эрх ашгийн илэрхийлэл хэмээн өмөөрч байсан цаг саяхан. Гэтэл “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”  гэж үнэн ажээ.  Нэгэн үе  Монголын сонирхлыг төлөөлж байсан үндэсний хөрөнгөтнүүд маань  одоо үндэснийхээ эрх ашгийн эсрэг боссон нь юутай харамсалтай...    

    Энэ сарын эхээр  “Энержи ресурс”  Германы хөрөнгө оруулалтаар Тавантолгойн Ухаа худагаас  Гашуун сухайт руу төмөр зам тавих болсон тухайгаа зарлаж  УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжлэг авсан билээ. Гайхалтай нь энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс  Монгол улсын эдийн засгийн эрх ашигт нийцэхгүй гэсэн дүгнэлтийг өмнө нь гаргаж байсан юм. Гэвч мөнгөтэй, танилтай нь дийлдэг жамаар асуудлыг шийдэж яваа бололтой. Яагаад үндэсний хөрөнгө оруулагч “Энержи ресурс” төмөр зам барих гэхээр тээг тавиад байна вэ гэсэн асуулт анхаарал татах нь мэдээж. Үүнд хариулъя. БНХАУ-ын Тээврийн сайд Лю Зижунь Монголын хилийн найман боомт руу нарийн цагирагтай төмөр зам тавьж эхэлсэнээ  мэдэгдсэн. Түүний нэг салаа  нь  Тавантолгойгоос яльгүй хэлбийлгэн Гашуун сухайтаар дайруулан  төмөр замын шугамаа татаж буй. Тэгэхээр  “Энержи ресурс”-ийн тавих гэж  буй төмөр зам  Хятадын тэр төмөр замыг угтуулан тавьж байна гэсэн үг.  Үүнийг дэмжихийн тулд Хятад Улс манай түүхий нүүрсийг өндөр үнээр авна гэдгээ илэрхийлээд буй.  Ийм үед  “Энержи ресурс”  уг төмөр замаа тавьчихвал манайх Хятадыг нүүрсээр хангадаг түшиц газар нь болон хувирна.  Гэтэл Засгийн газраас Сайшандад хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулан  Даланзадгад-Сайшандын  чиглэлд төмөр зам тавибал  Тавантолгойг дайрч улмаар Хятад, Европ, Зүүн Хойд Ази руу дуртай чиглэлдээ  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэнэ хэмээн төлөвлөж буй.  Хэрвээ  энэ цагт  “Энержи ресурс”-ийн хүсэл биелж тэд Ухаа худагаас Гашуун сухайт руу төмөр замаа тавьчихвал юун нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн   гадагш нь гаргах. Нөгөө хүнд үйлдвэрийн цогцолбор ч үнэгүйдэж хий дэмий баахан хөрөнгө үрнэ. Дээрээс нь  Монгол Улс  ганцхан  Хятад руу  л түүхий нүүрсээ гаргадаг болж  урд хөршийнхөө мөнхийн хараат болох үүд хаалга нээгдэнэ. Энэ бүх учир шалтгааныг  “Энержи ресурс”   мэдэхгүй  байна уу гэвэл үгүй. Тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Манайдаа л нэр төртэй, мөнгөтэй,  нөлөөтэй эрхмүүд энд байдаг болохооор бүгдийг тооцож үзээд Засгийн газраас урьтаж ашигтай ажиллах гэж мэрийж байгаа байлгүй. Хувийн компани ашгийн төлөө ажиллаж,  төрөөс хараат бус байх нь зүй ч худалдаж сольж болдоггүй эрх ашиг гэж бий. Тэр бол улс үндэстний хувь заяа, ард түмний эрх ашиг.  Монголчуудын өвөг дээдэс ч тийм байсан бид ч тийм байх ёстой. Байдал нэгэнт ийм болохоор  “Энержи ресурс”  Хятадын төмөр замыг угтуулан нарийн цагирагтай төмөр зам тавьж үндэснийхээ  эрх ашгаас урвах санаа өвөрөлж байна гэж хатуухан шүүмжлэх цаг болсон байна. БНХАУ-ын эрх баричгдаас  Сайшандад байгуулах гэж буй манай  хүнд цогцолборыг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох боломжийг хаах, манай төмөр замын бодлогыг алдагдуулахын  тулд хятадууд асар их мөнгө зарж,  дотор хүний нарийн ухаан ч сийлж  байгаа. Тэгээд л   монгол ноёдыг хооронд  нь хагаралдуулж, дотоодод нь самуунтай байлгаж, гаднаас нь эдийн засаг геополитикийн түрэмгий бодлого явуулж байгаа нь энэ. Одоо өнгөц харахад  “Энержи ресурс”  гэдэг Монголын үндэсний компани хаа байсан Германы хөрөнгө оруулалтаар төмөр зам тавих гэхээр атаархагчид дургүйцээд байгаа мэтээр яриулж  бичүүлж байна. Гэтэл өнөөх үндэсний хайрыг булаасан компани маань улс орныхоо эрх ашгийг өөрсдийнхөө амин хувьдаа ашигтайгаар арилжаалчихсан байвал яана.  Тэдэнд хөрөнгө оруулахаар болсон Германы Дойче Банн компанид Монголын эрх ашиг огт падгүй. Тэд зөвхөн ашигтай бас дахин ашигтай ажиллахыг л хүсч байгаа.  

Энержи ресурс” Тавантолгойг бүхэлд нь эзэмшиж байгаад хүчинд автагдан бүх лицензээ хураалгаж  одоо  зөвхөн “Ухаа худаг” хэмээх   жижигхээн газартай үлдсэн гэдэг ойлголт нийгэмд давамгайлдаг. Гэтэл үнэндээ тийм биш ажээ. Ухаа худаг  одоогоор  411 сая тонн нүүрсний нөөцтэй  тогтоогдсон бөгөөд энэ нь Тавантолгойн гол үүц байж.  Яахав гол нөөцийг нь монголчууд аваа л юм биз. Гэтэл зөвхөн өөрсдийнхөө өнөө маргааш олох хэдэн доллараас болж улс орныхоо эхтийн эрх ашгийг наймаалцахыг тэдэнд зөвшөөрч боломгүй санагдана. Үндэсэрхэг үзэлтнүүд үүнийг анхааралдаа аваасай. Алийн болгон бид урд хойд хөршөөсөө хараат амьдрах юм бэ. Өдгөө Монгол Улс Эрээнийг түүхий эдээр хангадаг жижигхэн түшиц газар болсон. Цаашдаа ийм баймааргүй байна. Хэтээ бодож  хол гишгэж нүднийхээ зөрүүг гаргамаар байна шүү дээ.

2009-11-25
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл