Улаанбаатар төмөр зам нэгэн жарныг үдлээ
Зохиогч: Б.Гандолгор
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009-06-07

Монголчууд бид  он  цагийн тооллоо  жаранаар хэмждэг ард түмэн билээ.  Нэгэн жаран дуусч дараагийн жаран эхлэхэд шинэ түүхийн хуудас нээгддэг жамтай. Орос, Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон нэгэн жарныг үдэж, шинэ жарны эхний хуудсаа өнгөрөгч бямба гаригт нээлээ. Тус газрын хамт олны тухайд баяр жаргал, амжилт бүтээл хосолсон жаран жилийг ардаа орхижээ. Анх 1939 онд тулгын чулуугаа тавьж гал голомтоо бадрааж байсан түүхтэй ажээ. Харин өдгөө шинэ жарны галт тэрэг нь өртөөлөн ирлээ.  Улаанбаатар төмөр замын  60 жилийн ойн баярын нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр,  Оросын төмөр замын газрын дарга В.И Якунин, Оросын холбооны улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.А.Говорин,  Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга В.Отгондэмбэрэл нарын хүмүүс оролцлоо. Энэ Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өмнө хоёр орны цаашдын хамтын ажиллагааны бэлэгдэл болгож хүндэт самбар байрлуулсан байв.  Өглөөний найман цаг өнгөрч байхад  Оросын төмөр замын ахмад ажилчид өөрийн улсынхаа вагоноор ирсэн юм. Төмөр замын ахмадууд   30 жил уулзаагүй андуудтайгаа баярын нулимстай  уулзлаа. Эдийн засгийн байдал хүндхэн байсан тус газарт жаран жилийнхээ ойн босгон дээр олон шинэчлэлийг хийхээр зорьж байна. Үүний нэг нь “Эмээлт” өртөөний цаана тав орчим километрт орших Давааны өртөөнөөс Мандал өртөө хүртэлх 106 километр замын  засварын нээлтийн ажиллагаа байлаа. Энэ замын засварын ажлыг Оросын техник, төхөөрөмжөөр гүйцэтгэх бөгөөд нийт 1,1 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ. Хөрөнгийн хэмжээг Оросын тал 100 хувь гаргаж буй бөгөөд 50 хувийн өртгийг нь манай талаас зээлж байгаа юм байна. Энэ үеэр болсон нэгэн томоохон арга хэмжээ бол  “Дэд бүтцийн хөгжил” хувьцаат компани байгуулж буйгаа зарлаж, ноён В.И.Якунин, В.Отгондэмбэрэл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Тус компанийг хоёр тал 50, 50 хувийн дүрмийн сантай байгуулж байгаа бөгөөд манай улсын “Эрдэнэс МГЛ” компани хамтран байгуулалцлаа.  Манай улсын хоёр компани 25,25 хувийн хөрөнгө оруулалт хийх ажээ. “Дэд бүтцийн хөгжил” компанийн үндсэн хөрөнгийн сан нь 1,8 сая ам.доллар буюу 2,526 тэрбум төгрөг байх юм. Уг компанийн гүйцэтгэх захирлаар В.И.Якунины туслах оросын хөдөө, аж ахуйн эдийн засгийн зөвлөх Виталий Морозовыг томиллоо.

Оросын техникийн дэвшлээр монголчууд нүд хужирлав

Хойд хөршийн ах нар монголчуудад гайхуулахаар авч ирсэн хурдан галт тэрэг болон эмнэлгийн вагонтой Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар  танилцсан юм.  Эмнэлгийн вагон нь манай улсын нутгаар  найман хоног явж ирэх замдаа 800 орчим хүнд оношлогоо хийсэн байна. Ийм техникийн дэвшилтэт вагон дэлхийн олон оронд нэвтэрсэн ажээ. Өвчнийг төрөл тус бүрээр нь ангилж үзэх япон, францын технологиор тоноглогдсон өндөр хүчин чадалтай гэдгийг сайд С.Ламбаа онцолж байв.  Тус вагоныг сонирхож явсан монголчууд манай улсад бэлэглэж байгаа юм уу хэмээн зөрсөн хүн бүрээс лавлаж байсан агаад зөвхөн үзүүлэхээр авч ирснийг сонсоод толгой сэгсэрч харагдсан. Хурдан галт тэрэг болон эмнэлгийн вагонтой танилцсаны дараа сайд С.Баяр Эрхүүгийн зам харилцааны сургуулийн нээлтэд оролцлоо. Нээлтийн үеэр Ерөнхий сайд С.Баяр оросоор ярьж байсан нь цугласан олонд тийм ч тааламжтай санагдаагүй бололтой байлаа. Түүнээс гадна орос хэлээр “гайхуулж” байсан өөр нэг эрхэм бол Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр байлаа. Манай улсаас өдгөө Эрхүүгийн зам харилцааны сургуульд 110 орчим оюутан суралцдаг аж. Тус сургууль байраа төмөр замын дээд сургуулийн ар талд барьж байгаа гэнэ. Наймдугаар сард байраа ашиглалтад оруулчих байх хэмээн оросоос ирсэн багш нар нь хэлж байв. Эхний ээлжинд  50 оюутан элсүүлэх бөгөөд элсэлтээ энэ сарын 2-нд авч дуусчээ. Эрхүүгийн салбар сургуульд суралцагчид нь эхний жил хэлний бэлтгэл хийгээд дараа жил нь Эрхүү рүү шилжин суралцаж болох юм байна.


“Миний ажиллаж байсан үеийг бодвол төмөр зам маань хөгжиж байгаа”


Энэ өдрийн үдээс хойш  Салбарын сайд нь эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, ойн баярын хурал нь Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Энэ үеэр ахмад төмөр замчин Г.Дашдоржтой уулзсан юм. Түүний хөдөлмөрийн амжилтийг илтгэсэн одон медалиуд нь энгэр дүүрэн гялалзаж байлаа.

-Сайн байна уу. Таньд баярын мэнд хүргэе. Та төмөр хэдэн жил ажилласан бэ?

-Анх 1953 онд Налайх өртөөний нарийн төмөр замд засварчнаар орж байсан. Тэнд гурван жил ажиллаад хотод шилжиж ирсэн. Намайг энд ажилд ороход төмөр замын одоогийн байшин маань жижигхэн намхан байсан шиг санагдаж байна. Би 40 гаруй жилийн хөдөлмөрөө төмөр замд зориулсан хүн. Миний ажил хөдөлмөрийн амжилтийг маань үнэлж 1988 онд хөдөлмөрийн баатар цолыг өгсөн төр засагтаа баярлаж явдаг. 

Анх таныг ажилд ороход хичнээн галт тэрэгтэй байсан бол?

Ачааны вагон 100 гаруй байсан даа. Харин зүтгүүр их цөөн байлаа. 156 дугаар серийн хоёр зүтгүүр, МТ серийн хоёр зүтгүүртэй байж байгаад сүүлд дахин хоёр зүтгүүр шинээр Оросоос ирж байсан юм. Одоо ч хоёр зүтгүүр нь надтай хамт тэтгэвэрт гараад удаж байна даа. Миний ажиллаж байсан үеийг бодвол төмөр зам маань хөгжиж байгаа. Олон улсын хөгжлөөс хоцрохооргүй болсон гэж боддог шүү.

2009-06-07
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл