Р.Раш: Оюутолгой, Тавантолгой орд руу төмөр зам тавих төсөлд Солонгосчууд хөрөнгө оруулах сонирхолто
Зохиогч: Р.Раш:
Зохиогч: www.gogo.mn
Хэвлэсэн он: 2009 оны 8-р сарын 13

Саяхан УИХ болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг Эрхүү хотод БНСУ-ын албаны хүмүүстэй  уулзалт хийгээд ирлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Раштай уулзаж ярилцлаа.

-Эрхүүд болсон уулзалтаар ямар асуудлыг голчлон хэлэлцэв дээ?
-Миний бие  энэ ажлын хэсгийг  ахалж ОХУ-ын Эрхүү хотноо уулзалтанд оролцоод ирлээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, ЗТБХБ-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Төмөр замын газрын орлогч дарга Л.Пүрэвбаатар нарын  хүмүүс оролцож  БНСУ-ын Үндэсний ансамблейгийн Төмөр зам, далайн тээврийн байнгын хорооны дарга Лее Бунг Сүк-тэй уулзлаа. Энэ уулзалтанд  БНСУ-ын Тээврийн яамны Төмөр замын газрын дарга, Төмөр замын агентлагийн дарга,  “Катех” хэмээн хурдан галт тэрэгний компаний ерөнхий захирал зэрэг  чухал албаны хүмүүс оролцсон. Үүнээс өмнөхөн БНСУ-ын талаас Монгол Улсын Их хуралд  Монголын төмөр замын болон төмөр замын төрийн захиргааны ажил эрхэлдэг хүмүүстэй уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийн дагуу уулзалт зохион байгуулагдлаа.

БНСУ-ын талаас Транс Монголын төмөр замыг хүчжүүлэх, техник технологийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд Солонгосын зүгээс  юу хийх шаардлагатай байна вэ гэдэг талаар бидний саналыг сонсох, нөгөө талаар Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой орд руу төмөр зам тавих төсөл хэрэгжвэл түүнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Асуудлыг олон талаас нь өргөн цар хүрээнд хэлэлцэж санал нэгдлээ.  Улаанбаатар төмөр замын тоног төхөөрөмжийн хувьд мэдээж  Солонгост байгаа юмыг авчраад, Солонгос зүтгүүр авчраад ашиглана гэхэд  бэрхшээл бий л дээ. Гэхдээ гол нь, засварын тоног төхөөрөмж, холбоо мэдээллийн системийг боловсронгуй болгох тал дээр мэргэжилтэн солилцох, төмөр замын монгол мэргэжилтнийг бэлтгэхэд Солонгосын талаас туслалцаа үзүүлэх, мөн энэ талаар Солонгосын Үндэсний ансамблейгаас Засгийн газартаа чиг өгч зориуд дэмжлэг үзүүлээч гэсэн  хүсэлт  би тавьсан. Энэ хүсэлтийг маш нааштайгаар хүлээн аван бичиг баримт үйлдэж гарын үсэг зуралцлаа. Уулзалтаар хэлэлцсэн  зүйлийг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах бүтэц бүхий  хамтарсан Нийгэмлэг байгуулъя гэж тохирсон.

Уг Нийгэмлэгээ албан ёсоор есдүгээр сарын 28-нд Солонгост  очиж байгуулъя. Нийгэмлэг маань ажилдаа ороод хоёр талаасаа ижил тэнцүү бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шууд гарын үсэг зурагдсан асуудлыг ажил хэрэг болгоход үйл ажиллагаа нь чиглэгдэнэ.
 
-Солонгосчууд манай төмөр замыг хэдийнээс сонирхож эхлэв?
-Ер нь, Солонгосын төмөр зам бидэнтэй ганцхан энэ удаад биш, урьд өмнө өргөн хүрээнд харилцах гэж сүрхий анхаарал тавьж байсан шүү дээ. 2003 онд  Солонгосын төмөр замын дарга манайд ирж байсан. Дараагаар нь нэгдүгээр орлогч дарга нь ирсэн. Солонгосын Төмөр замын Эрдэм шинжилгээний институтийн эрдэмтэн судлаачид Монголын төмөр замыг 2003 онд Сибирь, Жинингээс нааших Хятадын төмөр замын хэсэгтэй хамтатгаж нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийж байлаа.

Солонгос чинь өөрөө төмөр замын том гүрэн, хурдан галт тэргээрээ дэлхийд дөрөвт буюу Япон, Герман, Францын дараа ордог. Хурдан галт тэрэгний нээлтэд нь, манайхаас миний бие болон  ерөнхий инженер Л.Болд, Техник технологийн албаны дарга  А.Батболд нар оролцож байсан. Бид үүнийг  хийх юмсан, энэ түвшинд хүрэх юмсан гэдэг техникийн  өмнөө тавьж байгаа зорилт маягтай зүйлүүд бол Солонгост өнөөдөр яг бэлэн практик дээр хэрэглэгдэж байна. Өндөр түвшинд хөгжчихсөн газар л даа. Тэдний зүгээс бидэнд ийм санал тавьсан явдалд би хувьдаа талархаж байна. Бид орос ах нартай ажиллахаас гадна өөр сонирхогч этгээдүүд байхад тэднийг цааш нь түлхэж болохгүй.

-Солонгос нөхөд  шинэ орд руу тавигдах төмөр замд хөрөнгө оруулах сонирхолдоо ямар нөхцөл тавьж байгаа бол?
-Урьд өмнө нь УИХ дээр ирж сонирхолоо илэрхийлж байсан л даа.

-Тавантолгойн нүүрсийг Солонгос авъя гэхэд зөвхөн Хятадаар дамжуулахаас гадна өөр ямар гарцтай  байх вэ?
-Хэрвээ Тавантолгойг УБТЗ-тай холболоо гэхэд   Сайншанд,  Айраг аль нь ч бай хамаагүй чиглэлээ тогтоочихно. Шинэ  зам тавигдсан нөхцөлд Улаан-Үдээр дамжиж, Оросын Алс Дорнодын боомтуудаар дамжиж гарна гэсэн ийм л зүйл байгаа юм. Түүнийг ч би хэлсэн, хүлээн зөвшөөрч байна лээ. Нөгөө талаар уурхайнуудаас урагшаа гарах хоёрын зэргийн гарц бий. Энд нарийн царигийн төмөр зам байх нь зүйтэй гэж боддог. Яаманд байхдаа тийм шийдвэр гаргасан. Өнөөдөр түүнийг үгүйсгэж зайлшгүй өргөн цариг байх нь зүйтэй  гэсэн яриа хөөрөө байдаг бололтой юм.

Хамгийн гол нь эдийн засгийн үр ашиг шүү дээ. Хоёрын зэрэг гарцтай болбол түүгээр дамжиж Солонгосын ачаа Тянжин боомтоор Солонгос орох боломжтой. Алинаар нь ч нүүрс зөөх боломж бүрдэж байгаа юм. Солонгосын талд бид нар  мэдээлэл хийсэн. Хөрөнгө оруулагч талд төлбөрөө хийхдээ уул уурхайн бүтээгдэхүүнээрээ төлбөрөө хийе гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийг асар их сонирхож , анхааралтай хүлээж авч байна билээ. Тэр шийдвэр зөв юм болов уу даа л гэж би бодсон. Манайхан оросуудтай ч ингэж ярьсан байх учиртай. Иймэрхүү л зүйл ярьсан даа.

-Энэ уулзалтыг Монголд, эсвэл Солонгост хийлгүй яагаад Эрхүүд зохион байгуулав?
-Энэ саналыг Солонгосын тал гаргасан.  Миний хувьд  ойлгохдоо Сибирь, Алс Дорнод энэ бүс нутаг зөвхөн Орос төдийгүй Хятад, Солонгос, Япон цөмөөрөө тэнд хамтарч ярьж, энэ бүс нутгийн хөгжлийг тодорхойлж байя гэсэн ерөнхий чиглэлтэй юм билээ. Тэгээд тэр хүрээндээ уулзалтын байршилыг тогтоосон юм болов уу гэж ойлгосон.  11 дүгээр сарын сүүлчээр уулзъя гэсэн санал тавьж  байна лээ. Би эхлээд есөн сард уулзаж, эргэж удирдлагадаа танилцуулъя. Тэгээд  хамтын ажиллагаагаа улам нарийвчлах шаардлага гарах байх гэсэн.

Ер нь, Оюутолгой, Тавантолгойг холбох дэд бүтэц, төмөр зам, авто зам, усны асуудал гэж нэг юм байна. Байгаль орчинг хамгаалах асуудал байна. Эд нар дээр гадаадын сонирхогч талуудын сонирхлыг татсан адил тэнцүү бодлого л явуулах ёстой. Ганцхан нэг талыг барьсан бодлого байж болохгүй.

-Гэхдээ хойд, өмнөд хөрш давамгайлах бодлого тулгаад байх шиг...
-Сая би хойноос ирэхдээ  харж явлаа. Манайх чинь их засварт ашиглаж байгаа замын балластаа хүртэл гаднаас авч байгаа юм байна. Тэгтэл нөгөө Чулуун завод маань ажилгүй зогсож байгаа даа. Монгол ажилчид ажилгүй, бүхэл бүтэн ул шорооны үйлдвэр зогсчихоод гаднаас чулуу худалдаж авч байна гэдэг буруу.

Ярьж хэлэлцэх ёстой байсан. Манайхан олигтой ярьж чадаагүй юм болов уу даа. Ер нь, төмөр замын талаар баримтлах Монголын төрийн бодлого ямар байх ёстой юм бэ гэдгийг бид нарийвчлахгүй юм бол бас жаахан учир дутагдалтай байна.  УИХ үүнийг боловсруулж чигээ Засгийн газарт өгнө. Засгийн газар үүн дээр үндэслэж ажлаа явуулна. Геополитик гээд яриад байдаг тэр зөв, байх ёстой зүйл. Гэхдээ эдийн засгийн үр ашиг гэдэг юм байхгүй бол болохгүй шүү дээ.  

Өнөөдөр ганцхан Эрээний боомтоор Хятад руу гаргаж байна аа гэдэг буруу юу зөв үү. Тэгэхдээ урд хил дээгүүр шүүр шанага шиг олон оготны нүх гаргаж болохгүй л дээ. Уурхайн  бүтээгдэхүүнээ гаргаж зөөх хоёрын зэрэг нарийн царигийн гарц байж болох юм. Яагаад гэвэл Хятад бол асар том зах зээл. Энийг бид огт үгүйсгэж болохгүй. Энэ чиглэлээр Дэлхийн банк ажиллаж байгаа. Дэлхийн банкны судалгааны хүмүүс УИХ дээр ирж ажлынхаа явцыг тайлагнасан.

Тэр тайлангаас харж байхад Дэлхийн банкны хүмүүс нийтлэг л зүйлийг зөвлөнө лээ. Тэдний хандлага бол миний бодож байгаатай яв цав нийцэж л байна лээ. Дээр нь, Германы төмөр замын Зүүн Өмнөд Азийг хариуцсан нэлээд нөлөө бүхий хүн ирж  бидэнтэй уулзсан. Германы нөхдүүд мөн л манай УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарах шаардлагатай байна гэж байсан.

Манай энэ замыг Ази Европийг холбосон хамгийн дөт зам гэдэгтэй санал нэгтэй байна. “Ах нар” ярихдаа Транссиб гэж ярьдаг шүү дээ. Транссиб бол ачаалал багатай, 60 хувийн ачаалалтай гэдэг. Ах нарын ярьдаг бол зөв. Хятадууд бол урдуур л ярина шүү дээ. Нөгөө Торгоны замаа, бас Манжуурыг ч ярина. Гэтэл манай  энэ зам чинь орхигдоод байдаг шүү дээ. Германчууд энийг маш ажигласан байна лээ. Сая би Солонгосчуудтай уулзахдаа үүнийг маш сайн ярьсан.

Солонгосчууд хэлэхдээ Солонгосыг эх газартай холбох цонх Монгол гэж байна лээ. Бид бол Монголын далайд гарах гарц Солонгос гэж үздэг шүү дээ. Тэгэхээр яах аргагүй байршил нутаг дэвсгэрийн харилцан нэг сонирхол байна   

Одоогоор улс төрийн шалтгааны үүднээс хоёр Солонгосын төмөр зам холбогдоогүй байна. Энэ асуудал шийдэгдсэн тохиолдолд их хэмжээний ачаа бараа хуурай замаар түүний дотор Монголын төмөр замаар явах боломжтой. Олон улсын тээврийн бодлого ч олон улсын их хэмжээний ачаа аль болохоор олон улс орны нутгийг хамрах ёстой гэж үздэг юм. Яахав хил гаалийн бага зэргийн хүндрэл гарах л байх.   

 

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл