В.И.Якунин: Бодлогын хувьд би америкчуудыг дэмждэггүй
Зохиогч: Д.Мөнхчимэг
Зохиогч: Өнөөдөр сонин
Хэвлэсэн он: 2009-06-08

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинаас зарим зүйлийг тодрууллаа.

-УБТЗ нийгэмлэг 60 нас хүрлээ. Харин “Оросын төмөр зам” УБТЗ-ын 50 хувийг эзэмших болоод удаагүй байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн, хийхээр төлөвлөж буй зүйл юу байна вэ? 
-“Улаанбаатар төмөр зам”-ын 60 жилийн ойн баярын үеэр олон шагнал гардуулж байна. Гэвч бидний хувьд хамгийн том шагнал нь томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн явдал юм. Хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжиж, тэлж байгаа нь харагдаж байна. Бид Монголд 1000 ачааны вагон нийлүүлсэн. Түүнчлэн 10 зүтгүүр нийлүүлэх тал дээр хэлэлцээр хийж дууслаа. 106 км зам засварын ажлыг ойн баярын өдөр эхлүүллээ. Төмөр замчид баяраа бүтээлч ажлаар угтдаг уламжлалтай. Тиймээс УБТЗ-ын 60 жилийн ойг нэлээд хүнд, бэрх ажлыг эхлүүлснээр угтаж байна. Энэ бүхэн нь том амжилт юм.
-“Оросын төмөр зам” Монголын стратегийн ач холбогдолтой ордуудад олборлолт хийхийн тулд шинээр төмөр зам барих гэж байна гэсэн яриа гарах болсон.
-“Оросын төмөр зам” Монголын баялгийг сонирхоогүй. Бид ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаггүй. Монголын эрх баригчид УБТЗ-д яаралтай шинэчлэлт хийх хэрэгтэй байгааг бидэнд мэдэгдсэн. Энэ нь үнэндээ тулгамдсан асуудал болохоор санхүүгийн эх үүсвэр хэрхэн бий болгох талаар бид хамтран бодож эхэлсэн юм. Монголд дэд бүтэц босгох таван тэрбум доллар байхгүй ч газар дор нь баялаг бий. Түүнийг нь гаднын хөрөнгө оруулагчид нэлээд сонирхдог. Тэгэхээр Монголын тал Оюутолгой, Тавантолгой зэрэг ордод олборлолт хийх лицензийг олгох замаар дэд бүтцээ хөгжүүлж болох юм гэсэн шийдвэрт хүрсэн хэрэг. Лицензийг бол сонгон шалгаруулалтын дагуу аль ч улсын хөрөнгө оруулагч авч болох юм. Гэвч одоо энэ талаар ярихад эрт байна. Юуны түрүүнд Монголын тал ашигт малтмалын ордуудтай холбоотой бичиг баримтаа цэгцэлж, боловсруулах шаардлагатай. Үүний дараа хөндлөнгийн компаниуд хөрөнгийн үнэлгээ хийх юм. Харин Оросын тал ойролцоогоор 1.5 тэрбум доллартай дүйцэхүйц бэлэн мөнгө гаргахаар байгаа.

Эдгээр томоохон төсөл хэрэгжиж дуусахад төмөр замын шинэ шугам, УБТЗ-ын шинэчлэлт, магадгүй томоохон ордыг түшиглэсэн ашигт малтмал боловсруулах үйлдвэр гээд бүтээж босгосон бүхэн Монголын өмч болоод л үлдэнэ шүү дээ. “Оросын төмөр зам”-ын хувьд Ази, Европыг холбосон төмөр зам хамгийн чухал байна. Хоёр бүс нутгийн хооронд ачаа барааг саадгүй, найдвартай, хямд тээвэрлэснээр бүх талд ашигтай байх юм. Орос, Монгол энэ тал дээр харилцан ашигтай ажиллана.

-УБТЗ-ын ойн баярын үеэр 1949 оны гэрээг шинэчлэнэ гэсэн мэдээлэл байсан. Хэрэв энэ үнэн бол гэрээнд ямар өөрчлөлт орох вэ?
-1949 оны гэрээнд өөрчлөлт оруулах тал дээр ямар ч яриа гараагүй. Таны эх сурвалж ташаа мэдээлсэн байна. Хоёр тал УБТЗ-ын үндсэн хөрөнгийг 250 сая доллараар нэмэгдүүлэх тал дээр хэлэлцэж тохирсон юм бий.

-1990-ээд оноос хойш Монголын тал зээл, тусламж зэргээр аргацаан байж 130 гаруй сая долларын хөрөнгийг УБТЗ-д оруулсан гэж ярьдаг. Тэгвэл тус нийгэмлэгийн 50 хувийг эзэмшиж буй Оро­сын тал энэ хэмжээний хөрөнгийг УБТЗ-ын дүрмийн санд оруулж болохгүй юу?
-Бид “Дэд бүтцийн хөгжил” компанид 1.5 тэрбум долларын санхүүжилт хийхээр төлөвлөснөө хэлсэн шүү дээ. Тус компанийн гол зорилго нь УБТЗ-ын дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм. Бидэнд хийж бүтээх зүйл маш их байна. Тиймээс өнгөрснөө хэлэлцэх асуудлыг түр хойш тавьсан байгаа. Ганцхан жишээ хэлье л дээ. Монголчууд Японы тусламжаар төмөр замд шилэн кабелийн шугам тавьсан. Гэвч Монголын Засгийн газрын шийдвэрийн дагуу зарим шугамыг өөр байгууллагад шилжүүлсэн байдаг. Товчхондоо, Монголын тал зээл, тусламжаар төмөр замд хийсэн хөрөнгө оруулалтын зарим хэсэг нь УБТЗ-ын үндсэн хөрөнгөнөөс хасагдаад, өөр байгууллагад харъяалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо бид хэн, хаана, хэзээ, хэдэн төгрөг оруулсан, тэр нь одоо хаана байна гээд тооцоолоод эхэлбэл ажил урагшлахгүй.

-Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаас татгалзсан нь ямар учиртай байв?
-“Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг” гэж би өмнө нь ч хэлж байсан. АНУ-тай бид төмөр замын хувьд сайн түнш. Гэвч бодлогын хувьд би тэднийг огт дэмждэггүй. Нэг жишээ дурдаъя. Эстонид төмөр замын хувьчлал хийж байх үед Америкийн хоёр сэргэлэн бизнесмэн төмөр замынх нь зарим хэсгийг худалдаж авчээ. Ингэхдээ тооцоогоо бэлэн мөнгөөр хийлгүй, уул уурхайн зориулалттай дөрвөн зүтгүүр оруулаад ирж л дээ. Америкийн зүтгүүр стандартын хувьд Оросынхоос тэс өөр.Тэгэхээр Эстонид байдаг Оросын төмөр замын шугаман дээр нөгөө дөрвөн зүтгүүр нь явахгүй.

Тэгээд Эстони нэг бол асар их өртгөөр Америкийн төмөр замын шугам тавих, нэг бол зарсан төмөр замаа эргүүлж худалдаж авах хэрэгтэй болсон. Эцэст нь зарсан төмөр замаа нөгөө хоёр америкаасаа худалдаж авсан, тэгэхдээ бүр бэлэн мөнгөөр шүү. Аливаа зүйлийг үнэгүй авах гэвэл илүү ихийг төлөхөд хүрдгийн жишээг эндээс харж болно. Мянганы сорилтын корпорацийн хувьд ч буцалтгүй тусламжийнхаа хариуд Америкийн зүтгүүр авах шаардлага тавьж байсан шүү дээ.

2009-06-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл