ТӨМӨР УРХИ-2 Хөршүүд гомдов
Зохиогч: А.Баатархуяг
Зохиогч: www.sonin.mn
Хэвлэсэн он: 2009-11-23

Хятадын “Глобал таймс” сонины хариуцлагатай редактор Дун Жины “Монгол улс хөмхий зуусаар байна” өгүүллийг www.ganaa.mn сайтаас уншаад үзээрэй.  Өгүүлэл ингэж эхэлдэг.


“Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч Хятадын хөгжлөөс зүгээр хүртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггүй гэдгийг мэдмээрсэн.


Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд оршдог, дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт, зэсийн ашиглагдаагүй орд газар Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөөд Хятадын “Aluminum” /Chinalco/ корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид Хятадад яс махны дургүй улс, Хятадын иргэдийг Монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол Улсын дээд албан тушаалтнууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ. Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо”

Оюу толгойн гэрээ батлагдсаны дараа Оросууд ч, Хятадууд ч дургүйцлээ илэрхийсэн юм. Оросын “Эксперт” сонин мөн л Оюу толгойг алдсандаа харамсаад Ерөнхийлөгч В.Путин сонгуулиас нь ердөө 10 хоногийн өмнө очиж эрх баригч намыг ялахад гүн туслалцаа үзүүлсэн гээд гэтэл “Монголчууд Оростой ойртох явдлаа ердөө л Хятадуудаас илүү их мөнгө салгахын тулд л ашигласан бололтой. Орд газарт хүрэх боломжоо алдсан Оросын эрс шийдэмгий үйлдлийг зөвхөн үүгээр л тайлбарлаж болно. Хэрэв Монгол энэ оны сүүлээр болох Парижийн клубын дараагийн хуралдаан хүртэл зохицуулаагүй байгаа 180 сая долларын өрөө төлнө гэж амлахгүй бол Москва зээлдэгчдийн энэхүү клубт хандахыг хүсч байгаа юм” гэж бичсэн байна. Энэ өгүүлэл мөн л дурдсан сайтад буй.

Монголын ардын зүйр үг байдаг даа, “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэж, Оюу толгойн гэрээ нэгэнт батлагдсаны дараа юун сүртэй юм гэж бодож болох авч үнэндээ тийм бус ажээ. Одоо Таван толгой үлдсэн. Зэсийн ордууд ч бий, бас нүүрсний олон орд олон улсын, тэр дундаа хоёр хөршийн анхаарлыг татаж байна. Эдгээр ордуудын төлөө чухамхүү хүйтэн дайны үеийг санагдуулам үзэл суртал, эдийн засгийн далд тэмцэл, өрсөлдөөн явагдаж буй. Монгол хэзээ хэзээнээс илүүтэй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна. Хоёр зуун жил Манж нар,  дараа нь далан жил Оросууд харамлаж хав дарсан асар их баялагтай энэ нутагт цөлжилт нүүрлэж малчид алгуур хойш шахагдаж байсан ч томоохон ордууд нээгдсэнээр өмнөд бүс нутгийн ач холбогдол өслөө. Чухамдаа Хятадуудаас л харамлаад байсан мэт. Манж нар хэзээ нэгэн цагт өөрсдөө унахдаа тулбал Хятадуудаас Монголчуудаар хамгаалуулна гэж тооцож Монголын газар нутгийг төдийгүй хүн амыг нь Хятадаас хамгаалж байлаа. Гэвч Манж нар уусаж арилаад өөрсдөө Хятад болчихсон ба Чин гүрэн унахад Монголчууд  түрүүлж тусгаарлажээ. Харин Оросууд энэ өргөн уудам нутгийг жийрэг улс болгон ашиглаж, тусгаар тогтноход нь бүх талаар туслахын зэрэгцээ хараанаасаа алдахгүйг байнга хичээж ирсэн юм. Халх голын дайны дараа ач холбогдлыг нь улам ихэр үнэлдэг болжээ.


Монголын амбиц

ХХI зууны эхээр малчид хомсдон буй бэлчээрээ дагаж хойш нүүснээр бэлчээрээ харамлах хүнгүй болж, өргөн уудам нутаг эзгүйрсэн ч уудам нутгийн зүүн хойд талд, улсынхаа зүрхэн тушаа байдаг Улаанбаатараас газар нутгаа хянамгай харж, хэрхэхээ шийдэж байдаг билээ л. Оросууд хаяад явсны дараа Монгол сүйрч баларна гэж бодож байсан ч тэсч үлдэхээр барахгүй  “Үлгэрлэвээс Сингапур лугаа адил хөгжимуй” гэлцэн суудаг болжээ. Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю дурсахдаа “Дэн Сяопинтай уулзахад хэрэв надад ганцхан Шанхай байсан бол Сингапураас ч хурдан хөгжих байсан” гэж хэлсэн гэдэг. Хэрэв Монголчуудад ганцхан Улаанбаатар байсан бол  бас л хурдан хөгжих байсан, гэхдээ Сингапур шиг цөөн хүн амтай, Хятад шиг өргөн уудам нутагтай Монголчууд аль алинтай адилхан байхыг эрмэлзэж байгаа нь бусдын гайхал, эгдүүцлийг төрүүлж байх шиг.


Хэдий дэлхий нийтэд жижиг улс гэж тооцох авч эртний их гүрнүүдийн амбицыг гендээ шингээсэн, жижигхэн арми нь шүдээ хүртэл зэвсэглэсэн, дипломатууд нь зальжин, зарим улстөрчид нь Гитлер ч гайхам үндсэрхэг, дорныхонд өрнө мэт, өрнийхөнд дорно мэт харагддаг нүүдэлчид эртнээс дэлхийд зартай хятад, жүүд шиг наймааны ухаанаар бус  геополитикийн ухаанаар сэтгэдэг нь гайхалтай хэрэг биш, ерөөсөө хэдэн мянган жил ийм л юм бодож, амьдарч, оршин тогтнож ирсэн.

 Дун Жин “Орд газар ашиглана л гэнэ, Хятадыг хар ажилдаа зарчихаад бас Хятадаас хөнгөхөн шиг байж байгаад их мөнгө олно гэх. Хэн ч хувьцаа эзэмшиж болно л гэнэ, гагцхүү Хятад компани л байж болохгүй гэх. Энэ хөх тэнгэрийн дор үүн шиг наймааны ёс гэж сонссон уу? Та минь ээ.” гэж уулга алдаж буй нь гурван мянган жил хөрш явсан улсаа мэддэггүй өмнөд Хятадынхны л араншин байх.  Монголчууд угаасаа наймааг нэг их тоодоггүй, бараг л үзэн яддаг улс, гэрээ байгуулахдаа ашгийг бус эрх ашгаа эрхэмлэж байгааг ойлгохгүй байх нь аргагүй. Чухам ийм тулдаа Монголчууд Хятадын найман их гүрнийг сөрсөн найман их гүрэн байгуулсан юм шүү дээ. Саяын гэрээ ч бас бидний энэ новшийн амбицтай холбоотой л доо.

Оросууд бухимдахаараа “Битгий дорнын зан гаргаад бай” гэлцдэг болсон гэх юм. Бас ч аргагүй, жишээ нь гэрээний үед бид Оросуудаар хуучирч байгаа зэвсгүүдээ засуулаад авчихсан байгаа юм, дээр нь газар тарилангийн салбарт 300 саяын зээл авна гэж тохирчихоод 10 хувийг нь авсан юм билээ. Учир нь Канадын илүү бүтээмжтэй, зардал багатай технологийг манай тариаланчид сонирхоод байсан юм чинь. Тэгэхээр дорнын л үндэстэн шүү дээ, гэхдээ саяхан Ноён уулын Хүннүгийн булшийг ахин судалсан археологчид эртний грекийн Артемида тэнгэрийн алтадсан дүр, Хятадын чийдсэн тэрэг олжээ. Монголчууд түүхэн туршдаа дэлхий дахины хамгийн сайныг хэрэглэж ирсэн, энэ удаад ч нүүрсээ зэсээ ухахдаа хамгийн сайныг нь сонгохыг хичээж байгаа юм. Энэ бол Монголчуудын менталитет. Нэг нүүртэй бай гэж биднийг хэчнээн загналаа ч угаасаа бид олон нүүртэй гадаад бодлого явуулна л гэсэн байгаа.


Оюу толгойн гэрээний дараа Оросуудын дотроос олон хүн яаж ч мэдэх зальжин Монголчуудыг ойлгож, коммунизмын үеийнх шиг хатуурхаад ашиггүй гэдгийг мэджээ, Монголчууд алдуурчихаж, харин эрхэндээ авсан гэж бодсон Хятадын зарим үндсэрхэг үзэлтнүүд боож үхэх шахаж байх шив. Оросууд Монголыг хаяснаар хятадад өгсөн гэж боддог хатуу сэтгэлгээтэй хүмүүсийн ойлгохгүй байгаа нэг л юм бол Монголчууд тийм ч дорой буурай, хүлцэнгүй ард түмэн биш, Оросын эриний дараахь 20 жилд бид Хятад руу гүйгээгүй л байхгүй юу. Энэ чинь бас өнөө амбицдаа учир нь байгаа хэрэг. Саяхан Оросын төмөр зам нийгэмлэгийн дарга Якунин “Вести”-д ярилцлага өгөхдөө “Монголчууд түүхий эд гаргах бус боловсруулсан бүтээгдэхүүн гаргах гэж зүтгэж байгааг бид хүндэтгэхээс гадна үлгэр жишээ авах ёстой. Коммунизм унасны дараа барууны зөвлөхүүд Орос бол олборлох үйлдвэрлэлээр хөгжинө гэж хэлж байсан нь худал болохыг бид өнөөдөр мэдэж байна. Бид бас боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэх ёстой” гэж ярьж байна. “Төмөр зам бол геополитик” гэж хэлэх дуртай энэ нөхрийг маажвал татар гарч ирэх учраас ингэж хэлсэн болов уу?, эсвэл бүхнийг бодитой ойлгож байна уу?


Дун Жины өгүүллийн гол санаа нь Монголчууд ордоо хэнд ч өгсөн бай эцсийн эцэст Хятадууд л зарж таарна. Хэрэв бид авахгүй гэвэл Монголчууд өнөөх “гуравдагчидтайгаа” хаа холддог юм бэ? гэсэн агуулгатай. Хятад бол дэлхийн төв бүгд биднээс хамаарах ёстой гэсэн Кунзийн суртал орчин үеийн хэлбэрээр өндийж буй тухай Конрад Зайц авгайн ном гараад удаагүй л байна. Дун Жины өгүүллийг харвал цаад санаа нь үнэхээр Зайц авгайн хэлсэн үнэн аж гэж бодоход хүргэнэ. Тэр Хятадын хөрш 21 улс яг эртний Солонгос шиг Хятадыг түшиж амь зууна гэж бодож байгаа байхгүй юу. Ингэж бодож байгаа бол хятадууд нэг л зүйлийг гагцхүү Монголчууд л үүхэн туршдаа Хятадтай эн чацуу харьцахыг боддог байсныг, тэгээд санасандаа хүрдэг байсныг бодох ёстой.


Тэнцвэрт харьцаа

“Төмөр урхи-1“ өгүүллийг бичиж байхад одоогоос тав зургаан жилийн өмнө бидний эрхлэн гаргаж байсан “Монгол таймс” сонинд “2044-2045 онд 47 дугаар өргөрөгөөс өмнөх нутаг Хятадын мэдэлд орох тухай” Оросын зөн билэгчийн таамагт тулгуурлан Таван толгойн тухай бичиж байсан санаанд орж байна. Зөн билэгт нэг их итгэдэггүй л дээ, гэхдээ саяхан олсон баримтаас үзвэл Хятадууд үнэхээр 47-р өргөрөгөөс өмнөх нутгийг эрхшээх том төлөвлөгөө боловсруулсан байна. “Төмөр урхи” өгүүлэлд Оюу толгойн гэрээ батлагдахын өмнөхөн БНХАУ-ын төмөр замын дэд сайд Монголд айлчилж төмөр зам тавих тун аятайхан санал тавьсан тухай түүнийх нь хариуд манай зам тээврийн сайд Монголд зам тавьж болно, харин Хятадтай холбохгүй гэж хэлсэн тухай бичсэн. Монголчууд дотооддоо хэчнээн хямарч байвч гадаад улстөрийн бодлогодоо нэг хүн шиг байдаг нь манай үнэт зүйл юм. Дун Жин Монголын сайдууд үндсэрхэж, хятадын хөрөнгө оруулалтыг хаах “өндөр хэрэм” босгосонд гомджээ. Оюу толгойд Рио Тинтог оруулснаар Хятадын түрэлтийг зогсоох хөрөнгө оруулалтын “цагаан хэрэм” байгуулсан гэж “Дорноос зугтаахуй” цувралдаа дурдсан нь санаандгүй үг биш. Өмнөд Хятадууд “өндөр хэрэм”, хойд Хятадын “урт хот” гэж нэрлэдэг цагаан хэрэм лугаа адил хөрөнгө оруулалтын хаалтаа өндөрсгөх бус уртасгах тухай бодох цаг тулж ирээд байна. Түүхийг энэ агшинд бид зүрх алдаж, айх аваас “Үе хойч маань бидний үхдэл хүүрийг доромлох болов уу”


“Төмөр урхи-1“ өгүүлэлдээ Монголын нутаг дахь гадаадын өрсөлдөөн ба төмөр замын урьдчилан тооцсон төслүүдээр Монголыг тасчин Монголын хамгийн баялагтай нутгийг хянах гэсэн оролдлогыг илчлэхийг хичээсэн билээ. Оюу толгойн зэсийн ордод Хятад, “Рио Тинто” өрсөлдөж байсан ба бид олон тулгуурт бодлогын үүднээс “Рио Тинто”-г сонгосон ба чухам үүнд л хөршүүд маань боож үхчих гээд байна. Монголд 1990 оноос хойш 3 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирсэн ба түүний гуравны хоёр нь Хятадын хөрөнгө оруулалт байна. Үүний төлөө Хятадуудад гомдох хэрэггүй л дээ, талархах ёстой байх. Гагцхүү аюулгүй байдлаа хангах сонирхлоо хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалтын харьцааг тэнцвэржүүлэхэд “30:30:40” гэсэн харьцааг баримтлах нь зүйтэй гэж Ерөнхий сайд асан С.Баяр саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ ч бас зөв томъёолол. “Гадаад харилцааг эдийн засагжуулах” зорилго үүнд чиглэж байгаа болов уу? Ингэхдээ мэдээж Хятадын хөрөнгө оруулалтыг хаах нь зохисгүйг бид бүгд мэдэж байгаа. Хятад их хөрөнгө оруулбал Орос ба баруун бүр ихийг оруулах ёстой л гэсэн үг.

 

Хөрөнгө оруулалтын 70 шахам хувь хятад үлдсэн 30 хувь нь бусад гэсэн харьцааг Оюу толгойн гэрээ батлагдсанаар агшин зуур 4 /өрнөд/ : 2 /Хятад/ : 1 /бусад/ гэсэн харьцаанд оруулсан юм. Хувиар тооцвол 56:28:14 гэсэн үг. Өөрөөр хэлбэл аюулгүй байдал талаасаа баталгаажсан гэсэн үг. Ийм нөхцөлд яг урьдчилан таамаглаж байсанчлан Хятадууд эрх ашгаа хангахын тулд төмөр урхиа тавихыг хичээх болно. Гэхдээ энэ бол мөн л хөрөнгө оруулалт. Хятадын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, Оросын ба бусад орнуудын хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэхэд тэнцвэр хадгалагдсаар л байна гэсэн үг. 


Хятадын сонирхол ба тэнцвэрийг хангах нь

Нэгэнт уул уурхайн асуудал учраас олборлох гэрээнд оролцож чадаагүй улсуудад боловсруулах болон худалдан авах гэрээнд оролцох боломж байгаа юм. Монголчууд Оюу толгойг Рио-д өгөхдөө боловсруулах үйлдвэрийн асуудлыг чухалчилж байсан билээ. Бидэнд хангалттай туршлага бий шүү дээ, “Эрдэнэт“-ийн уулын баяжуулах комбинатыг ашиглалтанд оруулснаасаа хойш боловсруулаагүйн улмаас ашгийн 95 хувийг алдаж байсан.


Чухам иймээс бидэнд өнөөх Якунины хэлсэн сонирхол бий юм. Бид Хятадад өгнө, өгөхдөө бүтээгдэхүүн өгнө. Харин Хятадууд өөнтөглөж байгаад түүхийгээр нь авах гээд байна. Тиймээс Хятад эрх ашгаа бодож Монголд төмөр зам барих өгөөмөр санал тавиад байгаа бололтой. Энэ саналаар бол Таван толгойгоос баруун зүг Шивээ хүрэнгийн боомт хүртэл төмөр зам тавьж өгөх санал тавьсан байна.


БНХАУ-ын төмөр замын сүлжээ нь Монголын улсын өмнөд хилийг эмжсэн байрлалтай бөгөөд хамгийн ойртсон өртөөд нь яг манай Оюу толгой, Таван толгойн харалдаа байдаг. Оюу толгойн гэрээг хэлэлцэхийн өмнөхөн Хятадын гадаад бодлогын монголын чиглэлийг хариуцдаг Хятад Улсын дэд дарга, ирээдүйн ХКН-ын дарга гэгдэж байгаа Си Цинпин “Монголын чиглэлд амжилт олохын тулд ямар ч ресурс хайрлахгүй” гэж байсныг ахин сануулахад илүүдэхгүй. Одоо Хятадуудын хувьд төмөр замын ресурс үлджээ.


Хятадын найман замын стратеги

Лав л надад байгаа баримтаар бол БНХАУ Монголын хилийг найман газраар сэтлэх төлөвлөгөө боловсруулж. Наймын тоонд дуртай Хятадын стратеги үргэлж иймэрхүү байдлаар томъёологддог “Найман замын цэрэг, найман тугийн цэрэг” гэх мэт хэллэгүүд нь Хятадын уламжлалт стратегид олонтаа тохиолддог томъёоллууд тул бараг л үнэн гэж бодож байна. Баруун талаас нь эхлэн тоочъё. Нэгдүгээр зам Монголын Ховдын Булганы Ярантын боомт руу Хятадын Такшкен боомтоор нэвтрүүлэн Үенчээр дайруулж Ховд хоттой холбосон хүнд даацын автомашины зориулалттай засмал зам тавьж байна. Булганы чиглэл бол бас их түүхтэй чиглэл, Манж нар Ховдыг хамгаалах цэргийг үүгээр илгээж байсан, дараа нь Богд хаант Монгол улсыг хавчин байлдах 2000 цэрэг үүгээр ирсэнд 700 Монгол цэрэг угтан цохисон. Хожим Байтагийн тулалдаан болж байсан. Алтайн энэ сүвийг эртнээс торгуудууд хамгаалж ирсэн юм. Энэ зам Хөшөөтийн уурхайн нүүрсийг татах зориулалттай юм. Хэрэв хөшөөтийн нүүрсийг алддаг юм бол энэ замыг хойш татаж Улаангомоор дайруулж Оростой холбож болох юм. Оросууд Тувагийн Кызыл руу төмөр зам татаж байгаа ба ингэснээр баруун аймагт босоо тэнхлэгийн замтай болж чадна. Гэхдээ Хятадууд хэзээ ч хойш нь зам тавихгүй, ганцхан тохиолдолд өөр орд нээгдсэн тохиолдолд сунгаж болно. Энэ замыг Шинжаан дахь Хятадын армийн инженерийн ангиуд тавьж байж болзошгүй. Ер нь баруун аймгуудад барьж буй бүхий л обьектуудыг армийнхан оролцож барьдаг юм билээ. Үүнийн хэдэн жилийн өмнө хятадын баруун бүсээ хөгжүүлэх стратегийг сурвалжилж явахдаа Хятадын армийн хурандаагаас сонссон билээ.


 Үргэлжлэл бий.

2009-11-23
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл