Нүүрсний замаар 10 мянган км аялсан нь
Зохиогч: Б.Эрдэнэсолонго
Зохиогч: Зууны мэдээ сонин
Хэвлэсэн он: 2010-01-06

Сүнжидмаагийн нутаг: Хөгжих үү, ухрах уу?
“Сүүмэн сүүмэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг, шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа” гэж Дашдоржийн Нацагдорж зүгээр ч нэг биччихээгүй билээ. Бүсгүйн нутаг нь Монгол, хөдөөх эрийн унасан хүлэг нь хөгжил гэж томьёолбол хуучин хүү шинэ болсон уу, хөмөрсөн тогоон дотор ямар гэгээ тусав гээд ар араасаа үргэлжилсэн олон асуулт хариу нэхнэ.

Ялангуяа манай улсын ойрын ирээдүй, алс хэтийн хөгжлийн хурдасгуур нь өнөөхөндөө бурханаас заяасан их баялаг болоод буй энэ үед баялгийн хараал биш, хөгжлийн ерөөл шингэсэн байгаасай гэж хүснэ. “Монгол удахгүй Азийн шинэ бар болно”, “Чингис хааны нутаг хөрөнгө оруулагчдыг даллаж байна” гэсэн гарчгууд дэлхийн санхүүгийн гол хэвлэлүүд дээр эрээлжилж, Лондон, Торонто, Нью-Йорк, Хонгконг, Токиогоос гадна Москва, Бээжингийн нүд Монголын хөрсөнд булаатай алт, зэс, уран, нүүрсэн дээр унаж байна. Энэ бол алтан боломж, од шүүрэх цаг юм.

Монголын өмнөд бүсэд нүүрсний асар их нөөц тогтоогдсон. Зөвхөн Таван толгойн нөөцийг 6,4 тэрбум тонн гэдэг. Хятад, Солонгос, Япон, Энэтхэг гээд нүүрс залгидаг мангасууд хаяанд маань байна. Хүрзээр утгаж, “Портер”-оор ачиж авчирдаг нүүрсээ дэлхийн зах зээлд ямар замаар, яаж гаргах вэ? Австрали, Орос, Канад, Индонезтэй өрсөлдөн үнэ хүргэх ямар арга зам бидэнд байна вэ? Энэ асуултын хариуг хайн “Нүүрсний зам”-аар аялахаар шийдэв. Сүнжидмаагийн нутагт хасах 27 хэмийн хүйтэн, Монголын их говиос олборлосон нүүрсний өчүүхэн хэсгийг аяны богцондоо хийгээд Улаанбаатар-Эрхүүгийн галт тэргэнд суулаа. Аялал маань Улаанбаатараас Эрхүүгээр дамжин Владивосток, Находка хүрч Оросыг дуусгаад, Хятад руу Харбин дамжин Тянжинд очоод Бугатаар дайран Монголынхоо хил рүү өмнөөс нь орно.

Хойд айлын өмнөд хаалга - Наушки өртөө
Нүүрсний зам өмнөх түүхийн торгоны зам шиг чухал. Өргөн нарийн цариг, өмнөд, хойд айлтай холбох төмөр замын ашиг тус, ач холбогдлыг “Мянган удаа сонсохоор нэг үзэх нь” түүнээс ч дутуугүй чухал байсан юм. Ингээд бид замд гарлаа. Өдөртөө -30, шөнөдөө -50 хэм хүрч хүйтэрч байсан тэр өдрүүдэд илч гэрлийн эх үүсвэр болсон нүүрсний үнэ цэнийн тухай арай өргөн утгаар бодоход хүрч байв. ОХУ-ын өмнөд хил, Наушки өртөө... Жижигхэн хэрнээ босго өндөртэй өртөөнд хагас өдөр саатсан юм. Хил шалганыхны уламж¬лалт найрсаг биш харьцаа, “ах нь дүү”-дээ гаргадаг ааш авир, Монгол наймаачдын оросын гаалийн ажилтнуудыг царайчилсан харц, хил дээр хураагдан хөршийн орлого болж байгаа эх орны үйлд¬вэрийн оймс, ноосон хөнжил, эсгий урлал, хүүхдийн гутал тэргүүтэн хойд айл босгоо намсгах бодолгүй байгааг илтгэнэ.

Эрхүү
Ид жавар дундуур галт тэргээр хоёр хоног аялж Дорнод Сибирийн төмөр замын хамгийн том занги¬лаа Эрхүү хотод ирлээ. Аяллын зорилго маань хар алт гэж нэрлэдэг үнэт чулуугаа дэлхийн зах зээлд гаргаж жинхэнэ чулуу болгох боломж, хамгийн оновчтой шийдлийг хайх явдал. Аяллын багийнхан Европоос Сибирийг дамнуулаад алс дорнодыг зорьсон Транс Сибирийн төмөр зам дээр очлоо. Учир нь ах нар Монгол нүүрсийг энэ замаар тээвэрлэн хамгийн ойрын боомтдоо хүргэхийг чухалчилж байгаа билээ. 9300 км-ийн урттай зам өмнө минь зурайж байна.

Нүүрс, төмөр зам тойрсон танин мэдэхүйн шинжтэй мэтгэлцээний ачаар бид өргөн, нарийн царигийн тухай анхан шатны мэдлэгтэй болсон. 1524 мм-ийн буюу өргөн царигтай замыг ОХУ болон хуучин ЗХУ-ын харьяанд байсан улс орнууд хэрэглэдэг ажээ. Үнэн¬дээ өргөн царигтай төмөр замын эрин үе дуусч байгааг хэдхэн баримтаар хэлж болно. Үүний тод жишээ нь Оростой хуурай газраар хамгийн уртаар хиллэдэг Казахстан дэлхийн стандарт болсон нарийн царигтай төмөр зам руу шилжих бэлтгэлээ хангаад эхэлчихсэн явдал. Төмөр замаа оросын стандартаас дэлхийнх рүү шилжүүлж буй улсуудын жагсаалт Украин, Гүрж, болон Балтийн орнуудаар үргэлжилж байна. Финланд болон Скандинавын орнууд өргөн ба нарийн хос стандартын төмөр замтай бол Сахалин зэрэг Оросын зарим муж ч угаасаа нарийн төмөр замтай. Монгол Улс дэлхий дээр Зөвлөлтийн харъяанд байсан Дундад Азийн хэдэн улстай цуг дан өргөн замтай үлдэж байна гэсэн үг.

Өргөн цариг зардал өндөр (60-80 хувь) удаан, бас хүнд, тэр хэрээр “хоол” шатахуун их иднэ. Оросын Засгийн газрын тэргүүн шадар сайд Сергей Иванов:

-Манай төмөр зам дэлхийд өрсөлдөх чадваргүй. Зүтгүүр, галт тэрэгний өөрийн жин хэтэрхий хүнд, төмөр зам дахь менежмент муу гэж 2009 оны аравдугаар сард “Оросын төмөр замын тээврийн зах зээл, харилцан түншлэл” сэдэвт олон улсын бага хуралд хэлсэн байсан.

Яг тэр зам дээр Монголоос авч гарсан атга нүүрсээ бариад Сибирийг хөндлөн туулан далайд гарах нэг гарц, шинэ боломж нь энэ зам мөн эсэхийг тунгаан бодож үзэв.

Эх газрын төгсгөл Владивосток
Владивосток руу аяллаа үргэлжлүүллээ. Онгоцны буудалд цагдаа намайг саатуулсан учир 500 рублиэр түүний гарыг хүндрүүлэв. Ямар нэгэн мэдүүлгийн хуудас нэхэх хэрнээ учир шалтгаанаа хэлэхгүй паспорт хураах, эцэст нь ямар нэгэн торгууль шийтгэлийг нотлох тамга тэмдэгтэй хуудас өгөлгүйгээр мөнгө хураах нь Монгол цагдаатай андуурам. Биднийг онгоцны буудалд Находкад амьдардаг Монгол бүсгүй Хулан угтан авсан юм. Өмнө маань Находка хот хүртэл 160 километрийн зам бий. Монголоос 4 мянга гаруй км зам туулан Оросын алс дорнодын гол боомт хот Находкийг зорьсон нь учиртай.

Находка хотыг дайран өнгөрч 30 километр орчим машинаар явсны эцэст бид Восточный боомтод ирлээ. Үүгээр жилдээ 16 сая тонн нүүрс тээвэрлэн өнгөрүүлдэг. Энэ жил 14 сая тонныг нэвтрүүлжээ. Жилийн дөрвөн улирал ажилладгаараа энэхүү боомт онцлогтой. Нүүрсний цогцолбортой нь танилцлаа. Нийтдээ 40 га талбай эзэлдэг бөгөөд усны гүн нь 16 метр. 150 орчим мянган тоннын даацтай хөлөг онгоц хүлээж авах хүчин чадалтай. Оросын нүүрсний хамгийн том сав газар болох Кузбассаас Восточный боомт хүртэл нэг тонн нүүрс 23 доллараар тээвэрлэгдэн ирж байна. “Российские железные дороги” нээлттэй хувьцаат нийгэмлэг буюу (РЖД) Оросын төмөр замаас үндэсний нүүрс олборлогчиддоо үзүүлж буй дотоодын тариф гэхэд үнэтэй санагдаж байгаа биз? Орос жилдээ 300 сая тонн нүүрс олборлодог, дэлхийн нүүрсний томоохон олборлогч.

Дээр нь олборлосон нүүрсээ Хятад, Солонгос, Япон руу өөрийн Восточный, Ванино зэрэг Алс дорнодын боомтоор дамжуулан экспортолдог. Гэвч тэд 1,5 тэрбум доллараар төмөр зам татан байж Монголын нүүрсийг заавал нутаг дээгүүрээ дамжуулан зарахыг маш их сонирхож байна. Кузбассын амбан захирагч Аман Тулеев “Дотоод зах зээл ажиллахгүй учраас бид нүүрсээ экспортоор борлуулах үед л ашиг гардаг. Энэ ашгаа бид аюулгүй байдал, техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтад зарцуулдаг” гэж мэдэгдсэн нь Оросын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлыг хам¬гийн оновчтой тодорхойлжээ. Оросын төмөр зам Кузбассаас Мурманск хүртэл 1 тонн нүүрсийг 764 рублиэр тээвэрлэж байгаа нөхцөлд хэмнэсэн доллар бүр ач холбогдолтой хэмээн Москвагийн Argus төвийн редактор дүгнэсэн нь анхаарал татна. Эх газрын төгсгөл Владивосток, Находка болон Восточный боомтод хүрэхэд хэдий тойруу боловч Монгол нүүрс дэлхийд гарах нэг гарц байж болох юм. Оросууд заавал энэ боомтоор манай нүүрсийг гаргах гээд байгаагийн цаад шалтгаан нь өөрийн төмөр замыг ажилтай, ачаалалтай байлгахаас гадна цагаар биш, минут секундээр өсөн нэмэгдэж байгаа Хятадын эдийн засгийг түүхий эд болон эрчим хүчний хувьд өөрөөс хараат байлгах давхар ашиг сонирхол байгааг үгүйсгэх аргагүй юм.

Номхон далайн Япон тэнгисийн эргээс эргээд Владивостокийн зүг бид буцлаа. Энэ бол Орос орон дахь манай аяллын хамгийн эцсийн цэг байсан юм. Өмнө нь мэддэг байснаас маань огт өөр болсон Орос орныг бид Евразийн эх газрын төгсгөл, хаа байсан Находкад очиж амьд¬ра¬лаа төвхнүүлсэн Ганбаатар, Хулан зэрэг Монголчуудынхаа буянаар ажралгүй тууллаа.

Уг нь Находка, Владивостокт өвөл нь харьцангуй дулаан, намар их урт үргэлжилдэг газар юм билээ. Гэвч биднийг очих үед +4 хэмийн дулаан, бороотой байснаа тэнгэр хангай аашаа эрс хувирган -25 хэмд хүйтэрч машин зам бүхэлдээ 5 см-ийн зузаантай мөсөн гулгуурын талбай шиг болчихсон юм.

Галт тэргээр эхэлсэн аялал маань онгоцоор үргэлжилж машинаар хурд нэмэн, нийтийн тээвэрт шилжиж эргээд Владивостокийн олон улсын нисэх буудлыг зүглэлээ. Мянга мянган бээрийг туулан өртөг, зардал ихтэй ч Монголын нүүрсийг тээвэрлэх олон салаа замын нэгийг бид амжилттай тууллаа.

 

 

 

“Тэрбумтан” улс-Өмнөд хөрш
Нүүрсний зам дагасан аялал маань Тянжинийг зорив. Номхон далай руу өөр эргээс очиж байгаа нь энэ. Владивостокоос Харбинаар дамжин зорьсон газраа хүрнэ. Сибирийн хүйтэн өмнөд хөршид маань бас тухалчихжээ. Харбины нисэх буудалд онгоц саатаж, шатахууны хоолой  хөлдсөн учир зам түр саатав. Өмнөд хөрш, БНХАУ 1.3 тэрбум хүнтэй.
 
Бөмбөрцгийн хүн амын 5/1 нь бидэнтэй айлсан амьдарч байна. Дуунд гардагчлан жинхэнэ яндаж болдоггүй далай шиг том зах зээл өмнө маань цэлийж байна. “Тэрбумтан” улсын нүүрсний олборлолт, хэрэглээ, импорт, экспортын хэмжээ яг л хүнийхээ тоо шиг томоор яригдана. Бидний зорьж очсон Тянжин БНХАУ-ын гурав дахь том далайн боомт. Номхон далайн Шар тэнгисийн Бохайн буланд энэ боомт оршдог. Чухам энэ л боомтоос Америк, Канад, Австрали, Индонези, Энэтхэг, Европ гээд энэ дэлхийн тив бүрээс ачаа тээврийн хөлөг онгоцууд ирж очин байдаг билээ.

Хэмнэ, хэмнэ, бас дахин хэмнэ…
Монголын нүүрс Тянжинд хүрч Япон, Солонгос зэрэг гуравдагч зах зээлд гарахын  тулд говиос 1600 километр зам  туулна. Газрын ойр, замын дөт, зах зээлийн багтаамжийг нь тооцвол монгол нүүрс жинхэнэ чулуу болох, дэлхийд гарах ашигтай бөгөөд хэрэгтэй гарцын нэг  нь яах аргагүй өмнөд айл, тэр тусмаа Тянжин боомт юм. БНХАУ орчин үеийн хэмнэл болсон нарийн царигтай төмөр замтай. Дэлхийн дийлэнх улс орон ийм зам ашигладаг. Нарийн цариг дээрх тээвэрлэлт зардал багатай, хурдан, шатахуун бага зарцуулдаг онцлогтой. Хэмнэ, хэмнэ, бас дахин хэмнэ гэсэн санааг Оросын төмөр замаас олж харсан билээ. Тэгвэл жинхэнэ хэмнэлт, жинхэнэ хурд, зах зээлийн асар баялаг багтаамжийг эн¬дээс, нарийн царигтай замаас хүртэж болох давуу талтай.

Тянжин
Онгоц, мөн 300 км/цагийн хурдтай цахилгаан галт тэрэг хөлөглөн Тянжин боомтод ирлээ.
Тянжин порт групп 2009 онд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 1,9 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь магадгүй Хятадын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний түүхий эдийн хэрэглээтэй холбоотой байж болох юм. Өмнөд хөршийн нүүрсний гадаад худалдааны 3/1 нь үүгээр дамждаг. 14 сая хүн амтай боомт хот харьцангуй дулаахан байлаа. Нааш цааш уухилан зөрөлдөх хөлөг он¬гоц, аварга том нүүрсний терминал гээд энд үзэх юм ихтэй. 20 км-ийн алсаас нүүрс дамжуулан ачих хоолой ердөө гурван цагийн дотор 50 мянган тоннын даацтай хөлөг онгоцыг дүүргэнэ.

2009 оны эхний 10 сарын байдлаар Хятад улс 96,8 сая тонн нүүрс импортоор авчээ. Харин үүний ердөө 5 хувийг Монгол улсаас худалдан авсан байна. Харьцуулахад Орос манайхаас 2 дахин их буюу 10,1 хувь, Австрали 7 дахин их буюу 35,6 хувийг эзэлж байна.

Тэд, бид
Хятадын нүүрсний зах зээл, олборлолт хийгээд боловсруулалтад үсрэнгүй өөрчлөлт гарчээ. Нэг жишээ хэлье. Жилд 100 сая тонноос дээш хэмжээний нүүрс олборлодог дэлхийн цорын ганц уурхай болох Шэньдун хятадын Шинхуа группийн харьяанд байдаг. Хуучин жилд 10 саяас дээш тонн нүүрс олборлодог уурхайд 30-40 мянган хүн ажилладаг байж. Харин Шэньдуны уурхайд 8430 хүн ажилладаг. Энэ бол дэвшилтэт техник технологи болон шинэ уурхайн хэв загварыг амьдралд хослуулан хэрэгжүүлсний үр дүн. Хятад нүүрсээ ийм маягаар олборлож байна. Харин бид…

Бугат
Бид гэрийн зүг дөхсөөр. Аяллын маань дараагийн цэг Өвөр Монголын Бугат хот. Өмнөговь дахь манай хилээс ердөө 300 гаруй километрт орших энэ хот бол дэлхийн зиндаагаар яригдах том ган хайлуулах үйлдвэрээрээ алдартай газар. Нүүрсний зам даган аялж яваа бидний зайлшгүй орох ёстой газар. 1954 онд үүдээ нээсэн, ёстой л “зууны бүтээн байгуулалт” гэмээр энэ үйлдвэрт өнөөдөр зөвхөн инженер, мэргэжилтнүүдийнх нь тоо 20 мянгад хүрч байна. 2005 оны байдлаар үйлдвэрлэл нь 7 сая тонныг давжээ. Эднийх жилд 8,5 сая тонн ган ширмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ган гэдэг хятад үг юм байна. Өвөр монголчууд болохоор гангийн үйлдвэрээ “Болдын бүлэглэл” гэж нэрлэнэ. Бидний үзэж танилцсан “Болдын бүлэглэл” Бугат хот доторхи бас нэгэн хот юм. Үйлдвэртэй танилцахын тулд дугуйгаар хоёр цаг яваад, 2/1-ийг нь ч бүрэн үзэж амжаагүй билээ.

Ганц мод боомт
Бугатаас БНХАУ-ын хойд хил Ганц мод боомтыг зорилоо. Үүгээр монгол нүүрс ачааны тэргээр өмнөд хөршийн гүнд хүрч байна. Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийг дэлхийн зах зээлд аль чиглэлээр, ямар төмөр замаар гаргах вэ? Үнэхээр ч тэрбум тэрбум тонноор хэмжигдэх их баялгийг Монгол улс өнөөдрийнх шиг ачааны машинаар зөөж хилийн цаана гаргаж борлуулна гэдэг Москва, Берлин рүү “Боинг”-оор бус “Эксел”-ээр хүн зөөснөөс ялгаагүй хэрэг.  Зөөж борлуулах зам үгүй бол ашигт малтмал маань ашиггүй хэрүүл хэвээр үлдэх болно. Төмөр зам тойрсон маргааны учир энэ билээ.  

1600 ба 4500 км
7 хоногийн дотор 6 удаа онгоцоор нисч, Орос, Хятадыг туулан нийт 10 мянган километр туулжээ. Монголын маань хилийн зүг дөхөх тусам газрын байдал сэтгэлд нэг л дотноор тэгшрэн цэлийж, хойд зүгийн хүйтэн салхи цонхны цаана исгэрэн шуугина. Өвөг дээдсээс үлдээсэн их өв, бурхны тэнгэрийн хайр хишиг гэлтэй их баялгийн өлгий болсон эх орон руугаа  буцаж байна. Хишиг баялаг маань хэрүүл тэмцлээр бус саруул санаачилга, бүтээлч ажил, олон гарцаар дэлхийн зах зээлд гарч эзэн бидэндээ үр шимээ хүртээгээсэй гэсэн ганцхан бодол замын турш намайг эзэмдсээр байв. Ярьж маргалдаж байх хооронд маань дэлхий биднийг хүлээхгүй урагшлан хөгжсөөр...  Монгол нүүрс Орос руу 4500, Хятад руу 1600 км зам туулан тэндээсээ гуравдагч зах зээлд далайгаар гарах боломжтой.

“Зам бүхэн Ром орно” гэдэгчлэн хойшоо ч урагшаа ч, холуур ч дөтөөр ч, хувийн компани, хувьсгалын уурхайн алиных нь ч монгол нүүрс  дэлхийн зах зээлд гарах нь л чухал байна. Хойд ба урд чиглэл, өргөн ба нарийн төмөр замын давуу ба сул талын тухай удаан маргааны үр дүнд аль аль хувилбарынх нь давуу тал  замхран алга болж, бусдын аманд унах аюул бас бий. Туйлын зөв болон хамгийн буруу аль нэг хувилбар  байхгүй биз ээ. Эдийн засгийн утгаараа бусдын зуучлалгүйгээр, дэлхийн стандартын төмөр замаар, дугуй солилгүй, зах зээлдээ шууд хүрдэг дөт зам нь ашигтай ч эрх ашгийн тэнцвэр талаасаа энэ хоёр хувилбар хоёулаа зөв байгаа нь монголчуудын хувьд хамгийн оновчтой гарц юм байна гэсэн бодол тээсээр эх орныхоо өмнөд хил Гашуун Сухайтаар орж ирлээ. Бидний туулсан хоёр замын нэг нь дэндүү үнэтэй, дэндүү урт, харин удаах нь амархан, ашигтай боловч араасаа дэндүү их хэл ам, хардалт сэрдэлт дагуулсан зам юм. Том гүрнүүдийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлж дундаас нь хүүгээрээ бэрс гарах адармаатай өргийн ялагч нь зөвхөн монголчууд байх нэг л гарцыг нүүрсний замаар хийсэн энэхүү аяллаас олж харсан билээ.
 

2010-01-06
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл