Монгол дахь В.Путины сонирхол: уран, махан бүтээгдэхүүн, төмөр замын өргөтгөл…
Зохиогч: Д.ОЮУНЦЭЦЭГ
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009-05-14

Цагаасаа хоцорсон буулт, ялимгүй сунжирсан хэлэлцээ

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин Монгол Улсад хагас өдрийн ажлын айлчлал хийлээ. Хойд хөршийн өндөр албан тушаалтны хувьд тэрбээр Монголд хоёр дахь удаагаа ирж буй нь энэ. ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа 2000 оны тэсгим хүйтэн өвөл төрийн айлчлал хийж байсан ноён В.Путин Засгийн газрын тэргүүний хувиар хаврын сүүл сард Улаанбаатарт дахин хөл тавьлаа. Өглөө нь Токиогоос мордсон В.Путины багийнхны тусгай үүргийн онгоц товлосон хугацаанаас хагас цаг хоцрон өдрийн 15.10 цагт Олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд газардав. Үүнээс болж дараа дараагийн төлөвлөсөн албан ажлууд хойш сунжирсан юм.

В.Путиныг дагалдан ирэх төлөөлөгчдийн зарим, мөн сэтгүүлчид айлчлалын өмнөх өдөр ОХУ-аас шууд ирсэн байв. Тээврийн сайд И.Е.Левитин л гэхэд ОХУ-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцож, төмөр замын салбарын асуудлаар манай талтай ярилцан баримт бичиг боловсруулах ажил хийсэн.  Сэтгүүлчид ч зүгээр байсангүй, хаврын Улаанбаатартай танилцаж, зарим нь монгол “водка” хүртээд амжжээ.

Зочид нисэх онгоцны буудлаас шууд л Төрийн ордонд ирэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин нарын ганцаарчилсан уулзалт 30 минут үргэлжлэх хуваарьтай байсан ч бараг бүтэн цаг боллоо. Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүдэд ярилцах хэлэлцэх зүйлс мундахгүй байсан бололтой. Оройн 16.30 болж байхад хоёр Ерөнхий сайд хэлэлцээгээ эхэлсэн юм. ОХУ-ын Ерөнхий сайд асан, өдгөө “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин, Халимагийн Ерөнхийлөгч К.Н.Илюмжинов, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.А.Говорин гээд монголчуудын эчнээ танилууд ноён В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд оржээ. ОХУ-ын Тээвэр, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний сайд нар, Гадаад харилцааны дэд сайд, Халимагийн Ерөнхийлөгч, Тувагийн Засгийн газрын тэргүүн нар бараа бологчдын тоонд орсон нь ямар салбарт Монгол Улстай хамтран ажиллахыг сонирхож байгааг бэлээхэн гэрчилсэн хэрэг байлаа.

 

Хэлэлцээг цаг хэмнэх үүднээс шууд л орос хэл дээр хийв. Энэ арга хэмжээ сэтгүүлчдэд нээлттэй боллоо. “Гэрийн эзэн” С.Баяр ганцаарчилсан уулзалт дээр зочинтойгоо юу ярилцсан талаараа эхлээд мэдээллээ. Стратегийн түншлэлээ цаашид хөгжүүлж, ашигт малтмалын ордуудыг ашиглах, цэргийн салбарт хамтран ажиллах, зэвсэг, техникийг шинэчлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт ажиллах чиглэлээр тэд ярилцжээ. Мөн бүс нутаг, хил орчмын субъектуудын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар санал нэгджээ. Хоёр орны хамтарсан хөрөнгө оруулалттай УБТЗ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн цаашдын хувь заяаны асуудал тэдний гол ярилцсан сэдэв байсан аж. Хөдөө аж ахуйн машин механизмыг Оросын талаас нийлүүлэх, Монголоос мах, махан бүтээгдэхүүнийг хойд хөршдөө гаргах, мал эмнэлэг, ариун цэврийн дэглэмийн талаарх гэрээг шинэчлэх, ашигт малтмалын ордуудыг эргэлтэд оруулах, уран, цөмийн технологийн салбарт хамтран ажиллах гээд тэдний уулзалтын сэдэв өргөн хүрээг хамарсан байна. Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаа, соёлын харилцааг өргөжүүлэх, Монголын соёлын өдрүүдийг ОХУ-д зохион байгуулах, Оросын их, дээд сургуулиудын салбар, бэлтгэл ангиудыг Монголд нээх, Халх голын ялалтын 70, УБТЗ нийгэмлэг байгуулагдсаны 60, атар эзэмшиж эхэлсний 50, Эрдэнэтийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг ч ярилцжээ.

Ноён В.Путин эрт дээрээс уламжлалтай хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад талархал илэрхийлж, ажил хэрэг, эдийн засаг, худалдаа, цэргийн салбарт хамтран ажиллах, УБТЗ, нисэхийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцсанаа Ерөнхий сайд С.Баярын үг дээр нэмлээ.


Оросын төмөр зам дүүтэй болно

Үүний дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол боллоо. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд хатагтай Е.Б.Скрынник нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан бол Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин нар яам хооронд харилцан ойлголцох тухай санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Оросын төмөр зам буюу РЖД монгол дүүтэй болох хэлэлцээр батлагдав.

ХХК байгуулах тухай “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК, “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Оросын төмөр замууд” нээлттэй ХК-ийн хоорондын хэлэлцээрт “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирал А.Батболд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Оросын төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нар гарын үсэг зурав. Мэргэжилтэн бэлтгэх талаар Монгол Улсын Цөмийн энергийн газар, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” корпорац хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Цөмийн .эрчим хүчний газрын дарга С.Энхбат, “Росатом”-ын ерөнхий захирал С.В.Кириенко нар, МИАТ ХК, Аэрофлотын хооронд код хамтран ашиглах хэлэлцээрт МИАТ ХК-ний гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэ, Аэрофлотын захирал В.Г.Савельев нар гарын үсэг зурлаа.

Уг ёслолын дараа Ерөнхий сайд нар сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Ерөнхий сайд С.Баяр ноён В.Путинд ёслол хүндэтгэлийн шинэ өргөөг танилцуулж есөн хөлт цагаан тугийг шилжүүлэн байрлуулсныг тайлбарлаж гараараа заан ярилцаж хэсэг саатав.

Ерөнхий сайд С.Баяр энэ удаагийн хэлэлцээрээр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар түлхүү авч үзсэнийг хэлэв. Хаврын тариалалтад зориулсан хөдөө аж ахуйн техникийн түрүүч орж ирснийг, цөмийн салбарт энхийн зорилгоор хамтран ажиллахаар болсныг онцоллоо.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засаг, эрчим хүчний салбарт оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин тус улс дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд онцгой арга хэмжээ авч байгаагаа, Монгол Улстай ашигт малтмалын ордуудыг хамтран ашиглах, ураны салбарт түншлэх, хамтарсан үйлдвэрүүдийн үр өгөөжийг дээшлүүлэн орчин үеийн нөхцөлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлж байв. Саяхан л хэдэн саяд эргэлддэг байсан хөрөнгө оруулалт хэдийнэ тэрбум ам.долларт хүрчээ. 2000 онд айлчлахдаа 2010 он гэхэд хоёр талын бараа эргэлтийг 1,3 сая ам.долларт хүргэнэ гэж байсан тэр төлөвлөгөөг 2008 онд биелүүлчихсэн байна. Цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Ростехнологи гэдэг корпорац Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн бол Оросын төмөр зам тус салбарыг өргөтгөхөд ихээхэн анхаарахаар болжээ. В.Путин Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй, газар зүйн ашигтай байрлалтай орон болохыг онцолж байлаа. Дэлхийн санхүү хямарч байгаа ч Монголд уул уурхай хөгжих боломжтой, төмөр замын хувьд ОХУ-аас зүүн өмнөд Ази, Япон тийш ачаа тээвэрлэхэд Монгол Улс чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.


Айлчлалын үр дүн юу байв?

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлал оройн 21.00 цагт өндөрлөж нутгийн зүг хөлгийн жолоо залахаар  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорьсон юм. Айлчлалын төгсгөлд зочид Сүхбаатарын талбай дээр гаргасан Оросын хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэнг үзэж, “Торгоны зам” морин аяллынхантай уулзаад Г.К. Жуковын музейд зочлов. Тэндээсээ уг музейгээс холгүй орших Үнэн алдартны сүмээр орсны дараа Ерөнхий сайд С.Баярын урилгаар Их тэнгэр цогцолборт хүндэтгэлийн зоог барилаа.

Ингэхэд айлчлалын үр дүн юу байв? Ямар боловч Оросын талаас Монголыг цоо шинэ нүдээр хардаг болжээ. Монгол дахь В.Путины шинэ сонирхол уран, махан бүтээгдэхүүн, төмөр замын өргөтгөл, цөмийн эрчим хүч зэрэг байлаа. “Ах”-ын дүү өсч, цоо шинэ салбарууд сонирхол татдаг болжээ.

2009-05-14
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл