Р.Раш: Монголын төмөр зам Оросын төмөр замын охин компани биш

Төмөр зам, Р.Раш гуай хоёрыг салгаж, ялгаж ойлгохын аргагүй гэдгийг монголчууд андахгүй. Монголын Төмөр зам эдүгээ түүхэн эргэлтийнхээ үе дээр ирчихээд байна. 

Тиймээс Р.Раш гуайтай уулзан, Төмөр замын одоо, ирээдүйн талаар ярилцлаа. 

-Монголын төмөр зам эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, зарим ажилчдаа амрааж, цалингаа хүртэл унжих болсон тухай яриа дуулдах болжээ. Төмөр зам яагаад ийм байдалд орчихов оо? 
- Төмөр замын ажлыг нэг их дор орчихсон гэж хэлж болохгүй. Улсын албыг залгуулж л байгаа. Төмөр зам бол манай улсын эдийн засгийн гол өндөрлөгүүдийг холбодог газар, үүрэг роль нь дэндүү өндөр. Төмөр замчид бол халуунд халж, хүйтэнд хөрж сурсан хүмүүс. 

Ямартай ч улсын ажлыг урдаа тавьж, барагтай ажлыг нударгалж гүйцэтгэдэг уламжлалтай ард түмэн. Төмөр зам өөрөө шууд үйлдвэрлэл явуулдаггүй, гол ажил нь тээвэр. Ачаа бараа, зорчигчийг нэг цэгээс нөгөөд хүргэж өгнө, түүнээсээ орлого олж, төмөр замчдаа цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж бас нөхөн үйлдвэрлэл явуулна. Гэхдээ улс орны эдийн засгийн ерөнхий байдлаас шууд хамаарна шүү дээ. Тариф өндөртэй ачаа, тээвэр багасаад ирвэл сав нь аяндаа л дундраад ирдэг. Гол нь ачаа тээврийн ажил багасчихлаа. 

-Яагаад тээвэрлэлт багасчихав? 
- Янз янзын л шалтгаан бий. Өмнөд хөрш Ерөөгийн ачааг тааруухан аваад байх шиг. Тиймээс Замын-Үүд дээр төмрийн хүдрийн бөөгнөрөл, түгжрэл бий болчихож. Цэвэр валютын орлого оруулдаг транзит ачаа бас багассан. Тэгээд бусад төрлийн тээврүүд бүхэлдээ багасчээ. Гол төмөр замаар нүүрс мэтийн ачааг мэр сэр явуулдаг байсан нь одоо Хятадын тал авахаа болилоо. Энэ бүхнээс л шалтгаалж байгаа. 

-Төмөр замын ачаа тээвэрлэлт муудсан нь холбогдох байгууллагаас болоод байна уу, төр засгийн бодлогын алдаанаас шалтгаалаад байна уу? 
- Энд төмөр замаас өөрөөс нь болоод байгаа зүйл огт байхгүй. Харин бодлого дээр л эргэж харах юм нэлээдгүй байх юм. Ялангуяа улс хоорондын гадаад бодлого, хойд, урд хөрш. 
-Төмөр замчдын сахилга бат суларсан тухай яриа бас гарах болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
 - Сахилга бат сулраад, уяа оосор нь тасрах гэсэн зүйл байхгүй. Гэвч төмөр замчдын орлого, цалин, урамшил хумигдах янзтай болоод ирэхээр ажилчдын сэтгэл гэгэлзэж л таарна шүү дээ. Төмөр замын хөдөлмөр бол хүнд. 

Ээлжийн ажил гэхэд л шөнийн 04.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд ажиллахад нүд хорсоод байдаг юм шүү дээ. Энэ цагт адуу хүртэл үсэрч ойчдог юм. Төмөр замын дүрэм журмыг цусаар бичигдсэн дүрэм гэдэг. Сахилга батын зөрчил заримдаа дуулдаад байх юм. Ийм байдал зөвхөн одоо гарч байгаа хэрэг биш. Урьд нь ч мэр сэр байсан. Гэхдээ ажлын гологдол, зөрчил нэг гарахаараа ямаа ишиглэж буй юм шиг дуу дуугаа авалцаад байдаг тал бий. Үүнийг л их анхаарах ёстой. Аливаа зүйл ямар нэгэн учир шалтгаантай байдаг. Мөн нэг талаас нь харвал Төмөр зам вакум орчинд байгаа юм биш. 

Нийгэмд болохгүй байгаа бүхэн Төмөр зам дээр ямар нэг хэмжээгээр тусч таарна. Ер нь Төмөр замыг хожих гэсэн оролдлого энд тэндгүй дуулдах боллоо. Нийгэмд ч амиа хичээх, хувиа бөөцийлөх үзэл түгээмэл шинжтэй болжээ. Нийгэмд бол нэлээд тохиолдолд улсын ажил урсгалдаа маягтай, харин хувийнх нь дэргэдүүр нь амжаад байх жишээтэй. Төмөр зам үүнд хориг тавих хэрэгтэй. 

-Төмөр замчид цалин сайн авдаг гэсэн яриа бий. Гэвч сүүлийн үед төмөр замчдын цалин өсөөгүй, буурсан гэж яригдах юм билээ... 
- Дээхнэ үед төмөр замчдын цалин төрийн өмчит байгууллагуудын дотор Эрдэнэтийн дараагаар л ордог байсан. Тэр үе өөр юм даа. Би дээр хэлсэн шүү дээ. Тээвэр ихсээд ирвэл авдаг тав гурав нэмэгдэж таарна. Яалаа гэж Г.Сэрээнэндорж дарга замчдаасаа харамлаад суухав дээ. Ер нь бол төмөр замчдын цалин өндөр байх ёстой. Ажил нь тийм юм чинь. 

-Төмөр замын боловсон хүчний зарим томилгоон дээр асуудал үүсээд байх шиг санагддаг. Та үүнийг анзаарч яваа байлгүй ... 
- Тийм ээ, боловсон хүчний зарим нэг томилгоон дээр төмөр замчдын хэлээр "гологдол" гаргаад байх шиг харагддаг. Ийм байдал хөдөлмөрийн хамт олны дунд эвгүй уур амьсгал, жиг жуг яриаг бий болгодог шүү дээ. Сайн ажиллаж буй газар олон. Би саяхны нэгэн бүтэн сайн өдөр Замын хоёрдугаар ангиар орж, диспетчертэй нь уулзахдаа эмхэрдсэн товч шилбэ шиг л цэмцийж байхыг нь хараад төмөр замчдаараа бахархах сэтгэл төрж байлаа. 

Диспетчер нь ажлаа арван хуруу шигээ мэддэг. Гэтэл газар болгон бас ингэж ажиллаж чадахгүй байх шиг. Албан конторууд нь хаяг, дугаар байхгүй болохоор 00-ээрээ баримжаа хийж ярьдаг жишээтэй. Төмөр замын худалдаа гэхэд бэлэн унаатай, бэлэн салаа зам, агуулах савтай улсад нэртэй худалдааны байгууллага. Гэтэл яг төмөр замчдад харьцангуй хямд төсөр будаа, гурил, сахар, масло сэтгэл гаргаж, хүргэж өгч чадаж байгаа болов уу. Төмөр замын дэлгүүрийн дэргэд хувийн дэлгүүр ажиллуулаад байх нь зохимж муутай ч юм шиг. Орчин үеийн шаардлагад нийцэж л ажиллах хэрэгтэй. Манай төмөр замд бас зарим нэг долдой нөхдүүд байна аа, янз нь. Хоттой хониноосоо гаднын хүнд тэрийг нь ав, энийг нь гэх жишээтэй. Төмөр замын босго өндөр байх ёстой. 

Төмөр зам бол зүй ёсны монопольт газар. Гэхдээ тэглээ гээд улсын хяналтын гадна, хуулийн гадуур явна гэсэн үг биш. Энд тэндэхийн захиалга, дарамт шахалтаар шургалах хүмүүс олширч байгаа гэлцэх юм. Жинхэнэ ажлын шаардлага хангах хүмүүс бол яая гэх вэ. Гэхдээ манайхан ч өөрсдөө хариуцлага муутай хүмүүсийг авчихаад, түүнийгээ яам болон бусдаас болсон гээд сууж таарахгүй. 

Төмөр зам бол дүрэмч үйл ажиллагаа ноёрхдог цагийн графикт үйлдвэрлэл шүү. Саяхан Төмөр замын Санхүүгийн албаны дарга С.Я.Усольцева замын орлогч дарга болсон. Надтай утсаар ярихад би чадах болов уу гэж сэтгэл зовсон байдлаар ярьж байсан. Энэ бол хариуцлагаа ухамсарласан хүний үг. 

-Төмөр замыг шууд хариуцсан Зам, тээврийн яамыг ажлаа хийж чадахгүй хэрнээ, ажилд хэт хутгалдаад байна гэх яриа гарах болжээ... 
- Манай зарим нэг яам нь аж ахуйн нэгжийн ажил руу нэлээдгүй хутгалдах гээд байх шиг. Ер нь яамны түшмэдүүд гэдэг чинь жинхэнэ төрийн бодлого, бичиг баримтыг нягт нямбай боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байх учиртай төрийн гал тогооны хүмүүс. Тэд өндөр мэргэжилтэй, мэдлэгтэй, бас туршлагатай байх ёстой. 

Залуучууд ажиллалгүй л яахав. Энэ нь зүйн хэрэг. Гэхдээ хүн дөнгөж сургууль төгсөөд ирэхэд ногоон л юмнууд байдаг шүү дээ. Сургуульд бол ажил амьдрал, шинжлэх ухааны үндэс, баримжааг л заана. Яг ажлын нарийн ширийнийг хар бор амьдрал дээр л мэдэж авдаг. Гэтэл төрийн албаны туршлагатай хүмүүсийн тоо өнөөдөр цөөдөөд байх шиг харагдаж байна. Харьяа байгууллагадаа хяналт тавьж, зөвлөлгүй л яахав. Гэхдээ дутагдал хайсан, байцаасан, загнасан байдлаар ажиллах нь өнөөгийн яамны арга биш ээ. Төрийн яамны нэр хүндэд ч муугаар нөлөөлнө. 

-Сүүлийн үед төмөр замын 51 хувийг монголчууд эзэмших талаар их ярих болжээ. Гэтэл үнэндээ Монголын төмөр зам Оросын төмөр замын охин компани шиг болчихлоо гэх юм... 
- 51 хувийг авна гэхээсээ илүүтэйгээр одоогийн өөрийн 50 хувьдаа эзэн болохоо хичээх хэрэгтэй. Нийгэмлэгийн Ерөнхий хороо (ТУЗ) Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин Хувь нийлүүлэгчдийн хурал Улаанбаатар, Москва хоёрт ээлжилж, жил бүр хуралддаг номтой. Гэтэл сүүлийн үед Ерөнхий хорооны хурал ихэвчлэн хойд хөршид болоод байна. 

Улаанбаатар төмөр зам бол Оросын төмөр замын охин компани биш. Том жижиг л болохоос адилхан л компани. Яг хэрэг дээрээ бол Якунин, Сэрээнэндорж хоёр ижилхэн компанийн ерөнхий захирлууд байхгүй юу. Оросын төмөр зам том гэдгийг дэлхий мэднэ. Гэхдээ дүрмээрээ эрх тэнцүү байх зарчмыг л хадгалах ёстой. Одоогоос гурван жилийн өмнө хоёр тал тус бүр 125 сая ам.доллар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт нэмж оруулахаар тохиролцсон. 

Оросын тал манай яг загатнасан газар маажиж, хүндрэлтэй байсан зүтгүүрийн аж ахуйд 30 гаруй шинэ зүтгүүр нийлүүлээд Зүтгүүрийн аж ахуйг босгоод өгсөн. Тиймээс зүтгүүрээр бид нэг хэсэгтээ толгой өвдөхгүй болсон. Гэтэл манай тал одоо хүртэл энэ мөнгө хөрөнгөө оруулж чадаагүй. Саяхан ОХУ-ын Элчин сайд В.В.Самоленко манай Шадар сайдтай уулзахдаа энэ асуудлыг хөндөж тавьсан юм билээ. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудыг авч хэлэлцээд, энэ мөнгөний ихэнхийг нь Төмөр замын дохиоллыг бүрэн автомат системд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон шиг. Гэхдээ холимог систем юм аа даа. Бүрэн автомат хориглол нь нэг замтай төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг 20-25 хувиар нэмэгдүүлдэг номтой. Өртөө зөрлөгүүдийн замын тоог нэмэгдүүлэх, галт тэрэгний графикийг багцалж зурахаас өгсүүлээд иж бүрэн ажил хийгдэх ёстой. Үүнийг мэдэж, сайн тооцож байгаа гэж найдья.

Энэ талаар би өөрийнхөө саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт, хуулбарыг нь холбогдох яамдад хүргүүлсэн. Гэвч надад хариу ирээгүй. Олон захидал, санал дотор уншигдаагүй ч байж болох юм. 1950-аад оны эхээр хөдөөгийн орон нутгийн нэгэн дарга сум орныхоо зарим ажлын хүндрэл бэрхшээлийн талаар Улсын бага хурлын дарга Баярт бичээд, нэг бүрчлэн шийдүүлсэн түүх байдаг. Тэр үед улс орны ажил сайн явж байсан юм билээ. 

-Манайхан дотроо зөрчилдөөд, тогтворгүй байхаар Оросуудын давамгайлал үүсээд байна уу? 
- Дээр дооргүй бүгдээрээ ажлаа мэддэг, сайн л хийдэг байх хэрэгтэй. Хэл амаа ололцохгүй бол угаасаа л бусад хүмүүс давамгайлж таарна. Харин би орос ах нараа итгэж, хүндэтгэж явдаг хүн. 

-Төмөр замд хэдхэн жилд олон дарга солигдож, тогтворгүй байдал үүслээ. Энэ байгууллагыг олон жилийн турш удирдсан туршлагатай хүний хувьд та эргээд удирдаж болдоггүй юм уу. Тийм бодол танд бий юу? 
- УИХ-ын дараа Төмөр замын Ерөнхий хорооны Монголын талын гишүүн болчиход болохгүй юм үгүй л юм шиг санагдсан. Уг нь би чинь намчирхаад сүйд болдог хүн биш шүү дээ. Гэхдээ би засагт хийдгээ хийсэн эр хүн. Юм үе үеэрээ байдаг. Миний оюуны нөөц чадавхи, ажлын туршлага хэвээрээ байгаа шүү. 

-Та одоо яг ямар ажил эрхэлж байна вэ. Төмөр замтайгаа холбоотой ажил эрхэлж байна уу? 
- Би Төмөр зам хавиараа байгаа. Хэдийгээр Дундговь аймгаасаа УИХ-д сонгогдсон ч гишүүн байхдаа унаган хамт олонтойгоо хэлхээ харилцаа хэвээрээ байсан. Төмөр замын тээврийн тухай хуулийг санаачилж, хэлэлцэж, батлуулав. Төрөөс Төмөр замын талаар баримтлах бодлогыг боловсруулж, батлуулах ажлыг УИХ-аас гардан хариуцаж байлаа. Харин одоо хүчингүй болсон 1996 оны Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн зарим хэсгийг сэргээж, одоогийнхоо хуулинд нэмэлт болгомоор санагдаад байгаа. Энэ талаар хүмүүстэй санал солилцсон юм бий. Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийг УИХ-аас мордохынхоо бараг урд өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх байх гэж бодож байна. Ойр зуурын гадарлах юмнаасаа мэргэжлийн нөхөдтэйгээ хуваалцдаг. Төмөр замчдын мэргэжлийн холбооны ажлыг идэвхжүүлэх шаардлагатай байгаа. 

-Төмөр замыг таны удирдаж байх үед ингэтлээ их улстөржиж, ажил явуулахад хүндрэл бэрхшээл тарьдаг байсан уу? 
- Төмөр замд улстөрждөг юм огт байгаагүй. Ер нь Төмөр зам, Нисэх, Эрчим хүч зэрэг газарт улс төр огт хэрэггүй гэж би боддог. Эдгээр бол онцгой мэргэжлийн байгууллагууд. Төмөр замд ажиллаж байхдаа би найман Ерөнхий сайдын нүүрийг үзсэн. Нямдаваа, Сандалхаан, Зориг, Батхүү, Жигжид нар Дэд бүтцийн яамыг удирдаж байлаа. 

Бүгдтэй нь ажлаа сайхан зөвлөлдөж, дэмжлэгийг нь авдаг байсан. Талийгаач С.Зориг “Раш гуай, би таныг 1990 оноос хойш мэднэ. Хүндэтгэдэг. Та юун дээр яамны дэмжлэгийг авмаар байна, түүнийгээ л надад хэлээрэй” гэж байж билээ. Оросын талын хувь нийлүүлэгчид ялангуяа Г.М.Фадеев сайд Монголын төмөр замыг сэтгэлээсээ дэмжиж байсан. Тэр үед Төмөр зам ч бараг яам эрхтэй шахуу байсан даа. 

-Төмөр замын бүтцийг өөрчлөх тухай их яригдах болж. Бүтцийг өөрчлөхдөө сайжруулж чадах болов уу? 
- Төмөр замын эмнэлгийн зохион байгуулалтыг будилуулсан шигээ юм хийх юм бол хэрэггүй. Энэ чигээрээ байсан нь дээр. Хөдөөгийн олон сайхан эмнэлгээ үгүй хийж, Улаанбаатар хотын ганц эмнэлэгтээ бөгс эргэх зайгүй л шахам болж. Өнгөрсөн хойно нь хэлж буй юм биш шүү. Би өмнө нь үүнийг зөндөө сануулж хэлсээр байсан. Төмөр зам чинь их онцлогтой. Олон километр явж явж нэг точик, зөрлөг дээр очдог. Тэгээд тэнд амьдарч буй төмөр замчдадаа төмөр зам л худалдаа, эмнэлэг, цэцэрлэгээр үйлчлэхгүй бол тээр хол байгаа сумаас тусламж эрэх зовлонтой л доо. Сүүлийн үед компанийн нийгмийн хариуцлага гэж их яригдах болсон.

Энэ талын ажлаа сайтар нягтлах хэрэгтэй гэж бодох юм. Японд энэ чиглэлээр ихээхэн ярьж, бичдэг юм билээ. Зам, дэд бүтэц бол улсынх, харин зам дээгүүр явах тээврийн хэрэгсэл нь өмчийн ямар ч хэлбэрт хамаарч болно гэж үздэг байсан. Гэтэл өнөөдөр янз янз юм шиг. Орост төмөр замын вагоны паркийг түрээсээр өгсөн нь хүндрэлтэй л байх шиг. Саяхан Германы Төмөр замын ТУЗ-ын дарга манайд ирээд явлаа. Тэр хүний яриа ч гэсэн төмөр зам өөрөө улсын вагоны парктай байхгүй бол болдоггүй гэдгийг хэлсэн байсан. Тэгэхээр бид ч гэсэн үүнийг дахиад бодох хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хувийн зүтгүүр вагонууд аюулгүй байдлыг нь хангуулаад явж бололгүй яахав. 

- Германы Төмөр замын ТУЗ-ын дарга Монголд айлчлах үеэрээ Европ технологийн талаар, төмөр замыг шинэчлэх талаар багагүй зүйл ярьсан дуулдсан. Үүнийг та хэрхэн хүлээн авсан бэ, Монголын нөхцөлд нийцэхээр зүйл байсан уу? 
- Төмөр замын шинэ бүтээн байгуулалтад Герман гүрэн оролцох сонирхолтойгоо илэрхийлсэн нь туйлын сайн хэрэг. Яагаад гэвэл, дэлхийн хамгийн шилдэг техник, технологи манайд орж нэвтэрнэ гэсэн үг шүү дээ. Энэ утгаараа ч одоогийн Төмөр замтайгаа техник, технологийн дэвшлийн өрсөлдөөн бий болно гэж үзэж байна. Үүнээс Монголын Төмөр зам бүхэлдээ хожиж таарна. 

-Сүүлийн үед шинэ төмөр замын асуудал яригдаж, их өндөр авсан. Х.Баттулга, М.Энхсайхан хоёр нарийн, өргөн цариг ярьж байгаад нэг хэсэгтээ намжчихлаа. Одоо энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бэ? 
- Өмнийн бүс нутаг, тэр их ирээдүйн том эдийн засгийг төвтэйгээ төмөр замаар холбох зайлшгүй шаардлагатай. Зүүн бүс нутаг, Дорнодын их баялагийг төвтэй төмөр замаар мөн зайлшгүй холбох ёстой. Ингэж байж нэгдсэн сүлжээ маягтай болно. Тавантолгой орчмоос цаашаа явах төмөр замыг эдийн засгаа бодвол нарийн царигаар хийж болно. 

-Нарийн царигтай төмөр зам тавихаар Монголыг Хятадын өгөөш болоход улам дөхөм болгож, геополитикийн бодлого алдагдана гэж ярих юм билээ... 
- Геополитик гэдгийг бол хэдэн том гүрэн л мэдэж байгаа шүү дээ. В.Путин, Ши Жиньпин, Барак Обама гэсэн хэдхэн хүмүүс л үүнийг мэдэж байгаа биз. Гэхдээ энэ замд хүнд жингийн галт тэрэг явж таарна. Дор хаяхад 7, 8 мянган тонн ачаа авч явна. Австрали, Канад улс хүнд даацын тээврийн талаар илүү туршлагатай. Манай MCS-ийнхэн Австралид очиж туршлага судалсан дуулдсан. Тэр жил би Канадад ачааны галт тэрэгний толгойд суугаад явж үзэхэд 112 вагонтой байсан. Толгой нь уулын хормойд буучихаад байхад сүүл хэсэг нь хяр дээр явж байгаа харагдаж билээ. Мундаг систем шүү. 

Хэрвээ өргөн царигийн төмөр зам тавина гэвэл улс хоорондын тээвэр тул хилийн цаана шилжүүлэн ачилт хийх байх. Манайхан хилийн наана шилжүүлэн ачилт хийнэ гэж яриад л байх шиг. Яг хэрэг дээрээ тэгэхгүй л болов уу. Хилийн цаана шилжүүлэн ачна гэвэл Хятадуудад хөлсийг нь төлөх байх. Байгаль орчин гэвэл хилийн цаана л байх нь зөв. 

Харин нарийнаар тавина гэвэл манайх тэнд нүүрс тээврийн өөрийн паркийн вагонтой болох хэрэгтэй. Тэгээд нүүрсээ өөрсдийн вагоноор тээвэрлэвэл эдийн засгийн хувьд ихээхэн ашигтай болно. Хүний нутаг дээгүүр манай вагоны дугуй өнхөрнө гэдэг эх орондоо мөнгө авчирна л гэсэн үг. 

-Одоо шинэ төмөр зам, нарийн, өргөн царигтай төмөр замын асуудал эдийн засаг гэхээсээ улс төрийн асуудал болчихоод байх шиг... 
- Тийм ээ, улс төрийн асуудал болчихоод байгаа юм. Төмөр замаа, эдийн засгаа яг бодож байна уу, үгүй юу. Төмөр замыг хэнээр, хэрхэн хийлгэх талаар 14 төсөл явж буй юм билээ. “Өнөөдөр” сонинд барин тавин хэлсэн шүү дээ. Төмөр зам бол эдийн засаг, улс төрийн гадаад харилцааны чухал хэсэг. Ийм тодорхойгүй хачин байдал нь хойд, урд хөршүүдийн сэтгэлд юм хийхээс өөр юмгүй биз. 

-Одоо тэгээд өргөн, нарийн царигийн алийг нь Монгол сонгох гээд байна вэ? 
- Харин ингээд бүр олон нийтийн толгойг эргүүлчихээд байна. Ингэж өргөн, нарийн гэж хэрэлдээд байхын оронд Оростой хамтарсан чигээрээ хийчихье гэсэн нэг хувилбар би хэлсэн. Харин Тавантолгойгоос цааш нарийн царигаар тавьчихья гэж. 

-Бондоор их хэмжээний мөнгө оруулж ирчихээд одоо хүртэл Төмөр замын ажлаа хийхгүй байх шиг... 
- Ноднин хавар ул шороо энд тэнд нэлээн овоолсон дуулдсан. Гэхдээ энэ ул шороог тавихдаа ажлын зургаар биш баримжаагаар хийсэн гэж яригдаад байгаа. Уг нь төмөр замын шугам барих төсөл 100 жилийн магадлал дээр хийгддэг гэж номд байдаг шүү дээ. Ул шороог урьдчилаад зөв тавьсан бол сайн, дагтаршина. Тэгж чадсан бол сайн хэрэг. Гэхдээ тийм биш байх гэж бодож байна.

Р.Гэгээ 

2013.04.16

2014-11-28
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл