В.Путиний айлчлалын хөшигний цаана буюу Оросын тэрбумтнуудын баялгийн төлөөх тэмцэл
Зохиогч: Д.ОЮУНЦЭЦЭГ
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009-05-14

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин хуучин цагийн “дүү”-гийндээ тал өдөр саатаад мордов. Хагас өдөр гэдэг айлчлалын хувьд чамлах хугацаа огт биш. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш 2005 оны өвөл манайд мөн л өдрийн хугаст үдлээд мордсон ч дэлхийн чихийг нааш нь дэлдийлгээд амжсан юм.

Айлчлал болгон л элэгсэг, найрсаг, дулаан, ахан дүүсэг гэсэн тодотголыг ардаа үлдээгээд өндөрлөдөг. Гэхдээ түүний хөшгийг сөхвөл торгоны араас өргөс ч гарч ирэх нь бий. Ноён В.Путины айлчлалыг ингэж хэлэх гэсэнгүй. Гэвч “орос ах” дүүгээ санаад аралын Японоос зорин ирж цай уугаад мордсон гэж ойлгож болохгүй юм. Түүнийг дагалдан ирсэн өндөр тушаалын эрхмүүд “ах”-ын санааг тодотгож байв. Тээвэр, төмөр зам, “Росатом”-ын тэргүүнүүд, эрдэс баялгийн салбарынхан “Бидний ашиг сонирхлын огтлолцол энд шүү” гэдгийг харуулж байсан гэж болно.

АНУ-аас авах Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаас татгалзуулан байж Монголын төмөр замыг өргөтгөхөөр айлчлалын үеэр ярилцлаа. Тээврийн сайд И.Е.Левитин “Төмөр замыг Тавантолгой тийш салаалах тохиролцоонд хүрсэн” хэмээн мэдэгдэв. “Оросын тэрбумтнууд Оросын төмөр замын дэмжлэгтэйгээр Монголын баялгийн төлөөх тэмцэлд бослоо” гэсэн нийтлэл хойд хөршийн нэг сайтад тавигдсан байсныг Тээврийн сайдын үг өөрийн эрхгүй сануулав. Бүр 2005-2006 оны үеэс О.Дерипаска, В.Вексельберг, А.Мордашов гээд Оросын нөлөө бүхий бизнесмэнүүд Монгол руу хараа бэлчээж, Их Монгол Улсын 800 жилийн ойд урилгаар оролцсон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн асан М.Фрадков “Тавантолгойг манайтай хуваахгүй бол санах юм бас бий” гэсэн хатуу үг хаяад мордсон нь дээрх нийтлэлийн санаа оргүй бишийг баталж байгаа юм. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов байсхийгээд л хуучин геологичоор ажиллаж байсан Монголдоо айлчилдаг, тэр тоолондоо айлчлалын хөтөлбөрөөс хэлтийн говь руу ухасхийгэд ирдэг, түүнийгээ “Монголоо санаад” гэсэн тайлбараар хаадаг билээ. Түүний цаана мөнөөх Тавантолгой байгаа гэдэгтэй маргахгүй биз.

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, өр ширийг эс тоон Оросын тэрбумтнууд өргөн цартай төслүүдийг шохоорхох сонирхлоо орхисонгүй. Түүний нэг нь хаяа залгаа Монголоос олдсон дэлхий энтэй Тавантолгойн нүүрсний орд. Гадаадын бусад орны баян компаниудаас урьтахад нь туслах түнш нь Оросын төмөр зам. Орос-Монголын хувь нийлүүлсэн УБТЗ-ыг жаахан өргөтгөхөд л Тавантолгой тийш ган зам зурайх юм. Японы Сумитомо, Иточу, АНУ-ын Пийбоди,  Хятадын Шинхуа, Бразилийн Вэйл, Швецарийн Xstrata,  бас дээр нь Рио Тинто. Монголын их баялгийг гаднын бусад өрсөлдөгчөөс урьтаж “саах” нь Оросын тэрбумтнуудын толгойн өвчин болжээ. Оросууд дангаараа хүчлээд бүтэлгүй болж мэдэх учраас В.Путин Японд айлчлангаа  Монголын нүүрс, зэсийг хамтран эзэмших санал тавьж, янзыг нь үзээд авч. Ер нь эдийн засгийн ашиг сонирхол нийлбэл Курилын арлуудын маргааныг найрсгаар шийдэж болохоо ч дурдаж.

 “Тавантолгойн орд Монголын өмнөд хэсэгт, Хятадын хилээс 250 км зайд оршдог. Нүүрсний нөөц 5-6 тэрбум тонн, 40 хувь нь коксжих нүүрс” гэж Оросууд тэмдэглэжээ. Монголын нутгаас нүүрс, зэс олборлох, ордуудын дэд бүтцийг хангах, зам тээврийн асуудлыг шийдэхэд долоон тэрбум ам.доллар хэрэгтэй. Мөн уран стратегийн ихээхэн сонирхол татаж байна. Үүнийг биелүүлээд ирвэл В.Путиний айлчлал “ок” гэжээ.  

Энэ бүгдийг айлчлалын үеэр ярилцсан. Цөмийн салбарт эрчимтэй хамтран ажиллах төслөө Ерөнхий сайдтай тохирсон. Одоо Оросын тэрбумтнууд төмөр замаа дөрөөлөн Монголын баялгийн төлөөх тэмцлээ эхлэхэд алхам урагш болжээ.

2009-05-14
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл