Ц.Гомбосүрэн: С.Баярыг би Ерөнхий сайдын энэ албанд шинэ босго тогтоосон л гэж үздэг
Зохиогч: www.news.mn

“Ярилцъя”  энэ удаа та бүхэнтэй Монголын улс төрийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг, Гадаад хэргийн сайд асан Ц.ГОМБОСҮРЭН эрхмийг уулзуулахаар урилаа.  Хэгжүүн, сонирхолтой, энэ гөжүүд нөхөр бас манай оюун санааны ертөнцөд томоохон орон зай эзэлдэг, нийгмийн нэртэй зүтгэлтэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй цөм мэднэ.

Хошин сэдвээр огт оролдоогүй мөртөө яагаад ч юм ярилцлага хийх явцдаа ойрд инээгээгүй ихээр инээснээ сүүлд анзаарсан. Бид яагаад инээхээ больчихсон юм бол оо гэж бас эргэцүүлж бодсон.

-Монгол оронд ард­чил­сан хөдөлгөөн үүсч хөгж­сөний 20 жилийн ойг дуулиантай, өргөн хү­рээнд тэмдэглэлээ. Эн­гийн иргэдийн сэтгэлээс ч нэг тийм догдлол, өөрс­дөд нь хамаатай баяр хөөр мэдрэгдэж байна. Улс төрийнхөн дотроос бас л сонин үзэгдлүүд харагдаж байгаа. Нэг хэс­гийнхэн нь хувь заяа­ны эрхээр гол дүрд зал­ран, үнэ цэнээ дуудуулж  байхад тэндээс нөгөө хэсэг нь “Энэ гавьяа бидэнд ч гэсэн хамаатай шүү дээ” гэсэн өрөвд­мөөр дуу дуулаад л... Энэ бүхэн танд ямархуу ха­раг­даж байх юм бэ дээ?

-Юу гэмээр ч юм бэ дээ. Ардчиллынхан гэж нэг ойлголт, бас хувьсгалт намынхан гэдэг өөр нэг ойлголт байгаад байдаг эд л дээ. Та нар санаж байгаа байх. Ардчилсан хувьсгал гэдэг үгийг нэгэн үе зөвшөөрдөггүй байсан юм ш дээ. Хувьсгал гэдэг үг нь нөгөө л өөрчлөлт шинэчлэлт гэдэг ойлголтоосоо тусдаа зүйл юм шиг. Тэгээд ард­чилсан хувьсгал гэхээр үнэ­хээр хөдлөх хүч нь хэн юм. Хэн сэдсэн юм гээд аваад үзэ­хээр зэрэг энэ шинэ хүчин рүү нь л илүү холбоотой болдог л доо. Зүгээр одоо юу гэдэг юм. Огт юу ч байхгүй цагаан тал дээр нэг хүчин юм хийсэн юм бол тэрийг тэгээд л өмчлөөд дуусдаг юм байгаа биз. Гэхдээ тийм цагаан тал бас биш л дээ. Хэрэв улс нийгэм, ард түмэн дунд хувьсгал гэхээр үйл явц болж байгаа бол тэр нь манайх­ны хэлж ярьдгаар ямар нэгэн ноцтой эсэргүүцэлтэй тулах­гүй, нөгөө хуучин системийн тал гэх юм уу, тэр нь бас ийм өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзээд, тэгээд одоо урагшлах зам нь энэ байна гээд бүгдээ­рээ хоорондоо гэрээ хэлэл­цээр байгуулаагүй ч гэсэн янз бүрийн үйл явдлын явцад хэл амаа ололцоод энэ замаар орж, алдаж онож яваад өдий зэрэгт хүрсэн бол буцаад хувааж өмчлөх гээд байх нь хэрэггүй л эд байгаа юм л даа.

Би саяын хурлын үеэр төр засгийн удирдлагын хэлээд байгаа нэг санааг маш зүйтэй дээ л гэж үзэж байсан. Тэр нь ардчиллыг өмчлөгч гэж байх­гүй ээ. Энэ бол Монголын ард түмний оролцоогоор хэрэгжсэн зүйл ээ гэж тэмдэглэснийг хэлж байна л даа. Энэ бол нөгөө нэг хуваагдаж булаалдах гээд байдаг сэтгэл зүйг бүдгэрүүлж байна гэж хэлж болохоор мэ­дэг­дэл л дээ. Нөгөө талд нь яг тухайлж юу хэлсэн юм гэвэл Гомбосүрэн, Ганчимэг хоёр хоорондоо булаацалдаж байх зүйл биш ээ л гэсэн санааг хэлээд байна шүү дээ. (инээв) Үүнийг түмнээрээ л ингэж ойлгож явах нь зүйтэй юм. 1999 онд байх. Ардчилсан хөдөл­гөөний 10 жилийн ойг тэмдэг­лэх гээд олигтой юм болоогүй, бас л өмчин дээрээ тохироогүй юм шиг л (инээв) болсхийгээд өнгөрсөн байх. Тэгвэл өнөөдөр 20 жилийн дараа улс төрийн намуудыг шинэ бодлого дээр төлөвшиж байгааг харуулсан үйл явдал болж байна. Сүү­лийн үед парламентын түв­шинд бас сонин үзэгдлүүд явж байгаа шүү дээ. Нийгмийн дунд ч нэг нь алив шуурхайлъя гэж байхад, нөгөө нь алив байз хө, ингэж юу юугүй довтолговол арай гэж нэгдсэн, ойлголцсон том агуулгаа нэтгэрчих гээд байна, бид чинь бас явах гээд юм бодоод оролдоод байна гэх мэт ойлголцоонууд хэрэг дээ­рээ өнөөдрийн Монголын нүүр царайг илтгэж байна л даа.

-20 жилийн дараа Мон­голд ардчиллыг төрийн түвшинд хүлээн зөв­шөөр­лөө энэ тэр гээд л айхтар дүгнэлтүүд өгч байх шиг байна?

-Энэ мэт сэтгэл хөөрлийн зүйлс байхгүй байхын газаргүй л дээ. Үүнийгээ бид яван суун тодотгосоор тодотгосоор үнэ­хээр тийм байгаа бол тэгээд л тэр үед их мундаг юм хэлж байсан хүн болцгооно л биз. Жаахан сэтгэлийн хөөрлөөр тэгж хэлж байсан юм гэхээр байвал тэр сэтгэлийн хөөрлийг бол огт үгүйсгэх явдалгүй. Харин ч өөгшүүлж байх ёстой юм. Тэгээд түмэн олонд нээ­рэн бид тэр ерэн онд мундаг юм хийчихсэн хүмүүс юм байна шүү гэсэн ухамсрыг бол үнэхээр төлөвшүүлж өгөх ёс­той. Би бол хувьдаа тэгж үздэг. Тэрийг чин үнэнээсээ хийх ёстой. Зүгээр нэг хоорондоо булаалдах гэсэн утгаар биш. Өнөөдрийн зовлонг хэмжих утгаар. Тийм үү. Ядуу зүдүү байдал байна уу. Хавтгайдаа байна. „Иргэн баян бол улс баян” гэсэн уриа лоозон бол нэг бодлын онодог. Нөгөө бодлын утгагүй эд л дээ.

 -Та бол тодорхой цаг үед улс төрийн зүт­гэл­тэн явсан хүн. МАХН гэдэг энэ хүчний талаар тантай уулзаад хөн­дөх­гүй орхих нь гэнэн яв­дал болно. Нам шинэч­лэгд­сэн гэж хичнээн тун­­хагладаг ч нийтээр бол хүлээн зөвшөөрөх аргагүй шинжүүд ажиг­лагдсаар байна. Саяхан болж өнгөрсөн хүний эрхийн хэлэлцүүлгээр гэхэд ардчиллын суурь үзэл санаа, үнэт зүйл­сийн талаар ч тэнгэр газар шиг ялгаатай нөх­дүүд тэр дээр сууж бай­гааг харлаа. Эсвэл бид муу хүчин гэсэн нэг л цонхоор хараад сур­чих­сан болохоор ингэж үзээд байна уу?

-Үзэл номлол юу ч билээ. Тэр нэг талаасаа бол цоо шинэ үзэл номлолтой л бол­сон. Нөгөө талд нь сонир­холтой юм юу байна гэхээр нөгөө социализм коммунизм байгуулах номоо хаячихсан хэрнээ тэр хуучных нь юм ...юу билээ амь бөхтэй оршсоор байна (инээв) гэдэг нэг үг байдаг ш дээ. Тэрэн шиг явдал бол байгаа л даа. Жишээлбэл коммунист гээд час улаан батлахтай явж байснаа ерөө­сөө маргааш нь больчихоод л цоо шинэ МАХН-ын гишүүд л болцгоочихсон ш дээ. Энэ бол яг тэр хүмүүсийнхээ хувьд, түүний дотор би, бид бол их жудаггүй загнаж байгаа явдал л даа. МАХН гэдэг дэлхийн коммунист хөдөлгөөний нэгэн отряд гэж ирээд л бид өөрс­дийгөө авна л даа. Тэр отряд байхаа больчихсон юм бол намынхаа нэрийг ч өөрчлөөд, зүүн төвийн гэж нэг орчуулгын үг хэрэглээд байгаа. Тэрийгээ нийгмийн бодлогыг нэлээн голчилж хардаг зүүн төвийн нам гэдгээрээ авч үлдээд явсан бол өөрсдөө өөрсдийгөө ухаарахад Маркс Ленинийхээ сургаалаар ч явж байхдаа тэрийгээ төдийлөн ухаараагүй намын дугуйлан гэж юмаар баахан хүчирхийлж үзсэн, хий цээжилсэн, за тэр нь богино настай иймэрхүү л толгойны амьсгаа бол газар сайгүй байсан. Маргааш нь аа нөгөө коммунизм гээчийг таягдан хаясан гэхээр за тийм байлгүй гээд л тууцгаасан. Түүнээс биш жинхэнэ нөгөө үзэл бод­лыг нь аваад хаячихсан бол улаан зүрхийг нь суга татаад л аваад хаячихсан юм шиг болох ёстой биз дээ. Тэгээд л жинхэнэ нөгөө байлдаж ту­лалдахдаа тулна биз дээ. Тийм юм байсан уу. Би бол байгаагүй ээ л гэж хэлнэ. Бидний цөөхөн улс тэр хагас дутуу цээжилсэн тогтоосон номлолоо тэгээд л хаясан. Нэг их тэрэндээ гасалж гунисан юмгүй. (инээв) Цөөхөн хүн бий л дээ. Коммунист нам бай­гуулна энэ тэр гээд л байсан. Тэгээд тэд бол жинхэнэ час улаан коммунист юм шиг хэрнээ бас прагматикууд.

-Намд ажиллаж байхдаа та намын нэрийг солих талаар ер нь ажилласан юм уу?

-Би намын удирдах зөвлө­лийн гишүүн байсан. XXII их хурлын өмнө шүү дээ. Өгүү­лэл бичиж байсан. Ер нь энэ их хурлаас юу хүлээх ёстой вэ. Яагаад нэрээ солих ёстой вэ гэсэн утгатай. Яахав дээ, дор хаяж л хоёр зүйл хэлдэг. Нэгдүгээрт, энэ МАХН гэдгийн дотор нөгөө ард түмнээ анги бүлгээр хуваадаг үзэл бол шингээстэй байна. Ардын нам гээд байдаг. Тэр ардын нам нь бол ард түмэн биш. Харц ардыг хэлээд байгаа юм. Нө­гөө ноёд феодалаас ялгасан үзэл санаа шүү дээ. Тэгэхээр одооны үндэсний хэмжээний намд энэ нэр томъёо бол тохиромжгүй ээ. Хоёрдугаарт, нийгмийг авч явах арга барил­даа нөгөө хувьсгалч арга ба­рилыг баримтална гэсэн хуу­чин суртал нь яваад байна. Энэ хувьсгалч гэдэг үгэнд. Дор хаяхад энэ хоёр үгийн ут­гыг өнөөдөр юу гэж үзэх ёстой вэ гэдэг үүднээс харахад солих ёстой гэсэн байр суурин дээр л байсан л даа. Тэрийгээ хурал хуй дээр ярьдаг. Ганц нэг сонин хэвлэлд бичдэг. За тэгээд яахав, хүн амьтанд чинь юу гэдэг юм зөнгөөрөө бас нэг миний хорогдох газар хаа байна. Би хэдэн настай юм бол гэдгээ мэдэх нэг чанар байна л даа. Тэр насыг нь сонгууль шийддэг учраас нөгөө хувьсгалт гэдгийг нь аваад хаячихлаа гэхэд нэг хэсэг нь МАХН-аа бурханчилж шүтэх үүднээс энэ мөн үү биш үү гээд сонгуульд саналаа өгөхдөө будлих юм шиг ярьдаг. Энэ мэт бол ортой л доо. Гэх мэт шалтгаанаар л одоо бол­тол энэ нэр маань яваад бай­даг байх. Нөгөө нэг хэсэг нь миний бодоход, ялангуяа хууч­чуул, намын том зүтгэлт­нүүд нь намын удирдлагуудад очоод за нэрээ соливол ба­ларна шүү гэж хэлээд байдаг байсан юм шиг ойлгогддог юм. Бидэнд бол тэр нөгөө гал улаан батлах дээр байсан нэр, нэг насаараа баринтаглан хад­галж явсан нэр гэдэг утгаараа цаад элдэв утгыг бодохгүйгээр өөрийнх нь овог нэр шиг ойр дотно байдаг байх л даа. Үү­нийг бас үгүйсгэхийн аргагүй. Цаг хугацаа ч амархан өнгөр­дөг юм байна. 20 жил өнгөрч. Намын нэрийг солино гэдэг дээр одоо ч санал нэгдээгүй л юм шиг байна лээ.

-Зарим нь энэ нэр маань брэнд нэр, солих шаард­лагагүй гэх маягаар үз­дэг юм билээ?

-Манай Ё.Отгонбаяр JVC гэдэг шиг л нэр. Өөрөөр хэл­бэл дөрвөн үсэг. Тэрийг хэн ч юу ч бодохгүй гэж эртээд чамтай ярихдаа хэлсэн л байна лээ. (инээв) Одоо нөгөө брэнд гэлээ гэгчээр тийм болчихсон ч байж мэдэх юм.

-Эрх мэдлийн эзэд бай­сан. Улс орныг жолоо­долцож явсан цөөхөн томчууд байна. Бид бол өнөөдрийнхөө л том­чуудыг мэднэ. Харьцуу­лаад үзэхээр эрх мэд­лийг авъя гэсэн үед нь элдэв юм бодож санах юмгүйгээр „океу” гээд өгчихдөг. Өөрийгөө та­таж авдаг улс төрийн соёл та бүхэнд бол бай­жээ. Харин та нарыг зал­гаж гарч ирсэн үеийнхэн өөр юм аа?

-Тийм үү.

-Ж.Батмөнх гуайн гар­гаж чадсан шийдвэр, Б.Даш-Ёндон гуайн хийсэн буулт бүгд сонгодог жи­шээнүүд болон үлдэж. Та жишээ нь “За ингэж байгаа бол би явлаа. Бүр намаас гарлаа” гээд эр­гэж харахгүй алхаад яв­чихсан. Өнөөдөр эргээд харж байхад Б.Даш-Ён­дон гуай ч, та ч, Д.Бям­басүрэн гуай ч бүгд гэ­гээрсэн өвгөд болцгоо­жээ. Дараа үеийнхэн тань бол харин харих­гүй, буухгүй гээд л та­чигналдаж байна?

-Бид бол өөр хүмүүжил төлөвшилтэй улс шүү дээ. Хувьсгалт намын хуучин бо­лов­сон хүчнээ шилж сонгодог арга барил байна ш дээ. Тэ­рүү­гээр явсан. Үгүй ээ, би очих­гүй гээд байхад л „Нөхөр минь чи нам засгийн хөрөн­гөөр эрдэм боловсролыг олоод, энүүгээр дадлага турш­лагыг эзэмшчихээд одоо тэ­гээд намын төлөө зүтгэхгүй гэж байгаа юм уу. Чамайг чад­на гэж үзээд хий гэж байна. Чи хийхгүй гэж хэлж байдаг ямар хаашаа толгой вэ” гээд л буул­гаж өгдөг цаг үе байлаа шүү дээ. Тэгж гарч ирж, янз бүрийн шатны ажил хийж явсан улс чинь анхнаасаа л чадна ча­дахгүй гэдгээ хэлж байсан юм чинь одоо нөгөө болих маань болчихож гэдгээ бол их амар­хан мэдэрнэ. Өөрөө нөгөө ху­вийн санал зоригоор энийг би хийхгүй байхдаа яадаг юм. Тэр муу хийж байхад би хийнэ гэж ингэж зүтгэж гарч ирээгүй учраас “За эзний алба ээлж­тэй” гээд тэрэнд нэг их хо­тойх­гүй, гудайхгүй л дээ. Ялаг­даж байгаа ч гэсэн тэрийг нэг их тийм сэтгэл зүрх, амь нас­тайгаа холбож авч үзэхгүй л дээ. Мань мэтийн хувьд бол яг нарийн ярихад бол бэлэн­гүй л байсан. Аж төрөх, амь­жиргааныхаа нөхцөлийг бүр­дүүлж чадсан байсан уу, үгүй юу гэдэг үүднээс шүү дээ.

-Д.Бямбасүрэн гуай, П.Очир­бат гуай нар бол ардчиллын залуусын хүмүүжүүлэгч багшийн үүргийг хүлээгээд яваад өгсөн. Та бол тийшээ яваагүй. Тэгсэн мөртөө намаа бас хаяж явсан?

-Би түрүүн бидний үе бол... гэж нэг асуудлыг хөндсөн. Тэрийгээ дуусгая. Энэ шинэ үеийнхэн маань арай өөр юм аа. Албан тушаалд очих ту­хайд бол би хийе гэж ханддаг. Сэдэл нь арай өөр байгаа биз. Чи хий биш. Би хийнэ, чи байз... гэж ханддаг.

-Шууд өөрийгөө чөлөө­тэй санал болгодог?

-Өрсөлдөнө гэж гоё нэртэй л дээ. Булаалддаг.

-Байлдаж эрх мэдлийг олж авдаг?

-Ерөөсөө тийм шүү дээ. Үүнийг бол би их чухал гэж үзэж байгаа. Ийм улс байхгүй бол цөмөөрөө маний хуучин шиг өө би чадахгүй гээд бай­вал юу болох вэ. Шинэ үеийнх­­ний энэ чанарыг би их чухал чанар төлөвшиж байна гэж үздэг. Үүний цаана элдэв сайн муу сэдэл байх нь жич асуудал. Тэр намаас гарахын тухайд бол би эгэл жирийн нам бус иргэний байдлаар аж төрө­хийг л илүүд үзсэн.

-Гэдэн хөдөлгөсөн явд­лууд ч бас чамгүй явсан байх л даа?

-Нөгөө танайд хоноё гэдэг шиг. (инээв) Би жишээ нь „Би танайд хононо оо. Ах нь энд чинь байж байх ёстой. Чамайг жаахан байхад өвөө нь энд байсан юм” гээд байхгүй л дээ. Хувь хүнд араншингийн янз бүрийн чанарууд байдаг байх. Би жишээлбэл, муухайгаар хэл­бэл хүнээс царай алдаж явах ­дургүй. Тэр дотроо албан тушаал ч юм уу. Яахав ажиг­лаж байхад үлгэр нь бол байн­га л харагдаад байх юм. Жи­гүүр бригад энэ тэр болчихоод, тэгээд нэгийгээ дэмжиж гарга­даг. Нөгөөх нь буцаж нөхдүүд­дээ хариу барих ёстой бол­чих­дог. Өр авлагын хэлхээ хол­боотой бүлэглэлүүд бол­чи­хоод байна л даа. Тэр жил би “Албан тушаалыг бараа та­ваар” болгочихлоо гэж нэг ярилц­лага өгсөн. Би бол ху­виа­саа тийм юманд дургүй. Хэн нэгний өмнө өртэй боло­хыг хүсдэггүй. Одоо тэгээд л намын бага хурлын гишүүн болно гэх юм бол нэг бригад­тай л байх ёстой болно. За миний төлөө тэгээрэй гээд л. Би ингэж явж чадахгүй. Тэгээд л нөгөөдүүл нь өө, энэ өмхий Гомбосүрэн дараа нь хардаг­гүй юм гэх жишээтэй. Хүнийг ёстой зажилсан бохь шиг хаячихдаг юм энэ тэр гээд уурлана ш дээ, зайлуул. (инээв) Цаад улсуудын энэ мэт сэтгэлийг ч ойлгож болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар хуульчилсан ёс суртахууны ойлголт шиг байлгаж болохгүй эд байгаа юм л даа.

-Намаас гарахгүйгээр, бригадтай байгаад, түү­гээрээ дамжуулж нө­лөөл­лөө хадгалах бо­лом­жийг бол авч хэлэл­цэлгүйгээр сонголтоо хийчихсэн юм байна?

-Намаас гарах тухайд гар­гаж байна гэж үзэж гарсан. Энэ үйл явдлын цаана бол зөндөө юм бий л дээ. Би энийг бол лав л одоо ярихгүй.

-Нөгөө талаар та бас хөдлөх цагтаа л хө­дөл­сөн байх магадлал ха­рагддаг юм. Намын то­дорхой хэмжээний үнэ цэнтэй фигур намыг орхиод гарлаа. Гэхдээ өөртөө бол та үүргээ гүйцэтгээд гарлаа гэж дүгнэсэн байх талтай. Нам дотор үе солигдох процесс ирчихсэн бай­сан. Дараагийн үеийг авч явах хэдэн залууг олж харсан, хөтөлсөн байх баримтууд бий шүү дээ?

-Тийм юм шиг харагдаж байж ч магадгүй.

-Тодорхой залуусыг гар­гаж ирэх үйл явцыг хийгээд, за одоо эдний яаж явах надад хамаагүй гээд гараад явчихсан юм биш үү?

-Чиний хэлээд байгаа за­луус намайг шахаж гаргасан юм биш шүү дээ.

-Тэр тийм л дээ?

-Өөр бригад байдаг юм. Залуусын тухайд  залуу бол залуу, үзэл бодолтой бол үзэл бодолтой. Хэнээс ч юу ч ду­тах­­гүй залуучууд шүү дээ. Бу­жигнаан үүссэн. Олон юм бол­сон. Н.Энхбаярыг намын ерөн­хий нарийн бичгийн дар­гаар сонгосон. Тэгэхэд мань хүн намайг намын удирдах зөвлөлд орж ажиллахыг санал тавьж байсан. Би ороогүй. Яривал мэдээж өдий төдий юм бий.

-Харж байсан залуу­чуу­даас тань Н.Энхбаяр зөө­лөн, илүү гэрэл гэ­гээтэй, дуулгавартай, С.Баяр нь хэт омголон, зан чанарын хувьд “за­саг­даагүй”, Ө.Энхтүв­шин нь арай болоогүй, хө­дөөний санагдаад бай­сан юм биш үү. Гур­вуу­ланг нь дуудаж авч­раад суулгачихсан бай­сан гэх нэг яриа байдаг бил үү, үгүй бил үү?

-(инээв) Чи юу л гэх гээд байна даа. Тийм юм байхгүй, байхгүй. Юу гэж хүлээж авц­гаах нь өөрсдийнх нь хэрэг. Хэнийг арай илүү мэдэж байна вэ гэж нэг юм байдаг юм аа. Жишээ нь, Засгийн газарт дөрвөн жил ажиллачихаар би Н.Энхбаярыг жишээ нь арай илүү мэднэ ээ дээ. Би арай илүү мэднэ гэдэг нь Н.Энх­баяр нь тэрнээсээ мундаг гэсэн хэрэг биш.

-Ц.Гомбосүрэн Н.Энх­баярыг илүү дэмжсэн?

-Тийм. Дэмжиж байгаа утга нь арай илүү мэддэгт л байх­гүй юу. Дөрвөн жилд сайн муу юу эс болохов. Нэг нэгийгээ мэдрэх хэмжээний цаг хуга­цаа бол мөн ш дээ.

-Үнэн. Гэхдээ л таныг тэдний загалмайлсан эцэг гэдэг?

-За тэр нь ч юу билээ.

-Н.Энхбаярын үе гэж ар­ван хэдэн жил үргэл­жил­сэн том үе өнгөрлөө. Тө­рийн гурван өндөрлө­гийн албыг гурвууланг нь хашлаа. Түүн шиг ам­жилтад хүрсэн лидер одоогоор алга байна л даа. Н.Энхбаяр гэдэг үзэг­дэл, Н.Энхбаярын хаанчлал гэх мэтээр ажиг­лагчид түүний ту­хайд авч хэлэлцдэг. Түү­ний буухиа анх удаа та­салдаад байна. Та энэ тухайд хэрхэн яаж авч үздэг вэ?

    -Н.Энхбаярын унасныг уу.

    -Тийм?

    -Их олон зүйлээс болсон байх. Олон зүйлээс. Би бол намын нэр хүнд, хувь хүний нэр хүнд хоёр хоёулаа ижил­дүү л үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж боддог юм. Өөрөө ан­заараа болов уу яагаа бол. Сонгуулийн өмнө надаас нэг те­левиз ярилцлага авсан. Тэ­гэхдээ бас нэг дайвар асуулт тавиад болж өгдөггүй. Тэгээд би хариулсан юм. Хэрвээ МАХН сонгуулийнхаа суртал­чил­гааг зөв, оновчтой хийх юм бол Н.Энхбаярт ялах магад­лал бий гэж. Э.Бат-Үүл, Ц.Эл­бэгдорж нарын асуудал нам дотор нь яригдаж байсан үе л дээ. Тэр хоёрт бол Монгол Ул­сын ерөнхийлөгчөөр сонгог­дох ёс суртахууны эрх бий гэж би сэтгүүлчийн асуултад ха­риулж байсан. Чамд гэж хэ­лэхэд энэ МАХН сонгуульд яг үзээд явчихаар эд нараасаа муу л зохион байгуулаад байдаг юм даа. Чи тэгж анзаардаг уу.

-Анзаардаг. Мөнгө, эрх дарх, сүр хүчээр зодоод явчихдаг. Монгол хүн углуургаараа аархуу, баярхуу, эд мөнгөөр хэт дулдуйдсан авирт дур­гүй  гэдгийг тооцдоггүй?

    -Хоёр хүчинд ямар ч то­хиолдолд саналаа өгдөг 60 хувь бий. 30:30 шүү дээ. Үлд­сэн 40 хувийг хувааж авахын төлөө л гол өрсөлдөөн явж байгаа юм. Энэ 40-өөс чинь 20 хувь нь огт сонгуульд орохгүй гэвэл ерөөсөө 20 хувийн сана­лыг яаж авах вэ гэдэг дээр өр­сөлддөг. Тэгээд л баахан хэ­рэгтэй хэрэггүй арга хэрэг­лэдэг.

-Тэгэхээр Н.Энхбаярыг сурталчилгааны хувьд л алдсан гэж та хэлэх гээд байна аа даа?

    -Би бол тэгж л бодож байгаа. Оновчтой биш зүйлс их явсан.

-Сурталчилгааны хувьд алдаа гарсан. Гэхдээ сүүлдээ өөрийнх нь ху­вийн хүчин зүйлс рүү л ихэнх алдааг тохоод яв­чих шиг болсон?

    -Өрсөлдөгчид нь мань хүний нэр хүндийг бууруулах тал дээр ээ дээ, мөн ч чамгүй ажилласан шүү. Манайхны тол­гойд хамгийн амархан оч­дог юм чинь ердөө тэр муу хэ­лэх. Өө, энэ их мундаг гээд байх барагтай тусахгүй. Ёстой муухай амьтан шүү гэвэл өө тийм үү, тэгж таарна гээд л хү­лээж авч байх жишээтэй. (инээв) Энэ тухайд бол эсрэг тал нь аймаар ажилласан. Ц.Элбэгдорж, Баабар хоёрын хоёр нийтлэл бий л дээ. Газар дор ортол нь л муу хэлсэн шүү дээ.

-Н.Энхбаярыг ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр ариун байсан гээд л үү?

    -Гэх мэтээр. Гэтэл МАХН-ынхны тиймэрхүү гавын юм нь их хүчгүй. За тэгээд өрсөл­дөөд явчихаараа манайхан муу хэлэлцэхгүй шүү гэж бай­гаа юм. Тэрэн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Сайн хэлэл­цэж уралдана гэж хэзээ ч байх­гүй. Иймэрхүү буруу дүр­мээр л эд маань тоглоод сур­чихлаа л даа.

-Н.Энхбаярыг сая нөхөн сонгуульд оруулчихвал яачих байсан юм бол оо?

    -Онол яривал болохгүй гэх юм байхгүй. Би бол хувьдаа яг чин үнэнээ хэлэхэд хэрэггүй дээ л гэж үзэж байсан.

    -Яагаад?

    -Би ямар далдыг харагч биш. Тэгвэл тэгвэл гэсэн үүд­нээс би хоёр юм бодоод бай­сан л даа. Нэгд, тэнд ялагдах магадлал нэлээн том хувьтай гэж би үзэж байсан. Яагаад магадлал багатай гэхээр ард түмнээрээ сонгуульд орохоор Ц.Элбэгдоржид ялагдчихлаа. Чингэлтэй дүүрэгт бол Ц.Эл­бэг­дорж ялсан шүү дээ. Ийм нэг сэтгэл зүй байна. Ороод хэрэв унах юм бол өөрийнх нь карьерт таагүй нөлөө үзүүлэх талтай. Ялбал мэдээж өөр. Гэвч мань хүн оролцоогүй юу, оролцуулаагүй юу. Тийм л нэг тоглоом болоод өнгөрөх шиг болсон.

-Иргэдийн энгийн ухам­сарт унасан бөхөө хайр­ладаг сэтгэл байгаад бай­даг. Ороод очсон бол юу л гэж улсынхаа Ерөнхийлөгч байсан хү­нийг унагах вэ дээ. Ха­рин ялаад ороод ирвэл ямар алхам хийх вэ гэд­гээс нь л хүний өө­рийн­гүй айлаа гэж харсан?

    -Чиний хэлж байгаа шиг ч байж мэдэх юм. (инээв)

-Нөхөн сонгуулиар орж ирээд л маргааш нь бүл­гийн даргаас нь эхэлж “өшиглөж” унагаад бүл­гээ аваад, дараа нь на­маа аваад л гүйцээ биз дээ. Хийж чадах хүчтэй кадр мөн үү, мөн. Хийг­дэж болох процесс мөн үү, мөн шүү дээ?

    -Тэгсэн бол тэгж мэднэ гэсэн яриа бүгд байж болох зүйл.

-С.Баяр улс төрд бас л цоо шинэ стандартын шийдлүүд тулгаад түр гарч одлоо. Тийм ч олон хүний таамаглаж байгаа­гүй алхмуудыг хийлээ. Энэ талаар та хэрхэн яаж харж байгаа бол?

    -Хэрхэн яаж харах вэ дээ. Өө, ингэдэг юм байна л гэж харж байгаа. (инээв) Хуучин зөвлөлтийн туршлага гээд нэг юмнууд байдаг байсан. Одоо Оросын туршлага байна. Бо­рис Ельцин гэж нэг нөхрийг санаж байгаа биз дээ. За, би болилоо. Одоо чи аваад яв гээд л...

-Орос орноо хайрлаж яваарай гэж татаж нэг үнсээд л үү?

    -Ээ дээ... Путинийг дуу­даад л ...за Владимир Влади­ми­рович ... гээд л. (инээв) Орос орон гэдэг чинь асар том орон юм байгаа биз дээ. Тэ­гээд л мань нөхөр тэгж хийдэг л юм даа. С.Баярын хувьд өөрийнхөө бодлогыг хэрэг­жүүлж чадаж байгаагийн л хэлбэр.

-Гарцаа байхгүй хүч нь байна?

    -Яах ч арга алга. С.Баярыг би Ерөнхий сайдын энэ ал­банд шинэ босго тогтоосон л гэж үздэг. Шинэ босго.

-С.Баяр Сү.Батболдыг сонгожээ. Нөгөө Ельцин Путинийг сонгосон шиг. Ордонд дуудаж авчраад “За, Монгол орноо хайр­лаж яваарай” гэж бод­вол хэлсэн байх?

    -(инээв) Хэлээ биз.

-Тэгээд ах нь эмнүүлж ба­риад явж байгаад ирье. Дүү ингээд тэр бол­тол ... байж байгаа­рай гээд явжээ. Харин С.Баярын үлдээгээд яв­сан дүү хүү нь Тавантол­гойн гэрээг хийж чадах уу. Та энэ хүний оюун са­нааны тэр хүчинд нь хэр итгэдэг вэ?

    -Би бол чадна гэж бодож байна. Мань хүн эдийн засаг тал руугаа бол хамаагүй нарийн мэдлэгтэй байна шүү дээ. Тэр дундаа гадаад эдийн засгийн харилцааны тухайд. Өөрөө нөгөө хувийн бизнес гэдгийг өчүүхнээс нь асар том болтол хөгжүүлж үзсэн. Олон улсын хууль номыг сайн мэдэж байна. Би бол хувьдаа мань хүний лидерлэг шинж гэе дээ. Энэ том дарга болс­ноос хойш тодроод байх шиг байна ш дээ.

    -Тийм үү?

    -Тэгж байх шиг байна. Би яахав нөгөө адилхан л Гадаад харилцааны сайд байсан хүн болохоор наана уу цаана-уутай явдаг юм л даа. Тэгсэн одоо харах нь ээ юм байна аа. Өөрийнхөө санаснаар юм хийх эр зориг байна. Тэр нь тодорч байна.

-Улс төрийн утгаар эзэр­хийлэн захирагч буюу бүг­дийг хуйлруулсан зан­гарагтай шинж харин ч нэг их харагддаггүй шүү дээ. Зөөлөн, дулаа­хан, аялдагч байх шинж үзэгдээд байх шиг са­нагддаг юм?

    -Тийм. Тэр чинь их чухал.

-Аль нь чухал гэж. Ая­дуу, аялдагч шинж нь үү?

    -Тэр зөөлөн чанар. Зөөлөн нь хатуугаа яадаг билээ. Нэг зүйр үг бий шүү дээ. (инээв)

-Та Гадаад явдлын яам­ны бодлого баригч байс­ны хувьд өмөөрч байх шиг байна?

    -Магадгүй. Чи хэрэв өмөөрч байна гэж үзэж байгаа бол надад нэг хариу байна. Энэ одоо өнөөдрийн л улс тө­рийн тоглоомын дүрмээр га­раад ирж байгаа төр зас­гийнхаа удирдагчдыг бид жаа­хан хүндэтгэж сурмаар байгаа юм аа.

    -Тийм шүү?

    -Шүүмжилж болно. Гэхдээ үзүүр ёзооргүй биш. Хэм хэмжээнд нь.

-Та нээрээ сүүний сур­талчилгаанд тоглосон байсан?

    -Энэ нэг банди гүйгээд бай­гаа биз. Тэр чинь би сүү рекламдсан юм биш, ач хүүгээ рекламдсан юм.

-Үндэсний үйлдвэрлэ­лээ гэхдээ хүн болгон дэмжих ёстой биз дээ?

    -Тэгэлгүй дээ.

-Та бол соён гэгээрүүлэх ай савын ажил хийдэг хүн. Одоо яг юун дээр ажиллаж байна вэ?

    -Хөөш хөөш, энэ соён гэгээрүүлэх гэдэг үг чинь их том үг ш дээ.

-Яахав ээ. Би тэгж ойл­годог юм?

    -Над мэтэд бол огт хал­дахгүй үг.

-Тэгвэл орчуулгын ямар ажлууд шинээр хийж байна вэ. Засаад асууя?

    -Би бол Баабарыг жишээ нь соён гэгээрүүлж байна гэж ам бардам хэлнэ. Мань мэт бол даган баясагч. Би зүгээр байхгүй л дээ. Юм хийж л суугаа. Болохоор нь л за би нэг ийм юм хийлээ л гэж дуугардаг нөхөр байгаа юм. Өмнө нь би ийм ийм юм хийгээд байна гэж хашгирах дургүй. Бас жаахан хувийн араншинтай. Гэхдээ сэжиг сүжгийн асуудал биш.    

-Та чинь шашингүй үзэл­тэн биз дээ?

    -Шашингүй үзэлтэн. Гэх­дээ надад бол сүжиглэх юм бол байна л даа. Сүсэглэх юм бол байхгүй л дээ. Сураагүй юм чинь. Лам энэ тэр гэж гүй­дэггүй. Би шашныг үгүйсгэх­гүй. Маш чухал зүйл байсан. Бид маш утгагүйгээр өөрсдөө­сөө сүсэг бишрэлээ тээрэмдэн хаясан.   

-Оюутолгойн гэрээг хий­лээ. Зургаан жил хэрэл­дэж байж хийлээ. Галт тэрэг хөдөлсөн нь надад бол илүү чухал санагд­даг. Одоо эргээд л нэг хэ­сэг нь “Энэ бол хо­гийн гэрээ шүү дээ” гээд л тургиад байгаа нь таа­ламжгүй авир юм шиг харагддаг?

    -Айл болгоныг морин хуур­тай болгосон шиг нөгөө ёсөн цацал гэдэг юмыг айл болгон руу оруулдаг юм уу яадаг юм. (инээв) Тэгвэл л нэг хавь ойр руугаа хараал хэрүүл цацаад байх нь больж, хуурай ч гэсэн сүү юм шүү гээд цацал өргөөд байдаг болж мэдэх юм. Би бол Оюутолгойн гэрээний до­торхи тоо баримт, элдэв зүйл заалтыг мэргэжлийн үүднээс хараад л тэр буруу, тэр зөв гээд байх юм алга. Бид гурав дахь хөрш гэж нэг ойлголтыг их хөнддөг. Тэднийхээ боди­той эрх ашгийг нь бүрдүүлнэ гээд яриад байдаг. Тэгээд нэг тэднийх нь гавын пүүс компа­ни орж ирэх гэхээр л өөдөөс нь тургиад байгаа юм шиг. „Айвенхоу майнз”, тэрний том бага нь хамаа байхгүй. Хам­гийн гол нь тэд, тэгээд нөгөө „Рио Тинто” эд нар орж ирэ­хээр болсныг нь л би тэр Оюу­толгойн гэрээ гээчийн хамгийн гол зүйл гэж үздэг. Дэлхий дээр хаана ч байхгүй жишгээр хийчихсэн юм биш шүү дээ. Эртээд их хурал дээр нэг нь хэрэв „Айвенхоу майнз” орж ирж илрүүлээгүй бол ер нь яах юм гэж дуугарч байгаа байна лээ. Нээрээ л тийм шүү дээ.  

-Энгийн үгээр хэлбэл, хай­гуулаа ч хийх мөнгө­гүй гар хоосон улс шүү дээ. Тэгээд л арай гэж то­хиролцоонд хүрэхээр хараагаад унах жи­шээ­тэй?

    -Бидэнд хайгуул хийх мөн­гө байгаагүй. Төрд мөнгө байх­гүй. Өнөөгийн том гээд байгаа компаниудын маань тамир хараахан хүрэхгүй. Үн­дэсний компаниуд дотроос арай жаахан нэр нүүртэй болж байгаа хэсэг нь гадагшаа га­раад мөнгө цуглуулаад ингээд нэг юм бага багаар юм эх­лүүлээд явах боломж бүрдэж байна.

-Төмөр замын асуудал дээр ээлжит маргаан дэг­дээд байна. Дэргэд маань нүүрсний хамгийн том зах зээл байж бай­даг. Ирэх эрин маань нүүрсний эрин болох төлөв тооцоо хийгдэж байна. Гэтэл бид ээлжит хэрүүлээ явуулж эхэл­лээ?

    -Тавантолгойн төсөл том утгаараа хараахан эхлээгүй байна. Манай хэдэн үндэсний компанийн нэгдэл „Энержи ресурс” групп „Ухаа худаг” тө­сөл дээрээ үйл ажиллагаа явуу­лаад эхэлчихсэн. Энэ жил нэг сая 800 тонн нүүрс ол­борлож борлуулах юм гэсэн. Хойтонгоос хоёр гурван сая тонн гээд явах юм байгаа биз. Энэ ажлаа улсынхаа хууль номын дагуу л хийж байгаа шүү дээ. Ийм хэмжээний ажил барьж авсан улс аль болох хямд төсөр үнээр л хийх юм­сан гэж бодно оо доо. Нүүрс гээч юм маань өөрөө асар их зай эзлэхүүнтэй бүтээгдэхүүн юм, асар их тээвэрлэлт шаар­дагддаг юм байна. Эд нар зуун хэдэн машинаар гэнэ үү тээж байгаа юм билээ. Нөгөө бай­галь дэлхийн чинь байгаа хөр­сөн дээгүүр нь. Тэгэхээр тэнд мөн хөөрхийлөлтэй нөхцөл байдал үүсч байгаа л даа. Тэ­гээд одоо тэр тээврийн орчныг сайжруулах хамгийн төсөр арга зам бол төмөр зам л даа. Тэр төмөр замыг нь засгаас зо­хих ёсны зөвшөөрлийг нь аваад л тавих гэж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Тэр зөвшөөрлийнх нь дагуу гаднын компанитай зам тавья гэж тохироод, гэрээ хэлэлцээ­рээ байгуулаад ингээд явж байгаа юм байна гэж. Би бол тод санаж байна. Ерөнхий сайдыг энэ оны эхээр Гер­манд айлчлахад л тийм гэ­рээнд гарын үсэг зурцгаасан. Би овоо доо л гэж бодож бай­сан. Ахиад нөгөө гуравдагч хөршийн тухай яриа руугаа оръё. Герман жинтэй тоглогч болж байдаг Европын холбоо гэж байна шүү дээ. Тэр Евро­пын холбоо нэг банктай шүү дээ.

    -EBRD?

    -Тийм. Энэ банк “Ухаа худаг” дээр хувьцаа худалдаж авсан байна. Энэ чинь юу гэж байгаа юм бэ гэхээр Европын холбооны сонирхол бодитой­гоор орчихсон төсөл байна л гэ­­сэн үг. Гуравдагч хөршийн бо­дит сонирхол энд бас бий болж байгаа байхгүй юу. Тэр нүүрсийг олборлодог утгаараа ч, тэр төмөр замыг тавих гэдэг утгаараа ч. Тэр төмөр замыг тавихад чинь асар их хөрөнгө хэрэгтэй. Энэ компани чинь бас л хорвоо дээгүүр мөнгө хаяж явна биз дээ. Тэгээд энэ Ев­ропын хөгжлийн сэргээн бос­голтын банк 100 сая орчим долларын зээл өгөхөөр үнд­сэн­дээ ойлголцож байгаа гэнэ лээ. Тэгэхээр энэ төсөлд жи­шээ нь 200-300 сая доллар хэ­рэгтэй гэж үзэх юм бол гурав­ны нэгийг нь тэд гаргах ийм нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Европын холбооны тов то­дорхой гар хөл оролцохоор то­хи­ролцоонд хүрчээ. Тэгэхээр тэр гарын хурууг нь ч юм уу бид заазуурдаж байж болох­гүй ээ. Гурав дахь хөршийн бодлого гэгчийг энэ сонирхол дээр бас нэг том углуургаар уях хэрэгтэй гэж л харж байна.

-Гашуунсухайт руу зам тавих зөвшөөрлийг гур­ван компанид олгосон. “Болд ерөө гол”, “Мак”, “Энержи ресурс” гээд. Гурван компани гурван газраар хил сэтлэх болж байна уу гэсэн нэг эсэр­гүүцэл явж байна. Нөгөө талаар Хятад руу чиглэ­сэн ийм олон гарцыг нээж хэрхэвч болохгүй. Үндэсний аюулгүй бай­далд цөвтэй гэсэн үг хүн болгоны аманд орж  ир­чихээд байх юм?

    -Тийм.

-Гэтэл нөгөө талд ашигт малтмал дагасан дэд бүтцийг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд цог­цоор нь шийдэх ёстой. Орд бүрт зориулсан дэд бүтцийн салангид бод­ло­гыг хэрхэвч явуулж бо­лохгүй. Эдийн зас­гийн аюулгүй байдал гэ­дэг юм алга болно шүү гэж анхааруулж байна?

    -Аюулгүй байдлаа эдийн засгийн аргаар хангах тухайд авч үзэж эхэлж байна. Энэ бол маш зөв зүйл. Чухам үүн дээр бид алхам хийх гээд зогсч байна шүү дээ. Тэр тос­гон болгон нэг төмөр замтай болно гэдэг дэмий зүйл л дээ. Монголын төмөр замын мас­тер төлөвлөгөөг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам боловсруулаад, засаг энэ жил багтаж хэлэлцэх, тэгээд их хурлаар оруулаад төрийн нэгдсэн бодлого гараад ирэх ёстой гэсэн ийм ажлуудыг хийж байгаа юм билээ. Тэнд ухаан бодлоо уралдуулж бай­гаад л шийдвэрээ гаргах байх. Гурван зам гэдэг яаж ч бодсон утгагүй. Нэг зам бол хэрэгтэй. Хятадын дотоодын зам тээвэртэй холбогдчихно гэж зарим нь эсэргүүцээд байгаа юм билээ.

-Нарийн царигтай төмөр замаар яах юм гэж зарим нь хэлж байгаа?

    -Ганчимэг ээ, би эрхбиш нэг инженерийн боловсролтой хүн байгаа юм. Одоо эдгэчих­сэн л дээ. Гэхдээ хар ухаанаар бодоход яг Хятадын төмөр зам шиг  царигтай төмөр зам манайд зайлшгүй хэрэгтэй. Хил дээр очоод л дугуй соли­но гээд хэдэн цагаар зогсч байдаг. Ийм хорвоо гэж ямар юм байсан юм бэ. Маш мар­зан зүйл шүү дээ. Тийм учраас хуучны стандартын царигтай төмөр замтай л байх гэсэн хууч­ны тэр шалтаг шалтгаан бол арилсан гэж бид хүлээн зөв­шөөрөх ёстой. Яг хята­дынх­тай адилхан царигтай төмөр замтай байхаар л одоо юу гэдэг юм Сюү Шү Жан гялс гээд ороод ирэх юм шиг инээ­дэмтэй юм ярьж болохгүй. Одоо бол чухамхүү эдийн зас­гийн үр ашигтай л зам харил­цаа хэрэгтэй. За тэгээд урагш нь тавих зам маань яг хята­дын дотоодын төмөр замын сүлжээтэй холбогдчихвол Тян­жинь орох чинь ерөөсөө 1000-хан километр. Манайхан тэр холуур л Солонгосын хойгт хүрнэ гээд л ярих юм. Со­лонгосын хойгт хүрэх хам­гийн ойрхон боомт Тяньжинь. Манайхан чингэлгээ энүүгээр их л зөөж байсан байх. Тэгээд яг нарийн ярих юм бол Хята­дыг тодорхой утгаар өөрийн­хөө нүүрснээс хараат болгох ёстой юм.

-Бид бусдыг жаахан юм бодуулах утасны үзүүр­гүй явж ирлээ л дээ. Нүүрс­ний зах зээл дээр тоглогч болчихвол үнэ­хээр сайхан байна аа?

    -Жишээлбэл, өө тэр ерөө­сөө Бугат руу л зөөчих гэж байгаа юм гэж байна. Бугатад нь хэрэгтэй бол тэрийг нь өгье л дөө. Бугат нь 50 сая тонн нүүрс хэрэглэдэг бол Монго­лоос 10 сая тонн очдог байг л дээ. Тодорхой хувь нь Монго­лын нүүрснээс хамааралтай байг л дээ. Тэр утгаараа гар барилцах л хэрэгтэй ш дээ. Ухаа худагт монголчууд бо­ловс­руулах фабрик барих гэж байна. Өөрөөр хэлбэл кокс­жих нүүрс болгоно.  Гурван түв­шинд юм шиг ярьж байна лээ. Хамгийн сайн, дунд зэрэг, бага зэрэг гэх маягаар.

-Тэр үйлдвэрийг зүгээр л нэг нүүрс угаах үйлд­вэр гэж ярьж бичиж бай­гаа?

    -Юу яриад байгаа юм бэ. Баяжуулах фабрик шүү дээ. Нүүрсээ кокс болгох, коксжих нүүрс гаргах тухай асуудал ший­дэгдэж байна. Их мэдэгч ул­сууд элдэв л юм ярьж бай­гаа байх. Хятад Монголын нүүрс­нээс жаахан ч гэсэн ха­маа­ралтай байх нь илүү чухал гэдгийг л би ахин хэлмээр бай­­на. Ганц Бугат нь ч байг ха­­маа­гүй. Өшөө хэн нь ч бай­даг юм. Ийм байна гэдэг өө­рөө чухал. Бид дэлхийн зах зээлд гарна гээд л баахан ярих юм. Тянь­жи­нээр л гарна биз дээ. Би ойр­хон гэдгээр нь л хэлж бай­гаа юм шүү дээ. Тэр нөгөө хой­гуур тойрох замаа ч гэсэн тавь л даа. Хэзээ тавих юм. Яг Ухаа ху­даг дээрээ ч юм уу, Таван­тол­гой нь зэрэгцээд л байж бай­гаа ш дээ. Тэдний­хээ бая­жуу­лах фабрикийг яг эндээ барь­чихаж болохоор байхад чинь нөгөө шороон нүүрсээ 400 км Сайншанд дээр аваа­чиж одоо яах гэж байгаа юм бэ. Шал дэ­мий тээвэр л хийх гэж байна шүү дээ. Энэ одоо ямар ухаан­тай юм бэ. Ийм юмыг дээ­хэн бол агуу ихийн дэмий­рэл л гэ­дэг байсан юм ш дээ. Ма­най СССР-ийнхэн ч Ангар мөрөн дээр цахилгаан станц ба­ри­на гээд л баахан дэмий­рэл явдаг байсан. Тэрэн шиг л манайхан энэ Сайншанд дээр баахан мун­даг юм ярих юм. Тэгс­нээ саяхан зэс хайлж ба­рих гэж байгаа юм болов уу гээд бодож байсан чинь өө, зэс хайлуулах үйлдвэрээ Эрдэнэт дээр барих нь зүйтэй юм гээд л ярьцгаа­гаад унах юм. Энэ одоо юу болоод байгаа юм бэ. (инээв)

-Хятадын зах зээл рүү бол дэлхий нийтээрээ л дайрч байна. Бид бол хаяанд нь байна. Адил­хан л дайръя л даа. Бид тэр агуу зах зээлээс бас юм хүртье л дээ. Хам­гийн энгийн ийм л хүсэл байна л даа?

    -Ердөө л наадахь чинь шүү дээ. Төмөр зам гэдэг чинь стратегийн тээвэр ээ. Тэрийг төр мэдэж байх ёстой гэж нэг зүйл яриад байх юм. Тэгвэл энэ хувийн хэвшлийнхэн хөрөнгө босгоод барьчихъя гээд байна. Бариулчихаад төр нь нийгэмчлээд л авчихгүй юу. Болно ш дээ. Хуулинд байж л байна.

-Та харгис юм ярьж байгаа юм биш үү. Хүний мөнгөөр бариулчихъя, дараа нь цөмөөрөө дээ­рэм­дээд нийгэмчил­чихье гэдэг чинь юу гэж байгаа юм бэ?

    -Юун хулгай дээрэм бэ. Худалдаж авна шүү дээ. Зү­гээр авахгүй л дээ. Зарсан хөрөнгийг нь тооцоо

2015-01-20
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл