Тавантолгой, Монголчуудын хожил
Зохиогч: Д.Болдхуяг
Зохиогч: Зууны мэдээ сонин
Хэвлэсэн он: 2009-12-15

Монгол, Орос, Хятад гурав онгоцоор нисч байна. Оросын нутаг дээгүүр нисэхэд “Эх орныхоо төлөө энэ биеэ хайрлахгүй” гээд халамцуу Иван үсрэв. Хятадын хил рүү ороход “Эх орныхоо төлөө хувцас хунараа ч хайрлахгүй” гээд Ли шалдан үлдэв. Онгоц Монголын нутаг руу ороход Дорж “Эх орныхоо төлөө нүцгэн нөхрөө ч хайрлахгүй” гээд Хятадыг аваад шидчихэв.

Монгол, Орос, Хятад гурвын тухай олонх онигоо ерөнхийдөө иймэрхүү. Хүний тоогоор биш чанараар, ухаанаар илүү байж л Монголчууд хожих ёстойг сануулсан аман яриа. Харин бодит амьдрал, том ашиг сонирхол дээр бид илүү ухаантай байж чаддаг уу?

Эзэн Чингисийн өлгий нутагт байгаа эрчим хүчний эх үүсвэр, эрдэнэс баялгийн төлөөх өрсөлдөөнд Орос, Хятад хоёр улс төр, эдийн засгийн олон арга хэлбэр, дипломат тоглоом явуулж байна. Өрсөлдөөн дундаас Монголчууд илүү хожно гэдэг нь эдийн засгийн үр өгөөж, аюулгүй байдлын хүчин зүйлсийг давхар тооцсон, хойд, урд хоёр хөршийг түлхүү оролцуулсан, гэхдээ хооронд нь тэнцвэржүүлсэн бодлого юм. Ялангуяа ухахаасаа зөөх нь онцгой чухал, газрын байршлаас хамаар¬даг нүүрсний экспортыг хянах давуу эрхийг Орос, Хятад хоёрын аль нэгд нь олгохгүй, тэнцвэртэй байлгах нь өөрөө үнэ цэнэ. Жилд 20 сая тонныг олборлоход зуун жил ашиглах нөөцтэй Тавантолгойн нүүрс түгжрээ гацаагүй олон урсгал, гарцтай, далайн боомтод хүргэсэн олон хэрэглэгчтэй байвал Монголчууд бид хожно. Бид бүгдийн хожлын гараа, гарц нь хувийн хэвшил, засгийн газар нь хамтран ажилладаг РРР зарчмыг семинарын яриа биш бодит ажил хэрэг болгох, эвийг хичээж, хүчээ нэгтгэх явдал билээ. Хоёр Монгол хэрэлдэнэ, гурван Монгол зодолдоно гэгчээр явбал Монголчууд хожигдоно.

Хүсээ гэж үү, Оросууд...

Өмнөх нийгмийн үед Монгол оюутнууд “Хүсээ гэж үү, Оросууд Хүсээ гэж үү, Оросууд дайныг” гэж дуулахдаа хоор найрал нь “Хүссэн, хүссэн, хүссэн” хэмээн давтаад үзэл суртлын асуудалд орсон гэдэг. Шинэ Оросууд бол “атаат дайсныг өвдөглөн дарахаар ирсэн анд зөвлөлтийн арми” биш.

Хойд айлтай харилцах¬даа түүхээ мартах учиргүй ч Зөвлөлтийн үеийн сэтгэлгээгээр хандах ёсгүй цаг үе. Монголын нүүрс, эрдэс баялгийн экспортод хяналт тавьж, төрийн мэдлийн менежмент муутай төмөр замаа алдагдлаас гаргах хүслээ Оросууд ний нуугүй мэдээлж байна. “Тавантолгой”-гоос татах төмөр замыг Транссибирийн өргөн царигтай шугамд холбохыг Орос маш их хүсч байна. Ингэснээр Хятадад экспортлох нүүрсний замд хангалттай саад тавьж, бид маш чадамгай хянах болно” гэж railway-publish.com мэдээлжээ. Монголын экспортонд саад тавих, хяналтаа тогтоох хүйтэн тооцоог гүйцээх хэрэгсэл, давуу тал нь Оросын 50 хувийн эзэмшилтэй, манай нутаг дээрх цор ганц төмөр зам. Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлээр төмөр зам тавьж, улмаар Транссибирь, БАМ-тай холбочихвол Оросын их ойн модноос өөр зүйл зөөхгүй байгаа алдагдлаа нөхнө. Зах зээлийнхээ эсрэг зүгт алсалж тойрох энэ төсөл үнэ өртөг ихтэй, хэрэгтэй байгаа хоёр тэрбум доллар нь одоохондоо цаасан дээр бичээтэй байна. Төмөр замынхаа өртгийг нөхөх, хөрөнгийг нь босгохын тулд 96 хувь нь Монголын төрд байгаа Тавантолгойн нүүрсийг олборлох эрхээр солихыг Оросууд хүсчээ. Оросын төмөр замын дарга И.Якунин уул уурхайн төсөлд орж мэргэшээд буй бөгөөд Монголд ирэх маш дуртай болчихоод байгаа билээ. Д.Медведевийн айлчлалын үеэр байгуулсан Орос, Монголын төмөр замын тавь, тавин хувийн оролцоотой “Дэд бүтцийн хөгжил” компани нүүрс олборлох эрхийг авчихвал түүгээр барьцаалж өртөг ихтэй, өргөн царигтай тойруу шугамаа татах ногоон гэрэл асна. Ванино, Находка боомт хүрч, тэндээсээ коксжих нүүрсний том хэрэглэгч Солонгос, Японтой холбогдох гарц юм. Находка хүртэл 4500 шахам, Ванинод очтол 5183 км. Гашуунсухайт-Бугатаас Тяньжин хүрч, Япон, Солонгос худалдан авагчтай холбогдох чиглэлээс гурав дахин урт зам. Газар нь хол, зам нь уртаас гадна өргөн цариг нь ашиглалтын зардал ихтэй. Оросын төмөр зам тээврийн орлогынхоо 60 хувийг буцаад зардал болгоод гаргачихдаг. Монголд энэ үзүүлэлт бүр 80 хувьд хүрнэ гэж төмөр замын инженер, УИХ-ын гишүүн асан О.Сүрэн мэдээлж байна. Оросын Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч Сергей Иванов “Манай төмөр зам дэлхийд өрсөлдөх чадваргүй. Зүтгүүр, галт тэрэгний өөрийн жин хэтэрхий хүнд, хязгаарлагдмал хурдтай. Дээр нь манай төмөр замын менежмент муу. Мөнхөд ийм байх боломжгүй” гэж хоёр сарын өмнө Москвад болсон олон улсын хурлын үеэр мэдэгдсэн нь өргөн царигийн хоцрогдлыг Оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн баримт болно. УБТЗ-ын өмчлөгч нь Орос, Монголын төр. “Төр угаасаа муу менежер. Ялангуяа Орос, Монголын төр дэлхийн хамгийн муу менежер” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэлжээ.

Сайншандаар дайруулж Транссибирийн өргөн царигтай төмөр зам тавих нь Оросуудын ашиг сонирхол гэдэг нь эргэлзээгүй зүйл. Үүнийг нь ч дэмжих нь тэнцвэржүүлэх, оролцоог нь хангах, уламжлалт харилцаагаа хөгжүүлэх, хоёр хөрштэйгээ түлхүү харилцах үүднээс зөв. Оросуудын өөрсдийнх нь ний нуугүй, нэрэлхэлгүй мэдэгдэж байгаачлан Монголын баялгийн экспортыг давуу эрхтэйгээр хянах боломж олгох юм бол бид хожигдоно. Тэдний тавьж буй санал нэг л том гарц, нэг л том урсгал болохоос нийт баялгийг хянах онцгой эрх дарх биш. Оросууд ч Монголын нүүрсийг Хятадуудад зарна. 2009 оны 9 дүгээр сарын байдлаар Хятадад экспортолсон Оросын коксжих нүүрсний хэмжээ ганцхан жилд 12 дахин өсчээ. Хятадад худалдсан эрчим хүчний нүүрсний хэмжээ нь жилийн дотор бараг 40 дахин нэмэгдсэн байна. Орос гадаадаас нүүрс авдаг биш зардаг орон. Тэд коксжих нүүрс экспортлогч орнуудаас Австрали, Америк, Индонез, Канадын дараа дэлхийд 5 дугаарт ордог юм.

Орос, Монголын хооронд жилд 1,2 тэрбум долларын худалдаа хийж байна. Үүний тэрбум нь зөвхөн түлш шатахууны үнэ. Монголоос Оросууд доллараас өөр юу ч авахгүй, худалдааны тэнцэл бидний талд илэрхий алдагдалтай. Түүхий эд, зэс, алт, нүүрсээ зарж олсон тэрбум долларыг “Роснефть” хуу хамна. Зуун хувь урьдчилж төлөхийг шаардах нь дэлхийн бизнесийн соёлд хаа ч байхгүй, зуун хувь хараат байгаагаар нь хааж боосон хэлбэр мөн үү гэвэл яах аргагүй мөн. Үе үе захиргааны аргаар буюу татвараа нэмэх байдлаар үнээ өсгөнө. Монголоос долларыг нь хамах атлаа малыг нь өвчтэй гэж хориглоно. Хиагтын гаалийн Орос байцаагч нар өвлийн идшээ Монголчуудад захиж иддэг, амттай шимтэйг нь жирийн иргэд нь сайн мэдэх боловч бодлогын хориг хаалт хатуу. Хилийн цаадах Оросын Өвөр Байгалийн цэрэг хаа хол Шинэ Зеландаас махаа авч иднэ. С.Баяр ерөнхий сайд байхдаа Д.Медведевийн айлчлалын үеэр махны экспортыг шаргуу хөндөхөд Орос генерал ингэж хариулсан юм. Протоколд нь байгаа ярианы тэмдэглэл. Хаа ч гологдохгүй Эрдэнэтийн хивсийг перс шир¬дэгний хажууд юу ч биш гэж цамаалах нь ч бодлого. Турк нэхий, савхи байхад Монголынхоор яадаг юм бэ гэх нь ч бодлого.

Өргөн царигийн өндөр зардал, удаан хөдөлгөөн, тойруу урт маршрут чиглэл, манай нүүрсний экспортонд хяналт тогтоох шууд сонирхол байгаа ч Оросуудтай хамтрах нь гарц, урсгалыг ч нэмнэ, аюулгүй байдлын үүднээс ч хоёр хөршийн оролцоог тэнцвэржүүлэх бодлогод нийцнэ. Сайншандад барихаар төлөвлөж буй хүнд аж үйлдвэрийн цогцолборт 10 жил, 15 тэрбум доллар хэрэгтэй, тэр бүхэн нь хөрсөн дээрээ буугаагүй цаасан дээр байгаа ч гэлээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой Засгийн газрын төслийн ач холбогдол их. Харин Сайншандын чиглэл, төрийн нэр хаягтай төслийг хэрэгжүүлэх суурь нь Тавантолгойн 4 хувь болсон “Ухаахудаг” дахь ажлыг ид дунд нь таг зогсоох, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагч, хамтрагчдын хөлс хүчийг үнэгүйдүүлэх, Гашуунсухайт-Бугат-Тяньжингийн дөт хурдан замыг хориглон хаах явдал биш билээ. Манай нүүрсийг олборлох, тээвэрлэх, борлуулахад Оросууд оролцох нь ач холбогдолтой ч Монголын хувийн компаниуд, барууны хөрөнгө оруулагчдын төслийг зогсоох, хэт давуу эрх авах, ганцхан өргөн царигтай төмөр замаар тээвэрлэх ёстой гэж тулгахыг нь зөвшөөрч болохгүй. Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төмөр замын босс, Холбооны хурлын дарга, Аюулгүй байдлын зөвлөлийн даргын шил шилээ дар¬сан айлчлал бүрт “Тавантолгой, төмөр зам” гэсэн сэдэв зонхилж байна. Монголын нүүрсэнд хяналт тавих зорилгоо хангахын тулд Парисын клубт хандан, Их өрийг сэргээх мэтийн сүрдүүлэг байдлыг сайжруулахгүй, харин ч түлхэнэ. Өрсөлдөөнд ганц Хятад ч биш, Солонгос, Австрали, Английн аварга корпорациуд ч татагдан ороод байгаа билээ.

Хятадыг хамааруулах нь

Хэвлэлийн мэдээнд Гашуунсухайт илүү өртөөд байгаа болохоос биш Засгийн газар хоёр чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг тогтоол гарган олгосон юм. “Энержи ресурс” Гашуунсухайтын чиглэлээр, “Чинхуа мак” Нарийнсухайтын чиглэлээр төмөр зам тавих эрх авсан билээ. Уул уурхай төсөлд хараат бусаар, хэнээс ч айж эмээхгүйгээр үнэлэлт дүгнэлт өгдөг, доктор С.Авирмэд “Эзэд нь Монгол гэдэг нь энэ төслийг дэмжих эхний үндэслэл” гэж “Ухаахудаг”-ийн талаарх байр сууриа илэрхийлж байна. Нүүрс гэгч олон сая жилийн өмнөх ургамлын үлдэц болсон энергийн эх үүсвэрийн онцлог нь олборлохоосоо илүү тээвэрлэлт, зах зээлдээ ойр эсэх нь онцгой чухал байдаг онцлогтой. Дэлхий даяар өнгөрсөн жил экспортолсон коксжих нүүрсний нэг орчим хувь нь Монголд ногдож байна. Коксжих нүүрсний 60 хувийг экспортолсон Австрали эрэг дээрх боомтуудаасаа Хятад, Солонгос, Япон руу далайн гатлан зөөдөг юм. Далайн тээврийн хямд өртөг, боомтууддаа хүрэх хурдан, найдвартай төмөр замын сүлжээ Австралийн гол давуу тал. Тэгэхдээ л Улаанбаатараас Москва ортол галт тэргэнд тав хонож хүрдэг зайнаас хол газарт нүүрсээ экспортолж байна. Тавантолгойн нүүрсний үнэ цэнэ нь нэг дор их нөөцтэй учраас энд тэндээс харганын ноос түүхгүй ганц шугам та¬таад худалдан авагчдаа хүрэх, тэр нь Улаанбаатараас Дархан орохын төдийд ойрхон байгаадаа л оршиж буй хэрэг. Говь-Алтайн нүүрсийг Дорнодод хүргэх юм бол шууд мөнгө шатааж дулаацсан нь дээр болчихдог, тээврийн өртөгтөө гол зангилаа нь байдаг онцлогтой. Нарантуул захын наймаачин бараагаа хашааных нь хажууд хадгалах уу, Толгойтоос өглөө бүр зөөх үү гэдэгтэй ижил шахуу юм. “Ухаахудаг”-аас Тяньжин хүрэх тээврийн өртөг ч өргөн царигтай тойруу маршрутаас дор хаяж гурав дахин хямд байх тооцоо гарчээ.

Өнгөрсөн онд Орос коксжих нүүрс экспортлогч 5 дахь орон байсан бол Хятад импортлох хэмжээгээрээ дэлхийд айрагджээ. Хятадын худалдаж авах коксжих нүүрсний хэмжээ 2009 оны эцсийн дүнгээр 33 сая тонн болж өмнөх жилийнхээсээ гурав дахин нэмэгдэхээр байна. Урд айл гадаадаас авах нүүрснийхээ хэмжээгээр Бразил, Солонгос, Энэтхэгийг гүйцэж түрүүлэн, Японы дараа орно гэсэн үг. Хятад нийт импортынхоо талыг алсын Австралиас авчруулжээ. Ердийн эрчим хүчний нүүрс импортлох хэмжээ нь ч эдийн засгийн хурдаа даган суга өсч, дэлхийн 3 дахь том худалдан авагч болж байна.

Гашуунсухайт-Бугатын чиглэлийн нарийн царигтай төмөр зам нь зөвхөн Хятад биш Япон, Солонгос, Энэтхэг гэсэн гурван том худалдан авагчид Тяньжин боомтоор дамжин хүрэх дөт зам юм. Находкагаар дамжихаас гурав дахин, Ваниногоор дайруулахаас бараг дөрөв дахин богино. “Энержи ресурс”-ын эзэд нь Монгол, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч, технологи нийлүүлэгч, хамтран ажиллагч гэвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Германы “Дойче Банк”, Австралийн “Лейтон Азиа” гээд явчихна. Хаяг нь Монголын компаниудын нэгдлийн нэр дээр болохоос ирэх жил баяжуулах үйлдвэр нь, 2012 онд төмөр зам нь ашиглалтад орох барууны хөрөнгө оруулалт, оролцоотой ажлыг өрнөл дунд нь зогсоох боломжгүй, стоп крант татах хугацаа нь хэтэрчихсэн, нэг ёсондоо галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн төсөл юм. Төр өөрийн мэдэлд үлдсэн Тавантолгойн 96 хувийнхаа 51 хувийг эзэмшиж, үлдсэн 49 хувьд нь олон улсын тендер зарлан уралдуулах ажлаа хийх л үлдэж байна.

Гашуунсухайтын төмөр замаар Хятад цэрэг зөөхгүй, Монгол нүүрс тээвэрлэх юм. Зориуд ингэж харьцуулдгийн учир нь Хятадыг биш юм гэхэд Бугатад төвлөрсөн төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолборыг Монголын эрчим хүчний болон угааж баяжуулан өртөг шингээж, үнэ нэмсэн коксжих нүүрс, цаашилбал цэвэр коксоос хамаардаг болгоно гэсэн үг. Хятад-Монголын худалдаа мөн л манай талд алдагдалтай. Хүнс, өргөн хэрэглээний барааныхаа дийлэнх хувийг бид Хятадаас, Эрээн дээр хөлдөөн гацаан байж авдаг, хил хаагаад 7 хоноход баларч эхэлдэг билээ. Эрээнийг хааж бооход л цагаан сараа хийж чадахгүйд хүрнэ. Хятадаас хамаг юмаа худалдаж авдаг улс хариуд нь борлуулах юмтай байх, гацдаггүй замаар хүргэж ашиг олдог байх нь Монголчуудын хожил. Худалдааг хожигдох гэж биш хожих гэж хийдэг. Хожно гээд хохироож таашаал авах ч зүйл биш. Талууд бүгд хэрэгцээгээ хангаж, ашгаа олдог байх нь худалдааны зарчим.

Ерөөсөө олон талын хамаарал онц чухал болохоос Орос, Хятадаас хэмжээ хэтэртэл хамаарах нь аюултай байдал. Хятадаас хүнс, өргөн хэрэглээний барааныхаа 70 хувийн, Оросоос түлш, шатахууны 100 хувийн хамааралтай үргэлжлэх юм бол хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хэвээр үлдэнэ. Дэлхийд хамгийн том гангийн үйлдвэрлэлийн групптэй Солонгос л гэхэд Австралийн нүүрснээс илүү хамааралтай байдгаа багасгаж, Монголоос авдаг суваг нээх сонирхлоор Тавантолгойд хандаж байх жишээтэй.

Гашуунсухайт цор ганц чиглэл биш. Олон хамаарал,олон гарц, олон сувгийн нэг л ашигтай маршрут. Хувь, хувьсгал, Орос, Хятад, барууны банк, компаниудын харилцан тэнцвэртэй оролцоо, олон худалдан авагчид хүрэх олон төслийн нэг нь юм. Гашуунсухайт, Сайншанд хоёулаа зөв, хувийнх нь, хувьсгалынх нь хэрэгжих ёстой гэсэн эрүүл саруул үзэл бодол давамгайлж эхэллээ. Харин “Энержи ресурс”-ынхан нүүрсийг зөвхөн түүхийгээр нь гаргана, ганцхан Хятадад зарна, Монголын дөрөвхөн компани нийллээ гэж хэрүүл хийснээр Монголчууд хожихгүй. Монголчууд эзэмшиж байгаа нь өөрөө Монголын хожил. Угааж баяжуулна, Хятад, Япон, Солонгост борлуулна гэдэг олон зөвийн нэг нь. “Ухаахудаг”-ийг нурааж байж, Сайншандын төсөл хэрэгжинэ гэвэл жинхэнэ үлгэр тэр болно. “Зоос”-ыг төрийн мэдэлд авлаа гээд Худалдаа хөгжлийн банк, “Голомт”-ыг хавчиж хааж, нийгэмчилж болохгүй. Их тэнгэр цогцолборт төрийн өмчийн зочид буудал ажилладаг байлаа гээд “Баянгол”-ыг буцаагаад хураах хориотой. Улсын мах бэлтгэхдээ хувийн махкомбинатыг нураахгүй. Нэгдлийн бухыг мөргөсөн хувийн бухыг буудаж алсугай гэдэг коммуны үе түүхийн номонд л үлдсэн шүү дээ.

2009-12-15
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл