Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан
Зохиогч: Л.Болормаа
Хэвлэсэн он: 2009

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан

Даваа, 11 сарын 23, 2009

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хуралдвал Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ гаргалаа хэмээн олон нийт ойлгож ирсэн. Харин өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Төрийн ордонд болсон хуралдааныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хэлбэрийн зохион байгуулалт гэж үзэж болно. Гол нь энэхүү хуралдаанаар онц чухал асуудлууд хэлэлцсэн билээ.


УИХ энэ онд багтаан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг тодорхойлох гэж байна. Өөрөөр хэлбэл, бодлого гарсны дараа Тавантолгойн орд газраас татах төмөр замын шинэ шугамуудын талаарх зарчмын байр суурь тодорхой болно. Төмөр замын чиглэлүүд дээр Монголын төр нэгдсэн бодлогоо зарлана гэдэг нь Тавантолгойн орд газрын тендерийн хоёрдугаар шалгаруулалт хийх үндсэн бэлтгэл хангагдана гэсэн үг. Төмөр замын ямар шинэ чиглэлүүд байж болох тухайд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Байнгын хороодын дарга нар, сайд нарын түвшинд санал солилцох уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон юм. Мөн өдрийн хуралдаанаар арилжааны банкууд унаж эхэлсэн талаарх ноцтой асуудлыг ч хэлэлцсэн. Хэлэлцсэн хоёр асуудал Монгол улсын геополитик, гео эдийн засагтай нягт уялдаатай байлаа.


Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсад гадаадын өндөр албаны эрхмүүд морилон саатсан жагсаалт маш урт болжээ. Мөн л сүүлийн ганц жилийн дотор Монгол нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гадаадын улс орны санхүүжилттэй төслийн нэрс сунайсан эд болов. ОХУ, Хятад, Япон, БНСУ, АНУ, Энэтхэг, Герман, Их Британи, Франц улсын хувийн хэвшлийнхэн их, бага хэмжээгээр манай улсад үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Төр, засгийн өндөр албаны хүмүүс нь Монгол нутагт морилон саатаж, компаниуддаа улс төрийн дэмжлэг үзүүлжээ. Энэ их идэвхжилийг дагаад, элдэв төсөл хөтөлбөр олноороо хэрэгжиж эхэллээ. Нэг үгээр, гадаад ертөнц Монголын уул уурхайн салбарт орж ажиллахаар зүтгэж байна. Харин өдийг хүртэл Монголын төр ирсэн саналуудыг дипломат ёсоор таатай хүлээн авч, хүрэн бор хавтсанд цуглуулаад суусан юм. Одоо бодлогоо зарлах цаг нэгэнт иржээ.


ОХУ

Эрс идэвхжилийг энэ хугацаанд оросууд үзүүлжээ. 2008 оны арванхоёрдугаар сарын цасан ширхэгтэй зэргэцүүлэн Оросын тал төмөр замын сэдвээр тун чиг олон санал санаачлага манайд дэвшүүлэв. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг транзит ачаагүй сууж, алдагдалд орж эхэлсэн тэр өдрүүдэд оросууд манай талд төмөр замын хамтарсан шинэ компани байгуулах саналаа тавьсан юм. “Дэд бүтцийн хөгжил” нэртэй уг компани богино хугацаанд эмхлэн байгуулагдлаа. 50,50 хувийн эзэмшилтэй байхаар тогтсон аж. “Аж” гэхийн учир нь асуудал түргэн шуурхай шийдлүүдээ олж байлаа. Захирлаар нь В.Морозов томилогджээ. “Махны” Морозовын талаар манай хэвлэлүүд мөн ч их бичсэн дээ. Яагаад монгол захирал томилогдоогүй юм бол хэмээн эргэлзэх цаг ч гарсангүй, “Дэд бүтцийн хөгжил” компани Монгол улсын аж ахуйн нэгжийн бүртгэлд данстай, эрх зүйн этгээд болов. Удирдах бүрэлдэхүүнд нь Москвад Элчин сайд байсан Л.Хангай, төмөр замын салбарт олон жил ажилласан А.Батболд нар багтав. Төдөлгүй том төслүүд зарлагдаж эхлэв. Тавантолгойгоос Сайншанд хүртэл татах төмөр замын зураг макет гарч, “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В. Якунин төслийг хэрэгжүүлэх санхүүжилт хайж эхэлсэн юм. Улаанбаатарт аравдугаар сарын дундуур олон улсын хурал зохион байгууллаа. Монгол дахь дипломат корпусынхан, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг бүгдийг урьжээ. Оросын телевизээр В.Якунин Монгол дахь төслийнхөө талаар зураг хөрөг үзүүлэн ярилаа. “Монголчууд ашигт малтмалаа түүхийгээр нь зөөх гээд байна. Тэгвэл алдаа болно шүү” гэв. Энэ бүх идэвхтэй үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Холбооны зөвлөлийн даргын хэмжээний айлчлалаар ганц жилийн дотор бататган, улмаар лавшруулан дэмжлээ.

Монгол улс ашигт малтмалын бүтээгдэхүүнээрээ нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулах том төлөвлөгөөгөө энэ хугацаанд бас зарласан юм. Харин В. Якунины монголчуудад өгөх заавар зөвлөгөө хэтрээд эхлэх үест “Манай улс Сайншандад байгуулах аж үйлдвэрийн цогцолбортоо зориулан дэд бүтцийн бодлогоо бие даан тодорхойлох гэж байна уу, эсвэл В. Якунины барих төмөр замын шинэ шугаманд зориулан үйлдвэрлэлийн цогцолбор босгох гэж байгаа хэрэг үү” гэсэн асуулт аяндаа төрөх боллоо. Манай улсад төмөр замын аль болох олон гарц хэрэгтэй. Орос, Хятадын нутгаар аль алинаар нь бүтээгдэхүүн нэвтрэх боломжит бүх хувилбар Монгол улсын эдийн засагт өгөөж өгнө. Гэтэл яагаад Оросын телевизээр В.Якунин өөрийнхөө төслөөс бусад Монгол нутагт тавьж болох төмөр замын шинэ гарцуудыг үгүйсгэж байна вэ? Энэ бүхнээс хэрвээ “Оросын төмөр зам”-ын төслийг Монголын төр, засаг түрүүлж дэмжихгүй бол “Улаанбаатар төмөр зам”-ын өр шир нимгэрэхгүй байх вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна. Орос, Хятадын транзит ачаагүй бол “Улаанбаатар төмөр зам” санхүүгийн гүн хямралд ордгийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид харсан.

 “Оросын төмөр зам” төсөлдөө Хятадын Төмөр замын яамыг татан оролцуулахыг хичээж байгаа. Замын-Үүд-Эрээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд туслаач ээ гэсэн хүсэлтийг ноён Якунин Хятадын талд эвтэйхэн тавьсаар байгаа ба хариуд нь хятадууд Эрээн-Жинин чиглэлийн төмөр замын ачаалал гамшиг болтлоо нэмэгдсэнийг тайлбарлажээ. Монголын дотоодын импорт, дээр нь Орос, Европын транзит ачааг нэвтрүүлэхэд үнэндээ одоо ч Замын-Үүд-Эрээний боомтын хувьд маш хүнд байгаа юм. Хятадын төв болоод баруун хойд бүс нутагт аж үйлдвэржилт нэмэгдэх тусам Эрээн-Жининий төмөр замын жилийн төлөвлөлтөд багтаж ачаа тээвэрлэнэ гэдэг Хятадын дотоодын компаниудад ч бэрхшээлтэй болжээ. Ийм нөхцөлд Тавантолгойн нүүрсийг Эрээнээр зөөвөрлөх санааг хятадууд дэмжих нь эргэлзээтэй.   

Монгол улс ОХУ-аас төмөр замын ачаа тээвэр, нефть бүтээгдэхүүний импортын хараат байдалд байна. Эдгээрийн дээр манай махны болон банкны салбар Оросын бизнесмэнүүдийн жинтэй оролцоотой болж эхэлж байна.


Хятад

Хятад улс Монголын бөөний болон жижиглэнгийн худалдаа, хүнсний зах зээлд давамгайлсаар байна. Малын гаралтай түүхий эдийн зах зээлийг гартаа оруулсан. Үүний дээр төмрийн хүдрийн цөөнгүй орд газрын лицензийг хятадууд авчээ. Одоо Монголын нүүрсний салбарт хяналт тавихыг санаархаж байгаа боловч хэдэн жилийн өмнөх шигээ тэд задгай арилжаа наймаа хийх аргагүй болсон. Мэргэжлийн хяналт, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа нь Хятадын бүдүүлэг арилжаа наймааг орон нутагт нэмж газар авахуулахгүй байна. Түүнчлэн Монголын төр хилийн боомтууддаа анхаарал тавьж эхэлсэн нь нүүрсийг Хятад руу дураар тээвэрлэх аргагүй болгож байгаа юм. Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги боомтыг бэхжүүлэх асуудлыг Засгийн газар зургадугаар сард хэлэлцсэн ба тухайн үед тодорхой шийдвэр гаргаж чадаагүй юм. Боомтуудаа чадавхжуулах уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй дахин хэлэлцэх гэж байна.


Ямар ч байсан Хятадын тал Тавантолгойн коксжих нүүрсний том хэрэглэгч болохын хувьд Өвөрмонголын газар нутагт төмөр замын хөндлөн шугамаа татаж бэлэн болгожээ. Энэхүү шугамыг Линхен төмөр зам гэх агаад Хятадын Төмөр замын яамны мэдлийн эд. Монголын хилээс гадагш 200 орчим километрт паралель байрлалтай татжээ. Өөрөөр хэлбэл, энэ хөндлөн шугаманд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүдийн боомтоос ачаа бүтээгдэхүүн тээвэрлэж болохуйц ирээдүйг харж байгуулжээ. Нөгөө талаас, Хятадын хойд нутаг дахь нүүрсний уурхайн бүтээгдэхүүнийг зөөвөрлөх боломжтойгоор Линхен төмөр замыг байгуулсан юм. Улмаар нүүрсийг Бугатын гангийн үйлдвэр, Шанси мужид төвлөрсөн гангийн үйлдвэрүүдэд хүргэх зорилгоор тэрхүү урт шугамыг татсан. Одоо хятадууд Линхегээс уртааш чиглэлд буюу Тавантолгой тийш төмөр замын шинэ шугам тавихаар төлөвлөж байна. Энэ замыг “Шенхуа” групп барих уу, эсвэл Хятадын Төмөр замын яам хариуцах уу гэдэг нь тодорхойгүй. Тавантолгой орд газрын тендерт “Шенхуа” групп орж чадах эсэхээс төмөр замын шинэ чиглэлийн эзэн тодорхой болох бололтой.


Хятад улсын төр, засгаас сүүлийн үед баримталж буй нэг бодлого бол дэд бүтцэд нь хөрөнгө оруулж буй тухайн орд газрынхаа лицензийн тодорхой хувийг худалдаж авахыг оролддог болсон. Африкийн улс орнуудад ашигт малтмалын ордын лиценз авч, үүнийхээ хажуугаар дэд бүтцэд нь хөрөнгө хаяж байгаа туршлагаа Монголд ч хэрэгжүүлэхийг санаархах буй за. Энэ асуудал нь Тавантолгойн ордын тендер шалгаруулалтын үед анхаарах ёстой нэг сэдэв мөн.


Өөр нэг том хүчин зүйл нь Тавантолгойн баяжуулсан нүүрсний хамгийн том зах зээл Хятад. Нүүрс ухдаг дэлхийн бүх улс орон чухамдаа Хятад руу ачаагаа хаа холоос тээвэрлэж байгаа бол Монгол хамгийн ойр орших ашигтай байрлалтай. Энэ бол манай улсын харьцангуй давуу тал. Хятадууд Австралиас авдаг баяжуулсан нүүрснийхээ хэмжээг 2009 онд эрс нэмэгдүүлсэн. Австраличууд ч угаасан нүүрсээ Хятадын эх газар тийш усан онгоцоор ум хумгүй зөөсөөр байна. Ингэхэд Австрали улс өдий болтол яагаад коксын ганц ч үйлдвэр нутагтаа байгуулсангүй вэ? Тавантолгойн ордынх лугаа сайн чанарын нүүрсээ Азийн зах зээл рүү зөвхөн угаасан байдлаар экспортолдгийнх нь учир юу юм бол? Энэ наймаа Австралид маш их ашиг авчирдаг. Тэд дэлхийн зах зээлд нийлүүлж буй сайн чанарын нүүрсний талыг гаргадаг улс шүү дээ. Харин одоо Австралид Монгол хэмээх шинэ өрсөлдөгч гарч ирээд байна. Үүнийгээ ч тэд нуугаагүй. Эндээс, угаасан нүүрсний зах зээл ба коксын зах зээл, арилжааны ашиг, үр өгөөжийг манай улс харьцуулан дахин дахин тооцоолох нь зүйтэй мэт санагдана. Дэлхийн хэмжээний өрсөлдөөнд судалгаа тооцоо сайтай оролцох ёстой.


Хятадуудын төлөвлөж байгаа өөр том төсөл бол Шивээ-Овоогийн эрчим хүчний нүүрсэнд тулгуурласан цахилгаан станц байгуулах явдал. Уг ажлыг Монгол-Хятадын Засгийн газрын түвшинд үндсэндээ шийдсэн ба одоо гагцхүү манай тал нүүрсний үнийг арилжааны нөхцөлд шилжүүлсэн тохиолдолд төсөл хэрэгжинэ. Хятадын Засгийн газраас манай улсад өгөөд байсан хөнгөлөлттэй зээлүүдийг чухамдаа энэ төсөлдөө шингээх бодол өмнөд хөршид бий. Манай бодлогын хувьд Шивээ-Овоогийн станцын үйлдвэрлэх эрчмээр Сайншандын үйлдвэрлэлийн цогцолборын хэрэгцээг хангах давхар бодол бий байх. Мэдээж хятадууд илүү гарсан эрчмийг хойд нутгийнхаа цахилгааны хэрэгцээнд ашиглана. Хятадын баруун хойд нутгуудад эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаа. Монгол улсын эрчим хүчний салбарт нэлээдгүй үүрэг гүйцэтгэх сонирхол Хятадын талд бий. Тэрхүү сонирхол нь Улаанбаатарт байгуулна хэмээн урьдчилан төлөвлөөд байгаа Дулааны тавдугаар станцын эхний тендерт хятадууд ганцаараа орсноос харагддаг. Өрсөлдөгчгүй тендер гэж яаж байхав. Эхний тендер цуцлагдсан. Тавдугаар станцын тендерийг 2010 оны хоёрдугаар улиралд дахин зарлах юм. 400 сая ам. долларын өртөгтэй төсөл гэсэн. Ямар ч байсан эрчим хүчний салбартаа манай улс Хятадаас хараат бус байхыг эрмэлзэх ёстой. Хятад улсаас хараат салбар эдийн засагт маань дэндүү олон байна.  


Япон

Япон улс Монголтой ураны салбарт хамтран ажиллах сонирхолтой. Тодруулбал, Оростой ураны салбарт хамтран ажиллах томоохон төслийнх нь нэг хэсэг бид болсон. Хамтран ажилласныхаа хариуд Япон улс Монголоос хонины мах экспортлох тохиролцоо бий. Өөрөөр хэлбэл, Монголд өртгөө нөхөх найдвартай салбар нь мал аж ахуй гэж тэд үзсэн юм. Япончуудын дунд сүүлийн үед хонины махны хэрэглээ нэлээд нэмэгджээ. Жамц давс бол тэнд бүр ховор бараа болох гээд байгаа. Байгалийн гаралтай цэвэр хүнс, эрдэс бүхий бүтээгдэхүүн хөгжингүй улсуудын зах зээлд үнэд орж байгаа хандлага юм, энэ нь. Япончууд эрэлт хэрэгцээгээ хангахын тулд монгол малыг эрүүлжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлж эхэллээ. Манай Хөдөө аж ахуйн их сургуультай ид хамтран ажиллаж байна. Жайка байгууллага Хүнс, хөдөө аж ахуйн яаманд төсөл хэрэгжүүлээд эхэлжээ. Мах тээвэрлэх асуудлыг ч алсын хараатай түнш маань тооцоолсон байх юм. Хөшигтийн хөндийд байгуулах нисэх буудлаас ачааны онгоцоор тээвэрлэлт хийж болно хэмээн Японы мэргэжилтэн ярилаа. Одоохондоо жаахан ойлгомжгүй л санагдсан.


Япончуудын өөр нэг сонирхож буй салбар банк. Монголын банк санхүүгийн салбарт түлхүү нэвтрэх бодолтой байгаа бололтой. Төрийн мэдлийн Хөгжлийн банк байгуулна гэсэн манай Засгийн газрын шийдвэр гарсан. Энэхүү банкинд япончууд хөрөнгө оруулах санаатай байна. Мөн уг банкийг байгуулах явцад бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх аж. Эдүгээ япон эзэнтэй ХААН банк Монголын санхүүгийн зах зээлд нөлөөгөө бэхжүүлээд байна. Үүний хажуугаар, Монголын компани менежментийг нь хариуцдаг, Орос эзэнтэй Хадгаламж банк хот, хөдөөд цөөнгүй салбартай. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 16 банкны нийт 2000 салбар байдаг ба эдний дийлэнх нь ХААН, Хадгаламж, Монгол шуудан банкинд харъяалагддаг. Тэгэхээр хот, хөдөөд хамгийн олон салбартай банкууд гадаад эздийн мэдэлд очсоныг эндээс харж болно.

БНСУ

Тавантолгойн ордын тендерт оролцъё гэсэн хүсэлтээ Монголын төр, засагт албан ёсоор хамгийн түрүүнд илэрхийлсэн улс бол солонгосчууд. Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын тэргүүлэх 11 компани төрийнхөө оролцоо дэмжлэгтэйгээр Тавантолгойн орд газрын тендерт оролцох сонирхолтой байгаагаа мэдэгдсэн юм. Бүр зураг төслөө үзүүлж байгаад танилцуулга хийсэн. Ашигт малтмал олборлосон үүх түүх байхгүй солонгосчууд Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр замын бүтээн байгуулалтад санхүүжилт гаргахад бэлэн байна. Улмаар коксжих нүүрс манайхаас авах хүсэлтэй. Энэ төсөлдөө оросуудтай хамтрахаар эртнээс тохиролцжээ. Оросуудад төмөр зам байгуулах туршлага, солонгосуудад мөнгө нь байгаа. ОХУ, БНСУ нь зөвхөн Тавантолгойг хараад зүгээр суусангүй. Саявтар нүүрсний орд газар ашиглах бас нэг томоохон төсөл дээр хамтарч ажиллахаар шийдвэрлэжээ.

Солонгосын компаниуд Монголын хөрөнгийн зах зээлийг нэлээд сонирхож байна. БНСУ-ын үнэт цаасны цөөнгүй компани манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн ба ашигт малтмалын орд газрын хувьцаа арилжих ирээдүй бий хэмээн тооцоолж байгаа бололтой. Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг, төрийн мэдлийн “Миреко” компани Монголд үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна. Ер нь ойрын үед БНСУ-ын талаас манай улсад, төрөл бүрийн салбарт цөөнгүй төсөл хэрэгжүүлэх бололтой. Койка байгууллагаараа дамжуулан идэвхтэй ажиллах төлөвтэй. Түүнчлэн, манай улсын үйлчилгээний салбарт БНСУ-ын компаниудын хөрөнгө оруулалт орж ирсээр байна.

Герман

Уул уурхайн техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч Германы компаниуд манай улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Техник, технологийн чиглэлээр Герман улстай ийнхүү ойртон ажиллах нь бидэнд нэн таатай бөгөөд ийм хамтын ажиллагааны эхлэлд Монгол улсын Ерөнхий сайдын Герман улсад гуравдугаар сард хийсэн айлчлал нэлээд түлхэц өгсөн билээ. Түүнчлэн Германы Төмөр замын концерн Дойче Банн Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн шинэ төмөр замыг байгуулах ажлын менежментийг хариуцаж байна. Ирэх оны дөрөвдүгээр сард Германд нээгдэх уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн яармагт манай улсын компаниуд, яам, агентлагийн түвшинд тун идэвхтэй оролцоосой, холбоо харилцаагаа бататгаасай.   

Бусад

Энэтхэг улсын “Жиндал Стийл” мэдээж Тавантолгойн тендерийг сонирхож байгаа. Энэ нь Энэтхэгийн гэхээсээ дэлхийн хэмээх тодотгол илүү тохирох том компани, нэр хүндтэй өрсөлдөгч. Энэтхэгийн Засгийн газраас Монгол улсад 25 сая ам. долларын тусламж саяхан амласан нь өөрийн компанидаа түшиг болгох мөн л улс төрийн дэмжлэг буй за.

АНУ-ын хувьд “Пибоди” компаниа Тавантолгойн тендерт тун “солидный” өрсөлдөгч хэмээн үзсээр байна. АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд ийм бодлоо цөөнгүй удаа илэрхийлсэн. Монгол улсын Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгч нарыг АНУ-д айлчлах болон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэр тус компанийн удирдлагууд биечлэн уулзаж байлаа. Мянганы сорилын сангийн тусламжтай холбоотой эвгүй нөхцөл байдал үүсэхэд АНУ-ын тал хүлээцтэй хандсан нь мөн л “Пибоди”-гийн эрх ашгийг давхар харсан нүүдэл. “Пибоди” нь Тавантолгойн тендерийн хүчтэй өрсөлдөгч мөн.

Монголд Канадын хөрөнгө оруулалттай олон компани үйл ажиллагаа явуулдаг. Гол төлөв уран, алтны чиглэлийн хайгуулын лиценз эзэмшигч компаниуд. Цөмийн энергийн тухай хууль батлагдсаны дараа компаниудын эзэмшиж байсан орд газрын 51 хувийг төр шууд авах асуудал үүсч, Канадын компаниудын хувьд ойлгомжгүй байдал үүсээд байна. Цацраг идэвхит ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалах аюулгүй ажиллагааны Канадын стандарт дэлхийд нэг номерийнх хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Олон улсын атомын энергийн агентлагаас тавьдаг стандартын шаардлагуудын үндэс нь чухамдаа Канадын загварыг баримталдаг. Ашигт малтмалын үйлдвэрлэлийн арвин туршлагатай Канад улсын компаниудын оролцоо, төр засагтай нь харилцах найрсаг хамтын ажиллагаа Монгол улсад зайлшгүй хэрэгтэй.

Их Британиас Монгол улсад суугаа Элчин сайд үндсэндээ “Рио Тинто”-гийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж байлаа. Оюутолгойн орд газрыг эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар ноён Элчин сайд одоо нойртой хонож буй биз ээ. Уул уурхайн салбартаа барууны өндөр техник технологитой, найдвартай компаниудыг татан оролцуулах нь Монгол улсад чухал юм. Энэ салбарт аль болох олон хамтрагч, тэр тусмаа Их Британи, Герман, Канадын томоохон компаниудтай түншлэн ажиллах нь гео эдийн засгийн чухал хүчин зүйл билээ.

Францчууд “Арева”-гаа дэмжиж байна. Уран олборлолт төдийгүй, цөмийн энергийн үйлдвэрлэл хүртэл цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын найман шат дамжлагыг цогцоор нь ажиллуулдаг компани дэлхий дээр “Арева”-гаас өөр байхгүй. Тиймээс Дорноговийн ураны бассейнд ажиллаж байгаа францчууд нь манай чухал түнш мөн. “Арева” группийн Ерөнхийлөгч хатагтай Лувьерже саяхан нэг өдрийн айлчлалаар Монголд ирээд буцсан нь мөнөөх л Цөмийн энергийн тухай Монгол улсын хуулийн хатуу заалтаас болгоомжилж, энд эхлүүлсэн ажлаа эргэж тойрч яваагийнх биз.

Монгол дахь олон орны ашиг сонирхол ийм дүр зурагтай байна. Талууд ашигтай байрлалаа чадахын хэрээр эзэлцгээжээ. Одоо Монголын төр, засгийн байр суурь илүү тодорхой болохыг тэд хүлээж байгаа юм. Монголчууд дотооддоо байр сууриа нэгтэгцгээж байна. Төрийн ордонд болсон өргөтгөсөн хуралдаан бол бид өөр зуураа бодол саналаа нээлттэй солилцон, нэг шийдэлд хүрэх гэсэн зорилгоос үүдэлтэй. Геополитикийн олон талт хамаарал манай улсад юу юунаас илүү чухал болоод байна. Худалдаа наймааны олон гарцтай болж, цөөнгүй түнштэй нөхөрлөх ёстой. Хариуцлагатай, бас сонирхолтой цаг үед биднийг угтан тосч байна.

Л.Болормаа

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл