Өмнөд бүсийн эрдэс баялгийн ордууд руу тавих төмөр зам тойрсон геополитикийн зарим асуудал
Зохиогч: доктор Д.Шүрхүү
Хэвлэсэн он: 2009

Өмнөд  бүсийн эрдэс баялгийн ордууд руу

тавих төмөр зам тойрсон  геополитикийн зарим асуудал

 

         Өмнөд бүсийн ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж эхлэхийн тулд  дэд бүтцийн сүлжээ, түүний дотор төмөр замын сүлжээг нэн даруй  цогц байдлаар бүтээн байгуулах нь  Монгол Улсын хөгжлийн ирээдүйг тодорхойлох  хамгийн тулгамдсан зорилтын  нэг  болоод байна. Өмнөд бүсийн дэд бүтцийн сүлжээг бид хэдийчинээ түргэн бүтээн босгоно, бид төдийчинээ  түргэн өндийх болно.

         Гэвч  далайд гарцгүй, эх газрын гүнд, хоёр их хөршийн дунд хавчигдмал   байршилтай манай улсын хувьд төмөр зам нь  хол ойрын их гүрнүүдийн геополитикийн анхаарал сонирхлыг  ямагт татаж, эерэг, сөрөг ур дагаврыг өөртөө агуулж байдаг эмзэг төвөгтэй асуудал гэдэг нь  шинээр төмөр зам тавих байтугай Монголын төмөр замд  шинэчлэл хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх асуудал гарч ирэхэд л илт мэдрэгдэж байна. Тухайлбал,  АНУ-ын Мянганы Сорилын сангаас УБТЗ-д 285 сая ам долларын  хөрөнгө оруулалтыг  буцалтгүй  тусламжийн хэлбэрээр  оруулах  саналыг  УБТЗ-ын  хувь нийлүүлсэн  тал болох ОХУ зөвшөөрөхгүй байгаа нь үүний  нэг илрэл юм.

         Өмнөд бүсийн стратегийн том ордууд руу төмөр зам барих үед дараахь асуудлуудыг ул суурьтай судлан боловсруулах зайлшгүй шаардлага урган  гарч байна.  Үүнд:

1-рт,  нарийн  царигийн төмөр замыг  Монголын нутаг дэвсгэрт тавих эсэх,

2-рт,   хөрөнгө оруулалтыг хаанаас хэрхэн гаргах,

3-рт, Орос, Хятадын геополитикийн ашиг сонирхол, түүний уламжлал шинэчлэл    

        Нарийн царигийн  төмөр зам тавих асуудал. Бид эдийн засгийн үр ашиг, төсөв зардлаа хэмнэх үүднээс  геополитикийн хувьд  хятадуудад буулт хийх эсэхтэй холбогдсон нэлээд эмзэг маргаантай асуудлын нэг юм. Өмнөд бүсэд буй ашигт малтмалын баялаг нөөцөө эдийн засгийн эргэлтэнд  оруулах хамгийн хялбар, дөт зам бол манай түүхий эдийн хамгийн гол хэрэглэгч болох өмнөд хөршийн  төмөр замын   сүлжээтэй  интеграцид орох буюу  монголын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын орд хүртэл  нарийн царигийн төмөр зам тавихыг зөвшөөрнө гэсэн үг юм.  Хятадын стандартын нарийн төмөр зам  Монголд нэвтэрсэнээр улс төр, эдийн засгийн эерэг, сөрөг нэлээд  үр дагавар үүсч болох талтай.

Эерэг тал:

 

  • Нүүрс, зэсийн баяжмал гэх мэт эрдэс баялгийн түүхий эдийг их хэмжээгээр экспортлох боломжийг богино хугацаанд бий болгоно.
  • Нарийн  царигт төмөр зам орд газар хүртэл тавигдах тул Замын-Үүд-Эрээнд гардаг шиг дугуй солих, шилжүүлэн ачих шаардлага байхгүй тул цаг, зардал  хэмнэсэн бизнесийн таатай орчин бүрдэнэ.

Сөрөг тал:

  • Монгол улсын  өргөн царигт  төмөр замын сүлжээний нэгдмэл байдал алдагдаж,  холимог системд шилжсэнээр өмнөд бүсийн төмөр замын сүлжээ нэгдсэн сүлжээтэй холбогдох  үед дахин нэмэгдэл зардал,  хөрөнгө оруулалт шаардагдах болно. Магадгүй  тэрхүү зардал хөрөнгө манай  улсын төсөв,  татвар төлөгчдийн мөнгөнөөс гарах магадлал өндөр бөгөөд царигийн зөрүүнээс үүсч буй нэмэлт зардал дотоодын хүн тээвэр, ачаа тээвэрлэлтийн тарифт нэмэлт дарамт учрах болно. Хэрэв хил дээр дугуй солих операцийг хийх бол дээрх нэмэлт зардал  дотоодын хэрэглэгчдэд бус  экспорт-импорт эрхлэгчдэд, харьцангуй өндөр үнээр гарах экспортын  бүтээгдэхүүнд  шингэх болно. Дугуй солих, шилжүүлэн ачилт хийх  байгууламжийн зардлыг  дотоод, гадаадын бизнесийн  байгууллагуудаас  гаргуулах боломж  бий болно. 
  • Геополитикийн үүднээс авч үзвэл гол аюул  ашигт малтмалаар  баялаг Монголын  өмнөд бүс өргөрөгийн 45-50 градусаар нарийн царигт төмөр замаар тусгаарлагдах, улмаар өмнөд хөршийн нөлөө, хяналтанд улам бүр гүнзгий  татагдан ороход хүрнэ. Түүхэн туршлагаас үзэхэд их гүрнүүд колоничлолын бодлогоо  төмөр замаар дамжуулан хэрэгжүүлж байсан гашуун үнэн байгааг  мартаж болохгүй. Хэзээ нэг цагт хоёр улсын хилийг тэр шугамаар зааглахыг  дэлхийд бодлого сонирхлоо  тулган хүлээлгэх  чадалтай болох үедээ Хятадын тал  шаардах  ирээдүйн  ноцтой аюул заналын үндэс суурийг одоо тавьж байж болзошгүй юм. 
  • Стратегийн аюулгүй байдлын үүднээс авч үзвэл эх газрын түгжигдмэл орон зайд  их хэмжээний цэрэг, зэвсэг техник богино хугацаанд шилжүүлэн байрлуулах боломжийг гагцхүү төмөр зам олгох тул Монгол улсын хувьд төмөр замын царигийн зөрүүний аюулгүй байдлын ач холбогдол буурсан боловч огтхон ч арилаагүй   гэдгийг ямагт санаж байвал зохино.            

         Судлаачийн хувьд нарийн царигийг ашигласанаас үүдэн гарах эерэг, сөрөг талуудыг дэнслэн үзэхэд сөрөг тал нь давамгайлах хандлагатай хэмээн дүгнэж байна. Нарийн царигийн төмөр замыг Монголын нутаг дэвсгэрт  тавьсанаар  өртөг зардал хямдарч,  экспортын хэмжээг эрс нэмэгдүүлэх тул  экспорт хийж буй  дотоод, гадаадын компаниуд болон манай эрдэс баялгийг  гол хэрэглэгч Хятадын тал хамгийн их ашгийг хүртэх боловч Монгол улс  эрдэс баялгийн экспортоос  татвараа гүйцэд хураан авч чадах эсэх нь эргэлзээтэй юм. Хэдийгээр аль болох богино хугацаанд хамгийн хямд зардлаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэх нь алс ирээдүйд бид улс төр, эдийн засгийн нөхөж баршгүй хохирол  хүлээж болзошгүй юм. 

         Хөрөнгө оруулалт. Зам тээврийн дэд бүтэц, ялангуяа эх газрын  гүнд байршилтай Монгол орны хувьд  авто болон төмөр зам нь ямагт их гүрнүүдийн  стратегийн ашиг  сонирхлын асуудал байсан, одоо ч хэвээр  байна, ирээдүйд ч  тийм байх болно.

         ОХУ Монгол улсын төмөр замд 60 гаруй жил хяналтаа тогтоож байгаа бөгөөд  энэ байр сууриа нэмэлт хөрөнгө оруулалтаар  бэхжүүлэхийг эрмэлзэж, өрсөлдөгч нар  гарч ирэхээс ихэд болгоомжилж байна. Оросын хувьд тээврийн сүлжээ, түүний дотор төмөр зам тус орныг дэлхий дахинд болон олон улсын хөдөлмөрийн  хуваарьт  хүчирхэг байр суурь  эзлэх,  нөлөөний хүрээгээ тэлэхэд  чухал эх сурвалж  болж ирсэн билээ.  Ийм учраас  Хятад, АНУ, Япон зэрэг хөгжингүй  том орнууд  Монголын төмөр замд томоохон хөрөнгө оруулахад ОХУ-ын зүгээс хүчтэй  эсэргүүцэлтэй тулгарч байна.  Эдгээр орнууд  янз бүрийн замаар   Монгол дахь оросын нөлөөг бууруулах,  түүний дотор УБТЗ дахь  Монголын  оролцоог нэмэгдүүлэх замаар  ОХУ-ын  хяналтыг сулруулахыг  хичээсэн боловч  мухардалд ороод байна.            

         Хятадын хувьд геополитикийн тэргүүлэх хандлага нь газар нутагт  эзэмшлээ тогтоох хэлбэрээс улс төр,  эдийн засаг,  соёлын нөлөөлөл тогтоох хэлбэрт шилжиж буйг соргог  мэдэрч,  Монголд  нөлөөгөө бэхжүүлэхийн тулд түлш, эрчим хүч,  төмөр зам гэсэн хоёр чухал  салбарт байр сууриа бэхжүүлэх  оролдлогыг идэвхитэй явуулж байна. Иймд  Монголын төмөр замд хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа дээрх нөхцөл байдлыг сайтар харгалзан аль болох эх сурвалжаа олшруулахыг хичээх хэрэгтэй байна. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь  төмөр замын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.                                  

         Монголын эдийн засагт  жилээс жилд нөлөө, байр сууриа  бэхжүүлж буй  Хятадын бодлогыг тогтоон барих, хоёр хөрштэйгээ тэнцвэртэй  харилцах бодитой боломжийг  төмөр зам  олгож болох юм.

         Төмөр замын асуудлыг  хэсэг бүлэг хүмүүс, олигархуудын  өнөө маргаашийн явцуу эрх ашгийн үүднээс бус  үндэсний аюулгүй байдал, улс орны нэгдмэл  дэд бүтцийн сүлжээтэй байх амин чухал эрх ашиг,  улс үндэстний бүрэн эрх, тусгаар тогтнолын хувь заяатай  холбон эх орны ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан,  төмөр замыг хөгжүүлэх  сайтар бодож боловсруулсан стратегийн хүрээнд шийдвэрлэх  ёстой. Энд төрийн бодлого, оролцоо, өргөн далацтай  судалгаа   үгүйлэгдсээр байна. 

          

Зөвлөмж  бэлтгэсэн:   доктор Д.Шүрхүү /ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн/

2009 оны 5 дугаар сар 22

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл