Дэд бүтцийг шийдэхгүйгээр монголчуудын мөрөөдөл биелэхгүй
Зохиогч: Г.Батзориг
Зохиогч: www.mining.mn
Хэвлэсэн он: 2012/03/12

Дэд бүтцийн асуудал хоолойн дээр тулахын учир

АМГ-аас гаргасан таацаар энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой хэмээсэн бол ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол Улс энэ онд 48 орчим сая тонн нүүрс олборлох тооцоо байгааг “Coal Mongolia-2012” чуулга уулзалт дээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дотоодын 10 сая тонн хүрэхгүй хэрэглээг хасч тооцвол 30 гаруй сая тонн нүүрс экспортлох боломж байгаа юм. Гэхдээ үүнтэй нэг зүйл зөрчилдөж байна. Монголын нүүрсний голлох олборлолт явагдаж буй өмнийн говьд урагш чиглэсэн нүүрсний ганц зам бий. Энэ бол “Энержи ресурс” компанийн тавьсан зам юм. Уг замаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Нэг үгээр хэлбэл, экспортлохоор зориод буй 30 гаруй сая тонн нүүрсний 60 орчим хувийг тээвэрлэх дэд бүтэц байна гэсэн үг. Үлдсэнийг нь шороон замаар тээвэрлэх асуудлыг энд хөндөж болох юм. Гэхдээ Ж.Бат-Эрдэнэ даргын хэлсэн нэг өгүүлбэрт анхаарлаа хандуулъя. Тэрбээр “Экспортод гаргах нүүрсний хэмжээг тухайн хилийн боомт болон авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг тооцсоны үндсэн дээр тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэйгээр гүйцэтгүүлнэ” хэмээн хэлсэн. Эндээс салбарын яам шороон замаар нүүрс тээвэрлэх асуудал дээр хатуу байр суурьтай хэвээр байгааг харж болно. Мэдээж БОАЖЯ шороон замаар тээвэрлэлт хийхийг эрс эсэргүүцэх нь ойлгомжтой. Тэгэхлээр энэ жилийн хувьд өмнийн говиос урагш чиглэсэн нүүрсний урсгал 18 сая тонн дээр очоод гацах нь ээ. Нүүрсний компаниуд дэд бүтцийн асуудлыг нэн яаралтай шийдэхийг Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд гуйж, учирлаж, хүсээд байгаа нь ийм учиртай.

Зөвхөн хувийн хэвшил гэлтгүй төрийн өмчит компанийн байдал ч хүнд болоод байна. Төсөв болон Хүний хөгжилд санд хөрөнгө мөнгө хуримтлуулж, Засгийн газрын үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлэх ёстой “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил Хятадын “Chalco” компанитай гэрээ байгуулж 250 сая ам.долларын урьдчилгаа аван, хариуд нь 70 ам.доллараар тодорхой хугацаанд нүүрс экспортлохоор болсныг иргэд санаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил тус компанид сая тонн нүүрс экспортлохоор болсон. Харамсалтай нь сая тонн нүүрс хангалттай олборлож чадсан боловч тал хувийг нь экспортолсон юм. Үүний учир шалтгааныг Б.Энэбиш дарга хилийн боомтын хүчин чадал хүрэлцээгүй, мөн дэд бүтцийн хүндрэлээс болоод 500 мянган тонныг экспортолсон хэмээн тайлбарласан. Тэгэхлээр дэд бүтцийн асуудал зөвхөн хувийн хэвшил бус төрийн өмчит компани, үүнээс улбаатайгаар улс орны эдийн засгийн өсөлт, нийгмийн амьжиргаатай холбогдож байна. Гэтэл дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд шийдэх ёстой төр засаг, түүнийг төлөөлсөн компани хувийн хэвшлийн дэд бүтцийг царайчлах дээрээ тулаад байна. Өөрөөр хэлбэл, тус компани “Энержи ресурс”-ын авто замаар энэ хавраас нүүрс тээвэрлэх хүсэлтээ хүргүүлсэн байна.

Дэд бүтцийн асуудлыг яагаад нэн яаралтай шийдэх ёстой вэ

Олон хүн уул уурхайн салбараас хэт хараат байх нь буруу, бусад салбарыг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлтийг бий болгон хэмээн халаглаж байгаа боловч хөгжилд хүрэх эхний гарц яах аргагүй уул уурхай байхаас өөр аргагүй. Үүнийг төр засаг уул уурхай эдийн засгийн тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлснээр баталгаажуулж байна. Уул уурхай дундаа нүүрсний салбар тэргүүлэх хандлагатай байгааг бид мэднэ. Үүнийг сүүлийн жилүүдэд эрс өссөн нүүрсний экспортоос харж болно. Тэгэхээр эндээс эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх гарц нь уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын өсөлт хэмээн харахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл, ҮХШХ-ноос тооцсоны дагуу арав орчим жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ одоогийнхоос 4-5 дахин өсч, 12 мянган ам.долларт хүрч, Азийн долоо дахь хүчирхэг эдийн засагтай орон болж дэвших ирээдүй уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын өсөлтөөс ихээхэн хамаарах бололтой. Хүн бүр сайхан ирээдүйг төсөөлөн хүлээлт үүссэнийг нуух юун. Тийм учраас уул уурхай, нүүрсний салбарт тулгараад буй дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь Монгол орны хөгжилтэй холбоотой асуудал болон хувирч байна.

Нөгөө талаас дэлхий нийт нүүрсээр цангах хандлагатай байгаа нь Монгол Улсын дэлхийн эрчим хүчний салбарт гүйцэтгэх үүргийг улам бүр өсгөж, басхүү томоохон боломжийг бий болгож байна. Тухайлбал, өнөөгийн байдлаар дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн 44 хувь нүүрсэнд оногдож байна. 2030 он гэхэд энэ тоо 45-50 хувь хүртэл өсөх аж. Ялангуяа, бидний хөрш, дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг дангаар залгидаг Хятад улсад нүүрсний эрэлт нэмэгдэх түм буман нөхцөл шалтгаанууд бий болж байна. Тухайлбал, өнгөрсөн жил тус улсын гангийн үйлдвэрлэл 9 хувиар өсчээ. Гангийн үйлдвэрлэл тус улсад ойрын таван жилд жил бүр 6 хувиар өсөх хандлагатай байна. Мөн урд хөршид 2017 он гэхэд 100-150 сая хүнийг хамруулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Мэдээж гангийн үйлдвэрлэл асар их хэмжээгээр өсөхийн хэрээр нүүрсний эрэлт тэр хэмжээгээр нэмэгдэх нь дамжиггүй. Тэгвэл нүүрсний асар их эрэлтийг дагасан энэ цаг үед Монгол Улс эрдэс баялгаа аль болох ашигтай хувилбараар борлуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээн борлуулах нь улсын хөгжилд чухал түлхэц болох юм. Гэхдээ нэмүү өртөг шингээх процесс нь өөрөө асар их хөрөнгө оруулалт шаарддагыг санах хэрэгтэй. Тэгвэл тэр их хөрөнгийг бий болгох чухал хөшүүрэг нь эхний ээлжинд түүхий нүүрсээ экспортлох байдлаар бүрдүүлэх явдал аж. Ингээд тодорхой хуримтлал үүсгэснээр нүүрсээ баяжуулж, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хөрөнгийн бололцоонууд нээгдэнэ. Энэ утгаараа нүүрсний экспорт улс орны эдийн засаг төдийгүй, компанийн чадавхид чухал нөлөө үзүүлэхээр байна. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийг нэн яаралтай шийдэх асуудал дахин сөхөгдөж байна.

Тээвэрлэлтийн өртгийг бууруулах хамгийн зөв сонголт төмөр зам

Манай коксжих нүүрсний ихэнх орд өмнөд бүсэд оршиж байна. Түүнчлэн, компаниуд нүүрсээ авто замаар тээвэрлэн Хятад улс руу борлуулж буй юм. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийн асуудлыг шийдэх үүднээс “Энержи ресурс” компани авто зам барьсныг дээр дурьдсан билээ. Мэдээж уг зам ачааллаа дийлэхгүй нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ хавраас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 235 км замын ажлыг эхлүүлж ирэх оны төгсгөл гэхэд ашиглалтад оруулна хэмээж байна. Энэ үед дэд бүтцийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэх ч нүүрсний экспорт тасралтгүй өсч байгаатай холбоотойгоор бэрхшээл бүрэн хэмжээгээр арилахгүй юм. Нөгөө талаас авто замаар тээвэрлэлт явуулах нь асар өндөр зардалтай. Тиймээс төмөр замын асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой хэмээж байна. Хувийн хэвшлийн компани урагш чиглэсэн төмөр зам барих төлөвлөгөөгөө бэлэн болгочихсон. Одоо зөвхөн УИХ-аас гарах шийдвэрийг хүлээж буй юм. Энэ талаар “Энержи ресурс” компанийн дэд ерөнхийлөгч Ч.Даваахүү “Хэрэв төмөр зам тавиад эхлэх юм бол “Эрдэнэс Тавантолгой” заавал зэрэгцээ зам тавих шаардлага байхгүй. Бид УИХ-аас шийдвэр хүлээж байна. Царигийн хувьд тодорхой шийдэл гаргах байх. Манайх стандарт цариг дээр суурилсан. Тиймээс УИХ-аас стандарт царигийг сонговол бидний ажил маш их хөнгөрнө. Өөрөөр хэлбэл, хил дээр дамжин ачих шаардлагагүй болох юм. Хэрэв нэмэлт ажилбар хийвэл тонн тутамд 3 ам.долларын өртөг нэмэгдэж гарна” хэмээсэн. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Коппа “Дэд бүтцийн салбарт дорвитой өөрчлөлт гаргахын тулд Хятадын хил рүү чиглэсэн дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Яг авч байгаа үед нь өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хандлага удаан хадгалагдах эсэхийг мэдэхгүй. Цагтаа уралдаж явах нь зүйтэй. Мөн тойроод Оросын алс дорнодын боомт руу нүүрс хүргэх боломж байна. Үүнийг төр засаг тэргүүлэх чиглэл хэмээн үзэж байгаа гэсэн. Гэхдээ логикиор бодож үзвэл өмнөд хил рүү нэлээн анхаарч, маш хурдан өөрчлөлтийг авчирах нь зүйтэй болов уу” хэмээж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хүсэл сонирхол, өнөөгийн нөхцөл байдлаас үүдэлтэй шаардлага хоёр урагш чиглэсэн төмөр зам барих гэсэн нэг цэг дээр уулзаж байна.

Харин төрийн зүгээс дараах тайлбарыг хийж байгаа юм. Төмөр замын газрын дэд дарга Л.Пүрэвбаатар “Шинэ төмөр замын хүрээнд эхний ээлжийн шатны төмөр замыг барьж байгуулах нь компаниудын хувьд чухал алхам болно. Засгийн газар өнөөгийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн 1, 2 дугаар шатны төмөр замыг зэрэг эхлүүлье гэсэн шийдвэр гаргасан. Царигийн хувьд стандартаар барих бол УИХ-аар дахиж орох асуудал байгаа. Харин 1520 мм өргөн царигаар барих бол замаа барьж эхлэх бололцоо бий. Нэгдүгээр шатанд Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна. Хоёрдугаар шат бол “Энержи ресурс”-ын барих гээд байгаа Тавантолгойгоос Гашуун сухайт руу чиглэсэн зам юм. Тавантолгой-Сайншанд руу чиглэсэн замын ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Тавантолгой”, Монголын төмөр зам төрийн өмчит компани хийж байгаа. Гэхдээ жилийн хугацаа алдлаа. Хугацаа алдаж байгаагаас болж нэгдүгээр шатны төмөр зам хойшлоод түүнтэй зэрэг эхлүүлэх ёстой “Энержи ресурс” компанийн төмөр замын ажлыг эхлүүлж чадахгүй байдалтай байна. Ерөнхийлөгч саяхан газар дээр нь очиж танилцаад ирсэн.  Чиглэл өгөх байх. Ямар ч байсан өмнийн говийн төмөр замын ажлыг энэ жилээс эхлүүлэх болов уу. Энэ жил бид ОХУ, Хятад улстай төмөр замын асуудлаар хэлэлцээр хийнэ. Аль хэсэгт төмөр замаа огтлуулах тухай ярих юм” хэмээсэн.

Төмөр замын ажлыг энэ хавраас эхлүүлэх байх хэмээн найдаж буйгаа “Эрдэнэс Тавантолгой”  компанийн удирдлагууд хэлж байна. Хэрэв энэ хавар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн тохиолдолд 2015-2016 он гэхэд ашиглалтад орсон байх аж. Уг нь Ашигт малтмалын газраас гаргасан таацаар 2014 он гэхэд нүүрсний олборлолт 53, экспорт 40 сая тонн, 2015 он гэхэд олборлолт 64, экспорт 50 сая тоннд хүрнэ. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний экспорт 2015 онд 15 сая тонныг давах тооцоо бий. Түүнчлэн, “Гоби Коал энд Энержи” компани гэхэд 2014 онд 3, 2015 онд 5 сая тонн нүүрс олборлох тухайгаа мэдэгдсэн бол 6,8 тэрбум тонны нөөцтэй Бөөрөлжүүтийн талаас энэ онд нүүрсний олборлолт эхлүүлж, экспортод гаргахаар төлөвлөсөн. Үүн дээр “Энержи ресурс”, “Мо Эн Ко” зэрэг компанийн олборлолтын төлөвлөгөөг нэмбэл нүүрсний экспорт 2015 он гэхэд 50 бүү хэл 60 сая тоннд хүрэх бололцоо байна.  АМГ-аас 2010 онд нүүрсний экспортын өсөлтийн төсөөлөл буюу таацыг гаргасан. Манай улс одоогоор тухайн жилд олборлож, экспортлох нүүрсний хэмжээг тэдэн тонн байна хэмээн яг таг төлөвлөж, бодлогоор зохицуулахгүй байгаа тул ерөнхийдөө энэ хандлагыг хувийн хэвшил тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил хэдий хэмжээний нүүрс олборлож гаргаж чадаж байна тэр дүнгээр Монгол Улсын нүүрсний экспорт хэмжигдэж буй юм. Тэгэхээр цаашид Ашигт малтмалын газраас гаргасан таацаар нүүрсний экспортын өсөлт үргэлжилнэ гэвэл өрөөсгөл болж мэдэхээр байна. Нэг үгээр хэлбэл, уг салбарт хөрөнгө оруулалт эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор олборлолтын хэмжээ одоогийн төлөвлөснөөс ч өндөр гарах магадлал байхыг үгүйсгэхгүй.

Ямар ч байсан олборлолт өсөх нь тодорхой. Магадгүй АМГ-аас гаргасан таацаас ч илүү байх боломжтой байгаа юм. Харин дотоодын нүүрсний хэрэглээ гавьтай өсөхгүй нь бололтой. АМГ-аас гаргасан таацаар дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2014 он гэхэд 13, 2015 онд 14 орчим сая тонн байх аж. Тэгэхээр үлдсэн нүүрсийг зайлшгүй экспортлох шаардлага тулгарч байна. Тиймээс олборлолт, экспортын өсөлтийг угтсан дэд бүтцийн асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлага улам бүр хоолойн дээр тулж байна.

Гурав дахь зах зээл рүү гарах зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ

Дэд бүтцийн асуудлыг хурдлуулахаас гадна үүнээс урьтаж нарийн төлөвлөж бодож тунгаах асуудал байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай нь үнэн ч долоо хэмжиж нэг огтлох зарчмыг баримтлах хэрэгтэйг мартаж болохгүй. Ялангуяа, гурав дахь ч зах зээл рүү чиглэсэн дэд бүтэц, нүүрсний экспорттой асуудлыг сайтар тунгааж, төлөвлөж шийдэх учиртай аж. Үндсэндээ бидэнд Орос, Хятад гэсэн гүрнээр дамжин гурав дахь ч зах зээл рүү гарах хоёр л гарц бий. Энэ нь тээвэрлэлтийн өртгөөс ихээхэн хамаарна. Тэгвэл “Энержи ресурс” компани туршилтын тээвэрлэлт хийхэд ОХУ-ын нутгаар дамжуулан гурав дахь ч зах зээл рүү нүүрсээ гаргахад тонн тутамд 170-190 ам.долларын өртөг гарсан байна. Харин Хятадаар дамжуулан Тяньжиний боомтод хүргэхэд 90 ам.долларын зардал гарчээ. Эндээс Оросоос илүү Хятадаар дамжуулан гурав дахь ч зах зээлд гарах нь өртгийн хувьд бага тусч байгааг харж болно.

Гэхдээ саяхан болсон олон улсын хурал дээр Хятадын Элчин сайд манай улсаас экспортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллаж, мөн манай улсын нэмүү өртөг шингээн борлуулах чиглэлийг дэмжих тухай илэрхийлсэн ч гурав дахь ч зах зээл рүү гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ямар ч үг унагаагүйг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хятадад ийм сонирхол байна уу үгүй юу гэдгийг эртнээс бодолцож үзэх шаардлагатай. Хоёр орны хувьд ч энэ чиглэлээр хамтарсан тодорхой шийдэлд хүрээгүй байна. Энэ нь гурав дахь ч зах зээл рүү нүүрс тээвэрлэх боломжийг эртнээс төлөвлөж, хөрш улстай зохих хэлцэлүүдийг хийж байх хэрэгтэйг сануулж байна. Харин ОХУ-ын хувьд нутгаараа дамжуулж манай улсын нүүрсийг тээвэрлэх сонирхолтой байна. Төрөөс ч энэ чиглэлд түлхүү анхаарч, хойд хөршөөр дамжин далайн боомтод хүрнэ хэмээн төлөвлөж байгаа юм. Гэхдээ их хэмжээний ачааг ОХУ-аар тээвэрлэн гурав дахь ч зах зээл рүү гаргана гэвэл хэд хэдэн бэрхшээлтэй тулгарах аж.

Юуны өмнө хүчин чадлын хувьд энэ нь боломж муутай аж. Яагаад гэвэл Оросын боомтуудын эзэмшлийн хувь орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшилд шилжсэн. Тэгэхээр бид Оросын төртэй бус хувийн компаниудтай гэрээ байгуулах асуудал тулгарахаар байна. Мэдээж хувийн хэвшил ашгийг эхэнд тавих магадлалтай. Нөгөө талаас ОХУ-аас манайд тээвэрлэлт дээр тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа нь хэзээ ч өөрчлөгдөж болно. Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар “Засгийн газар, Монголын төмөр зам гурав дахь ч зах зээл рүү Оросын нутгаар дамжаад гарчихана гэж тооцоолсон. Гэтэл бодит байдал дээр Дорнод аймгийн Эрээн цавын боомтоор Оросын нутаг руу гарах төмөр зам тээврийн зориулалттай гэхэд хэцүү. Жилд 10 сая тонноос илүү гаргах боломжгүй. Яагаад гэвэл дэр мод нь хуучирсан тул аюулгүй байдал талаас галт тэрэг 40 км цагаас илүү явдаггүй. Тэгэхээр бидний яриад байгаа 40-50 сая тонн нүүрс гаргах зорилт энд ирээд болохгүй болчихож байгаа юм” хэмээж байна.

Манай талаас дэр модыг шинэчилж болох ч Оросын талыг хэн хийх нь ойлгомжгүй байгаа аж. Үүнийг шийдэх нэг арга нь Нөмрөгөөс Рашаантын чиглэл рүү төмөр зам барьж болох аж. Гэхдээ уг асуудал УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороогүй. Шат шатны байгууллагаар орж шийдвэр гаргасаар байтал ихээхэн хугацаа алдана хэмээн үзэж байна. Урагш бичигтийн боомтоор гаргах хувилбар байгаа боловч Хятадын төмөр замын бодлогод үүнийг холбох ямар ч сонирхол алга байна хэмээн Б.Энхбаатар ярьж байна. Яагаад гэвэл тус улс энэ талаар ямар нэг зүйл төлөвлөөгүй байгаа юм. Гуравдугаар үе шатны босоо төмөр зам томоохон ордуудыг дайрахаар зураг төсөл хийгдсэн. Гэхдээ уг зам ойрын 5 жилийн төлөвлөгөөнд ороогүй. Өөрөөр хэлбэл, 2017 он хүртэл хүлээгдэнэ гэсэн үг. Иймээс гурав дахь ч зах зээл рүү гарах боломжийг нэлээн судалж, хийх шаардлагатай нь харагдаж байна. Тийм ч учраас нэгдүгээр шатны төмөр замын ажлаа эхлүүлж, хувийн хэвшлийг ажлаа эхлүүлэх боломжоор хангах хэрэгтэй хэмээж байна.

Дүгнэлт буюу бидний гарц

Эцэст нь дүгнэхэд хойш чиглэсэн төмөр замыг эхэлж тавих нь олон хэлбэрээр өндөр ач холбогдолтой боловч бид богино хугацаанд энэ зорилтыг биелүүлнэ гэхэд ихээхэн саад бэрхшээлтэй учирах төлөвтэй байна. Хэдийгээр Оросын талаас дэмжлэг үзүүлнэ хэмээж байгаа ч бид асар их замыг туулах шаардлагатайг санах хэрэгтэй.  Мөн Оросын төр хийгээд хувийн хэвшилтэй харилцан ашигтай байдлаар ойлголцож, тохиролцож чадах уу гэдгийг ч бодолцож үзэх учиртай. Үүн дээр зөвхөн манай улс гэлтгүй Оросын төмөр замын салбартаа хийх хөрөнгө оруулалтын асуудал ч чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй болохыг дээр дурьдсан. Тэгэхээр бидний Оросын нутгаар дамжаад далайн боомтод хүрчихэнэ гэсэн зорилт тийм ч амар биелэхгүй бололтой. Харин үүнтэй зэрэгцээд нүүрсний салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт асар ихээр нэмэгдэж, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар олборлолтын өсөлтийн дүн жил бус сараар хэмжигдэж байна. Нэгэнт эрсдэл үүрээд хөрөнгөө оруулаад ирчихсэн компанийг бид нүүрсний салбараас гар, эсвэл дэд бүтэц бий болтол эрсдэлээ үүрээд байж бай хэмээвэл Монголыг сонирхох дараа дараагийн хөрөнгө оруулагчид дүрвэж мэднэ. Нөгөө талд экспортыг нэмэгдүүлж байж эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлэх юм. Мөн хуримтлалыг үүгээр бий болгоно. Тиймээс дэд бүтцийн асуудлыг шийдэх нь төрийн хувьд нэн чухал болж байна. Харамсалтай нь хойш чиглэсэн төмөр зам хэзээ бодит биелэл болохыг яг таг хэлэх боломжгүй байгаа. Ингэхлээр өнөөгийн түвшинд ганц сонголт тунан үлдэж байгаа нь “Энержи ресурс”-ын барих гэж зүтгээд байгаа урагш чиглэсэн төмөр зам болж байна. Тиймээс нэг, хоёрдугаар шатны төмөр замын ажлыг зэрэг эхлүүлэх явдал туйлын чухал болон хувирч байна. Харамсалтай нь төрийн шийдвэр гаргах хурд маш удаан байна. Үүнийг Ерөнхийлөгчийн түвшинд ч хүлээн зөвшөөрч шүүмжилж буй юм. Тэрбээр саяхан болсон эдийн засгийн форумын дараа “Бид өнгөрсөн жил уул уурхайн салбарыг голчлон ярьж байсан. Тэр дундаа төмөр замын талаар нэлээд ярьсан. Гэтэл одоо болтол шийдэгдээгүй байна” хэмээсэн. Тэгвэл форумын үеэр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Төрийн шийдвэр гаргах хурд туйлын удаан” хэмээн тодорхойлсон юм. Гол нь үүний цаана маш олон боломж урсан өнгөрсөөр байгааг сануулсан.

2012-03-12
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл