Төмөр зам хариуцагч, уурхайд ч бас эзэн үү? уурхайд
Зохиогч: Б.Ундрал
Хэвлэсэн он: 2009.10.27.

Өмнийн цэнхэр говь цаашдаа ямар “өнгө”-тэй байх бол? Хэзээнээс их гүрнүүдийн дунд оршиж, өнгөө тодорхойлж ирсэн манай улс дэлхийн зах зээлд нэвтрэх алтан картаа ашиглахдаа өнгөний цоморлигоос хэдийг нь барьж авах бол оо. Аль ч өнгө болон өнгөнүүд, өнгийн нийлэмжийг сонгож болох юм. Харин хэтэд ашигтай дэд бүтцийг бүрдүүлэх нь бидний ирээдүйн хадгаламж л гэсэн үг. Өмнийн цэнхэр говьд тодорч буй өнгөний нийлэмжүүдтэй танилцая.

ХБНГУ-ын Төмөр замын концерн Ухаа худгаас Гашуун сухайт хүртэл төмөр зам тавих төсөлд оролцох болж. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах нефть-химийн цогцолборыг Германы технологоор шийдвэрлэх нь гэсэн хүлээлт байна. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк “Энержи Ресурс”-ын нэг хувьцаа эзэмшигч болсон нь говийн дарцганд шинэ өнгө оруулав. “Энержи ресурс”-ийн охин компани “Энержи Ресурс Райл” Гашуун Сухайтаар дамжуулан Хятадын боомт хүртэл төмөр зам татах төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ Хятадын Шинхуатай хамтран ажиллана. Урт замын талаар ОХУ ба БНСУ-ын талтай Засгийн газар ярилцаж амжсан. Бүтээн байгуулалтын төлбөрийг Өмнөд Солонгосын 11 компанийн КОРЕС консерциум гаргах боллоо. Kores Korea Resources Corporation 1967 оны зургадугаар сард байгуулагдсанаас хойш цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт эрдэс баялаг нийлүүлж байгаа юм. Цахилгаан эрчим хүчний хувьд 97 хувь нь гадны орнуудаас хараат байдхг БНСУ-ын хувьд энэ компани нь тун чухал бөгөөд улс орноо дотоод нөөцтэй болгох, мөн цаашдаа дэлхийн шилдэг уул уурхайн 20 компанийн эгнээнд багтахыг зорьж ажиллаж байгаа. Тус компани БНСУ-д гурван төвтэй ба олон улсад 6 салбар байгууллагатай. Ган хөнгөн цагаан, төмөр, зэс зэргийн металл боловсруулах үйлдвэрлэлийг дотоодын хэрэгцээнд зориулж явуулдаг юм. Бүтээн байгуулалтын төлбөрийг манай тал Тавантолгойгоос олборлож коксжих нүүрс, БНСУ-ын эрчим хүчний хэрэгцээг ханганх түүхий эд нийлүүлэх бартер байдлаар хийх бодлого барьж буй. Харин ОХУ-той тохиролцоход Хятадынхаас 2 дахин өндөр үнэтэй тариф буйг бодолцох болох нь. “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгтэй тохирлоо ч газар дээр нь далайн боомтууд дээр байгаа бизнесмэн тус бүр өөрсдийн үнээ л хэлэх болно.


Он гарсаар төмөр замын салбарт болсон үйл явдлын товчооноос онцлохыг авч үзье.

Гуравдугаар сарын 20-ны өдөр “Транзит Монгол“ олон улсын чуулганд Солонгос, Япон, Орос, Герман, Канад, Хятад, Казахстан зэрэг зургаан орны зам тээвэр, барилга хот, байгуулалтын салбарын төлөөлөгчид оролцов.

“Монголын ”өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги”-ийн бодлогыг боловсруулахдаа яамдуудын бодлогын уялдааг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч, санал боловсруулахаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргаар ахлуулсан Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгэм, хөдөлмөр хамгааллын яамдуудаас холбогдох нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдлаа. Дээрх асуудлаар холбогдох газрууд, эрдэмтэд, олон нийтийн саналыг авч, “Өмнөд говийн дэд бүтцийн хөгжлийн стратеги, Засгийн газраас баримтлах байр суурь” бодлогын нэгдсэн баримт бичгийн төслийг боловсруулан яамдуудын байр суурийг дараах чиглэлээр тодруулын боловсруулан хорооны даргын Зөвлөлийн хурлаар дөрөвдүгээр сарын 14-ний дотор хэлэлцүүлэхээр ажиллав.

Говийн бүсийн дэд бүтцийн судалгааг Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр Дэлхийн банкны мэргэжилтнүүд хийсэн. Тэд ажлынхаа үр дүнг жилийн өмнөөс эхлэн нийт 4 удаа тайлагналаа. Өнгөрсөн оны тав, ес, аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд судалгааны нэлээд цэгцэрсэн сүүлийн хувилбарыг монголын төр засгийн байгууллагуудад танилцуулан, өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Дэлхийн банкны дэд бүтцийн ахлах мэргэжилтэн Жеймс Рейхерт тээврийн шинэ маршрутын талаарх судалгааны дүнгээ танилцуулж байх мөчид Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байв. Энэ хуралдаанаас төмөр замын хоёрдугаар маршрутыг байгуулахаар шийдвэрлэжээ. Дэлхийн банкны судлаач нүүрс тээвэрлэх боломжит нийт зургаан маршрут гарган, өртөг зардлыг харьцуулан танилцуулсан ба манай улсын сонгосон маршрут нь эдний дотроос хамгийн урт, өртөг ихтэй нь байлаа. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас шууд Якунины компани хэмээн нэр заагаагүй боловч Монгол-Оросын хамтарсан төмөр замын шинэ компани, охин компаниараа дамжуулан ашигт малтмалын орд ашиглах ажилд оролцох эрхийг нээж өгөв.

Тавдугаар сарын 13-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин Монгол улсад айлчлахдаа хоёр улсын төмөр замын хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Тавдугаар сарын 25-ний өдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга ажлын айлчлал хийв. Энэ үеэр БНХАУ-ын төмөр замын удирдлагуудтай уулзан Тавантолгойгоос төмөр зам татах асуудлыг хэлэлцэв.

Аравдугаар сарын 2-ны өдөр “Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн стратеги” гэсэн бодлогын баримт бичгийн үндсэн хэсэг бэлэн боллоо. 

Аравдугаар сарын 21-ний өдөр Монгол улсын өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги, төмөр замын байгууламжийн асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгээс гаргасан танилцуулга, зарим дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцэв. Төмөр замын хувьд эл дүгнэлтэд тусгасанчлан говийн бүсэд Нарийнсухайт-Шивээхүрэн-Ухаахудаг-Оюутолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлд төмөр замын суурь бүтэц барих чиглэлийг ЗТБХЯ-наас гаргаж, давуу сул талыг нь томъёолжээ. Мөн ЭБЭХЯ Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайт ба Тавантолгой-Оюутолгой-Цагаан суварга-Зүүнбаян гэсэн хоёр хувилбарыг барьж байгаагааа мэдэгдэв. Харин “Эрдэнэс МЖЛ” ХХК-иас төмөр замын асуудлаар гурван хувилбар санал болгов. Энэ нь нэгдүгээрт Тавантолгой-Оюутолгой-180 км, Оюутолгой-Гашуунсухайт-268 км, хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян-370 км, гуравдугаарт-Тавантолгой-Замын-Үүдийн 564 км-ийн туслах чиглэл аж. Энэ асуудлыг УИХ хоёр долоо хоногийн дараа үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Маршрутын зураг үндсэндээ тодорлоо. Хэдэн жилийн турш судалгаа дүгнэлт хийж гаргасан өмний цэнхэр говиос дэлхийд хөл тавих зураглал дахин өөрчлөгдөхгүй болов уу. Харин Засгийн газрын дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас ОХУ-ын төмөр замын шинэ компани, охин компаниараа дамжуулан ашигт малтмалын орд ашиглах ажилд оролцох эрхийг нээж өгсөн явдал нь нэгэн зүйлийн эхлэлийг тавилаа.Төмөр замаа ч хариуцаад уурхайг ч эзэмшиж ашиглаж болох юм гэсэн логик харагдаж байна. Өөрөөр хэлбэл төмөр замд давуу эрхтэй оролцож барьж байгуулалцсанд нь давхар боломж олгох гээд байгаа мэт. Цаашлаад хэдэн ч охин компани бий болгохыг үгүйсгэх аргагүй мэт. Өмнийн цэнхэр говьд өнгөний нийлэмжийн тоглолт үргэжлэн өрнөсөөр ...

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл