Төмөр урхи-2 буюу Хятадын найман замын стратеги
Зохиогч: А.Баатархуяг
Зохиогч: www.sonin.mn
Хэвлэсэн он: 2009/11/24

Үргэлжлэл

ХЯТАДЫН НАЙМАН ЗАМЫН СТРАТЕГИ
Лав л надад байгаа баримтаар бол БНХАУ Монголын хилийг найман газраар сэтлэх төлөвлөгөө боловсруулжээ.
Наймын тоонд дуртай Хятадын стратеги үргэлж иймэрхүү байдлаар томьёологддог “Найман замын цэрэг, найман тугийн цэрэг” гэх мэт хэллэгүүд нь Хятадын уламжлалт стратегид олонтаа тохиолддог томьёоллууд тул бараг л үнэн гэж бодож байна. Баруун талаас нь эхлэн тоочъё.
Нэгдүгээр зам Монголын Ховдын Булганы Ярантын боомт руу Хятадын Такшкен боомтоор нэвтрүүлэн Үенчээр дайруулж Ховд хоттой холбосон хүнд даацын автомашины зориулалттай засмал зам тавьж байна.
Булганы чиглэл бол бас их түүхтэй чиглэл, Манж нар Ховдыг хамгаалах цэргийг үүгээр илгээж байсан. Дараа нь Богд хаант Монгол Улсыг хавчин байлдах 2000 цэрэг үүгээр ирсэнд 700 Монгол цэрэг угтан цохисон. Хожим Байтагийн тулалдаан болж байсан. Алтайн энэ сүвийг эртнээс торгуудууд хамгаалж ирсэн юм. Энэ зам Хөшөөтийн уурхайн нүүрсийг татах зориулалттай юм. Хэрэв Хөшөөтийн нүүрсийг алддаг юм бол энэ замыг хойш татаж Улаангомоор дайруулж Оростой холбож болох юм. Оросууд Тувагийн Кызыл руу төмөр зам татаж байгаа ба ингэснээр баруун аймагт босоо тэнхлэгийн замтай болж чадна. Гэхдээ хятадууд хэзээ ч хойш нь зам тавихгүй, ганцхан тохиолдолд өөр орд нээгдсэн тохиолдолд сунгаж болно. Энэ замыг Шинжаан дахь Хятадын армийн инженерийн ангиуд тавьж байж болзошгуй. Ернь баруун аймгуудад барьж буй бүхий л обьектуудыг армийнхан оролцож барьдаг юм билээ. Үүнийг хэдэн жилийн өмнө Хятадын баруун бүсээ хөгжүүлэх стратегийг сурвалжилж явахдаа Хятадын армийн хурандаагаас сонссон билээ.

Хоёр дахь зам нь Говь-Алтай аймгийн Бургастайн боомтыг дайруулан тавьж буй засмал зам.

Өмнө дурдсан сурвалжлагын үеэр Монголын талаас Ганьсу мужтай хиллэгдэг Бургастайн боомтыг нээх, урт хугацаатай ажиллуулах санал тавьдаг гэж тус мужийн намын хороон дарга ярьж байв. Нутгийн иргэдийн түүхий эдийг борлуулах, орон нутгийг мөнгөжүүлэх сонирхолтой холбоотой ийм санал тавьдаг байсан ба Хятадын тал тус боомтыг ийм өргөн хэмжээнд нээхийг хүсэж байгаа нь мөн л холын бодлогынх. Тус аймагт нээгсэн төмрийн ордоос хүдэр зөөх зориулалттай зам юм. Энэ төмрийн орд нь дэлхийд ховорт тооцдог Сэлэнгийн Төмөртэйн ордоос хоёр дахин их нөөцтэйг тогтоогоод байна. Хятадын дотоод муж Ганьсу яг чиглэлээр ӨМӨЗО ба Шинжаан Уйгурын автономит мужийг заагладаг. Нэмж хэлэхэд коммунизмын үед Монголын ардын арми яг энэ чиглэлээр ХАЧА-д цохилт өгч, Лоб нуур дахь цөмийн туршилтын талбайгаар дайран, Ганьсу мужийн төв Хятадын баруун зүгийн хамгийн том хот, эртнээс баруун зүгийг хянах тулгуур төв болж ирсэн, цагаан хэрмийн баруун үзүүр дэхь Ланжоуг эзлэх үүрэгтэй байсан ба армийн давшилтын зориулалттай байгууламжууд, худаг усны нөөц, хангамжийн агуулахууд олноор байгуулсан. Энэ чиглэлийн замыг мөн л Шинжаан дахь Хятадын армийн салбар тавьж таарна. ХАЧА-ийн долоон тойргийн дөрөв нь Монголын хилийн дагуу байрладаг. Байлдааны стратеги нь хэрэв ЗХУ довтолбол ХАЧА Монголоос асуулгүй, манай нутаг дэвсгэрт нэвтэрч байлдааны ажиллагааг манай нутагт өрнүүлэхэд чиглэсэн байна. Иймээс энэ чиглэлийн засмал зам нь цэрэг-дайны стратегитай нягт уялдаж байна.

Гурав дахь нь буюу Шивээ хүрэнгийн боомт нь Өмнөговь аймгийн баруун талд байх ба Таван толгойгоос энэ чиглэлд нарийн төмөр зам тавих саналаа ирүүлээд байна.

Барилга хот байгуулалтын сайд яг энэ төмөр замыг урагш холбохгүй гэж гэдийгээд байгаа нь уутныхаа амсрыг эргүүлж гөвөхгүй гэж бодсоных. Хэрэв энэ цүлхгэрт л хоёр цоолбол хүүдий нь цоорсон буцалгасан аарц шиг л Монголын баялаг урсаад алга болно. Уг нь бид шар усыг нь шүүгээд аарцтай үлдэх учиртай. Монголд энэ төмөр зам хэрэгтэй. Гагцхүү Шивээ хүрэнгийн боомтоос ердөө 80 километрт хятадын төмөр замын Цэхэ өртөө бий. Төмөр замыг баруун тийш сунгаж байгаа нь хамгийн боломжит өртөө рүүгээ татаж буй хэрэг. Чухам үүний төлөө л урт зам тавих санал гаргаж байгаа билээ.

Зүүн Хойд Хятадын төмөр зам ачааллаа даахгүй байгаа тул баруун чиглэлийн төмөр замын ачаалал багатай хэсгээр нүүрс татах, Монголд нарийн төмөр зам тавьснаар урагш шууд холбох боломжоо нээж байна гэх нэг таамаг байна. Эсвэл энэ нүүрсийг шууд баруун зүгт зөөхийг хүсэж байна. Учир нь баруун талд нүүрсний нөөц ховор. Жишээ нь манай Ховд аймагт ганцхан нүүрсний орд байдаг нь Хөшөөтийн уурхай юм. Увс аймаг нүүрсгүй, Баян-Өлгий ганцхан ордтойг бодвол Шинжаанд судлагдсан нүүрсний томоохон орд байхгүй байж болох талтай юм. Тиймээс Хятадууд баруун бүсийг хөгжүүлэх стратегийн хүрээнд манай нүүрсийг, ялангуяа эрчим хүчний нүүрсийг ашиглахыг сонирхож байгааг үгүйсгэх аргагүй байна. Ингэвэл энэ цоорхойгоор эрчим хүчний нүүрс урсах болно. Таван толгойн ордын нөөцийн 40 хувь нь эрчим хүчний 60 хувь нь коксждог нүүрс гэдгийг тооцох ёстой.

Дөрөвдэхь нь Таван толгойгоос ялигүй зүүн тийш хазайлгаж Гашуун сухайтын боомтыг дайруулсан төмөр замын шугам юм.

Энэ шугамыг “Энержи Ресурс” татах гэж байна. “Энэржи ресурс” компани Таван толгойн ордын лицензийг Засгийн газарт тушаахдаа 400 сая тонн нүүрсний нөөцтэй Ухаа худгийн ордыг авч үлдсэн. Үүнийгээ урагш зарах сонирхолтой байна. Чухамдаа энэ сонирхол нь төмөр зам тавих шалтаг болжээ. Энэ замыг тавихдаа Германы компанийг оролцуулах болсноор халхавчлан өрнийн хөрөнгө оруулалт мэт харагдуулахыг хичээж байна. Яг энэ чиглэлд Хятадын төмөр замын Монголын хилд хамгийн ойр, Бугатаас чанх хойш салаалсан Баян-Овоо өртөө байгаа ба чанх урагш зуу гаруйхан километрт Бугатын металлургийн үйлдвэр бий. Энэ салааг Хятадууд Оюу толгой, Таван толгойн ордыг чиглүүлэн саяхан тавьсан. Наанаас Монгол, цаанаас Хятад тавьсан зам хил дээр нийлэхэд өнөөх Дун жиний бичсэнчлэн “… Хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүнгүй биз…” гэдэг л нотлогдох юм.

Шивээ хүрэнгийн боомтоор гарах нүүрснээс ялгаатай нь үүгээр коксждог болон коксжсон нүүрс гарна. Энэ замыг тавьснаар Хятадууд Таван толгойн нүүрсийг хамгийн дөт замаар Бугатын металлургийн үйлдвэрт хүргэнэ. Эрээнээр нэвтэрсэн төмөр зам дорно зүгт алс дугуйрч Жинин өртөөнөөс баруун тийш салаалж 100 гаруй километр яваад Хөх хот, ахиад мөн ийм зайтай явахад Бугат хотод хүрдэг. Хэрэв Хятадын тал Шивээ хүрэн-Цэхэгийн богинохон төмөр замыг тавих юм бол энэ тойргийг Монголын нутгаар шулуухан тавьсан төмөр зам ба шууд урагш холбосон шулуун замаар товчилж чадна. Энэ замыг газрын зураг дээр хэмжиж үзэхэд Замын-Үүдээр дайруулснаас 4 дахин богино байна. Ингэснээр тээврийн зардал асар хямдрах юм.

БНХАУ бол нүүрсний экспортоор дэлхийд гуравдугаарт ордог. Асар олон уурхай ч уурхайчдын ажиллах нөхцөл хүнд, осол эндэгдэл ихтэй улс. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийг цаадтай орших Шанси мужийн нүүрсний ордын сайн чанарын нүүрсээр хангадаг. Энэ орд том орд, багцаалбал манай Таван толгойтой дүйх авч хамгийн ноцтой нь уулархаг нутагт байдаг тул олборлоход хүнд, зардал ихтэй. Чухам ийм шалтгаанаар манай Таван толгойг сонирхож байна. Хэрэв таван толгойгоос нүүрс татвал дээд зэргийн чанартай нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс 2 дахин хямдаар татах юм. Ингэснээр 50 орчим долларын үнээр нүүрс татах ба Авсралиас татсан нүүрс нь 100 гаруй доллар болдог. Шансигийн нүүрс чөлөөлөгдөж Шанхайн наадтайх “Баостиль” алдаршсан үйлдвэрт хүрэх болно. Ингэвэл Монголын нүүрс Тянжин хүрэхгүй замдаа Бугатад буух болно.

Чухам энэ хоёр чиглэлд Хятад Улс ихээхэн анхаарч байна. Ордууд баримжаагаар Өмнөговь аймгийн тэхий дунд байгаа ба Хятадууд эндээс хоёр салаалан Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн чиглэлд төмөр зам тавьж өөрийн төмөр замтай холбох юм бол Монголын нутагт цүүцдэн орсон “Алтан гурвалжин” үүсгэж чадах юм. Энэ гурвалжингаас Хятад ямар их ашиг олохыг тооцошгүй. “Энержи ресурс”-ын орлогыг ордын нь тогтоогдсон нөөцөд үндэслэн тооцож болж байна. Хэрэв эзэмшиж буй ордынхоо тонн нүүрсийг 1 доллараар үнэлэхэд 400 сая ам.доллар, 10 доллараар зарвал 4 тэрбум ам.доллар, хэрэв дэлхийн зах зээлийн дундаж үнэ 100 орчим ам.доллараар тооцвол  40 тэрбум ам.доллар. Дөт замаар тээвэрлэж буй тээврийн зардлаа хаслаа ч овоохон ашиг унахаар байгаа биз? Нүүрс бол олборлолтын зардал багатай, хутгаад л ачина, гол зардал тээвэрт гардаг. Чухам иймээс Таван толгойн гэрээний өмнө төмөр замын асуудал гол хүчин зүйл болж босч ирээд байгаа юм шүү дээ. Таван толгойн орд 10 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэйг энэ жишгээр тооцвол бид өмнөд хилээ нэг сүрхий компанийн арван төгрөгийн тэрбумтны төлөө цоолоход л хэчнээн наймаанд муу байлаа гэхэд гаслаж ганирах “ашиг алдах” болно. “Энержи ресурс”-ын төлөөлөл хийгээд нөлөөлөл Н.Энхбаярын үеийнхээс ч, өмнөх парламентын үеийнхээс ч буураагүй. Хэрэв Сү.Батболд Ерөнхий сайд болсныг тооцвол, Г.Батхүү УИХ-ын дэд дарга болсныг тооцвол гэх мэт шалтгааныг дурдаад байвал харин ч нэмэгдсэн байна.

Яг ийм шалтгаанаар УИХ, Засгийн газар дахь “Энержи ресурс” консорциумын төлөөлөл болсон улстөрчид өмнөд хилийг “цоолох” БНХАУ-ын сонирхлыг хамгаалан зүтгэж байгаа нь улсад орох орлогыг өөртөө авах гэснийх үү? Хятадууд заавал хоёр зам тавих гээд байгаагийн учир нь нэг нь коксждог нүүрс зөөх, нөгөө нь эрчим хүчний нүүрс татах бодлогынх нь илрэл гэж таамаглаж байна.

Дараагийнх нь Замын Үүд-Эрээний гарц юм.

БНХАУ-ын тал, ялангуяа Эрээн хотын засаг захиргаа Чойр-Замын Үүдийн автозамыг сонирхож байна. Чойроос цааш 12 километрт гацчихаад байгаа босоо тэнхлэгийн автозамыг угтуулан Эрээнээс Замын-Үүд хүрэл 14 километр зам тавьсан билээ. Оросын Эрхүү муж ба ӨМӨЗА-ныг холбосон энэ шулуун автозам нь эдийн засгийн асар их ач холбогдолтой  юм. Зөвхөн Эрээний явцуу сонирхлоор тайлбарлахыг сонирхвол энэ зам Манжууртай өрсөлдөх гол хүчин зүйл болох ажээ. БНХАУ-ын Засгийн газраас Эрээний хотын дэсийг өөрчилсөн байна. Эрээн уг нь дээрээсээ зургадугаар дэсийн хот авч  дөрөвдүгээр зэрэгт дэвшсэн байна. Статус нь зүйрлэвээс Хөх хотын хэмжээнд очжээ. Ойрын хугацаанд Эрээн хотын хүн ам 400 мянга, XI таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж дуусахад сая гаруй хүнтэй хот болох учиртай ба Орос-Хятадын хил дээрх Манжуураас ч том хот болох ажээ. Энд мөн тусгай бүсийн эрх чөлөө ханхалж, хатуу тоталитар дэглэмд хүлээн зөвшөөрдөггүй зарим зүйлс ч ажиглагдаж байна. Эрээнд янханчлал хамгийн нээлттэй байна. Татварын таатай нөхцлөөр өмнөд мужуудаас хөрөнгө оруулалт татаж байгааг харвал тэрхүү нөхцөл нь өмнөд мужаас ч илүү гэсэн үг. Өнөөгийн хүн амд томдох эмнэлэг, сургууль барьсан байна. Мөн Монголд түүх болсон соёлын довтолгоо мэт үзэл суртлын ажил өрнөж, Эрээний хүн амын соёлын түвшинг өндөр хэмжээнд хүргэх нь тус хотын намын байгууллагын хамгийн гол чухал зорилт болон тавигджээ. Бас Монголчуудад хүндэтгэлтэй хандах, маргааныг Монголын иргэний талд аль болох шийдэх журам заавар ч гарсан байсан. Энэ бол хоёр жилийн өмнө Эрээн хотын намын хорооны даргын хэлсэн үг.

Ахиад дорно зүг явбал Сүхбаатарын Бичигтийн боомт.

Энэ замаар Сүхбаатарын аймаг дахь Төмөртэйн Цайр-төмрийн ордоос хүдэр татах зорилготой юм. “Рио Тинто-ВНР” компани БНХАУ-д төмөр нийлүүлэхээ зогсоогоод байгаа ба харин Хятадууд одоо нөөцөөрөө үйлдвэрлэл явуулж байна. Энэ үйлдвэрийг Сэлэнгийн Төмөртэйн ордыг эзэмших эрх авсныхаа хариуд Зян Зимэн даргаас Монголд өгсөн 300 сая юаны зээлээр босгосон гэдгийг дурдах ёстой юм. Хятадын тусламж нь хүртэл манай улстөрчдийн гараар ороод гарахдаа Хятадын эрх ашигт нийцдэг болон хувирч байдгийн нэг тод жишээ бол энэ юм.

Дараагийнх нь Дорнод хилээр гаргасан боомтоор Дачин компани түүхий нефть татан авдаг.

Эндээс татсан түүхий нефтийг Хөх хотын нефтийн үйлдвэрт нэрж, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол шатахуун нийлүүдэг ба энэ нь манай импортын шатахууны 5 орчим хувь болдог гэсэн мэдээлэл бий.  Бүр 1940-өөд онд Япончуудын тавьсан төмөр  зам Дорнод аймаг Халх голын цаахантайх “Халуун рашаан”-д хүрсэн байдаг. “Онцгой эрх” зэрэг тагнуулын түүхэн детектив зохиолууд, Халх голын дайны түүхэнд байнга бичигддэг “Халуун рашаан” хүрсэн төмөр  замыг Хятадууд ариглан хадгалснаар барахгүй, үр ашигтай байлгахын тулд “Халуун рашаан”-ы рашаан сувиллын газрыг ихэд дэмжин хөгжүүлж байгаа билээ.

Хамгийн сүүлчийн буюу найм дахь нь Хавиргын боомт.

Энэ боомтоор мөн нефть, татаж авдаг байна. Энэ хоёр боомтыг идэвхжүүлж буй шалтгаан нь Монголчууд Чойр-Чойбалсан эсвэл Сайншанд-Чойбалсангийн өргөн төмөр замыг тавьбал амдан авах зорилготой юм. Ийнхүү Байтагийн өрнө үзүүрээс Орос-Моголын дорнод хил хүртэлх бүх баялаг бүхий бүсээс түүхий эд татан авах боломжоо хятадууд хангажээ.

Юу хийх вэ?

Хятад бол манай зэс нүүрсийг худалдан авах гол зах зээлийн нэг. Гэхдээ бид төр улс л юм бол ирээдүйн ашиг, ашиг сонирхлоо хангах талаар бодох ёстой. Оюу толгойн гэрээний дараа хоёр хөршийн зүгээс эгдүүцлээ илэрхийлэх шинж төлөв ажиглагдаж байгааг анзаарах ёстой юм. Хөршүүдийн маань хэвлэлийн эрх чөлөөний байдал ямар билээ? Нэг нь тоталитар, нөгөө нь авторитар дэглэмтэй улс. Хэвлэлд нь хэзээ ч төрийн оролцоогүй зүйл гарахгүй. Тиймээс энд ишлэн буй жижигэвтэр өгүүллүүдийн улстөрийн ач холбогдол нь миний бичиж буй нуршаа өгүүллээс хэд дахин богино хэрнээ хэд дахин илүү юм. “Хэрэв Монгол улсын “Тэнцвэртэй байлгах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй. Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?” гэсэн Хятадын өгүүллийг унших юм бол бид юунаас болгоомжлох ёстой нь харагдаж байна.

Тэртээ 1924 онд Үндсэн хууль батлахын өмнө Хүрээ-Хаалганы чиглэлд зам тавихыг дэмжсэн Солийн Данзанг “Энэ замаар чинь буутай цэрэг ирвэл яах вэ?” гээд буудчихсантай адил коммунист зан гаргамааргүй байвч бодох зүйл их байгаа юм. Хэрэв Таван толгойд Америкийн “Пибоди”-г голлох компаниар сонговол, эсвэл Оросын компанийг сонговол, магадгүй Япон, Өмнөд Солонгосыг оролцуулбал эрх ашгаа бодон Монголоос болвсруулсан бүтээгдэхүүн авахгүй гэж Хятад бойкотолбол бид яах вэ? Хятад Улс дотоод түүхий эдийн нөөц ба валютын нөөцөндөө дулдуйдан ийм алхам хийж чадна. Тэгвэл бүх хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаад Хятадудыг оруулах уу? Эсвэл бүх болзлыг нь хүлээн зөвшөөрөөд хямд үнээр боловсруулаагүй түүхий эд гаргах уу?

Монголын ноолуурын салбарт үнийн монополь тогтоогоод манай ноолуурын үйлдвэрүүдийг унагасан демпингийг би санаж л байна. Үүний улмаас Монголын, гадаадын хөрөнгө оруулалттай 45 үйлдвэрийн 40 нь хаалгаа барьж байсан билээ. Үүнээс гарах цорын ганц гарц бол Япон, Өмнөд Солонгосын зах зээл рүү гарц хийх ёстой юм. Энэ гарц нь Сайншанд Чойбалсангийн өргөн төмөр зам юм. Хэрэв Хятадын бойкотод орвол энэ төмөр замаар Оросын нутгаар дамжуулан бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм. Манай төв магистрал их хэмжээний нүүрс, зэсийн хүдэр, боловсруулсан нүүрс, зэс зөөх боломжгүй, энэ нь манайхаас бус юм гэхэд Оросын талаас шалтгаалах тул ОХУ-ын хамгийн ачаалал багатай Амарын төмөр замыг чиглэсэн зам тавих ёстой болж байна. Ингэвэл бид заавал Хятадад бүтээгдэхүүнээ гаргах гэж боогдохгүй юм…

Үргэлжлэл бий …….

2009-11-24
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл