УИХ том уу, Засгийн газар том уу
Зохиогч: Д.ОЮУНЦЭЦЭГ
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009.05.15

Монголын төмөр замын салбарт Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалт хийгдэхээр яриа хэлэлцээр нь батлагдаж, эхнээсээ үйл ажиллагаа явуулж эхлээд байсан ч манай тал уг хөрөнгө оруулалтыг өөр салбар руу шилжүүлэх хүсэлт тавиад байгаа. Төмөр замд ашиглах ёстой байсан 188,3 сая ам.долларыг Америкийн тал өөр салбарт зарцуулахыг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ингээд бид доорхи асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

- Мянганы сорилтын сангийн гэрээг УИХ-аар соёрхон баталсан. Гэтэл Засгийн газар бие даан энэ шийдвэрийг цуцалжээ. Тэр байтугай Оросын төмөр замын нийгэмлэгийн дарга Якунин “Би үнэгүй юманд дургүй учир аваагүй” гэсэн хариулт өгч байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?


УИХ-ын гишүүн Д.Энхбат: Засгийн газар тэр тусмаа хэрэгжүүлэгч нэг агентлаг шийдвэр гаргаж өөрчлөх эрх байхгүй

-Миний бодлоор Мянганы хөгжлийн сорилын сангийн төслийг дөрөв, таван  жил ярьсан. УИХ-аар хэлэлцсэн, тэр байтугай хоёр улсын Ерөнхийлөгч нар хүртэл уулзаж тохиролцсон зүйл шүү дээ. Улаанбаатар төмөр зам бол Монгол Улсыг өмнөд, хойд хөрштэй холбосон геополитикийн хувьд хамгийн том обьектуудын нэг.  Үүнийг аудитын шалгалт хийх боломжгүй гэсэн техникийн үндэслэлээр хойш  тавина гэдэг Монголын гадаад бодлогод нэлээд томоохон өөрчлөлтүүд орох хандлага харагдаж байна гэж би бодож байгаа. Хэрвээ Монгол Улс Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг  аж ахуйн нэгжийнх нь хүрээнд 50 хувийг өмчилдөг юм аа гэж үзэхэд өнөөдөр Монгол Улс өөрөө аудит оруулах эрхтэй. Яагаад гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ямар ч аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын татварын хууль, аж ахуйн нэгж, компанийн хуулийн дагуу шалгуулах үүрэгтэй. Тийм учраас аудит оруулахгүй байна гэдэг шалтгаан өөрөө үндэслэл биш. Тэгэхлээр Оросын тал төмөр замд Америкийн хөрөнгө оруулахаас сэргийлж байгаа байж магадгүй. Гэхдээ бид өнөөдөр нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр дэлхий дээр зөвхөн Хятад, Монгол, Орос гурав байдаг цаг үе өнгөрсөн. Одоо бол дэлхий нээлттэй, Орост ч АНУ-ын хөрөнгө, АНУ-д ч Хятадын хөрөнгө, Монголд ч энэ хоёр улсын хөрөнгө бий. Тэгэхлээр энэ бол Монгол Улсын ирээдүйн стратегийн чухал ач холбогдолтой обьект гэж үзэж байгаа бол Монгол үүндээ хөрөнгө оруулаад өргөтгөх ёстой. Өөр зам байхгүй, эсэргүүцээгүй тохиолдолд Монгол Улс ямагт ийм хавчигдмал байдалд байх болно. Тийм учраас энэ Улаанбаатар төмөр замд Америкийн төдийгүй гадаадын өөр орны хөрөнгө оруулалтыг чөлөөтэй оруулах ёстой гэж бодож байгаа. Төмөр зам бол стратегийн обьект. Гэхдээ Улаанбаатар төмөр замын сүүлийн үеийн эдийн засгийн хөгжлийг харахад Монгол Улсын хөгжлийг хамгийн ихээр  хойш нь татаж байгаа дэд бүтэц.  Жишээ нь барилга асар ихээр баръя гэхэд материалаа татаж авч чадахгүй болчихож байгаа шүү дээ. Европ Азийг холбосон үйлчилгээ явуулъя гэж байна, гэтэл дотоодынхоо хэрэгцээг хангах үйлчилгээ явуулж чадахгүй байна. Тэгэхээр төмөр замыг өргөтгөх нь гарцаагүй. Үүнд хэрвээ Оросын тал хөрөнгө оруулахгүй байгаа бол Америкийн хөрөнгө оруулалтыг татах ёстой. Ямар нэг аргаар үүнийг хийх л ёстой.
-УИХ-аас баталсан хуулийг нэг ёсондоо Засгийн газар зөрччихлөө. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хуулийг нь УИХ-аар баталсан, үүнийг Засгийн газар тэр тусмаа хэрэгжүүлэгч нэг агентлаг шийдвэр гаргаж өөрчлөх эрх байхгүй ш дээ. Америкийн талд бичиг явуулсан гэж байгаа юм, би хэвлэлээс энэ тухай уншсан.  Үүнийг хэрэгжүүлэгч агентлагийн даргын бичгээр шийдэж болохгүй. Энэ асуудлыг УИХ-аар дахин хэлэлцэх юм уу, магадгүй бүр энэ төвшинд ярих ёстой. Яагаад гэвэл энэ бол аж ахуйн асуудал биш, Монгол Улсын хөгжлийн том асуудал.

Д.Оюунхорол (УИХ-ын гишүүн):

-Би яг одоохондоо ойлголтгүй байна. Тэгэхээр тодорхой байр суурь илэрхийлэх боломж алга.

Су.Батболд (УИХ-ын гишүүн):

-Бодвол УИХ дээр энэ асуудлыг ярилцах байх. Би хувьдаа гайхаад л байна. Холбогдох хүмүүсээс нь энэ талаар асуухаар тодорхой зүйл хэлэхгүй байгаа юм. Тэгэхээр эргэж ярих хэрэгтэй.

Д.Ганхуяг (УИХ-ын гишүүн):

-Тусгаар тогтносон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгж, компани Монгол Улсын хуулийн дагуу явах ёстой.

Нэг компани байна гэж жишээлье. Тэнд тусламж өгье гээд тухайн улс нь шийдчихсэн байхад хөрөнгө оруулагч тал нь үгүй гэснээр асуудал өөрөөр шийдэгддэг байж болох уу. Тэрхүү төслийн асуудлыг анх Засгийн газар санаачлан оруулж ирсэн шүү дээ. Тэр үедээ л хөрөнгө оруулагч ОХУ-ын талтай үүнийгээ хэлэлцэхгүй яасан юм бол оо.

Нөгөө талаас гэвэл Монгол Улс өөрийн асуудлаа бүрэн шийдэх статустай хэвээрээ байгаа. Хувийн, эсвэл  Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани ч бай ялгаагүй хууль, шийдвэрийг нь дагах ёстой байх. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад өнөө хэр элсээгүй, дэлхийн улс орнуудтай нэг хэлээр ярьж чадахгүй байгаа нь харамсалтай хэрэг л дээ. 

УИХ-аар дахин хэлэлцэх байх
О.Чулуунбат

-Энэ асуудлыг УИХ-аар дахин хэлэлцэх байх гэж бодож байна. Тэгсний дараа шийдвэрлэх болов уу. Одоохондоо энэ талаар тайлбар хиймээргүй байна. Учир нь эсэх асуудал яг таг шийдвэрлэгдчихсэн юм биш шүү дээ. Миний бодлоор бол энэ мөнгийг Засгийн газар хэрэгтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Яг ямар салбарт энэ мөнгө хэрэгтэй байгаагаа хууль тогтоох байгууллагадаа хандаж хүсэлт гаргах нь зөв байх. Дээрх мөнгөний талаарх асуудлыг дахин хэлэлцэх болохоор одоохондоо дэлгэрэнгүй тайлбар өгч чадахгүй нь.

Яагаад татгалзах болсон шалтгааныг нь судлах хэрэгтэй
Д.Арвин

-Би хөдөөгүүр явж байгаад ирсэн болохоор энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Хүн мөнгө өгьe гэж байхад яагаад татгалзах болсон шалтгааныг нь эхлээд судлах хэрэгтэй шүү дээ. Хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэрийг Засгийн газар яагаад цуцлах болсон нь цаанаа шалтгаантай байгаа биз дээ. Учир байдлыг нь судлаж үзьe.

Би сонгуулийн ажлаар хөдөө явж байна
Р.Буд

-Энэ асуудылн талаар би сайн мэдээлэлгүй байна. Сонгуулийн ажлаар хөдөө явж байгаа болохоор хариулт өгөх боломжгүй байна. Би одоо Сүхбаатар аймгийн Онгон сумд уулзалт хийгээд явж байна. Тийм болохоор дэлгэрэнгүй хариултыг өгч чадахгүй нь. Хотод очиж байгаад энэ мэдээлэлтэй танилцаад тэгээд тайлбар өгьe.

Э.Бат-Үүл:УИХ-ын шийдвэрийг хэн бугай ч биелүүлэх ёстой

-УИХ-ын гаргасан шийдвэрийг хэн бугай ч заавал биелүүлэх ёстой. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Уг нь манай улс чинь 1990 оноос хойш өөрөө өөрсдийнхөө толгойг хариуцдаг, бие даасан тусгаар эрхтэй, хууль тогтоох засаглалтай, түүнийхээ шийдвэрийг л дагаж мөрддөг тогтолцоотой улс болсон шүү дээ. Үүнийг ойлгодоггүй ганц нэг хүн байх шиг юм байгаа юм даа. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэх ёстой.

Ц.Баярсайхан: Засгийн газар дан ганцаараа нэг талын шахалтаар шийдсэн нь буруу

-Мянганы сорилтын сангийн төслийг би 4-5 жил ярьж байж өмнө нь яригдаж байсан төслүүдийг шинэчлэн оруулж ирсэн. Би хувьдаа төмөр замын төслийг ихэд дэмжиж байсан. Энэ бол УИХ-аар ёсчлон батлагдсан асуудал шүү дээ. Үүнийг Засгийн газар дан ганцаараа нэг талын шахалтаар шийдсэн нь буруу. УИХ энэ асуудлыг дахиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Төмөр замаас буцаагдсан хөрөнгийг өөр салбарт авч хэрэгжүүлж болох эсэх тухайд бол эхлээд яагаад буцаах болсон шалтгааныг нарийвчлан авч үзэж шаардлагатай болов уу гэж бодож байна.

 

2009-05-15
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл