МААНАГ БУГА ба БУХ ГАЛТ ТЭРЭГ
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2013-08-16

Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй сүүлийн 20 жилийн сэтгүүлчийнхээ хөдөлмөрийн тайлан болсон задгай нийтлэлүүдээ эмхэтгэн “Ясан хуягт мэлхий Их далайг зоримой” нэртэйгээр уншигчдад хүргэсэн билээ. Уг номын өмнөтгөлд Нэргүй ахын өөрийнх нь бичсэнээр “ардчиллын оюун санааны зардас нарын өргөн эгнээнд орсныхоо ачаар л... их үндэстнийхээ сэтгэлгээний шинэчлэлийн төлөө, чин ухаарал, гүн хариуцлага, бодит хандлагын ёс суртахуун гээч юмны төлөө зүтгэсэн, уншигч түмнийхээ сэтгэлгээний үнэт зүйлсийг өөрийнхөө л чадал чинээгээр баяжуулах гэж, оюун тархинд нь суулгаж өгөх гэж, зүгээр ч үгүй зүрхэнд нь нутагшуулах гэж, техникээр бол зүгшрүүлэх гэж толгойгоо гашилгаж суусан”-ых нь тунхаглал гэмээр болжээ. Бас ихээхэн олзуурхууштай нь, энэ номоос монголчуудынхаа “Хэлсэн- хийсэн, бичсэн- үлдэнэ”, европчуудын бол “Үзгээр бичсэнийг сүхээр арилгаж болохгүй” гэх мэтийн мэргэн үгсийн үнэнийг дахин олж үзлээ. Үүгээрээ л хэвлэл мэдээллийнхний үг асар үнэ цэнэтэй байдаг, харин түүнийг авах, эсвэл гээх нь таны л хэрэг. Уг номын нэгэн нийтлэлийг бүрэн эхээр нь толилуулъя. Өнгөрсөн юмыг яаж эргэцүүлэх нь таны эрх.

Нэгэн зүйл

http://www.mongolnews.mn/uploads/assets/image/%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB%20%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%282%29.jpgАзийн цагаан дагина Улаанбаатарын маань төв талбай дээр, Хүүхэд залуучуудын паркийн хажууд, XIX хороололд, Дунд голын эргээр халтар халиун буганууд идээшилнэ. Орон сууцны байшингуудын дэргэдэх хогийн чингэлэг, амбаар савнуудын сүүдэрт амарч, хэвтэж ч харагдана. Өрөвчхөн сэтгэлтэй эзэгтэй, хатагтай нар, бетон оромжныхоо дөрвөн хананы дунд уйдсан авгайчуул өглөө үдшийн утаа униар суунаглах “цэвэр” агаарт ач нараа “салхилуулахаар” гарах далимдаа боорцог талххан, чихэр саахархан хаяж өгнө.

Зарим ихэд хүнсэг, гэрсэг нэг нь даргар эвэртэй данхар толгойгоо аяар аяархан сэжилж, уулын булаг шиг тунгалаг хархан нүдэндээ айдас, шохоорхол хослуулан ойртож дарвагар уруулаа цорвойлгон тэр өрөвсүү, зөөлөмсүү сэтгэлт авгай хүүхдийн гараас талх, чихэрхэн үмхлэн нэг л их юм бодсон шинжтэй удаан, удаан хивэн зогсоно. Сургуулийн бага ангийнхан, цэцэрлэгийн хүүхдүүд сэрүүн хангайн зэрлэг бугатай ийнхүү хотынхоо гудманд, тагтан дээрээсээ, автобусны цонхоор танилцан, ижилсэн дасаж ойртон “нягтрах” бөлгөө...

Тийм ээ, байгаль бол бидний зарц, бурхан, үнэнч туслагч! Байгаль бол бидний аж төрөхүй, оршин тогтнохуйн баталгаа бус, ердөө л бидний хань нөхөрхөн, бага дүүхэн, бас том эгчхэн төдий байлаа.

...Бид ингэж ойлгож, баярлан дэвхцэж, Азийн цагаан дагина Улаанбаатар хот руу маань буга орж ирдэг болсон нь нам, засгаас авч хэрэгжүүлсэн байгаль хамгаалах их ажлын ач холбогдол хэмээн хэдхэн жилийн өмнө нам засгийн төв хэвлэл- “Үнэн” сониноороо зарлан тунхаглаж байж билээ. Үг, үсгийг нь ч бараг тэр чигээр нь санаж байнам, би.

Гэхдээ нэг л юмыг ойлгоогүй юмсанж. Юуг гэвэл байгальдаа бид өөрсдөө хэт ойртсоноос байгаль маань хүмүүн бидний занг дуурайгаад “тэнэгэрчихжээ”!

Улаанбаатарчууд бид Богд Дүнжингаравынхаа унаган амьтад, араатан жигүүртнийг “эцгийн хайраар хайрлан өсгөж”, хүнлэг сайхан харилцсаны ачаар энэ буганууд их хотын гортиг дотор орж ирсэнгүй. Тэд идэх юмгүйдээ биднээс хоол горьдон үй жолоогүй урсах машин тэрэгнүүдийн дундуур амь өрсөн сүлбэлдэж, Дунд голын “шимтэй сайхан” хөрс, өвс ногоонд ч тэмүүлсэнгүй. Богдхан уулын хулгайн анчдаас ч дайжин орж ирсэнгүй.

Тэр амьтад эргүү маанаг (дебил) болжээ! Эргүү болохын эх суурийг Москва, Бээжинг холбосон төмөр зам хэмээх энэ галт могой тавьжээ. Учир шалтгааныг бүр тодруулбаас Богдхан уулын зүүн сугаар урагшаа жирэлзэх галт тэрэгнээс айгаад, далан шороонд нь хашигдаад Богдхан уулын бугын сүрэг Хан Хэнтий рүүгээ гүйж цусаа сэлбэж чадахаа больжээ. Богд уулын бугануудын цус ойртож дебил болжээ. Манай зарим нэгэн сумдын цус ойртсон хүмүүсийг “маанаг” хэмээн хочилдог шиг... Тэднийг ч гэсэн 1924 оны хошуудын, 1956 оны сумдын засаг захиргааны хуваариар алс явж, цусаа сэлбэхийг нь хорьсоноос тийм болсон байж мэднэ.

Уг нь зэрлэг онгон тэр амьтан хомосапиенс омгийн нэгэн араатан-хүмүүн бидний хажууд бол дэндүү бардам, бахархуу билээ. Гэвч маанаг болчихсон учраас л хот руу ороод ирдэг болсон нь тэр. Хот руу орж ирж чихэртэй талх, давстай байцаа, бензинтэй хуванцар, цуутай шөл, архитай бөөлжис (Өршөөгөөрэй, өөр даруухан үг олдсонгүй) идээд тэнэг дээрээ улам тэнэг болсон нь энэ. Архитай бөөлжис идээд нам унтчих юм бол эврийг нь хөрөөдөөд авсан ч мэдэхгүй. Тийм бугын цусан эвэрт аминдэм биш, амин хор байж таараа!

Уг нь Улаанбаатараас урагших төмөр замыг Богдхан уулын баруун суга руу зөөж болмоор. Зүүн талаар нь тавиад Хоолтын давааг давуулж болсон юм, Сонгинын ам хавиар баруугаар нь тойруулаад Буянт-Ухаа, Айдасыг тойруулаад юм уу давуулаад, Зуунмодоор дайруулаад Хоолтын даваатай аваачаад холбочихож болмоор. Олон улсын ачааны галт тэргийг нийслэлийнхээ дундуур түрчигнүүлэхээс бас зайлсхийх нэг арга тэр байж болох. Хотын тоос шороо, дизель түлш, соляркны үнэр ч арай багасах магадлалтай. Богдхан уулын буга орооныхоо үед зүүн тийшээ Туулаа өгсөөд Баянзүрхээр дамжин Хан Хэнтий хүрдэг, цусаа сайжруулдаг байсан гүйдлийг хааснаар “маанаг” бугануудыг зохион бүтээсэн нэгэн цадиг энэ бөлгөө. Даанч энэ талаар манай биологичид, зоотехникч нар, амьтан судлаачдын ам үдээстэй хэвээрээ энэ зууны насыг барах нь ээ.

Бас нэгэн зүйл

http://www.mongolnews.mn/uploads/assets/image/%D1%85%D3%A9%D3%A9%D1%80%D1%85%D0%B8%D0%B9.jpgЯг ийм зохион бүтээлтийн ч гэх юм уу, за ер нь “шинэ үүлдрийн” цагаан зээрийг Дорнодын талд “гаргаж авах их ажил” бас л эхэлж байгаа сурагтай. Ургамлын аймгаараа ч, хэмжээ дамжаагаараа ч дэлхийд цорын ганц ширээ мэт тэгшхэн, далай мэт хязгааргүй тэр талд од шиг олон зээр бэлчиж яваа. Тэр олон зээрийн сүргийг талын түймэр ч, хулгайн анчин ч, их зуд ч, их ган ч хядаж чаддаггүй юм. Социализмын үед өвөл бүхэн л автомат зэвсэгтэй очдог байсан армийн агнуурын бригадууд ч дуусгаж чадаагүй юм. Тэднийг зөвхөн бэлчээрийн хомсдол л хядаж чадна. Говийн мазаалайн гунигт хувь заяа үүнийг нотолно. Бэлчээрийн хомсдол гэсэн утгаар би түймэрт шатсан газрыг хэлсэнгүй. “Идүүлсэн бут ургана” гэдэг болохоор ирэх жил өвс нь ургаж л таарна. Бэлчээрийн хомсдол гэдэг нь зээрийн бэлчээрийг зохиомлоор хязгаарлаж, тэнгэрийн салхи, талын хөх чоно хоёроос өөр эзэнгүй тэр газрыг мөнөөхөн “хомо сапиенс” хэмээх хүмүүн бид л булаан авсан гэсэн үг. Их цас орлоо гээд зээрийн салтаанд туллаа чиг, их бороо орлоо гээд норсон шийр нь мултраад уналаа чиг “Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэгчлэн хаашаа ч юм бэ нүүгээд л явчихсан байдаг. Хангай руугаа голцуу. Ирэх жил нь эгээд л ирчихсэн байдаг. Хорсон юм мэдэгдэхгүй, урьдынхаараа л ухаа, гүвээг бүрхэн хялгана шиг л халиурч байдаг.

Одоо ингээд “шинэ үүлдрийн” цагаан зээрийн хувь заяа руу эргэн орсу. Саяхан манай Засгийн газраас Хятад, Японтой хийсэн гэрээний дагуу Хятадын зүүн хойд мужуудыг Халхын голоор дайруулан Улаанбаатартай төмөр замаар холбох Олон улсын төсөл хэрэгжүүлэх юм гэнэ. Хэрвээ тэгэх юм бол хөөрхий тэр зээрийн сүрэг хаагуур нь чухам хангай руугаа зорчих билээ дээ. Богдхан уулын маанаг буга шиг, Чойбалсан хотын гудамжаар л нохой аятай сүрэглэн гүйх биз ээ.

Их зуд, усархуу зун зээрийн сүрэг Матадын нутгаас Дорнод аймгийи хойд болон баруун сумд руу, Хэнтийн Норовлин руу л гардаг. Гэхдээ тэд Чойбалсан хотыг зөвхөн баруугаар нь л тойрдог. Зүүгээр нь тойръё гэхээр Эрээнцав-Баянтүмэний (Москва-Чойбалсангийн) төмөр зам саад болдгоос тэр биз. Тэгэхлээр Халхын голоос Улаанбаатар хүртэл хангай, тал хоёрын яг заагаар нь мөнөөх гайтай “төмөр могой”-г сунгачих юм бол юу болох нь ойлгомжтой. “Маанаг” зээрүүд бий болно. Зарим нь урд, зарим нь хойно нь таслагдана. Тэгээд л өнөөдүүл чинь цус ойртон дүнхүүрээд сумын төвийн нохдод бариулж, аймгийн төвийн хог ухахгүй юм гэхэд алсын бэлчээрээ санааширсаар хуйгаараа мажийн “цам харайна”. Байн байсаар устан алга болж “Улаан ном”-д л нэр нь үлдэнэ. Ийм гашуун хувь заяаны жишээг бид И.Акимушкины (Манай Аким гуайн биш шүү.) “Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал” (Москва-1984 он, “Прогресс” хэвлэлийн газар, монгол хэлээр) гэдэг гайхамшигтай номоос сайн мэдэх болсон.

Зээрийн сүрэгт заналхийлж буй бас нэг аюулыг тодруулбал Дорнодын Матад, Тамсагбулагийн нефтийн ордыг ашиглах явдал юм. Тэндээс олборлох түүхий нефтийг Бойр нуурын (Манайхан Буйр нуур гэж ярьж бичдэг. Уг нь “Бойр” буюу “Халимны зулзага” гэсэн үг юм гэсэн) баруун талаар газар дээгүүр ил хоолой татан Хятадын хаа нэгтэй байдаг нефть боловсруулах үйлдвэр лүү тээвэрлэх бас нэг том төслийн хувилбар яригдаж байгаа сурагтай. Тал дундуур тавьсан төмөр яндан гэдэг нь богино хөлтэй зээрийн сүрэгт бол бас л нэг садаа. Маанаг зээрүүд бий болох аваас юун тэр хүний нүд баясгах “Янзаган хүрээ”-тэй манатай.

Өчүүхэн уянгын сацал

...Зуны дунд сар. Гүвээ даван шогшуулан гарахуй янзага, шаргачин голдуу 10-20 зээр бут үсрэн их талын хөвөө рүү цахилан одох нь “Юу болов” гэлтэй. Харин мориноосоо буугаад дурангаа барин сэмээрхэн өнгийвөл тойрог хүрээ үүсгэн зогсох шаргачингууд, дунд нь үсрэлдэн тонгочих янзагануудыг харж болно. Яг л хотон дотроо харайлдан тоглолдох цатгалан хурга, ишигнүүд гэлтэй. Янзаган хүрээ гэж үүнийг хэлэх бөлгөө. Сөөмхөн ч эвэргүй тэдэнд биеэ хамгаалах гол зэвсэг нь хурдан дөрвөн хөл, онгон талынхаа өнгөтэй ижилхэн цагаан шаргал зүс нь л билээ.

“Огторгуйн наран цагариг газарт буув уу гэлтэй,

Олон хөлгийн туурайд тоос босов уу гэлтэй

Орь залуу насандаа үзээ нь үгүй явсан

Онгон байгалийн увдис-янзаган хүрээг биширлээ.

Зураг хуарын үйлчин гараар урлав уу гэлтэй

Зуны дунд сар түмэн өнгөөр солонгорч,

Зулын шар тос газраас ургав уу гэлтэй

Зугаа цэнгэлийн хүрээ талдаа дэлгэрэхийг үзлээ.

Тойрон, тойрон давхилдах эхсийн дундаа хашигдан

Томоо нь үгүй тоглолдох нялх жаахан янзаганууд

Наран тийшээ бутралдан саран цацраг үүсгэнэ

Найман зүгээс хатиралдан ганцхан цэгт учирна.

Явуут дундаа цэцэгсийг шүүрэн, шүүрэн үмхэлнэ.

Яруу сайхныг суран хоолойн чадлаар хахирна.

Уулзуут нэгнээ тойролдон ширүүн ширүүн мөргөлдөнө.

Уяруу сайхнаар нийлэлдэн хүзүү, толгой

Хүрээ татан давхих шаргачин ерөөлтний дунгуйд

Нүгэл буяны зааг -бууны сум хальтирна.

Хүний сайхан хорвоод янзаган цагариг заяахдаа

Миний сайхан аавыг мөнхийн настай болгоно.”

1984 (“Янзаган хүрээ” натуралист шүлэг. Зохиогчийн “Ялалтын симфони” шүлгийн номоос. Чойбалсан хот-1985 он)

Эцэслэн үгүүлэх нь

Энэ шүлэг муу байж болно. Гэхдээ тийм юм үзсэндээ би азтай. Тэгэвч ийм юмыг баруун хязгаарын торгуудууд, хойд нутгийн буриадууд үзээгүйгээрээ азгүй гэсэн үг биш л дээ. Хамгийн гол нь, ийм юм үзээгүй “хагас монгол” хүн л Мэнэнгийн талаар төмөр могой давхиулахыг санаархаж байж магадгүй юм. “Байгалиас хишиг горьдон суухын хэрэг байхгүй. Бид өөрсдөө байгалийн хишгийг булаан авах ёстой” гэж орос Мичурин уриалж байжээ. “Байгалиа бид ийм болгочихоод өршөөл гуйх эрх байхгүй” гэж монгол Намнандорж халагласан шиг санагдана. Тэгвэл одоо бид юу гэж уриалж, юу хэмээн халаглах вэ? Байгалиа ч ашиглах хэрэгтэй л биз, галт тэрэг ч хэрэгтэй л биз. Ер нь галт тэрэг хэрэгтэй гэдгийг хэчнээн ч зууны өмнө юм бэ, бүү мэд, “Чингисийн чулууны бичиг” гэдэг нэгэн их далдын сударт

“Төмөр могой уухичин мөлхөж

Төрийн ачааг зөөнө” хэмээн дурдсан байдаг юм гэсэн. Гэхдээ л...

Уулыг нүхлээд төмөр зам тавих байтугай, гадаад далайн ёроолоор хонгил гаргаад авто зам тавьчихдаг болсон энэ цагт нийслэлийнхээ төв дунд тос, тоос, нүүрс болсон вокзалаа залж хог тарин, өдөр шөнөгүй бух тэрэгний яндан хангинуулан чихэнд чийр болгосоор л, буга хэмээх энэ сайхан амьтныхаа “болзоо”-нд очдог замыг хааж бүр маанаг болгосоор л байх уу? Ер нь Шар хөвийн дөрөлж хавьд дагуул хотхон байгуулан Төмөр замын зангилааг төвлөрүүлж, урагшаа Замын-Үүд, Бээжин чигтэй гарах замыг Сонгинын наагуур явуулж, Бөхөгийн гол өгсүүлээд Зуунмод руу очуулах техник-эдийн засгийн шийдэл байж болмоор. Гагцхүү манай инженерүүд үүнийг юу гэж няцаах бол? Тэнд буулгах ачаа байдаггүй юм бол Зуунмод хотыг дайруулахгүй, цаагуур нь ч явуулж болмоор.

Улаанбаатар луу Дорнодын талаар (Мэнэн, Бадам-Иш, Аравжаргалант) төмөр зам явуулах шаардлагатай л юм бол заавал ч үгүй бугын гүйдэл, зээрийн нүүдлийн олон арван гарц гаргахгүй л бол (зөвхөн буга, зээрийн бус, мөн айлын нүүдэл, адуу, малын) ёстой өнөөх маанаг бугаасаа долоон дор МААНАГ ТӨР болно. Маанаг юм бас нэгээр нэмэгдэнэ.

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл