Төмөр урхинаас мултрахуй
Зохиогч: А.Баатархуяг
Зохиогч: www.sonin.mn
Хэвлэсэн он: 2015-01-20

Үргэлжлэл

МОНГОЛЫН ШИНЭ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ

Сүүлийн үед Монголын парламент илэрхий үндсэрхэг шийдвэрүүд гаргаж байна гэж “Тайм” зэрэг барууны нэр хүндтэй хэвлэлүүд шүүмжилж байсан ч энэ чиг шугамаасаа Таван толгойн гэрээ батлагдтал хазайхгүй байх нь чухал байна. 2003 оноос эрчимжиж, төрийн бодлогод хүчтэй нөлөөлж эхэлсэн иргэний хөдөлгөөнүүд чухамхүү яг ийм байр сууринаасаа болоод баруунаас ямар нэгэн дэмжлэг авах бүх бололцоогоо хаасан юм. Энэ үндсэрхэг үзлээс хөршүүд маань барууныхнаас ч илүү болгоомжилж байгаа юм. Хөдөлгөөнүүдийн шахалт парламентыг үндсэрхэг шийдвэр гаргах гол хүчин зүйл болсон, энэ хүнд дарамт шахалтаас гарахын тулд эрх баригчид долдугаар сарын 1-нд иргэний хөдөлгөөнүүдийг гайтай урхинд оруулж авсан юм. Албан ёсоор бол таван хүний, зарим мэдээгээр бол 70 гаруй хүний амиар эрх баригчид цаашид улс орныг үргэлжлүүлэн засаглах эрхээ сунгасан юм. Гэхдээ тэд социализм, либерализмаа мартаад үндсэрхэг суурьтай болсноо мэдэж байгаа болов уу? Харин Оюу толгойн гэрээний дараа барууныхан, монголчуудын үндсэрхэг шийдвэр нь ордыг ашиглах компанийн 34 хувийг улсын мэдэлд авсан ч тэдэнд илүү боломж олгож байгааг ойлгоод чимээгүй болжээ.
Үндсэрхэг үзэл нь нэгд жижиг орон ч гэсэн том ордоороо түрээ барьж эрх ашгаа хамгаалахад чиглэсэн байв, хоёрт  Монголыг хорин жилийн турш идэвхгүй ажиглаж байсан барууныханд монголчууд бие даан эрх ашгаа хамгаалж чадна гэдгийг ойлгуулжээ. Эрх ашиг нь шаардсан бол өрнийнхнийг ч тоглоомоос гаргачихаж чадах байв. Коммунизмын жилүүдийн суртал нэвтрүүлэг барууныхан Ази Африкийн шинэ тулгар орнуудыг хэрхэн шинэ колоничлолын аргаар шулан мөлждөгийг бидний цусанд нь шингэтэл ойлгуулсан юм, дараа нь ЗХУ Монголыг яг адилхан шулан мөлжиж байсныг ойлгов, тэгээд монголчууд хэрэгтэй цагтаа үндсэрхэг шийдвэр гаргах ёстой гэж боддог болсон. Лав мань мэтийн олон жилийн турш бичиж байгаа, МАХН-ын онц их хурлын үеэр хэлэлцэж байсан үндэсний социализм (энэ бол Германы фашистуудын үндэсний социализмаас өөр үү?) мөн АН-д нэвтрүүлэхийг чармайж байсан үндэсний либерализмын анхны суурь тавигдаад байна.
Аядуу томъёолсон “түүхий эд бус боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох замаар эдийн засгийн хараат байдлаас гарах” бодлого нь цаг үеийн шалгуураар бидэнд үлдсэн томоохон үнэт зүйл мөн бөгөөд үүнийгээ бид өнөөдөр хамгаалан гарч чадах эсэхээс ирээдүй ихээхэн шалтгаална. Нэг шийдэхээрээ бүхнийг шийдчих гээд байдаг Монгол менталитетын эрч хүч сулраагүй бол бид Оюу толгойн гэрээг залган орж байгаа Таван толгойн гэрээнд мөн л үндсэрхэг байр сууринаас хандах хэрэгтэй болох байх. Энэ бол энгийнээр бусдын бус үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавина гэсэн үг. Хятадын найман замын стратеги, Монгол дахь хэт либерал прагматик улс төр бизнесийн бүлэглэлийн тавдугаар цуваанаас болгоомжил гэх гээд байна л даа. Өөрөөр хэлбэл Таван толгойн гэрээг хэр ашигтай батлах нь дотоод улс төрийн тэмцлээс шалтгаалах болоод байна.

ХОЁРДАХЬ СҮЙРЛЭЭС ХОЛДОХ НЬ

Таван толгойн гэрээний хамгийн гол тулгуур асуудал бол төмөр замын шугамыг ямар чиглэлээр тавих вэ? гэдэгт байна. Хэрэв бид төмөр замын чиглэлүүдийг зөв тооцож тавибал ОХУ, Хятадын төмөр замын сүлжээгээр дамжин Европ, Дундад Ази, Зүүн хойд болон Зүүн өмнөд Азитай ОХУ-ын дорнод эргийн боомтууд, БНХАУ-ын Тянжин, Далный боомтуудаар холбогдож болно. Ингэвэл бид бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох ба далайд гарах шинэ гарцуудыг бий болгожчадна. Хамгийн гол нь бид коммунизмын 70 жилийн туршлагаа үл мартан нэг зах зээлээс хамаарахгуй байхын тулд бүх хүчээ дайчлах ёстой юм. Ардчилсан хувьсгалын дараахь манай эдийн засгийн сүйрлийн гол шалтгаан нь гадаад хүчин зүйлд оршиж байсан. Тодорхой хэлбэл бид гагцхүү тэр үеийн хятадуудын оножхэлснээр “Зөвлөлтийн түүхий эдийн бааз” байсан ба манай уул уурхай, арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг авдаг Сибирийн зах зээл хаагдсанаар хэдий хоцрогдсон ч шинэчилж болох байсан бүх том үйлдвэрүүд нуранги болсон. Үүний улмаас ажилгүйдэл хэрээс хэтэрч үй олон,мэргэжилтэн, өндөр мэргэшсэн ажилчид гудамжинд гарсан. Ядаж дотоод зах зээлээ хамгаалж болох байсан ч зах зээлийг Хятадын хямд үнэтэй бүтээгдэхүүн эзэлснээр “Арьс ширний үйлдвэрийн нэгдэл” хэмээх хонины нэхийг нэхий дээл, савхин хүрэм болтол боловсруулдаг, үхрийн ширийг гутал болгодог байсан цогцолбор бүрмөсөн мөхсөн ба ажилчид нь бүгд жижиг худалдаачин болсон. Тэр ч байтугай арьс ширний үйлдвэрийн агуулах өнөөдөр мебель зардаг, үзэсгэлэн худалдаа гаргадаг “Мишээл экспо” хэмээх том худалдааны төв болсон нь манай үйлдвэрлэлийн салбарын сүйрлийн бодит байдал худалдааны улс болсны нотолгоо юм. Гэхдээ “Мишээл экспо”-г үүнд буруутгаагүй байна, ядаж энэ зэрэгтэй ашиглажбайгаа нь яамай. Уул уурхайн салбарыг хөдөө аж ахуйд хамруулдаг барууны жишгээр бол Монгол Улс цэвэр хөдөө аж ахуйн орон юм. Сүүлийн хэдэи жилийн турш уул уурхай, эрчим хүчний салбараа аврахын тулд хамаг зээл тусламжаа үрж байгаагийн хүчинд энэ салбар эдийн засагт томоохон байр суурь эзэлж ирсэн ба одоо ч ДНБ-ий 20 хувь, экспортын 70 хувийг бүрдүүлж буй. 1960-аад онд Ю.Цэдэнбал хөдөө аж ахуйн орноос хөдөө аж ахуй үйлдвэрийн орон болох зорилт тавьж байсан, харин сүйрлээс сугаран гарч буй бид хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэр хөдөэө аж ахуйн орон болох зорилт тавих цаг болсон.
ОХУ-ын эдийн засгийн хориг, БНХАУ-ын демпингийг сөрөн босох цорын ганц боломж нь Таван толгойн төсөл юм. Оюу толгойгоос зэсийн хүдэр бус боловсруулсан зэс гаргахыг шаардаж, хүлээн зөвшөөрүүлж чадсаныхаа адил Таван толгойгоос кокс, эрчим хүч гаргахыг хүлээн зөвшөөрүүлэх нь манай эрх ашиг юм.
Хэрэв хятадууд манайхаас бүтээгдэхүүн авахгүй боомилох, хориг тавих замаар 1990 оны дараахь нөхцөл байдлыг Монголд тулгахыг оролдвол бид нөөц замаар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэж чаддаг байх ёстой нь коммунизмын түүхээс бидэнд үлдээсэн эдийн засгийн гол сургамж юм. Хэрэв энэ сургамжийг харгалзахгүй юм бол ард түмэн 70 жил зовсноос олох ашиг байхгүй юм. Чухам ийм учраас Сайншанд-Чойбалсангийн чиглэлд өргөн төмөр зам тавьж, ОХУ-ын Транс Сибирийн төмөр замтай холбох ажлыг Оросын төмөр замтай хамтран хэрэгжүүлэх боломж бий. Чойбалсангаас Транс Сибирийн төмөр замтай холбосон төмөр замыг сүйтгэсэнд бид харамсаад суугаад байж болохгүй. Энэ төмөр замыг сэргээх амархан, яагаад гэвэл бүх судалгаа, шинжилгээг нь хийчихсэн энэ замыг зөвхөн тавих л хэрэгтэй. Дэр моднуудаар байшин барьж, зам төмрийг нь Хятад руу зөөсөн байлаа ч үнэндээ дэр моднуудыг нь солих цаг болчихоод байсан юм, оронд нь бетон дэр тавиад төмөр замыг сэргээх нь харин ч дэр модыг хуулах зардлаас чөлөөлж байна, бүх зам төмөр хараахан урагш гарчихаагүй байгааг нь улс мэдэлдээ авахад л болно. Энэ замаар Оросын дорнод эргийн боомтуудад нүүрсээ хүргэвэл Япон ба Өмнөд Солонгос илүү ойроос өндөр чанартай нүүрс авах боломж олгоно. Хятадын зүүн хойд мужуудын эдийн засгийн өндөр хурдацтай хөгжлийн улмаас ачаалал нь хэрээс хэтрээд байгаа Тянжин боомтоос нүүрс татахаас энэ нь илүү хямд төсөр, ойр дөт бөгөөд найдвартай.

Үргэлжлэл бий

2015-01-20
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл