Төмөр замын хөгжлийн шинэ шат эхэллээ
Зохиогч: Д.Мөнхчимэг
Зохиогч: Өнөөдөр сонин
Хэвлэсэн он: 2009-06-08

“Улаанбаатар төмөр зам” 60 насыг зооглов. Ойн баярын үеэр 1949 оны гэрээг шинэчлэх тухай яриа гарч байсан ч Орос, Монголын төлөөлөгчид энэ тал дээр ам нээсэнгүй. Харин ч уг гэрээний нэгээхэн хэсэг өнгөрсөн бямба гаригт болсон ёслолын үеэр дурсгалын самбар дээр мөнхрөн үлдлээ.

Модон вагон аялуулж гараагаа эхэлсэн УБТЗ өдгөө бүхэл бүтэн “Вант улс” болтлоо өргөжжээ. Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 90 хувь, нийт зорчигч эргэлтийн тал хувийг УБТЗ дангаар тээвэрлэж ирэв. Харин одоо хөгжлийн шинэ шат эхэллээ. Шинэ жаранд манай төмөр замчид өмнөхөөсөө ч ихийг бүтээх зорилго тавьжээ.

“Дэд бүтцийн хөгжил” нэртэй хязгаарлагдмал хувьцаат компани төмөр замын ирээдүйг зурах нь. Тус компанийн тал хувийг “Оросын төмөр зам”, үлдсэн хувийг Монголын төрийн өмчит “Монголын төмөр зам”, “Эрдэнэс МГЛ” эзэмшихээр байна. Өдгөө тус компани 1.8 сая долларын дүрмийн сантай бөгөөд энэ хөрөнгөөр шинэ төмөр зам барих техник, эдийн засгийн үндэслэлийг ирэх есдүгээр сарын дотор боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.

Тавантолгойн орд газраас урд, хойд хөршид нүүрс экспортлохын тулд Зүүнбаянгаас Тавантолгой хүртэл, хойд нутгаар явах төмөр замыг товчилж, Монголын зүүн хэсэгт байгаа эрдэс баялгийн нөөцийг эргэлтэд оруулахын тулд “Оросын төмөр зам”-ын дэд бүтцийг ашиглан Баянтүмэнгээс Бор-Өндөр хүртэл төмөр замын шинэ шугам тавих гэж байна. Шинэ төмөр замын олох орлогоор УБТЗ-ын дэд бүтцийг бүрэн сэргээн засварлаж, салаа төмөр зам, хос зам барих ажлыг хийхээр тооцоолжээ. Уг төслийн нийт өртөг долоон тэрбум доллар байна. Санхүүжилтийн тал хувийг Оросын тал бэлэн мөнгөөр, Монголын тал үлдсэн хувийг үүнтэй дүйцэхүйц эд хөрөнгөөр хийхээр хэлэлцсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын тал хөрөнгө оруулалтаа газар доорх баялгаараа хийх юм. Энэ асар том төслийг хэлэлцэж эхлээд Орос, Монголын эрх баригчид, төмөр замчид ихээхэн дотносох болсон.

ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин, түүний зөвлөх Виталий Морозов, УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга, Холбооны төмөр замын тээврийн агентлагийн тэргүүн Г.П.Петраков нарын хүмүүс Монголоос салахаа байв. Нэг үе хөндийрөөд байсан хоёр орны харилцаа эргэн сэргэхэд төмөр замын уг томоохон төсөл ч чухал үүрэг гүйцэтгэж буй нь ойлгомжтой. Гэвч өдгөө Монголыг ихээхэн эргэж, тойрох болсон оросуудыг өмнөх “ах” нартай андуурч үл болно. Зах зээлийн жамаар тэд “хал үзэж, хашир суугаад”, ах нь дүүгээ харж, үзэхийн тулд биш ашиг хонжоо хайн сүйхээчилж яваа улс болжээ. Якунин эзэн өөрөө үнэгүй юманд дургүй учир хүнд ч бэлэг өгч сураагүй бололтой. Шуудхан хэлэхэд, УБТЗ-ын ойн баярын үеэр ганц ширхэг зүтгүүр ч хялайлгасангүй. “Оросын төмөр зам”-ын дэвшилтэт технологийг гайхуулах үүднээс үзэсгэлэн нээчихээд, үзмэрүүдээ эргүүлээд аваад явах нь тэр. Гэтэл УБТЗ-ын паркийн 80 хувь нь элэгдчихсэн, юун шинэ технологи манатай. Аль диван галавын үеийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа болохоор сэлбэг, хэрэгсэл нь ч олдохоо байсан. УБТЗ-ын 60 жилийн ойг тохиолдуулан “Оросын төмөр зам” эмнэлгийн галт тэргийг манай газар нутгаар аялуулж буй. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 800 орчим хүнд үнэгүй үзлэг хийжээ. Манайд ийм галт тэрэг яах аргагүй хэрэгтэй байгааг Ерөнхий сайд С.Баяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар онцлон тэмдэглэж байлаа.

Мандалаас Давааны өртөө хүртэлх 108 км замыг ашгүй нэг юм сэргээн засварлахаар болов. Монголын хамгийн ахмад настай төмөр замд тооцогдох уг хэсгийг “тэтгэвэрт” гаргах ажлын гарааг УБТЗ-ын ойн баярын өдөр хийлээ. Оросын тал зам засварын ажлын санхүүжилтийг даана гэсэн яриа гарч амжжээ. Уг ажлыг хийж, гүйцэтгэхэд зарцуулах 1.1 тэрбум рублийг УБТЗ-ын үндсэн хөрөнгөнөөс гаргаж буй. УБТЗ-ын үндсэн хөрөнгийг 250 сая доллараар нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон байгаа. Монгол, Оросын тал тус бүр 125 сая долларын хөрөнгө оруулна гэсэн үг. Тэгэхээр зам засварын ажлын санхүүжилтийг ч хоёр тал ижил, тэнцүү гаргаж байгаа хэрэг. Монголд бэлэн мөнгө байхгүй учир Оросоос зээлэх нь ойлгомжтой. Ингээд Монголд анх удаа уулзваргүй төмөр зам тавих ажил эхэллээ. Мөн энэ өдөр Эрхүүгийн Төмөр замын улсын их сургуулийн салбарыг Монголд албан ёсоор нээсэн юм.

УБТЗ-ын 60 жилийн ойн ёслолын хурлын үеэр Ерөнхий сайд С.Баяр, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин нар шагналын хур буулгав.

 

2009-06-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл