Монгол Улс дахиад “ах”-ын ивээлд багтах уу?
Зохиогч: Д.ОЮУНЦЭЦЭГ
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009-05-18

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин өнгөрсөн долоо хоногийн дундуур Монголд хагас өдөр айлчлаад буцлаа. Гэхдээ айлчлалыг тойрсон дуулиан бүтэн долоо хоног зочлоод явснаас ч илүүтэй байна. Барууны ажиглагчид Орос-Монголын сүүлийн үеийн харилцааг ихээхэн анхааран харж буй аж. Хоёр орны хооронд удирдагчдын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж эрс ойртсон нь ийнхүү сонирхол татах болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр байсхийгээд л хойд хөршөө зорих болсон нь АНУ болоод барууны чигийг барьж 20 шахам жил хөгжсөн Монголын хувьд эргээд их “ах”-ынхаа ивээлд багтах тийш эргэснийг гэрчилж байна гэх хардлагыг төрүүлэх шалтгааныг өдөөжээ.

Нөгөө талаас оросууд ч АНУ-ын ашиг сонирхлын хүрээг бүс нутагтаа тэлэхгүйн тулд хөрш орнуудаа эргэж тойрч, стратегийн харилцаагаа сайжруулахыг сонирхох болжээ. Саяхан хил залгаа Япон, Монгол Улсад айлчлахдаа цөмийн эрчим хүч, ураныг энхийн зориулалтаар ашиглах талаар нэлээд өргөн цар хүрээнд ярьж тохиролцлоо. Үүний зэрэгцээ хөрш монголчууд дэлхийн хэмжээнд яригдах ашигт малтмалын томоохон орд газруудынхаа үүцийг нээхээр ид ярилцаж буй нь “ах”-ын баячуудын хорхойг хөдөлгөжээ. УБТЗ-ыг 50, 50 хувиар хамтран эзэмшдэг давуу талаа ашиглан Тавантолгойн нүүрсний орд тийш төмөр замыг өргөтгөх, хөндлөн чиглэлд төмөр зам тавих гээд нэн даруй шийдэх асуудал байгааг ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин хоёр талын Засгийн газрын комиссын хуралдаан дээр хэлсэн юм. Үүний цаана Монголын эрдэс баялгийн тодорхой хувь хэсгийг өөрийн болгох гэсэн Оросын тэрбумтнуудын ашиг сонирхол байгааг хойд хөршийн сайтуудад мэдээлжээ. Тавантолгой руу тавих төмөр зам, тэр орчмын дэд бүтцийг сайжруулахад долоон тэрбум ам.доллар гаргахаар Оросын Засгийн газар төлөвлөж буйг news.ru сайтад дурдсан байв. Оросын тал стратегийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд УБТЗ-д гадны нөлөө оруулахгүй байхыг чармайх болсны нэг илрэл нь тус салбарт АНУ-ын Мянганы сорилын сангаас оруулах байсан 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаас татгалзахыг шаардсан явдал юм. Хэдийгээр тус салбарт аудитын шалгалт хийлгэхгүй байх гэсэн нь их хэмжээний авилгыг нуун дарагдуулах гэсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн дуулианыг дэгдээгэд байгаа ч нөгөө талаас төмөр замд АНУ-ын нөлөөг тогтоохгүй байх эрмэлзэлийг илэрхийлсэн гэж ажиглагчид үзэж байна.

Америкийн буцалтгүй тусламжийн оронд Оросын тал УБТЗ-д зээл өгөхөө амлаж, долоон сая ам.долларын үнэтэй 1000 вагон өгөхдөө “үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэж Оросын төмөр замын дарга В.Якунин ёгтлоод авахаа ч мартсангүй. Сүүлийн 20 шахам жил хөрөнгө оруулаагүй, 1949 оны гэрээгээ ч шинэчлээгүй байж ийнхүү гэнэт төмөр замын салбарт өгөөмөр загнах болсон нь орос “ах”-ын ашиг сонирхол ашигт малтмал болоод төмөр замын салбарт төвлөрч байгаагийн илрэл гэхээс аргагүй.

Хэрэг дээрээ Оросын төмөр зам өдгөө тийм ч бэл бэнчинтэй биш байгаа. Энэ оны эхний улиралд л гэхэд эдийн засгийн хямралаас шалтгаалан үндсэн үйл ажиллагаанаас олдог орлого нь 10 хувиар унасан нь 2008 оны мөн үеийнхтэй харьцуулбал 233,5 тэрбум ам.доллараар доогуур байгаа юм. Компанийн цэвэр алдагдал 17,1 тэбум ам.даллараар хэмжигдэх болжээ. Ачаа эргэлтийн хэмжээ нь 2008 оны эхний улирлынхаас 27,1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Оросын төмөр замын нийт алдагдал 2009 оны дүнгээр 100 тэрбум рубльд хүрч болзошгүй гэсэн таагүй дүгнэлтийг ноён В.Путиныг манайд айлчлахаас наймхан хоногийн өмнө буюу энэ сарын 5-ны өдөр Оросын төмөр зам компанийн захирлуудын зөвлөлийн хуралдаан дээр зарлажээ. Хэдийгээр байдал иймэрхүү таагүй байгаа ч Оросын тал нэг хэсэг хөрөнгө оруулалтгүй зөнд нь орхиод байсан УБТЗ-ыг тордож эхэллээ.  

Монголын уран, нүүрсний баялгийн дийлэнхийг гартаа оруулж авах гэсэн эрмэлзэл нь ноён В.Путины айлчлалын үеэр тод харагдаж байв. Мах, махан бүтээгдэхүүн, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, дээд боловсролын салбар гээд бусад чиглэлд ч хамтын ажиллагаагаа өрнүүлнэ гэдгээ ОХУ-ын Засгийн газрын тэргүүн илэрхийлсэн юм.

Хуучин харилцаагаа бүхий л чиглэлд сэргээх гэсэн ОХУ-ын талын эрмэлзлийг харин гадаадын ажиглагчид бүс нутагтаа нөлөөгөө алдахгүй байхыг эрмэлзсэн Оросын их гүрний санаа гэж үзэж байна. Өмнө нь АНУ, ЗХУ гэсэн хоёр туйлд хуваагдаад байсан дэлхий ертөнц социализм задран унасан 1990 оноос хойш ганц АНУ гэсэн туйлд төвлөрсөн. Харин одоо ОХУ эргэж хүчирхэгжихийн хэрээр хуучны хоёр туйлт ертөнц рүү чиглүүлэх бодлогыг барих болсон гэсэн дүгнэлт ч байдаг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутагтаа нөлөөллөө хадгалах гэсэн ОХУ, БНХАУ-ын сонирхлоор байгуулсан гэдэг билээ. Манай улс энэ байгууллагад  2004 оны эхнээс ажиглагчийн статустай болж, сая В.Путиныг айлчлахад технологи, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхлоо Ерөнхий сайд С.Баяр илэрхийлсэн юм.

Ямар боловч “орос ах” Монгол дүүдээ анхаарч, эрдэс баялгаас нь хамтран эзэмших сонирхлоо илэрхийлж байна. Стратегийн түншлэлээ жинхэнэ утгаар нь хөгжүүлэх цаг ирснийг ч хэлнэ лээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн ид үеэр ирсэн ноён В.Путин хоёр нэр дэвшигчийн нэг буюу өнөөдөр үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхаад түүний дэлхийд нэртэй улстөрч болохыг магтаад явсан. Н.Энхбаяр бол маргаангүй Оросын талыг баримтлагч улстөрч. Тэрбээр дахин Ерөнхийлөгч болбол ОХУ-д хэрэгтэй. Харин Ц.Элбэгдорж бол АНУ-ын чигийг баригч. Ардчиллыг Монголд авчрагчдын нэг. Түүгээрээ ОХУ-тай эрх ашгийн зөрчил үүсгэж мэдэх лидер. Тиймдээ ч ноён В.Путин нэг нэр дэвшигчийг нь алгасч үлдээсэн биз.

“Монгол Улс Оросыг дагах чиг хандлагад орлоо” гэж гадны ажиглагчид хэлэх болсон нь оргүй үг биш бололтой.

2009-05-18
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл